Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/шш2022/00707

 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... ХХК

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага:20 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч... ХХК нь ... холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

... ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ... тоног төхөөрөмж түрээслүүлэх, машин механизм түрээслүүлэх, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ байгуулсан.Түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд гэрээний дагуу төлөх төлбөрийг тооцож ... нь 20 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталж, 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр акт үйлдсэн тул энэхүү 20 000 000 төгрөгийг гаргуулна, нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар хариуцагчийг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан.

Хариуцагч:Би нэхэмжлэгч байгууллагатай 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ...тоног төхөөрөмж түрээслүүлэх, машин механизм түрээслүүлэх, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ байгуулсан, би 2017, 2019 онд очиж уулзаж, утсаар ярьж байсан, ажлаа гүйцэтгэсэн, түрээсийн төлбөрөө төлж байсан, бид 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тооцоо нийлсэн, гарын үсгээ зурсан.Би 12 000 000 төгрөгийг өгнө, 8 000 000 төгрөг үндэслэлгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс:...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хийгдсэн тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцсэн акт, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хийгдсэн машин механизм түрээслүүлэх гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ, талуудын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хийгдсэн тооцоо нийлсэн актыг шүүхэд өгсөн байна.

Хариуцагчаас:Бичгээр тайлбар гаргаж, нотлох баримт өгөөгүй.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч... ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Тоног төхөөрөмж болон машин механизм түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөрийг тооцоо нийлсэн актад дурдсан 20 000 000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ:Нэхэмжлэлээс 12 000 000 төгрөгийг өгнө, 8 000 000 төгрөг үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хийгдсэн тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцсэн акт, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хийгдсэн машин механизм түрээслүүлэх гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ, талуудын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хийгдсэн тооцоо нийлсэн актаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хийгдсэн тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хийгдсэн машин механизм түрээслүүлэх гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээнүүд хийгдсэн байна.

Мөн зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцсэн акт, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хийгдсэн тооцоо нийлсэн акт хийгдсэн байна.

Талуудын маргааны зүйл нь 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хийгдсэн тооцоо нийлсэн актад бичигдсэн дүнгээс 8 000 000 төгрөг байна, нэхэмжлэлээс 12 000 000 төгрөг болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээний талууд нь тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ, машин механизм түрээслүүлэх гэрээнүүдийг дүгнэж, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн, энэхүү актын дагуу түрээсийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд ...аас 20 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч... ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба зохигчдын хооронд гэрээний харилцаа 2016-2017онд үүссэн байх боловч нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр хариуцагчийг ... 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ...дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилсан болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ... тамгын газарт ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

Уг баримтад Тус тасагт ... 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ...дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч ... эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагаа явуулахад Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... тоотод оршин сууж, ... дугаартай байгаа болохыг олж тогтоосныг мэдэгдье гэжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг байна.

Дээрх Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн баримт болон хариуцагчийн тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхээр байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 257 950 төгрөгийг гаргуулан Ө...ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч ...аас 20 000 000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч... ХХК-д олгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 257 950 төгрөгийг гаргуулан... ХХК-д олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ДОРЖНАМЖИН