Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/шш2022/00741

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: 27 720 000 төгрөг гаргуулах хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч ... хариуцагчийн өмгөөлөгч ...шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... нь ... холбогдуулан зээлийн хүү, алдангид 27 720 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

... нь... 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг, сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн, гэрээнд зааснаар зээлдэгч нь зээлийн хүүг сар сардаа төлөх, сард 1 540 000 төгрөгийн хүү төлөхөөр тохирсон.Гэтэл ... гэрээнд зааснаар зээлийн хүүг хугацаандаа төлөхгүй байх тул 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх 12 сарын хүүний төлбөр 18 480 000 төгрөгийг, алданги 9 240 000 төгрөгийн хамт нийт 27 720 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа:Би ...өөс 70 000 000 төгрөг зээлсэн, 2021 онд гарсан цар тахлын улмаас хөрөнгө оруулсан гудамжны хоолны газраа ажиллуулж чадаагүй, үйл ажиллагаа явуулаагүй тул зээлийн хүүг төлөөгүй, зээлийн хуримтлагдсан хүү 18 480 000 төгрөгөөс 8 сарын хүү 12 320 000 төгрөгийг төлнө, 4 сарын хугацаанд цар тахлын хөл хориотой байсан тул 4 сарын хүү болон алданги 9 240 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн Хаан банкан дахь дансны хуулга, Хаан банкны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн багийн мэдээлэлийг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас ... өргөтгөлийн барилгын схем зургуудыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нэхэмжлэлээс 18 480 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 9 240 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Зээлийн 70 000 000 төгрөгийн 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх 12 сарын хүүний төлбөр 18 480 000 төгрөгийг, алданги 9 240 000 төгрөгийн хамт нийт 27 720 000 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Зээлийн хүү 18 480 000 төгрөгөөс 8 сарын хүү 12 320 000 төгрөгийг төлнө, цар тахлын хөл хориотой байсан тул 4 сарын хүү болон алданги 9 240 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн Хаан банкан дахь дансны хуулга, Хаан банкны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Талуудын маргааны зүйл нь 4 сарын хүү 6 160 000 төгрөг, алданги 9 240 000 төгрөг нийт 15 400 000 төгрөг байна, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон 8 сарын зээлийн хүү 12 320 000 төгрөгийн талаар маргаагүй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар зээлдэгч нь зээлийн хүүг сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хуримтлагдсан зээлийн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар шаардах эрхтэй байна.

Монгол улсад 2021 онд цар тахлын улмаар удаа дараа бүх нийтийн хөл хорио тогтоосон нь талуудын хооронд гэрээгээр тохирсон үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Харин зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д Гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтэрүүлсэн тохиолдолд зээлдэгч тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж гэснийг талууд зээлийн хүүд алданги тооцохоор тохирсон байна гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д Хүүгээс анз тооцохгүй гэж зааснаар алдангийн 9 240 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 250 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ...аас 18 480 000 /арван найман сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...т олгож, үлдсэн 9 240 000 /есөн сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 250 350 /хоёр зуун тавин мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ДОРЖНАМЖИН