Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | Шийдвэр 128/2020/0702/З |
Дугаар | 128/ШШ2021/0042 |
Огноо | 2021-01-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2021/0042
2021 01 18 128/ШШ2021/0042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Ө.Р,
Хариуцагч: Онцгой байдлын Ерөнхий газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд хариу өгөөгүй эс үлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хариу өгөхийг даалгах, өмнө ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Р, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гэрч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнгөрсөн шүүх хуралд гэрчээр оролцсон н.Л-аас миний өргөдлийн явуулсан юм уу гэхэд явуулсан дарга гэж байсан. 04 дүгээр сард ажлаас чөлөөлөх бичиг ирсэн байсан. Тэрийг бид гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөөд явж байсан. Тэгээд өргөдлөө бичээд Онцгой байдлын ерөнхий газрын дарга н.Б-д хүргүүлсэн. Тэгээд өргөдлөө Г.Э-т үзүүлээд н.Л-ыг дуудаад, тэр хоёр хоёулаа уншаад утга төгөлдөр бичсэн байна гээд инээлдэж байсан.
Шүүх хуралдаанд гэрч би уншиж үзээгүй гэж хэлсэн байна. Гарын үсэг зуруулаад өөрт нь өгсөн гэж байна. Гэрчийн мэдүүлэгтэй танилцахад хэнд өгсөн нь яасан нь мэдэгдэхгүй тайлбар өгсөн байдаг. Худлаа яриад яваад байсан байна. Дараа нь асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн гэрчийг дуудаад уулзсан байгаа. Хуралд яагаад худлаа ярив гэдэг нь их сонин байна.
Энэ 05 дугаар сард чөлөөлнө гээд чөлөөлөөгүй би цалингаа аваад ажлаа хийгээд яваад байсан. Тамирчидтайгаа бэлтгэлээ хийгээд явж байхад 06 дугаар сарын 02-ны өдөр тушаалтай танилц гээд гарын үсгээ зураад ажлаа хүлээлгэж өгөөд гарсан юм. Би өмнө нь өргөдлөө өгсөн байсан болохоор миний өргөдөлд хариу өгсөн юм байна гэж ойлгоод яваад байдаг. Надаа өгсөн гэж ярьж байсан учир өнөөдөр нүүрэлдээд ярих юм болов уу гэж бодсон юм. Нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг хэлье. Хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэж байгаа тушаал нь сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт байна. Сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт нь тухайн нэхэмжлэгчийн ажил эрхлэх, хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан тушаал байсан учир нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн. Яагаад энэхүү тушаалыг хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр тушаал гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх ёстой. Мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчийн тайлбар, санал хүсэлт, өргөдөл гомдлыг захиргааны байгууллага хүлээж авах ёстой байсан.
Энэ үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй. Нэхэмжлэлд дурдсан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 3/595 гэсэн албан бичгийг хариуцагчаас ирүүлсэн. Энэ мэдэгдэл албан бичигт бага офицерын дээд насны хязгаарт хүрсэн учир 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр мэдэгдэл болгон ажлаас чөлөөлнө гэсэн албан бичиг байсан. Энэ бичгийг хүлээж аваад нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу өргөдлөө гаргасан. Онцгой байдлын ерөнхий газрын дарга н.Б-д гаргасан. Энэ нь бол 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан. Энэ өргөдөлд хариу ирээгүй. Энэ 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3/595 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид танилцуулсан.
Хавтаст хэргийн материалд 03 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдлээ гэсэн нь нотлох баримтаар байгаа. Харин 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Мэдэгдээгүй учир хариу тайлбар өгөөгүй. 05 дугаар сарын 27-ны өдөр гараад тус байгууллагын хүний нөөц хариуцсан дэд дарга 06 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан байдаг. Энэ өдрөөс хойш нэхэмжлэгч нь ажлаа хийгээгүй. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдээгүй гэж үзэж байгаа.
Аливаа захиргааны акт гарахдаа нотлох баримтыг цуглуулах ёстой, мэдэгдэх ёстой, нөхцөл байдлыг тогтоох зэрэг шаардлагуудыг биелүүлээгүй. Бодит нөхцөл байдлыг юу гэж үзэж байна гэхээр төрийн захиргааны байгууллага нь нарийвчлан судлах үүрэгтэй байх бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ёстой байдаг. Тухайн эрх нь хөндөгдөж байгаа хүнд гарж байгаа сөрөг үйлчлэл бүхий акт учир тэр хүний ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг байдаг талаар тогтоох ёстой байсан гэж үзэж байгаа.
