| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2025/00060/И |
| Дугаар | 001/ХТ2025/00201 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2025/00201
А.Б, О.Ж, О.А нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/01140 дүгээр магадлалтай
А.Б, О.Ж, О.А нарын нэхэмжлэлтэй,
Н.С, Д.Б, Б.У нарт холбогдох
Нэхэмжлэгч А.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нар нь хариуцагч Н.С, Д.Б, Б.У нарт холбогдуулж “О” ХХК-ийн Г.О-т ногдох хэсгийн 100 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтуудын эх хувь, тамга тэмдгийг Монголын Нотариатчдын танхимд гаргаж өгөх, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03229 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичиг буюу “О” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга тэмдэгийн эх хувийг хариуцагч Н.С, Д.Б, Б.У нараас гаргуулж, өв нээгдсэн газрын нотариатчид өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх “О” ХХК-ийн хувьцааны Г.О-т ногдох хэсгийн 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/01140 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03229 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичиг буюу “О” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг тус тус эх хувиар нь гаргуулж өв нээгдэх газрын нотариатчид хүлээлгэн өгөхийг Н.С, Д.Б, Б.У нарт даалгаж, Н.С, Д.Б, Б.У нарт холбогдох “О” ХХК-ийн хувьцааны Г.О-т ногдох хэсгийн 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг даалгах тухай А.Б, О.Ж, О.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг нэмж, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох эсэх асуудлыг шийдвэрлэж дууссаны дараа “О” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг тус тус эх хувиар нь Н.С, Д.Б, Б.У нарт буцаан өгөхийг өв нээгдэх газрын нотариатчид даалгасугай” гэж оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, “нэхэмжлэгчээс” гэснийг “нэхэмжлэгч нараас” гэж, “хариуцагчаас” гэснийг “хариуцагч нараас” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч А.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/01140 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь өвлөх эрхийн гэрчилгээг олгоход шаардлагатай байгаа компанийн гэрчилгээ, дүрмийн эх хувиудыг өв нээгдэх газрын нотариатчид өгүүлэхийг даалгаж шийдсэн боловч компанийн тамга өгөхийг даалгаагүй байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь Өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад тамгыг заавал хариуцагч нараас гаргуулан өв нээгдэх газрын нотариатчид өгөх шаардлагатай байдаг. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, “О” ХХК-ийн тамга, тэмдэгийг хариуцагч нараас гаргуулан өв нээгдэх газрын нотариатчид өгүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.10.08-ны өдрийн 001/ШХТ2025/00967 дугаар тогтоолоор нэхэмжлэгч А.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нар нь хариуцагч Н.С, Д.Б, Б.У нарт холбогдуулан “О” ХХК-ийн Г.О-т ногдох хэсгийн хувьцааны 100 хувийн өвлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах бичиг баримтуудын эх хувь, тамга тэмдгийг Монголын Нотариатчдын танхимд гаргаж өгөх, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...А.Б нь Г.О-тай 2007 онд гэрлэлтээ батлуулсан, хүү О.Ж 2007.01.27-ны өдөр, хүү О.А 2013.01.27-ны өдөр төрсөн. Г.О нь “О” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг ба гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “Олмо тех” ХХК-ийн энгийн хувьцааны 25 хувийг Г.О, 25 хувийг Б.У, 25 хувийг Н.С, 25 хувийг Д.Б нар эзэмшдэг. Нөхөр Г.О 2023.02.28-ны өдөр нас барсан ба нэг жил өнгөрсний дараа “О” ХХК-ийн 25 хувийн хувьцааны эрхийг өвлөх гэрчилгээ авахаар нотариатчид удаа дараа хандахад баримт бичгийн эх хувийг шаардаж, эх баримтгүй тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэсэн. Өв нээгдсэнээс хойш “О” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нартай харьцаж, 25 хувийн хувьцааны эрхийг өвлөх хүсэлттэй байгаагаа илэрхийлж, өвийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулж авахыг хүссэн боловч бичиг баримтыг эх хувиар өгөхөөс татгалзаж, хувьцаа эзэмшигчээс татгалзах, хувьцааны эрхээ 30 сая төгрөгөөр худалдах санал тавих зэргээр өнөөдрийг хүрсэн. Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгчийн 2024.11.29-ний өдрийн 984 тоот албан бичигт ...Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгоход баримт бичгийн эх хувь, тамга тэмдэг шаардлагатай тул хүсэлтэд дурдсан баримт бичгийн эх хувь байхгүй тохиолдолд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй” гэсэн. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.3, Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шаардлагыг хангах үндэслэлтэй” гэжээ.
