Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/шш2021/02692

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/02692

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Ч.Батчимэг, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б........ дүүрэг .. дугаар хороо ... дугаар хороолол .. дугаар байр .. тоотод оршин суух, .... онд төрсөн .. настай, Б овогт Т-ын Э

Хариуцагч: Б........ дүүрэг .. дугаар хороо .. дугаар хороолол .. дугаар байр ... тоотод оршин суух, ... онд төрсөн ... настай, Х овогт Д-ийн Б .

Гэм хорын хохиролд 9.107.126 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г , хариуцагчийн төлөөлөгч Ч.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн Бага баян аманд нэгж талбарын ....................... дугаартай зуслангийн зориулалттай 700 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн. Тухайн газраа газрын мэргэжилтэн н.Б-ийн хэлснээр хойноо буюу зүүн талдаа газраа чөлөөлж, бусад айлтай нийлж эргэн тойрныхоо газруудтай нийт 90 м хашаа барьцгаасан. Үүнээс манай хашааны урт 36.3 м хэсэг нь кадастрын зургаар өөрийн өмчлөлийн хашаа болж таардаг. Гэтэл газрын мэргэжилтэн Ч.П энд ийм хоосон газар байсан юм уу би яагаад мэдээгүй юм бол гэсэн агуулгатай зүйл ярьж 2015 оны 09, 10 дугаар сарын үед түүний хамаарал бүхий ээж, аав, ах нар нь газартай болсноор энэ асуудал яригдсан. Д.Б гэх хүн хойд талын газрыг аваад танай хашаа манай газар луу орсон байна гээд бариулсан хашааг маань буулгаж эвдсэн. Тухайн үед газрын албаны мэргэжилтэн нар танай баруун талын газар руу орц гарцгүй болсон байна, зүүн талаар чинь автомашины зам явж байна. Үүнийг чөлөөлөөд газартаа хашаагаа барьчих гэсэн агуулгатай зүйл ярьсан. Гэтэл ингэж барихаар манай 700 мкв газрын хэмжээнээс 300 мкв газар багасаж газраа маштабаар нь хойшлуулж кадастрын зургийг өөрчилж байгаа юм. Ингээд баруун талд орц гарцыг нээгээд зүүн талынхаа зам руу оруулаад кадастр дээгүүр зам хийсэн байхаар нь тэрийг чөлөөлөөд барьсан. Тэгсэн иргэн Д.Б 10 дугаар сард ирээд хашааг буулгасан. Тухайн үед Т.Х , Т.Э нар Сүхбаатар дүүргийн Засаг даргатай манайх 700 мкв газрынхаа хэмжээгээр газар эзэмших боломжгүй болсон гэдэг агуулгатай юм яриад тухайн үед 300 мкв газрыг өөр газраар нөхөж олгоё гэдэг яриа болсон ч энэ хэлэлцээр одоо хүртэл яригдаж байгаа бөгөөд асуудал шийдэгдвэл бид хашаагаа өөрчлөөд баръя, тэгэхгүй гэвэл бид кадастраараа баривал хэд хэдэн айлын эрх ашиг хөндөгдөх гээд байна гэж яриад байж байтал хашааг маань дураараа буулгасан. Хашааны бетонон суурь 2 м өндөртэй төмөр хашаа байсан. Нийт үнэ нь 22.748.866 төгрөг болсон. Хариуцагч тал бетон цутгаад бетон дээр суулгасан байсан төмөр хашааны төмрийг бүгдийг нь тайрч дахин ашиглах боломжгүй болгосон. Тайрсан төмөр хөлийг залгаж барих боломжгүй, гагнуур даадаггүй Хятад улсаас ирсэн төмөр хашаа юм. Иймд хариуцагч Д.Б аас 36.03 м хашааны зардал 9.107.126 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний өөрийн аав, ээж нарт Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо санзайн аманд зуслангийн зориулалтаар тус бүр 700 мкв газрыг олгосон. Т.Э , түүний дүү Т.Х нар нь манай аав ээжийн эзэмшлийн газартай нийтийн эзэмшлийн зам, орц, гарцаар хязгаарлагдсан байсан юм. 2014 оны 06 дугаар сард аав ээж маань зуслангийн байшин барихаар болж газар дээрээ очтол тэдний эзэмшил газрыг дайруулан орц гарцыг хааж өөр иргэн хашаа барьсан байсан тул Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаж тодруулахад иргэн Т.Х , Т.Э , Т.Т , Т.Б нарын 4 иргэн хашаа барьсан болохыг олж мэдсэн. Уг зөрчлийг арилгуулахаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2014 онд 2 удаа, 2015 онд 2 удаа өргөдөл, гомдол гаргасны эцэст дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэж, Т.Х т зөрчлөө арилгах талаар шаардлага хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй тул 2015 оны 09 дүгээр сард Газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн зохион байгуулагч нар аав ээжийн минь эзэмшил газар руу оруулан хашаа барьсан дээрх 4 иргэний зөрчлийг арилгаж, хашааг нь буулгахаар экскаватор авч очсон. Гэтэл Т.Х нь би газаргүй болох гээд байна харилцан тохиролцож хашаагаа барья, би ө танай газар луу орсон хашааныхаа хэсгийг бу а гээд өөрийн гараар тооцоо гаргаж өгснийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн ба энэ үйл баримтыг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Өмч харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч М.Б цагдаад гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Бид хөрш залгаа улсууд муудалцаад яахав гээд сунгаж барьсан хашааны эргэлтийн цэгийг Т.Х тай хамт явж хэмжүүлсэн бөгөөд миний зүгээс Газрын албанд Т.Х тай зөвшилцөлд хүрсэн талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч болон бусад иргэний газрыг албадан чөлөөлөх ажлыг зогсоосон юм. Гэтэл Т.Х манай аав ээжийн газар луу орсон хашаагаа буулгаагүй тул хашааг нь буулгасан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хуучин цэгээр хашааг барих үр дагавар үүссэн нь би Т.Э , Т.Х нарын буруугаас дахин хашааг зөөж бариулахад нэмэлт зардал гаргах нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд бид хашааг хуучин цэгээр нь барихад гаргах зардлаа Т.Э , Т.Х нараас нэхэмжлэх болно. Хэдийгээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Д.Б нь Т.Х ын эзэмшлийн хашааг газар эзэмшиж ашиглах маргааны улмаас дураараа аашлан зөөж, бага бус хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон гэж үзэж гэм хорын хохирол шаардаж байгаа боловч гэм буруутайг тогтоосон тогтоол байхгүй. Нэхэмжлэгчийн хууль бусаар ухаад барьсан хашааг зөөсөн нь түүний төрсөн дүүгийн зөвшөөрлөөр гүйцэтгэгдсэн ажиллагаа бөгөөд хууль зөрчсөн буруутай үйлдэл байхгүй. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/16 захирамжийн хавсралт, 2015 оны К ХХК-ийн хэмжилтийн зургийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээс татгалзаж байна гэв.

