Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 223/ШТ2018/00014

 

 

 

 

 

 

 

 

Б.П-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2018/00752 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.П-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч БС-ЭМГ холбогдох,

“Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.677.955 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од  хариуцагчийн төлөөлөгч Бадамханд,  нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

 

 Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие БС-ЭМТ-д 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж жолоочоор тасралтгүй 7 жил ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаандаа онц тээвэрчин, 2017 оны байгууллагын аварга, шилдэг ажилчин болж байсан. Ээлжийн жолоочгүй ганцаараа гарсан бүх дуудлагад явж өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажилладаг байсан. Гэтэл Н.Намжилмаа дарга 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өглөө над руу утасдаад та ажлаа хийгээч гэж хэлсэн. Би амралтын өдөр шүү дээ, би шөнө 4 дуудлагад яваад ирсэн гэж хэлсэн. Тэгтэл намайг 2017 оны 6 дугаар сард шинээр орж ирсэн пургоныг халаасангүй, мөн ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр утастаад машин болон грашны түлхүүр аваад ир гээд тэр өдөр нь аваачиж өгсөн. 2018 оны 1 дүгээр сарын 9,10,11-ний өдрүүдэд ажил дээрээ байсан. Бие өвдөөд байсан болохоор эмчилгээ дусал хийлгээд эмнэлэг дээр байж байсан. Надад ажилд орсноос хойш хийсэн бүх ажил дэвтэр дээр бичээстэй байгаа.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хүн Төв аймаг, БС-ЭМТ-н жолоочоор ажиллаж байсан. Энэ хүнийг халсан 2 тушаал буюу акт байж байгаа. Эхнийх нь 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Б/01 дугаартай Б.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар сахилгын шийтгэл ногдуулах гэж ойлгогдохоор байгаа. Гэтэл хэд дэх заалтаар яаж сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхой бус байгаа. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.3 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Тухайн заалт нь эмч эмнэлгийн ажилтны хэм хэмжээг зөрчих гэж байгаа үүнийг юу гэж байгаа нь тодорхойгүй. Байгууллагын нэр хүнд гутаах, эрүүл бус яриа гаргах, хов хөөцөлдөх гэх мэт зүйлүүд байгаа. Жолооч яг аль зүйлийг нь зөрчсөн мэдэгдэхгүй байгаа. Дараагийн ажлаас халсан Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/05 дугаартай тушаал. Тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан байгаа. Гэтэл өмнөх тушаалын 6.2.3 дахь заалтыг дахин үндэслэсэн байдаг. Цаашлаад дотоод журмын 6.2.1-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гээд байгаа үүнийгээ тогтоогоогүй. Цаашлаад мөн дотоод журмын 6.2 дахь заалтыг хэрэглэсэн байдаг. Үүнийг зөрчсөн гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахаар дотоод журамд нь заасан байгаа. Хууль хэрэглээний маш том алдаа зөрчил гарч байна. Иймд үндэслэлгүй тушаал гаргаж Б.П-н эрхийг зөрчсөн байх тул Б.П-н Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.667.955 төгрөг гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Намжилмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манайх магадлан ирнэ гээд өдөр шөнөгүй хонож ажилласан байгаа. Бүгдэд нь ажил даалгаж өгсөн. Гэтэл Б.П-той утсаар ярихад миний бие өвдөөд байна гээд ирэхгүй байсан. Утсаар ярьсны дараа ажил дээр ирээд над руу дайраад байсан. Тэгээд 9,10,11-ний өдрүүдээр ажилдаа ирээгүй. Тэгээд Засаг даргад хандаад 3 өдрийн дуудлагад 2 хоногт нь Засаг даргын жолооч, нэг хоногт нь манай үйлчлэгч Алтангэрэл гэж хүн дуудлагад явсан. Эмчлүүлэгчийн дэвтэр дээр Нандинцэцэг эмчид үзүүлээд явсан байгаа. Үүнийг нь батлах тамга тэмдэг байхгүй байгаа.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сахилгын арга хэмжээ авахад ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг. Үүнийг зөвшөөрсөн гэж үзээд нэхэмжлэл дээр дурдаагүй зүйлийн талаар ярьмааргүй байна. 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/05 дугаартай ажлаас халсан тушаал гарсан байгаа. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дугаар зүйлд зааснаар ажлын цагийг 3 дээш цаг тасалсан бол, ёс зүйн зөрчил гаргасан бол гэж байгаа. Давхар ёс зүйн зөрчил гаргасан нь байгууллагын хурлын тэмдэглэл дээр бичигдсэн байгаа. Дуудлагатай гээд явсан, ирээд бид нартай ажил хийгээгүй гэж хэлсэн үг байгаа. 9,10,11-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй, ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Өмгөөлөгч нотлох баримт байхгүй гээд байна. 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нээсэн цагийн бүртгэл дээр 6,7,8,9,10,11 гээд 5 өдөр ажил таслаад алга болчихсон. Эмчид үзүүлсэн гэж байгаа. Түүнийг нь Нандинцэцэг гэж эмч үзээд даралт ихэссэн гээд л бичсэн өөр гарын үсэг, тамга, тэмдэг байхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Яаралтай тусламж үйлчилгээний 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн баримт байгаа. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу түргэний машины дулаан байдлыг хангаагүй гэх үндэслэлээр халсан байгаа. Манай гол нотлох баримт нь цагийн бүртгэл байгаа.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгч Ц.Бадамханд нь гаргасан тайлбартаа: “.. Тухайн үед би өөрөө энэ ажилд байгаагүй. Тэр үед байсан эрхлэгчийн гаргасан шийдвэр буруу гэж үзээд Б.П-г ажилд нь эгүүлэн авах хүсэлтэй байгаа. Иймд давж заалдах гомдлоосоо татгалзаж байна.” гэв.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Б.П-г Төв аймгийн БС-ЭМТ-н жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,  