Энэ хүн өргөдлөө өгсөн байсан. Энэ өргөдөлд хариу өгөөгүй. Энэ хүний ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах юм бол цалингийн зээл авсан хугацаа болоогүй байхад ажлаас нь халсан. Энэ нь хувийн байдлыг дордуулж байгаа. Иймд Захиргааны байгууллага нь энэ нөхцөл байдлуудыг судлаагүйгээр гаргасан.
Мэдэгдэх үүргээ биелүүлээгүй учир энэ хүн өргөдөл гаргаж чадаагүй. Яагаад 03 дугаар сард өргөдөл гаргасан бэ гэхээр 03 дугаар сарын мэдэгдэлд 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болох гэж байгаа. Гэтэл 05 дугаар сарын 01-ний өдөр өнгөрсөн байсан учир миний өргөдөл гомдлыг хүлээж авсан юм байна гэж ойлгож байсан. Гэтэл 05 дугаар сарын 27-ны өдөр тушаал гаргасан байсан.
Хэрэв урьдын хугацаа нь дууссан бол хуульд заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдээд сонсгох боломжийг хангах ёстой. Захиргааны акт гэрээг батлахын өмнө эрх хууль ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд захиргааны шийдвэр гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар гаргах боломж олгоно гэж байна. 05 дугаар сарын 27-ны өдөр тушаал нь гараад мэдэгдээгүй байж байгаад 06 дугаар сард гарын үсэг зуруулсан байгаа нь өнөөдөр хууль заасныг биелүүлээгүй байна гэж үзэж байгаа.
Сонсгох ажиллагааг бид нар утсаар мэдэгдсэн гэж байгаа. Сонсгох ажиллагааг хуульд тодорхойгоор мэдэгдэнэ гээд заагаад өгсөн байгаа. 20 буюу түүнээс доош этгээдэд биечлэн хүргүүлнэ гэж байгаа. Тэрнээс биш утсаар мэдэгддэг зүйл биш. Хэрэв бичгээр хүргүүлсний дараа утсаар санал байна уу гэж асууж болох байсан. Иймд энэ хүнд мэдэгдсэн гэдэг зүйл хавтаст хэрэгт байхгүй.
Бас нэг эрх зүйн зөрчил нь хэдийгээр 47 нас хүрээд бага офицерын цэргийн дээд насанд хүрсэн байсан боловч энэ тушаал гарахад нэхэмжлэгч 49 насанд хүрсэн байсан. 49 нас хүрсэн буюу угаасаа ажиллах насны дээд хязгаарт хүрсэн хүнд цол өгөөд байгаа. Болох байх. Гэхдээ Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг гаргахдаа эхлэх болон дуусах хугацааг заасан байх ёстой. Хэдийгээр нас нь хэтэрсэн үед цол олгосон юм бол дуусах хугацааг бас зааж өгөх ёстой. 49 настай хүнд цол олгонгуутаа маргааш нь ажлаас чөлөөлөх нөхцөл боломжтой байгаа. Тухайн актад дэслэгч цол олгосон тушаал нь эрх зүйн зөрчилтэй байсан учир тухайн эрх зүйн зөрчилтэй байсан тушаалыг үндэслэсэн учир маргаантай байна гэж үзэж байна. Ер нь бол хуулиар заасан боломж нь 5 жил байдаг. Өөрөөр хэлбэл 47 наснаас 52 нас хүртэл боломжтой байсан.
Мөн захиргааны акт нь цаашид үүсэх үр дагаврыг тушаал дээрээ зааж байх ёстой. Энэ тушаал дээр 2019 оны 09 дүгээр сард амарсан гэтэл 2020 онд амрах ёстой байтал амралтыг нь олгоогүй. Амралтын мөнгө олгоогүй. Чөлөөлж байгаа юм бол ямар үр дагавар үүсэх юм, яах юм гэдгийг заагаагүй учир нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдөөд байна гэж үзээд байгаа. Энэ бол тушаалын бас нэг эрх зүйн зөрчил болов уу. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гэрчүүдийг асуусан. Гэрчүүдийг өргөдөл гомдолд хариу өгүүлээгүй тухай эс үйлдэхүйг тогтоолгох зорилгоор асуусан.