Хариуцагч Н.С, Д.Б, Б.У нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Г.О нь 2023.02.28-ны өдөр нас барсан. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт өвлүүлэгч нас барсан өдрөөс ...өв нээгдэнэ, 528.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн манай компанийн тамга тэмдэг, гэрчилгээг эхээр нь авахаар 2024 оны 10 сарын эхээр шаардсан. Бидний хувьд үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс тамга, гэрчилгээг эхээр нь өгөх боломжгүй, өвлөх эрхийн гэрчилгээг авахад гэрчилгээ, тамгыг эхээр нь авах хуулийн шаардлага байхгүй тул нотариатаар баталгаажуулсан хуулбарыг өгсөн. Нэхэмжлэгч нар нь 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг авахаар нотариатад хандах болсон нь хариуцагч нараас шалтгаалсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Нэгэнт өвлөх эрхээ алдсан нэхэмжлэгч нарт компанийн гэрчилгээ болон тамга тэмдгийг өгөх боломжгүй. Энэ нь компанийн өмч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж маргажээ.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... Г.О нь 2023.02.27-ны өдөр нас барснаар өв нээгдсэн. Г.О нь “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болон компанийн хувьцаа эзэмшигч Г.О, Н.С, Д.Б, Б.У нар нь тус бүр 25 хувийн хувьцааны эрхтэй болох талаар маргаагүй. Монголын нотариатчдын танхимын 2024.11.29-ний өдрийн 984 тоот албан бичигт “...Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгоход баримт бичгийн эх хувь, тамга тэмдэг шаардлагатай тул хүсэлтэд дурдсан баримт бичгийн эх хувь байхгүй тохиолдолд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй” гэжээ. Өв нээгдсэн газрын нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгоход нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нарыг өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн эсэх, мөн хууль ёсны өвлөгч бүрийг тогтоох, өвөөс татгалзсан эсэхийг шалгах үүрэгтэй тул энэхүү үйл баримт тогтоогдоогүй байхад шүүхээс нэхэмжлэгч нарыг “О” ХХК-ийн хувьцааны талийгаач Г.О-т ногдох хэсгийн 100 хувийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм. Иймээс өвлөгчдөд өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичгийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч нар “О” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш тул компанийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг шаардах эрхгүй ба Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2, 61.7-т заасантай нийцэхгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичиг буюу компанийн баримт бичгийн эх хувь, тамга тэмдгийг “О” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хариуцагч Н.С, Д.Б, Б.У нараас гаргуулж өв нээгдсэн газрын нотариатчид өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх “О” ХХК-ийн хувьцааны Г.О-т ногдох хэсгийн 100 хувь өвлөгчөөр тогтоолгох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.
8.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзэхдээ “... нэхэмжлэлээс “О” ХХК-ийн Г.О-т ногдох хувьцааны 100 хувийн өвлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч дүгнэлт алдаатай болсныг залруулна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага өвлөгчөөр тогтоолгох гэсэн байхад шүүх шийдвэрийн удиртгал болон үндэслэх хэсэгт өмчлөгч гэсэн нь алдаатай болсныг дурдах нь зүйтэй. Хариуцагч нар нь Г.О-ын өвлөгчид биш тул тэд өвийн маргааны хариуцагчид биш тул энэ үндэслэлээр анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох учиртай. Г.О-ын өвлөгчдөд өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай компанийн баримт бичгийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгахаар хийсэн дүгнэлт нь зөв боловч энэ баримт бичигт тамга, тэмдэг орж буй талаар огт дүгнэлт өгөөгүй байна. Нэхэмжлэгч нар нь нас барагч Г.О-ын өвийг нотлохоор тус компанийн гэрчилгээ, дүрэм зэргийг нотариатчийн шаардсанаар гаргаж өгөх үүрэг хүлээх тул компанийн гэрчилгээ, дүрмийг эх хувиар нь гаргуулж өв нээгдэх газрын нотариатчид өгөхийг хариуцагч талд даалгаснаар нэхэмжлэгчийн эрхийг хамгаална. Харин өвлөх эрхийн гэрчилгээ олгох эсэх үйлдлийг хийсний дараа нотариатч нь уг баримтуудыг эх хувиар нь хариуцагч нарт хүлээлгэж өгөхийг даалгах нь шийдвэр гүйцэтгэх арга, журмыг заах хуулийн зохицуулалттай нийцнэ. Харин тамга, тэмдэгт тухайн компанийн хувьцааны талаар мэдээлэл агуулахгүй тул өвлөх эрхийн гэрчилгээ олгохтой холбоотой үйлдэл хийхэд өвийн зүйл болсон хөрөнгийг нотлох баримтад хамаарахгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, шийдвэрийн тогтоох хэсэгт тамга, тэмдэг эд мөрийн баримт байхад түүний эх хувийг гаргуулахаар тодорхойлсон нь алдаатай” гэсэн байна.
9.Нэхэмжлэгч А.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
10.Хэрэгт авагдсан баримтаар Г.О, А.Б нар гэр бүл болсноо иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2007.04.11-ний өдөр бүртгүүлсэн, тэдний дундаас хүү О.Ж, О.А нар төрсөн, Г.О нь 2023.02.27-ны өдөр нас барсан.
