Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1222

 

 2020          09            22                                         2020/ДШМ/1222

Б.Лд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/739 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Лд холбогдох эрүүгийн 1808014990184 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

........................, 19......... оны ............. дүгээр сарын ..............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 26-08 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........./,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Нийслэлийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 84 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 1 жилийг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолуудаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 cap 12 хоногийг нэмж, нийт 2 жил 1 cap 12 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 974 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дүйцүүлэн 1 сарын хугацаагаар тогтоож, нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоосныг эдэлж байгаа;

Б.Л нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 хороо, Зүүн Баян-Уулын 29-13 тоотод оршин суух С.Уранчимэгийн орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж, дураараа авирласан,

мөн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 хороо Зүүн Баян-Уулын 29-13 тоотод Б.Хонгорзулыг “дүү Б.Мөнхмягмарыг гаднах төрхөөр доромжиллоо” гэж Б.Хонгорзулыг согтуурсан, мансуурсан биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гараараа, модон сандлаар цохиж зодон, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бие махбодын зовуурь үүсгэж, зүүн талын 3-10 дугаар хавирганы зөрөөтэй, зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн талын хөндий дэх шингэн цус хуралдалт, цээжний зүүн талын арьсан доорх хий хуралдалт, зүүн дал ясны хугарал, зүүн хацар ясны нумын зөрүү багатай далд хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, цээж хэвлий бүсэлхийнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Лд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчид бие махбодын шаналал зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 974 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 жил 8 сар 29 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Лд оногдуулсан 7 жил 8 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Лгийн цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Хонгорзул эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа бүрэн ухамсарлаж, гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ харамсан гэмшиж, анхан шатны шүүхээс миний үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн зүйл заалттай маргаагүй бүрэн зөвшөөрч байна. Гэвч би шийтгэх тогтоолд дараах нөхцөл байдлыг дурдан гомдол гаргаж байна. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эхнэр маань харааны бэрхшээлтэй группэд байдаг. Хүү минь 13 настай ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Би хувиараа ажил эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Иймээс ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна. Би өмнөх шийдэгдсэн хэргийн хохирлыг ял эдэлж байхдаа төлж барагдуулсан. Одоогийн энэ хэрэгт төлөх төлбөр ба нэхэмжилсэн хохиролгүй бөгөөд хохирогчийн бодит нэхэмжлэлээр хохирол үүсвэл цаг тухайд нь төлөхөд бэлэн байгаа. Үүнийг шүүхээс харгалзаж үзнэ үү. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулсан нөхцөл байдал болон ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Л нь 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 974 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдон 5 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 739 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 28 хоногийг нэмж нэгтгэн 7 жил 8 сар 29 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Б.Лгийн сүүлд шийтгүүлсэн хэрэг нь 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Баянзүрх дүүргийн 974 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл буюу 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн үйлдэл бөгөөд энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн өмгөөлөгчийн зүгээс тус хэргийг нэгтгэн нэг яллах дүгнэлтээр шийдүүлэх талаар шүүхэд саналаа гаргасан боловч хүлээн аваагүй. Анхан шатны шүүхээс Б.Лгийн холбогдсон тус 2 хэргийг нэгтгээгүй шийдсэний улмаас 2 удаагийн үйлдэлдээ нийт 10 жил 1 сарын хорих ял авч байгаа явдал нь эрх зүйн байдал нь дордсон гэж үзэж байна. Хуульд энэ тохиолдлыг зохицуулж өгөөгүй нь эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож, өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хоёр хэргийг нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байна.” гэв.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан асуудлыг ярьж байгаа боловч гэмт хэргүүд нь тус тусдаа цаг хугацаанд үйлдэгдсэн, бие даасан гэмт хэргүүд юм. Нэг хэрэг нь 2017 онд, нөгөө нь 2018 онд үйлдэгдсэн. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар Баянзүрх дүүргийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 7 жил 8 сар 29 хоногоор хорих ял оногдуулж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд нь үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.“ гэж заасан зэргийг харгалзан ял оногдуулсан нь тухайн зүйл, заалтыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн ялын санкцийн интервалын хувьд 5-12 жилийн хорих ялтай. Шүүгдэгч өмнө нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хүнд хохирол учруулсан байж дахин хүнд хохирол учруулсан байгаа нь түүнд оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Л нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 хороо, Зүүн Баян-Уулын 29-13 тоотод “дүү Б.Мөнхмягмарыг гаднах төрхөөр доромжиллоо” гэх шалтгаанаар Б.Хонгорзулыг модон сандлаар цохиж зодон, бие махбодын шаналал зовуурь үүсгэж, зүүн талын 3-10 дугаар хавирганы зөрөөтэй, зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн талын хөндий дэх шингэн цус хуралдалт, цээжний зүүн талын арьсан доорх хий хуралдалт, зүүн дал ясны хугарал, зүүн хацар ясны нумын зөрүү багатай далд хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, цээж хэвлий бүсэлхийнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Хонгорзулын “...Хуягбаатар Мөнхмягмарыг хочоор нь “доёг Мөөгий” гэж дуудаад байхаар нь би “доёг доёг” гэж дуурайж дуудчихаад Мөнхмягмарыг “гар” гэж хэлтэл Мөнхмягмар над руу хуруугаа заагаад “чамайг би ахыгаа авчирч зодуулна даа” гээд гарсан. Уранчимэг Мөнхмягмарын ардаас гараад явсан ба гарч явахдаа Хуягбаатар, Энхбат бид гурвыг унтаж амар гээд гэрийг гаднаас цоожилоод явсан. Харин буцаж орж ирснийг нь би мэдэхгүй байна. Удаагүй Мөнхмягмар өөрийн ах Лхагвасүрэн гэх залууг дагуулаад цоожтой байсан гэрийн хаалгыг эвдээд ороод ирсэн. Тэгээд Лхагвасүрэн гэх залуу үгийн зөрөөгүй Энхбатыг цохиод авсан. Мөнхмягмар ах Лхагвасүрэндээ “намайг дооглоод байсан хүн энэ” гээд над руу хураагаа заасан. Тэгтэл Лхагвасүрэн нь газарт байсан дөрвөлжин сандал аваад миний зүүн талын хавирга хэсэг рүү цохиход би ухаан алдсан. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Намайг Лхагвасүрэнгээс өөр хүн цохиж зодоогүй. ...” /1хх 57-58/,