Нэхэмжлэгч нь өргөдлөө гаргасан гэдгийг гэрчүүд нь гэрчлээд н.Э гэх хүн нь албан бичиг төлөвлөөд явуулсан байна. Гэрч н.Л-ны хэлснээр манай даргад өргөдөл нь байсан Би өргөдлийг нь явуулаагүй. Хавтаст дотор албан бичиг оруулаад хүргүүлсэн гэж байгаа. Албан бичигт өнөөдөр юу гэж дурдсан байдаг вэ гэхээр өнөөдөр нэхэмжлэгчийн өргөдлийг хүргүүлэв гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн албан бичгийг хүргүүлж байгаа юм бол өргөдөлгүй явах уу гэдэг л байна. Энэ нь тухайн хүнийг зөрүүтэй худал тайлбар өгч байгааг гэрчилж байна. Гэрч О нь өг гэсэн албан бичгүүдийг нь бүгдийг нь хүргэж өгдөг байсан гэдгээ хэлсэн. Ийм учир өргөдөл гаргасныг нь гэрчилж байна гэж үзэж байна.
Үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүхийн зүгээс хэрэгсэхгүй болгосон ба гэрчүүдийн мэдүүлгээр энэ хүн өргөдөл гомдлоо гаргасан юм байна. Шийдвэрлээгүй гэдэг нь харагдаж байна. Хавтаст хэрэгт сарын цалин гэж байгаа. 2020 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа. Иймд ажилгүй байсан хугацааны мөнгөн дүнг тооцож тогтоож өгнө үү гэж хүсэж байна.
Энэ шийдвэртэй холбоотой гэрч нь би Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрт өгсөн. Тухайн үед цар тахалтай холбоотойгоор нэвтрүүлэхгүй байсан гэж хэлдэг. Ямар нэгэн гарын үсэг зуруулаагүй гэдгээ хэлсэн. Өнөөдрийн гэрч нь хавтаст хэрэгт авагдсан бүртгэлийн дэвтрийг би хуулж бичсэн нь үнэн гэхдээ нэхэмжлэгчийн бичиг нь явсан гэх тэмдэглэгээ байсан гэж хэлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч нь өөрт нь өгсөн мэдэгдэлтэй холбоотойгоор өөрийн өргөдлөө гаргасан байсан. Үүнийг шийдвэрлээгүй, захиргааны байгууллага нь өөрсдийнхөн буруутай үйл ажиллагаа. Буюу эс үйлдэхүй гэж ойлгож байна.
Энэ өргөдөлд хариу өгснөөр нэхэмжлэгч нь хугацаа сунгаад ажиллаж болох гэх байдлаар хүсэлтээ гаргаж эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломжтой байсан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан юм. Мөн цолтой байгаа гэдгийг мэдэж байгаа. Цолтойгоороо ажиллаж болох байсныг зөрчиж байна л гэдгийг тодотгоод хэлээд байгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ хүн цолтой гоо л байгаа гээд байна. Нэхэмжлэгч нь 52 нас хүрээгүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.
Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манайд ирсэн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй гээд байна. Энэ нь нэхэмжлэгчийн буруу биш. Энэ нь харьяалагдаж байсан хороондоо өргөдлөө гаргасан. Энэ нь даргын явуулсан албан бичгээр бүртгэгдэж байгаа. Хэдийгээр Лувсанданзан нь өргөдлийг хавсаргасан гэх зүйл хэлдэггүй боловч албан бичиг хамт хүргүүлэв гэж байгаа. Өргөдөл нь очоогүй ч гэсэн албан бичиг нь очсон нь тогтоогдож байна. Мэдээж өргөдөлгүйгээр явна гэдэг байж боломгүй. Хариуцагчийн нөлөөллөөр худал мэдүүлэг хэлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой ярьсан учир товчхон ярья. Нэхэмжлэгч нь 2017 оноос 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Цэргийн албаны тухай хуульд 47 нас хүртэл хаана гэж заасны дагуу 2020 оны 03 дугаар сард мэдэгдэх хуудас очсон. Энэ бол нэхэмжлэгчийн яриад байдаг сонсгох ажиллагаа нь энэ байгаа юм. Бичгээр урьдчилаад мэдэгдсэн ажиллагаа байгаа юм.