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх ажлын 116 хоногийн олговорт 1.677.955 /нэг сая зургаан зуун далан долоо мянга есөн зуун тавин таван/ төгрөгийг БС-ЭМ-с  гаргуулан нэхэмжлэгч Б.П-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.П-н ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг БС-ЭМТ-д хариуцуулж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн зааснаар төвөөс 41797 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсөвт оруулж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хэргийн 7, 8, 9, 10, 13-14, 15-16, 17-20, 21-23, 99 дүгээр талд авагдсан бичгийн баримтуудыг нотлох баримтаас хасаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ гаргах авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

            Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Төв аймгийн Б.П-г ажлаас халахдаа Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн аль тохирох хэсгийг баримтлан халах ёстой байтал хуулийн 131.1-д зааснаар халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйл нийцээгүй гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоосон.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй ажилтныг гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах эрх нь ажил олгогчид хуулиар олгогдсон. Энэ дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурьдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан Үүний 131.3-т Ажлаас халах гэсэн зохицуулалт байгаа. Огт хөдөлмөрийн хуулийн заалтыг баримтлаагүй буюу хуульд байгүй заалтаар халаагүй. Энэ заалтыг хөдөлмөрийн хуульд нийцэхгүй заалтаар халсан гэж үзэх үндэслэлгүй. Тушаалдаа дотоод журмын 6.2.1, Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, 6.3.3 эмнэлгийн ажилтны ёс зүйг зөрчсөн, Мөн 2018 оны 01 дүгээр сарын 09,10,11-ний өдрүүдэд ажил тасалсан.ажил олгогчоос өгсөн шаардлагыг биелүүлээгүй, жолоочийг түүний эзэмшдэг түргэний машины дулаан байдлыг хангаагүй гэх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл оногдуулж халсан. Жолооч Б.П-н ажлын байрны тодорхойлолтонд 1. Ажлын байрны үндсэн зорилт: Сум орон нутаг байгууллагын дотоод ажилд оролцох. 2.Ажлын байрны 1-р үндсэн зорилтын хүрээний 2-т Авто машины бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээг бүрэн хийх 3-т Цаг ашиглалтыг мөрдөн ажиллах гэж заасан байна. 3.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлагад: Ажлын байрны үндсэн чиг үүрэгт заасан үйл ажиллагаатай холбоотой асуудлаар эмнэлгийн даргын өмнө хариуцна гэж заажээ.