гэрч Б.Энхбатын “...Хонгорзул, Хуягбаатар бид гурав унтаж байтал манай хаалгыг цохиод байх шиг байснаа Мөөгий Лхагваа гэх залууг дагуулаад ороод ирсэн. Лхагваа намайг цохиод байх шиг байсан. Намайг гэрээс гараад зугтаахад Мөөгий, Лхагваа хоёр манай гэрт үлдсэн. ...” /1хх 68-70/,

гэрч С.Уранчимэгийн “...Би утсаа цэнэглэчхээд буцаад гэртээ ирсэн чинь манай гэрийн цоожны даруулгыг далийлгаад хүн орсон байсан бөгөөд Хонгорзулын нүүр ам нь нил цус болсон байхаар нь би “чи хөөш болиоч” гэж хэлсэн. Лхагвасүрэн нь Энхбатыг цохисон чинь Мөөгий “наад хүн чинь биш ээ, энэ хүн” гээд Хонгорзулыг заагаад байсан. Удалгүй Лхагвасүрэн, Мөөгий нар гараад явсан ба түүнээс хойш удалгүй манай эгч Сараа манайд орж ирээд түргэн дуудсан. Хонгорзулыг Лхагвасүрэн ганцаараа зодож гэмтээсэн. Би зодож байхыг нь харсан. Лхагвасүрэн Хонгорзулыг модон сандлаар цохиод байх шиг байсан. ...” /1хх 71-73/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4172 дугаартай “...Б.Хонгорзулын биед зүүн талын 3-10 хавирганы зөрөөтэй, зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн талын хөндий дэх шингэн (цус) хуралдалт, цээжний зүүн талын арьсан доорх хий хуралдалт, зүүн дал ясны хугарал, зүүн хацар ясны нумын зөрөө багатай далд хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, цээж, хэвлий, бүсэлхийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 76-77/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Лг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчид бие махбодын шаналал зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх шүүгдэгч Б.Лгийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 хороо, Зүүн Баян-Уулын 29-13 тоотод оршин суух С.Уранчимэгийн орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж, дураараа авирласан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Хонгорзулыг модон сандлаар цохиж зодон, бие махбодын шаналал зовуурь үүсгэж, зүүн талын 3-10 дугаар хавирганы зөрөөтэй, зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн талын хөндий дэх шингэн цус хуралдалт, цээжний зүүн талын арьсан доорх хий хуралдалт, зүүн дал ясны хугарал, зүүн хацар ясны нумын зөрүү багатай далд хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, цээж хэвлий бүсэлхийнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 974 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 жил 8 сар 29 хоногоор тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Л “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулсан нөхцөл байдал болон ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “...шүүхээс Б.Лгийн холбогдсон тус 2 хэргийг нэгтгээгүй шийдсэний улмаас 2 удаагийн үйлдэлдээ нийт 10 жил 1 сарын хорих ял авч байгаа явдал нь эрх зүйн байдал нь дордсон гэж үзэж байна. Хуульд энэ тохиолдлыг зохицуулж өгөөгүй нь эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож, өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хоёр хэргийг нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч Б.Л нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжлийг олоогүй түүний хувийн байдалд тохируулан анхан шатны шүүх 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Лд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 974 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсны дараа дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд цаг хугацаа, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцлийн хувьд хоорондоо огт хамааралгүй байх тул үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/739 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/739 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

  ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