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Д.Б д холбогдох хохиролд 9.107.126 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирол шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 274 тоот шийдвэрийг үндэслэн дүүргийн Газрын албанаас 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Т.Э тай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо зуслан Санзай Бага баян аманд нэгж талбарын ................  дугаар бүхий 700 мкв газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр Дугаар ............. гэрчилгээг олгосон.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 338 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын ............................................ дугаар бүхий тус бүр 700 мкв газрыг 5 жилийн хугацаатай Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо Санзайд зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр иргэн Ж.Б дугаар ..............., иргэн П.Ч-д дугаар  иргэн В.Э дугаар ........... дугаар бүхий Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, Ж.Б-ийн зуслангийн 700 мкв газрыг өвлөх эрхийн гэрчилгээгээр түүний нөхөр П.Ч эзэмшиж байгаа үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-64-71/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр Т.Х , Т.Б , Т.Э , Т.Т , Ж.Б-, П.Ч , В.Э нарт эзэмшүүлсэн газрын байршил нь төлөвлөгдсөн зам, орц, гарцтай давхцалгүй боловч, уг нэгж талбаруудын байршлыг 2015 оны 10 дугаар сард кадастрын мэдээллийн нэгдсэн санд өөрчилсөн нь төлөвлөгөөнд тусгасан зам, орц гарцыг хааж байрласан. Дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжаар эзэмшсэн газар нь бодит байдал дээр орц гарц нийтийн эзэмшлийн замтай давхцсан учир эзэмших боломжгүй болсон газрын хэмжээгээр дүйцүүлэн шинээр газар эзэмших хүсэлтийг Т.Х , Т.Т , Т.Э нар гаргаж Дүүргийн засаг даргын А/448 дугаар захирамжаар шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл захирамж биелэгдээгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжаар Ж.Б-, П.Ч , В.Э нарт эзэмшүүлсэн газрын байршил нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар өөрчлөгдөөгүй байхад 2015 оны 10 дугаар сард кадастрын мэдээллийн санд байршлыг зохих байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөлтийг оруулсан нь тогтоогдсон. 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийн Ж.Б холбогдох хэсгийг Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бусдын эзэмшил газартай давхцуулж оруулсан зөрчлийг арилгаж Т.Х т газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгох хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-72-83/