Дараа нь 05 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гаргах гэж байна гэж утсаар мэдэгдсэн. Тэр маргаан бүхий тушаал гарахад нэхэмжлэгч нь 52 настай байсан. Үндсэндээ 4 жил хэтрээд ажилласан гэсэн үг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цол олгохдоо хугацаа зааж ажиллуулах ёстой гэж байна. Цол олгох, цэргийн алба хаах нь тусдаа ойлголт юм. Цэргийн алба гэдэг нь биеэр гүйцэтгэх, цол гэдэг нь тухайн ажлын зэрэг дэв юм. Ахлагч дэслэгч цолтой хэдэн жил ажиллах ёстой гэдэг зүйл ярьж байна. Тийм юм байхгүй. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан цол олгох журам гэж байгаа. Цол хэрэглэх хугацаа гэж байгаа. Дэслэгч цол аваад ахлагч цол авах хүртэл 3 жил гэж байгаа. Зэвсэгт хүчний жанжин штабын тушаалаар 2018 онд дэслэгч цол олгогдоод, эрх зүйн байдал нь дээшилсэн, нийгмийн асуудал нь мөн дээшилсэн.
Тухайн 2018 оны 05 дугаар сарын үед хурандаа н.М хуулийн зөвлөх байхад та би цол авах гэж байна гээд ороод ирсэн. Тэр үед нь цол авах хэрэггүй. Цол авах юм бол маргаашаас чөлөөлөхөд бэлэн болно шүү гэдгийг хэлж байсан. Үүнээс хойш 2 жил ажилласан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж байна. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн маргаан бүхий тушаал нь эрх зүйн хувьд алдаагүй, хуулийн бүх зохицуулалтуудыг хэрэглэсэн тушаал юм. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана гэж заасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т заасны дагуу утсаар сонсгох ажиллаагаа хийгээд таны 47 нас хүрснээр чөлөөлнө гэж хэлсэн нэхэмжлэгч нь хэзээнээс вэ гээд өөр зүйл хэлээгүй байдаг.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т чөлөөлөх заалтууд орж ирсэн. Гамшгаас хамгаалах тухай хуульд мөн 30 дугаар зүйлийн 30.1.14-т Онцгой байдлын ерөнхий газрын даргад эрх олгосон хуулийн заалтууд байгаа. Хамгийн гол үндэслэл нь алба хаах дээд насны хязгаарт хүрсэн гэж байгаа. 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс цэргийн албанаас чөлөөлөв гэж байгаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараа нь гарах үр дагаврыг тодорхой зааж өгөх ёстой гэж байна. Хэрэв үүнийг үндэслэлгүй гэж үзвэл Төрийн албаны зөвлөлд гомдол гаргана гээд заагаад өгсөн байгаа юм.
Үндсэндээ өнөөдрийн шүүх хуралдаанд дуудагдсан гэрч нь явуулсан бүртгэлийн дэвтрийг л хуулж бичсэн гэдгийг хэлсэн. Түүнээс биш өргөдлийн дэвтрийг хуулсан гэж хэлээгүй.
Нэхэмжлэгч нь одоо болтол цэргийн цолтойгоо байгаа. Цэргийн цолыг албан ёсоор хурааж аваагүй. 3 үндэслэлээр л хурааж авдаг ба тухайн 3 үндэслэлд хамаараагүй. Нэхэмжлэгчийн яг одоогийн нас нь 52 нас 8 сартай, ахлах офицерын алба хаах насны хязгаарт хүрсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор маргаан бүхий акт нь хууль зүйн хувьд алдаагүй. Бусдын эрх ашгийг зөрчөөгүй байгаа. Онцгой байдлын ерөнхий газар нь хууль хэрэгжүүлэгч байгууллага. Батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд гаргасан тушаал шийдвэр байгаа.
