| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 185/2020/0729/Э |
| Дугаар | 1223 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 1223
2020 09 22 2020/ДШМ/1223
Ж.Хт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Даваадорж,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/1626 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Даваадоржийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлээр Ж.Хт холбогдох эрүүгийн 1709021940737 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
.................., 19........ оны ......... дүгээр сарын ...........-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............../,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;
Ж.Х нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “100 айл худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулдаг “Даян дөл” гэх нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг иргэн С.Дамбадаржаад өөрийгөө “Мөнхболд” хэмээн танилцуулж, барилгын материал буюу пум хямд үнээр нийлүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Дамбадаржаагаас 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 200.000 төгрөг, 7 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг, 7 дугаар сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөг, 7 дугаар сарын 6-ны өдөр 600.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Ж.Хыг өөрийнхөө нэрийг Мөнхболд гэж танилцуулсан гэх үйлдлийг шалгасан байх ба харин хохирогчоос шилжүүлэн авсан гэх мөнгийг юунд зарцуулсан, хохирогч С.Дамбадаржаатай ярилцан тохиролцсоноороо төмөр худалдан авч пум засварласан эсэх талаар тодорхой ажиллагаа хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг нотолсон” гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “С.Дамбадаржааг Хүрэлбаатартай уулзахаар ирэхэд пум засварлаж байсан Үрчгэр, контейнерийг түрээслэж байсан хашааны эзэн Батцоож нарыг гэрчээр асуулгах тухай” хүсэлтийг гаргасан ба прокуророос “хэрэгт шаардлагагүй гэрч нарын мэдүүлэг болон холбогдох бусад ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авч гэрч Үрчгэр, Батцоож нараас гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна гэж үзлээ. Яллагдагчийн мэдүүлэгт “2017 оны 6 дугаар сарын 26-ноос 27-нд Гансүх гэдэг хүнээр нийт 1.325.000 төгрөгийн үнэлгээтэй 60 ширхэг пумыг Дамбадаржаа руу явуулсан ба би төмрөө авсан уу гэж асуухад авсан, тээврийн хөлс 45.000 төгрөг өгсөн шүү гэж надад хэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Дамбадаржаа руу ярьсан чинь би Завхан аймаг явж байна гэж хэлсэн, 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр дахин яриад үлдэгдэл пумаа хүлээлгэн өгөөд тооцоогоо дуусгая гэж хэлэхэд миний мобайл ажиллахгүй байна гэж хэлсэн. Тэрнээс хойш сураггүй байж байгаад 8 сард холбогдсон чинь чи өөр дээрээ байлгаж бай гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байна. Харин хохирогч С.Дамбадаржаа нь Хүрэлбаатараас “ямар ч пум хүлээж аваагүй, мөн надтай тэр талаар нэг ч удаа утсаар яриагүй” гэж мэдүүлсэн байна. Иймд пумыг ачиж хохирогч С.Дамбадаржаад хүлээлгэн өгч, тээврийн хөлс авсан гэх Гансүхээс энэ талаар тодруулж мэдүүлэг авах, 2017 оны 7 дугаар сарын 2-ноос 8 сар хүртэл Хүрэлбаатар нь тухайн үед ашиглаж байсан 99171244 дугаарын утаснаас хохирогчийн дугаар руу хэдэн удаа залгасан талаар холбогдох баримтыг гаргуулан авах зэрэг шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр Ж.Хт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Даваадорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлэх буюу шүүхийн хэлэлцүүлгээр харьцуулах замаар шинжлэн судлах ажиллагааг хийлгүйгээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Ж.Х нь хохирогчийг анхнаасаа залилах субьектив санаа зорилго агуулж хохирогчид өөрийгөө Мөнхболд гэж танилцуулж, түүнээс мөнгө авсан, мөн Хаан банкны виза картын эзэн болох Мөнхболдоос картыг нь авч залилах гэмт үйлдэлдээ ашигласан болох нь тус тус баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх уг үйл баримтыг залилах гэмт хэргийн шинжид хамааралгүй мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн хэрэгт авагдсан гэрч Ж.Мөнхболд, Ж.Сайнбилэг, хохирогч С.Дамбадаржаагийн мэдүүлэг зэргийг нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүйгээр зөвхөн яллагдагчийн мэдүүлгийг үндэслэн Үрчгэр, Батцоож нараас гэрчээр мэдүүлэг авах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Эдгээр хоёр гэрч нь мэдээж яллагдагчийн хэлснээр мэдүүлэг өгч, тухайн хэргийг шийдвэрлэлтэд сөрөг нөлөө үзүүлэх үндэслэлтэй гэдгийг анхан шатны шүүх анзаарч үзсэнгүй. Учир нь, яллагдагч зөвхөн үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээдэггүй ба шүүх хуралдаанд хохирогч өөрийн биеэр оролцож, хууль сануулах баримтад гарын үсэг зурж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлсэн байхад түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэнгүй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/1626 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Хт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/1626 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Ж.Хын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.
Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Дамбадаржаа, гэрч Ж.Мөнхболд, Ж.Сайнбилэг нар нь болсон асуудлын талаар тодорхой, тогтвортой тайлбар, мэдүүлэг өгчээ.
Мөн шүүгдэгч Ж.Хын хохирогч С.Дамбадаржаагаас шилжүүлэн авсан гэх мөнгийг хэрхэн, юунд зарцуулсан, ярилцан тохиролцсоноороо төмөр худалдан авч пум засварласан эсэх талаар тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй, хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бөгөөд хэрэгт хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтанд үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлзээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ж.Хт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЗ/1626 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Хт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ж.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