Нэхэмжлэгч Т.Э болон хариуцагчийн хамаарал бүхий этгээдүүдэд 2011, 2012 онд олгогдсон газрууд нь төлөвлөгдсөн зам, орц, гарцтай давхцалгүй боловч Ж.Б-, П.Ч , В.Э нарт эзэмшүүлсэн газрын байршил нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар өөрчлөгдөөгүй байхад 2015 оны 10 дугаар сард кадастрын мэдээллийн санд байршлыг зохих байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөлт оруулсан, Ж.Б холбогдох хэсгийг Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бусдын эзэмшил газартай давхцуулж оруулсан зөрчлийг арилгахаар шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх зөрчилтэй холбоотой Сүхбаатарын дүүргийн газрын албанаас ажиллагаа хийгдээгүй, хариуцагч нь маргаан бүхий дээрх газарт газар эзэмшдэггүй, өөрийнх нь ямар эрх зөрчигдсөний улмаас бусдын хашааг буулгасан болох нь тодорхойгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Т.Х , хариуцагч Д.Б ын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг, НӨХГ-ын газар чөлөөлөх хэлтсийн үүрэг хариуцсан газар зохин байгуулагч ажилтай М.Б 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэгт Т.Х , Д.Б нарын хоорондын газрын маргаанаас үүдэлтэй Т.Х ын барьсан гэх хашааг буулгасан, тухайн газар Д.Б газар эзэмшдэггүй, Газрын албанаас Т.Х ын барьсан хашаа зөрчилтэй айлын газар луу орсон байсан тул зөрчил арилгах шаардах хуудас өгсөн, гомдол гаргасан Ч.П , Т.Х нар зохицохоор болж эксковатороо аваад буцсан талаар мэдүүлсэн нь Т.Э ын нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 7 дугаар хуудас дахь нэгж талбарын .............кадастрын зургаар баригдсан цэгийн урт /7.92+28.11=36.03м/ 36.03 метр хашааны үнэд хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан иргэн Т.Э , Т.Б , Ж.А нарын С............ дүүрэг .. дүгээр хорооны санзайн Багабаян аман дахь зуслангийн 90м хашааны ажлын төсвийг үндэслэн 9.107.126 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан боловч ажлын төсөвтэй холбоотой маргаагүй, шинжээч томилох хүсэлт гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа ө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтыг үндэслэн хариуцагч Д.Б аас гэм хорын хохиролд 9.107.126 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э д олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/16 захирамжийн хавсралт, 2015 оны К ХХК-ийн хэмжилтийн зургийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээс татгалзсанг дурдав.

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Б аас 9.107.126 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160.665 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Б аас 160.665 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э д олгосугай.

3. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/16 захирамжийн хавсралт, 2015 оны К ХХК-ийн хэмжилтийн зургийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээс татгалзсанг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

 

Х.ЭНХЗАЯА