Үүнтэй холбоотойгоор бичиг хэрэгтэй холбоотойгоор яриад байна. Бид нар тухайн дэвтэрт хяналт тавьдаг. Гэхдээ улирал, хагас, бүтэн жил гэж хянадаг. Түүнээс биш танайд энэ хүн өргөдөл өгсөн үү. Энэ болгонтой өргөдлүүдийн тухай ярихгүй. Иймд хийгдэх ёстой ажиллагаануудаа хийсэн. Хууль зөрчөөгүй тушаал тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, өөрчилж, тодруулсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд хариу өгөөгүй эс үлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хариу өгөхийг даалгах, өмнө ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодруулсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар Аврагч биеийн тамир, техник-спортын хорооны дасгалжуулагчаар, мөн даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/1011 дүгээр тушаалаар тус хорооны орлогч дарга бөгөөд нийтийн биеийн тамир, сургалт хариуцсан ахлах дасгалжуулагчаар, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар мөн хороонд биеийн тамирын асуудал хариуцсан орлогч даргаар тус тус томилжээ.
Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/727 дугаар тушаалаар дэслэгч, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар ахлах дэслэгч цол тус тус олгожээ.
Улмаар нэхэмжлэгчийг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дүгээр тушаалаар Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан дунд офицерын насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлжээ.
Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн11.3-д Офицерыг дунд, ахлах, дээд гэж ангилна мөн хуулийн 11.4-д офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана, 11.6-д Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан алба хаах хугацааг сунгах хүсэлтийг өөрийн шууд удирдлага болох Аврагч биеийн тамир, техник-спортын хорооны даргаар уламжлуулан Онцгой байдлын Ерөнхий газрын даргад хүргүүлсэн болох нь тус хорооны даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 01/20 тоот албан бичиг, явсан бичгийн бүртгэлийн дэвтэр, гэрч М.Лгийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Харин тус хүсэлтийг Онцгой байдлын Ерөнхий газарт гэрч Ц.О дамжуулж хүргүүлсэн гэх боловч тус газрын ирсэн бичиг, өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байна.
Дэлхий дахинд үүссэн Коронавируст халдвар /Ковид-19/-ийн цар тахлын улмаас Онцгой байдлын Ерөнхий газар нь иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй, ирсэн бичгийг тухайн өдрийн жижүүр хүлээн авч байсан талаар гэрч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мөн шүүх хуралдаанд мэдүүлж байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас Онцгой байдлын Ерөнхий газрын дарга нэхэмжлэгчийн хүсэлттэй танилцаагүй байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг шийдвэрлүүлснээр тухайн албандаа цэргийн цолтойгоо үргэлжлүүлэн ажиллах боломжтой эсэх, эсхүл анх томилогдсонтой адил энгийнээр ажиллах боломжтой эсэх, эс бөгөөс маргаан бүхий захиргааны актад дурдсан Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлөх үндэслэлтэй эсэх талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх тул маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан алба хаах хугацааг сунгах хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор хариуцагчид хүргүүлсэн хэдий ч уг хүсэлттэй хариуцагч танилцаагүй, судалж үзээгүйн улмаас маргаан бүхий захиргааны акт гарах үндэслэл бүрджээ.
Дээрх хүсэлтээ шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн ажил албандаа үргэлжлүүлэн ажиллах боломж хуулиар нээгдэх ба уг хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь хүсэлттэй холбоотойгоор шийдвэр гаргаагүй байх тул дээрх хүсэлтийг шийдвэрлэсний дараагаар нэхэмжлэгчийг цэргийн албанаас чөлөөлөх эсэх асуудлаар захиргааны акт гаргах нь зүйтэй байна.
Нөгөөтэйгүүр Цэргийн албан тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д цэргийн алба гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг хэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн албанд анх томилогдохдоо цэргийн цолгүй /энгийн/-ээр томилогдож байсан, мөн цэргийн цол авахдаа дунд офицерын насны дээд хязгаарт хүрсэн байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн уг хүсэлттэй хамт нэхэмжлэлийн бусад шаардлагууд мөн адил шийдвэрлэгдэх боломжтой болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дүгээр тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.11-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 11.6-д тус тус баримтлан Ө.Р-ийн нэхэмжлэлтэй Онцгой байдлын Ерөнхий газрын даргад холбогдох хэргийн Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дүгээр тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар 2 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газрын дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж, дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/564 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