Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/шш2021/02494

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02494

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, Р.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б....... дүүрэг ... дугаар хороо ... дугаар хороолол .... байр .... тоотод оршин суух, .... онд төрсөн ... настай, И овогт Б-ын Э

Хариуцагч: Б...... дүүрэг ... дугаар хороо Б.............

1.098.928 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , иргэдийн төлөөлөгч Э.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 19 насандаа цэргийн албанд татагдаж 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хилийн цэргийн холбооны 0151 дүгээр ангид алба хаасан. Цэргийн албаа хааж дуусаад үргэлжлүүлэн цэргийн хүн болохоор шийдэж Улсын Цагдан Сэргийлэх ерөнхий газрын харъяа 0230 дугаар ангид ахлах ахлагч цолтойгоор цэргийн орон тоон дээр жолоочоор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Цэргийн байгууллагуудад ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын Б/680 тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөгдсөн. Ингээд холбогдох материалаа бүрдүүлэн Б.............т хандахад хүлээн аваад миний цэргийн алба хаасан жилийг 14 жил болгон үндэслэлгүйгээр бууруулж бусад ажилласан өршөөлд хамрагдсан хугацааг оруулан 17 жил 1 сар ажилласнаар тооцсон байсан. Шалтгааныг асуухад таны цэргийн алба хаасан 2 жилийг хассан гэсэн тайлбар өгсөн тул тус дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр намайг 1988 оны 10 дугаар сарын 25-наас 1990 оны 10 дугаар сарын 2-ний өдөр хүртэл цэргийн жинхэнэ алба хаасныг тогтоосон. Уг шийдвэрийг Б.............т өгч үндэслэлгүй хассан 2 жилийг нэмж оруулан тооцуулах, өнгөрсөн хугацааны тэтгэврийн зөрүүг олгож өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 230 тоот өргөдлийн хариунд тэтгэврийн хэмжээг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өөрчлөн тогтоон олгож байна, таны тэтгэвэр 754.010 төгрөг болж 67.218 төгрөгөөр өссөн, зөрүү мөнгийг олгох боломжгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд тэтгэврийн зөрүү 1.028.728 төгрөг, өмнөх шүүхийн шийдвэрт төлсөн 70.200 төгрөгний хамт 1.098.928 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б............. шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 163 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх хянах журмын дагуу Б.............т холбогдох баримт материал өргөдөл, албан бичгээ бүрдүүлэн өгч өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байна. 163 дугаар тушаалаар баталсан журмын 3.1.2-т иргэн 1995 оноос өмнө хугацаат цэргийн алба хаасан бол алба хаасан тухайн цэргийн ангиас баталгаажуулсан цэргийн батлах буюу холбогдох цэргийн байгууллагын архивын лавлагааг хавсаргана гэсний дагуу Б.Э нь Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн э/524 дүгээр тушаалаар 0151 дүгээр ангид цэрэгт татагдсан архивын лавлагаа авсан боловч халагдсан тухай баримт байхгүй байгааг тус лавлагаанд тусгасан байгаа тул цэргийн албанд байлдагчаар алба хаасан жилийг ажилласан жилд оруулан тооцох боломжгүй байсан тул хасагдсан байгаа. Манайх хүний бүх мэдээллийг программд шивж хадгалдаг. Үүнд тушаалын дугаар он сар бүгд бичигддэг тул дараа нь нөхөн хийх боломжгүй. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Э ийг 1988 оны 10 дугаар сарын 25-наас 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Хилийн цэргийн 0151 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасныг тогтоосон тул 2021оны 06 дугаар сарын 11-ний өдөр тэрээр Б.............т ажилласан жил нэмүүлэх өргөдөл гаргасан. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэврийг нь өөрчлөн тогтоосон нь үндэслэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.............т холбогдох үндэслэлгүйгээр цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврээс хассан зөрүү, хохиролд 1.098.928 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар үндэслэлгүйгээр цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврээс хассан зөрүү 1.028.728 төгрөг, хохирол 70.200 төгрөг нийт 1.098.928 төгрөгийг гэм хорын хохиролд шаардах эрхгүй байна.

Хариуцагч Б............. нь нэхэмжлэгч Б.Э ийн тэтгэвэр тогтоолгох материалыг хүлээн авч ажилласан жилийг 17 жил 1 сараар тооцон сарын дундаж цалинг 1.095.945 төгрөг, цэргийн хувь тэнцүүлсэн нөхцөлөөр сард олгох тэтгэврийн хэмжээ 599.116 төгрөг байхаар 2020 оны 05 дугаар сарын 22-ны тэтгэврийг тогтоосон байна.

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийг бүрдүүлж хянуулахдаа цэрэгт татагдсан архивын лавлагаа авсан боловч халагдсан тухай баримтыг бүрдүүлж өгөөгүйгээс түүний цэргийн албанд байлдагчаар алба хаасан жилийг ажилласан жилд оруулан тооцоогүй болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигч талын тайлбараар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/387 архивын лавлагаагаар БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар 0151 дүгээр ангид цэрэгт татагдаж, тус архивт Хилийн ба ДЦУЕГ-ын 1990 оны 0151 дүгээр ангийн халагдсан цэргийн бүртгэлийг шилжүүлж өгөөгүйгээс Б.Э ийн халагдсан тухай баримт байхгүй гэсэн лавлагааг Б.............т баримтын хамт өгсөн гэж тайлбарладаг боловч уг лавлагаанд түүнийг цэргийн албыг бүрэн хаасан, хэзээ халагдсан талаар бичигдээгүй, баримтгүй тул цэргийн алба хаасан 2 жилийг хариуцагч нь дээрх лавлагааг үндэслэн тогтоох боломжгүй байсан байна.

Харин нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан ажилласан жилийн хугацааг тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 102/ШШ2021/01345 шийдвэрээр 1988 оны 10 дугаар сарын 25-наас 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 0151 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн ажилласан жил нэмэгдүүлэх өргөдлийг үндэслэн Б............. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэврийг нь өөрчлөн тогтоосон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийг гүйцэт бүрдүүлж өгөөгүйгээс түүний цэргийн алба хаасан жилийг ажилласан жилд оруулан тооцох боломжгүй, энэ байдалд хариуцагч тал буруутай болох нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Б.............т холбогдох үндэслэлгүйгээр цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврээс хассан зөрүү 1.028.728 төгрөг, хохиролд 70.200 төгрөг бүгд 1.098.928 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.............т холбогдох үндэслэлгүйгээр цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврээс хассан зөрүү 1.028.728 төгрөг, хохиролд 70.200 төгрөг нийт 1.098.928 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.925 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

Р.АЛТАНТУЯА