Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганзоригийн Төгөлдөрт холбогдох эрүүгийн 201625014326 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                  

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 29 дүгээр гудамжны 402 тоотод оршин суух,

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялын зарим болох 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 400 дугаартай захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2  жил 2 сар 6 хоногийн хорих ялаас өршөөгдсөн, бие эрүүл, ухаан бүрэн / УХ 97040419 / Боржигон овогт Ганзоригийн Төгөлдөр нь:

 

-Урьд нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байх үедээ буюу давтан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Ардын Эрх “ сонины газрын ард байрлах авто замын зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцож байсан нийтийн эзэмшлийн автобусан дотор зорчиж явсан иргэн Б.Дашдондовын халааснаас “ Ай Фонь 6 Гоулд “ загварын гар утсыг хамгаалалтын хавтасны хамт хулгайлсны улмаас 855.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Б.Дашдондов мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансрын колонкын автобусны буудал дээр явж байгаад халаасандаа байсан "Ай Фоне 6" загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний хулгайд алдсан гар утас “Ай Фонь6” загварын голд өнгийн содон тэмдэггүй, гар утас байсан. Би хулгайд алдсан гар утсаа 2016 оны 8 дугаар сард 1.050.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би хулгайд алдсан гар утсаа 850.000 төгрөг, гар утасны гэрийг 10.000 төгрөгөөр үнэлсэн.  Миний хулгайд алдсан гар утас болон гар утасны гэрийг үнэлгээний комисс 855.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 8-9/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 6 /

Эд зүйлийн үнэлгээ  / хх 7 /

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: Сэжигтний мэдүүлгийг үндэслэн сэжигтэн Г.Төгөлдөр нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Улиастай" чиглэлийн автобусанд суусан гэдгээ заасан. Ертөнцийн зүгээр зүүн тийш явж 100 айлын 4 замын уулзвар өнгөрөөд автобусны буудал дээр зогсов. Уг автобусны буудлаас ертенцийн зүгээр баруун тийш 150 метрийн зайд уулзвар гараад сэжигтэн Г. Төгөлдөр нь сууж явсан автобусанд дотроо үл таних хүний халааснаас “Ай Фоне 6” маркийн гар утсыг хулгайлаад 100 айлын автобусны буудал дээр автобус зогсоход бууж явсан гэдгээ заасан ба үүгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гэжээ. / хх 54-58/

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 20 /

 

Шүүгдэгч Г.Төгөлдөрийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 16-17 /, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 69-71 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Хохирлоо төлж барагдуулсан. Муу хүүхдүүдтэй нийлж  хулгай хийснээс хойш удаа дараа хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаадаа маш их гэмшиж байна. Дахин хулгай хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Төгөлдөр нь ялтай байх хугацаандаа  2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр т байрлах “ Ардын эрх “ сонины газрын ард байрлах авто замын зорчих хэсгээр 100 айл хүрэх замд хөдөлгөөнд оролцож байсан нийтийн эзэмшлийн автобусан дотор зорчиж явсан хохирогч Б.Дашдондовын энгэрийн халааснаас “ Ай Фоне Голд 6 “ загварын гар утсыг хамгаалалтын гэрний хамт хулгайлж, 885.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Эд зүйлийн үнэлгээ / хх 7 /, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 6 /,  ... Автобусанд сууж яваад Сансрын автобусны колонк дээр буутал халаасанд байсан гар утас алга болсон байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Дашдондовын мэдүүлэг /  хх 8-9  /, ... Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх 54-58 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Төгөлдөрийг давтан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Төгөлдөр нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Шүүгдэгч Г.Төгөлдөр нь урьд хорих ял эдэлж байсан боловч түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                 ТОГТООХ нь:         

1. Ганзоригийн Төгөлдөрийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар Г.Төгөлдөрийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Төгөлдөр нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

4. Г.Төгөлдөрийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