Г.О нь “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тухай болон талийгаач Г.О, хариуцагч Н.С, Д.Б, Б.У нар нь тус компанийн хувьцааг тус бүр 25 хувиар эзэмшдэг талаар зохигчид маргаагүй.
Харин нэхэмжлэгч нар тус компанийн хувьцааны Г.О-т ногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгохын тулд шаардлагатай бичиг баримт, тамга тэмдэг гаргуулах, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагыг хариуцагч нарт холбогдуулан гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандсан нь хууль зөрчсөн үйлдэл буюу өвлөх эрхээ алдсан нэхэмжлэгч нарт компанийн гэрчилгээ болон тамга тэмдгийг өгөх боломжгүй. Энэ нь компанийн өмч гэсэн агуулгаар маргасан байна.
11.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хэрэгт авагдсан баримт, талуудын мэтгэлцээнээс үзэхэд нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нар нь “О” ХХК-ийн хувьцааны талийгаач Г.О-ын эзэмшлийн 25 хувийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох зорилгоор өвлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтыг хариуцагч нараас шүүхийн журмаар гаргуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах гэсэн агуулгаар мэтгэлцээн явагджээ.
Өөрөөр хэлбэл, “О” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Г.О нас барснаар өв нээгдсэн ба түүний эхнэр А.Б, хүү О.Ж, хүү О.А нар өвлөх эрхийн гэрчилгээ авахаар нотариатад хандахад нотариатч компанийн бичиг баримтын эх хувь, тамга тэмдэг шаардсанаас нэхэмжлэгч нар шүүхэд хандсан байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тус компанийн талийгаач Г.О-ын эзэмшлийн 25 ширхэг хувьцаа буюу 25 хувийн хувьцааг нэхэмжлэгч нар хууль ёсны өвлөгчийн хувьд өвлөх, улмаар өвийн үндсэн дээр үүсэх өмчлөх эрхээ шүүхээр тогтоолгох зорилготой байна. Иймээс хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.
12.Хариуцагч нарыг нэхэмжлэгч нарын өвлөх эрхийн талаар маргах эрхтэй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, ийм үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нарыг Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар талийгаач Г.О-ын хууль ёсны өвлөгч гэж үзнэ.
13.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж зааснаар талийгаач Г.О нь “О” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшдэг байсан нь тогтоогдож байх тул энэ нь өвийн зүйл байх бөгөөд Г.О нь 2023.02.27-ны өдөр нас барснаар мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна. Иймээс нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өвийг хүлээн авсан, мөн хуулийн 527 дугаар зүйлийн 527.3-т зааснаар өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас “О” ХХК-ийн хувьцааны Г.О-т ногдох хэсгийн 100 хувийн өвлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
14.Талийгаач Г.О-ын хууль ёсны өвлөгч болох А.Б, О.Ж, О.А нар нь Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар “О” ХХК-ийн 25 хувийн хувьцааг хэн, хэдэн хувиар өмчлөх тухайгаа харилцан тохиролцож, энэ тухайгаа улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
15.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өв залгамжлалын эрх зүйн харилцааны зохицуулалтад нийцүүлэн тогтоож чадаагүйгээс нотариатад гаргаж өгөх бичиг баримт гаргуулах шаардлагыг хангахдаа ижил дүгнэлт өгсөн боловч талийгаач Г.О-т ногдох хувьцааны өвлөгчөөр тогтоолгох шаардлагын талаар эрх зүйн тодорхой дүгнэлт хийгээгүй. Харин хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт нь хуульд нийцсэн байна.
16.Нэхэмжлэлд заасан Монголын Нотариатчдын Танхимын Ерөнхийлөгчийн 2024.11.29-ний өдрийн 984 тоот албан бичигт ...Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгоход баримт бичгийн эх хувь, тамга тэмдэг шаардлагатай тул хүсэлтэд дурдсан баримт бичгийн эх хувь байхгүй тохиолдолд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй” гэснийг Нотариатын тухай хуульд нийцсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувьд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох эрх зүйн зохицуулалтын дэглэмийн дагуу гагцхүү хуульд заасан эсхүл хуульд нийцүүлэн гаргасан, эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн журамд зааснаас бусад баримтыг иргэн, хуулийн этгээдээс шаардах нь хуульд нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймээс Г.О-ын өвлөгчдөд өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай компанийн баримт бичгийн эх хувийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгахаар шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхгүй.
17.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/01140 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03229 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 527 дугаар зүйлийн 527.3, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн хувьцааны Г.О-т ногдох хэсгийн өвлөгчөөр нэхэмжлэгч А.Б, О.Ж, О.А нарыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичиг буюу “О” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга тэмдгийн эх хувийг хариуцагч Н.С, Д.Б, Б.У нараас гаргуулж, өв нээгдсэн газрын нотариатчид өгөхийг даалгах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг хариуцагч нарт даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД