Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            Нарийн бичгийн дарга  М.Оргилтунгалаг,

            Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:      

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дүгээр зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхгэрэлийн Цэрэнбалтавд холбогдох  201725020423 тоот хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, газрын тосны тоног төхөөрөмжийн операторч мэргэжилтэй, "МТ" группт шатахуун түгээгчээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул булаг 1-15 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 13 дугаар гудамжны 1-2 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ЛК 91120511 / Хон хэрээд овогт Энхгэрэлийн Цэрэнбалтав нь:

 

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Үйлдвэрлэл урлалын сургуулийн хажуу талын зам дээр хохирогч П.Бямбадоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний унаж явсан 83-53 УНМ улсын дугаартай “Тоёота витз” маркийн автомашины урд шил рүү чулуу шидэж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Хохирогч П.Бямбадорж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Дөлгөөн нуурын тэнд явж байхад нэг залуу хүүхэдтэйгээ гар өргөсөн. Тэгэхэд нь зогсоод түүнийг аваад “Хаа хүрэх бэ” гэхэд “Гандигийн сургуулийн зүүн талд очъё” гэж хэлсэн. Гандигийн сургуулийн хойд талын гэрлэн дохиогоор урагшаа эргэтэл зам маш их түгжрэлтэй болоод явахгүй зогсчихсон. Тэгээд би "Би чамаас мөнгө авахгүй. Та хоёр эндээ буучих. Би буцаад явъя" гэж хэлтэл тэр залуу "Хүргэх газар хүргэхгүй байж үхсэнээ хийж хүн авсан юм бэ? Ална шүү" гээд байсан. Тэгэхэд нь би “Чиний хүн алдаг гэж юу байдаг юм. Хэдэн хүн алсан юм. Хэнийг алсан юм. Одоо намайг алах гэж байна уу” гэтэл нөгөө залуу миний машины дугуйны дээд талын шаврын хаалт руу өшиглөхөөр нь би уурлаад түүний хойноос очоод хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд би машиндаа суугаад буцаж эргээд явах гэтэл нөгөө залуу газраас жижигхэн чулуу аваад миний машин руу шидсэн гэжээ. / хх 15-17 /

Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 12-13 /

Эд зүйлийн үнэлгээ / хх 36 /

 

  Шүүгдэгч Э.Цэрэнбалтавыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 21-22 /, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-24 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх 27 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Цэрэнбалтав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр үед би хүүхдээ аваад явж байсан юм. Тэгээд жолооч замдаа буу гэхээр нь түүнтэй нилээд маргалдаад хүүхэд айгаад уйлахаар нь уурандаа жижиг чулуу аваад шидсэн. Гэтэл түүний машиныг оносон. Тэр намайг өшиглөсөн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Хохирлоо төлж барагдуулсан. Ар гэрээ ажил хийж тэжээдэг тул хорихоос өөр ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Э.Цэрэнбалтав нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрлэл урлалын сургуулийн хажуу талын зам дээр хохирогч П.Бямбадоржтой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан түүний унаж явсан “Тоёота витз” маркийн 83-53 УНМ дугаартай автомашины урд шил рүү чулуу шидэн хагалж, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Цагдаагийн илтгэх хуудас / хх 06 /, ... Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 12-12 /,  ... Түгжрэлтэй байна. Энд буучих мөнгө авахгүй гэхэд тэр залуу уурлаад маргалдсан. Тэгээд миний автомашины шаврын хаалт руу өшиглөхөөр нь би хөл рүү нь өшиглөөд машиндаа суутал чулуу шидэж, урд салхины шилийг хагалсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч П.Бямбадоржийн мэдүүлэг / хх 16-17 /,  ... Эд зүйлийн үнэлгээ / хх 36  / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Цэрэнбалтавыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Цэрэнбалтавд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Прокуророос шүүгдэгч Э.Цэрэнбалтавыг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр уг машины салхины шил / хх 12-13 /  3 зураас үүсч цуурсан байсан нь тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч хохирогч дулаархаар шилээ солино гэж надад хэлсэн гэсэн нь ашиглагдаж байгааг нотолсон тул үүнийг ашиглах боломжгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:      

1. Энхгэрэлийн Цэрэнбалтавыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  Э.Цэрэнбалтавын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Цэрэнбалтав нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Э.Цэрэнбалтавд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

5. Э.Цэрэнбалтавт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