-Багууллагын цаг ашиглалтын дэс дараалан бичсэн бүх ажилчдын дэвтрийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Уг дэвтрээ Б.П 2018.оны 01-р сарын 9,10,11-ний өдрүүдэд ажил тасалсан нь харагдаж байгаа энэ дэвтрийг эх хувьтай нь тулгаж нотариат батлаж өгсөн байхад туүнийг үгүйсгэх үндэслэлгүй. Хөдөө орон нутагт тэр үед хурууны хээгээр бүртгэдэг төхөөрөмж тавигдаагүй байсан. Энэ өдрүүдэд өвчтэй гэж карт бичиж шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч тэр нь ИХШХШ тухай хуулийн 44-р зүйл заасан нотлох баримтын шаардлага хангаагүй түүний үзсэн эмч тамга дараагүй Мөн янз бүрийн баримт бичиг хийж өгсөн боловч Төв аймгийн шүүхэд дарга Намжилмаатэй маргаан үүсгээд явж байгаа эсрэг сонирхолтой эмч Нандинцэцэг нь сүүлд бүрдүүлж өгсөн баримтууд байсан. Жишээ нь Б Пүрэвдоржийн нэхэх ёстой цалинг бодож бичиж өгсөн гар бичмэл нь ч хүртэл эмч Нандинцэцгийн бичгээр үйлдсэн гарын үсгийн хэв маягаар бичиж өгсөн бичиг байсан.

Нөгөө талаар шүүх хурлын үед дарга Намжилмаа нь тайлбарлахдаа Б.П ер нь надтай байнга тэрсэлддэг би урьд нь олон жил ажиллаад болоод байсан. Чамтай ажиллаж чадахгүй гээд өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлдэггүй,Түргэний машиныг дулаалах үүрэг өгсөн боловч дулаалаагүйн улмаас түүнд өвөл явсан ард иргэд байнга гомдол гаргаж байсан. Харин солигдсон жолооч нь үүрэг өгсөн өдөр түүнийг доторлож дулаан болгосон.

Энэ тухай шүүхэд нотлох баримтаар өгсөн хурлын протоколоос харагдана. Гэтэл энэ хурлын протоколыг хүртэл үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. БС-ЭМТ-н хурлын протокол би ч ажлаасаа халагдаж 1 жил гаруй хугацаа болоход орлож байсан Нандинцэцэг эмч ч энэ дэвтэр дээр протокол хөтлөж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.П нь Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.677.955 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч БС-ЭМТ-д холбогдуулан гаргасан байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасан байх боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч буюу БС-ЭМТ-н дарга Ц.Бадамханд нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гомдлоосоо татгалзаж байгаа тухай хүсэлтээ давж заалдах шатны шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд илэрхийлж хүсэлтээ ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч давж заалдах шатны шүүх хуралдааны хүсэлт хянан шийдвэрлэх шатанд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзсан бол шүүх хэрхэн шийдвэрлэхийг шууд зохицуулаагүй ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг ханган, шүүх хөндлөнгийн байх зарчмыг хэрэгжүүлж давж заалдах гомдлоосоо татгалзах тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх хүлээн авах эсэхийг шийдвэрлэхийг хуулиар хориглоогүй болно.

 

Иймд давж заалдах гомдлоосоо татгалзах тухай хариуцагч Төв аймгийн БС-ЭМТ-н дарга Ц.Бадамхандын хүсэлтийг хүлээн авч, хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч төсвийн байгууллага бөгөөд давж заалдах гомдол гаргахад хуулиар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал 41 800 төгрөг төлснийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Нэхэмжлэгч Б.П-н нэхэмжлэлтэй хариуцагч БС-ЭМТ-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2018/00752 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо хариуцагчийн төлөөлөгч Ц.Бадамханд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр татгалзсан хүсэлтийг хангасугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төв 2018 оны 08 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар дансанд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 800 төгрөгийг буцаан олгосугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

           

                        ШҮҮГЧИД                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР