Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2025/00207

 

 

Ц.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/02494 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/01079 дүгээр магадлалтай

Ц.А-гийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох

Барааны тэмдгийг хууль бусаар зөвшөөрөлгүй ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 343,631,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Э.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулж барааны тэмдгийг хууль бусаар зөвшөөрөлгүй ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 343,631,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/02494 дүгээр шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “М” ХХК-аас 155,562,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 188,069,400 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 935,762 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/01079 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/02494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “М” ХХК-д холбогдох 343,631,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Э.М нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.31-ний өдрийн 192/ШШ2025/02494 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2025.06.23-ны өдрийн 210/МА2025/01079 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн худалдан борлуулсан “Панкипсин” 25мг бүтээгдэхүүний хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.А нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн хүрээнд шаардлага гаргах эрхгүй талаар дүгнэлт өгөөгүй байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн хүрээнд шаардлага гаргахын тулд хариуцагчийн хөрөнгө нэмэгдсэн байх, ийнхүү хөрөнгө нэмэгдсэн үндэслэл нь нэхэмжлэгч талын хөрөнгөөр нэмэгдсэн байх, хариуцагчийн хөрөнгөжсөн байдалд эрх зүйн үндэслэл байхгүй байсныг дүгнэх учиртай. Маргааны хүрээнд хариуцагч тал өөрийн хөрөнгөөр “Панкипсин” нэртэй эмийг үйлдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ц.А-гийн хөрөнгөөр хариуцагч талыг хөрөнгөжсөн гэж дүгнэхээргүй байна. Иймд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д заасан хохирол шаардах эрх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн хүрээнд гаргах шаардах эрхэд огт хамааралгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байгааг дурдах нь зүйтэй" гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч шаардлага гаргах эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйл нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдтэй холбоотой асуудлыг зохицуулсан байх ба хариуцагч Ц.А-гийн эзэмшдэг барааны тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж эм үйлдвэрлэн, орлого олсноор үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 493.6-д бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй. 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”, 230.1 “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх анхааралгүйгээр нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг буюу барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөнөөс учирсан хохирол гэж тооцоогүйг зөвшөөрөхгүй байна. Зөрчигдсөн эрхийг Иргэний хуульд заасан үндэслэлээр сэргээхэд хохирол учруулсан этгээдээр олох байсан орлогыг хохиролд тооцох нь Иргэний хуулийн зорилт мөн. Өөрөөр хэлбэл, эрх эзэмшигчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөнөөс үүссэн орлогыг хохиролд тооцож гаргуулах нь манай улсын хуулийн хүрээнд болон олон улсад нэгэнт тогтсон зүй тогтол юм. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12.3.6. энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах хуулиар олгосон эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж хохирлоо нотолсон байдаг. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2009 оны 15-р тогтоолд 6.1.Энэ зүйлийн 120.1-д заасан "хохирлын хэмжээ" гэдэгт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулна.” гэж заажээ. Монгол Улс 1997 онд нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн талаарх хэлэлцээрийн 45-р зүйлд Оюуны өмчийн эрх зөрчиж буйгаа мэдсээр байгаад буюу мэдэх боломжтой байсаар атал эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй. Мөн өмгөөлөгчийн хөлс зэрэг зардлыг эрх эзэмшигчид төлөхийг эрх зөрчигчөөс шаардсан тогтоолыг шүүх гаргах эрхтэй.

Хоёр. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч зэрэг хэргийн оролцогч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн үүргээ биелүүлээгүй байдлыг зөвтгөх байдлаар маргааныг дүгнэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Нэхэмжлэгч өөрөө нотлох үүргээ биелүүлж уг барааны тэмдэг бүхий “Панкипсин” эм худалдан борлуулагдаж байгаа байдал, хариуцагч уг эмийг 2019 онд 37,800, 2020 онд 5877, 2021 онд 8318, 2022 онд 13,480, 2023-2024 онд 11,424 ширхэг эм үйлдвэрлэсэн болохыг Эм эмнэлгийн хэрэгслийн газрын албан бичиг болон хариуцагчийн өгсөн нотлох баримтууд, бусад байдлаар тогтоосон байдаг. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.А-г Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Хариуцагч тал ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг үүргээ биелүүлээгүй, мэтгэлцүүлээгүй гэж буруутгаж анхан шатны шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан шийдвэрийг хүчингүй болгосныг буруу гэж үзэж байна. Хариуцагч тал хохирлын хэмжээг татгалзаагүй, маргаагүй байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй байхад хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх дүгнэлтдээ “хариуцагч “М” ХХК нь “Панкипсин” нэрээр 2019 онд 37,800 ширхэг, 2020 онд 5788 ширхэг, 2021 онд 6390 ширхэг, 2022 онд 11,280 ширхэг эмийг тус тус үйлдвэрлэсэн боловч барааны тэмдэг өмчлөгч Ц.Агаас зөвшөөрөл аваагүй байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.12-т зааснаар барааны тэмдэг эзэмшигчтэй бусад этгээд барааны тэмдэг ашиглахаар бол лицензийн гэрээ байгуулах учиртай. Иймд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д зааснаар бүртгэгдсэн барааны тэмдгийг хариуцагч “М” ХХК нэхэмжлэгч Ц.А-гийн зөвшөөрөлгүйгээр ашигласан байх тул тэрээр хохирол шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ” гэсэн атлаа дээр дурдсан тоо дүн бүхий нотлох баримтыг өөрөө үгүйсгэж нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр салаа утгагүй, ойлгомжтой, хэрэгжих боломжтой, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаар тусгасан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 167 дугаар зүйлийн 167.2-т заасныг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх “харин нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч Ц.А нь “Панкипсин” барааны тэмдгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй тул хариуцагч “М” ХХК-ийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний зах зээлд худалдах үнээр тооцож хохирол шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, барааны тэмдэг зөвшөөрөлгүйгээр ашигласан этгээд, барааны тэмдэг өмчлөгч нар ижил төрлийн үйл ажиллагаа явуулснаас барааны тэмдэг өмчлөгчийн бараа бүтээгдэхүүн зах зээл дээр худалдан борлогдоогүй тохиолдолд худалдан борлогдоогүй бараа, бүтээгдэхүүний үнээр хохирлыг шаардах эрхтэй болно” гэж хууль зүйн бус, хуулиар тогтоогоогүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд ижил төрлийн бараа бүтээгдэхүүн заавал үйлдвэрлэдэг байх, зах зээл дээр худалдан борлогдоогүй бараа, бүтээгдэхүүний үнээр хохирлыг шаардах эрхтэй талаар ямар ч зохицуулалт байхгүй харин ч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12.3.6. энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардахыг тогтоосон. 13 дугаар зүйлд Барааны тэмдгийг ашиглах гэдгийг тодорхойлохдоо:

“Дараах тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно:

1.Барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол;

2.Барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол;

3.Барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол гэж заасан тул хариуцагч дээрх зүйлд зааснаар барааны тэмдгийг ашиглаж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдан борлуулж орлого олсон байдаг. Дэлхийн Худалдааны байгууллагын худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн талаарх хэлэлцээрт барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн тохиолдолд гэм буруутай этгээдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн орлогыг хохиролд тооцож төлүүлэх талаар заасан байдаг. Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчилтэй тэмцэхийн тулд улс орнууд энэ төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Үүний дагуу Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид тусгасан буюу барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг хамгаалах гол зохицуулалт, зөрчигдсөн эрхийг сэргээх арга юм.

Гурав. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3. хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Улсын Дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн 18-р тогтоолоор Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах” эрхийг тайлбарласан байх бөгөөд ингэхдээ энэ эрх нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарахаар, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар хууль ёсны эзэмшлээс өмчлөгч эд хөрөнгөө шаардах эрхгүй талаар тайлбарлажээ. Улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн 17 тоот тогтоолоор “Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарласан байх ба түүний 2-т “Хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэнэ”, 5-д “Хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг нь мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт хамаарна”, 6-д “Энэ зүйлийн 94.2-т заасан “буцааж авах хүртэл” гэж эд хөрөнгө шударга эзэмшигчээс эрх бүхий этгээдэд шилжих хүртэлх хугацааг хэлнэ” гэж тус тус заасан байхад давж заалдах шатны шүүх шаардах эрхгүй гэж дүгнэснийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 тоот тогтоолоор “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан ба энэхүү тогтоолын 9-д “ Хуулийн 38.1 дэх заалтын “Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэдгийг нэхэмжлэгч түүний төлөөлөгч өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч түүний төлөөлөгч өмгөөлөгч, гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байгаа үндэслэлээ нотолсон тайлбар гаргах, бичмэл ба эд мөрийн барим, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, мэдээ зэргийг эрж олж, шүүхэд гаргаж өгөх, тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй бол шүүхэд хандаж гэрчийг байцаалгах, шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргахыг ойлгоно” гэж тодорхойлсон. Үүний дагуу нэхэмжлэгч боломжтой бүх хэлбэрээр нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Улсын дээд шүүхийн олон тогтоолоор эрх зөрчигчийн олсон орлогыг хохиролд тооцож шийдвэрлэсэн практик байгааг энд мөн дурдахыг хүсэж байна.

Дөрөв. ИХШХШ тухай хуулийн 172.2.4-т заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлийн тухайд: Оюуны өмчийн эрх зөрчсөнтэй холбоотой иргэний хэрэг манай шүүхийн практикт төдийлөн түгээмэл байдаггүй. Оюуны өмчийн эрхийг хамгаалах нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Үндсэн хуулиар олгогдсон хүний байгалиас заяасан заяагдмал эрхийг хамгаалах, улс орны хөгжлийг хангахад чухал нөлөө үзүүлдэг утгаараа улс орнуудын тэргүүнд анхаарал хандуулдаг чухал асуудал байсаар ирсэн, байж ч байгаа, цаашдаа ч улам хөгжих ёстой асуудал мөн. Оюуны өмч нь эдийн баялгийн эрхээс онцлог учир эдийн бус баялгийн хувьд дэлхийн улс орнууд хамтран олон улсын тогтолцоог бий болгосоор ирсэн. Манай улсын хувьд ч НҮБ-ын гишүүн орны хувьд оюуны өмчийн эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд нэгдсээр ирсэн. Барааны тэмдгийн бүртгэлтэй холбоотой, барааны тэмдэг эзэмшигчийн эрх болон барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн зөрчилд юуг хамааруулах, эрх зөрчигчид учирсан хохиролд ямар хохирлыг тооцох зэрэг нь Монгол Улсын нэгдэн орсон оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх болоод Оюуны өмчийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг хэрэгжүүлэх хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой асуудал мөн. Иймд энэ асуудлыг хууль зүйн үндэслэлтэйгээр зөв шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд чухал ач холбогдолтой гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.23-ны өдрийн 210/МА2025/01079 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.31-ний өдрийн 192/ШШ2025/02494 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.10.08-ны өдрийн 001/ШХТ2025/00972 дугаар тогтоолоор нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Э.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

7.Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 343,631,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...энэ бүтээгдэхүүн бол гадаад оронд хүртэл тархсан, шархыг түрхээд сорвигүй эдгээдэг бүтээгдэхүүн юм. 1974-1976 онд манай аав “Панкипсин” гэх энэ бүтээгдэхүүнээр төрийн соёрхол авсан. 2000 онд аав нас бараад энэ хугацаанаас хойш энэ бүтээгдэхүүний патентыг лицензээр ашиглуулж байсан ба 2004 онд 20 жилийн хугацаа нь дууссан. Би “Панкипсин” гэсэн барааны тэмдгийг 2019 онд өөрийнхөө өмчлөлд авсан. Хариуцагч тал энэ нэрийг ашиглаж, 2019 онд 37,800, 2020 онд 5,877, 2021 онд 8,318, 2022 онд 13,480, 2023-2024 онд 11,242 ширхэг “Панкипсин” нэртэй эмийг үйлдвэрлэж, барааны тэмдэг эзэмшигчийн эрхэд халдсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д “энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах” гэж заасан. Иймд 2019-2022 онд үйлдвэрлэгдсэн “Панкипсин” эмийн тоог нэг бүрийг 4,400 төгрөг, 2023-2024 онд үйлдвэрлэгдсэн “Панкипсин” эмийн тоог нэг бүрийг 5,500 төгрөгөөр тус тус тооцож, нийт 343,631,800 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна. Энэ тооцоо нь эрх бүхий байгууллагын баримттай...” гэжээ. 

Хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч,  маргахдаа “...эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ц, Ж.А, Д.С нар нь “М нэгдэл” төрийн өмчид үйлдвэрт ажиллаж байхдаа 1985 онд бог малын нойр булчирхайнаас ферментийн бэлдмэл буюу “Панкипсин” гэдэг нэгдлийг гаргаж авах шинэ бүтээлийг бий болгосон нь “М нэгдэл”-ийн өмч боловч тэдгээр хүмүүс өөрсдийн нэрээр патентыг гаргуулж, улмаар “М” ХХК-ийг хувьчлагдсанаас хойш лицензийн гэрээ байгуулж хөлс авч байгаад патентын хугацаа 2004 онд дуусгавар болсон. Үүнээс хойш манай компани нь олон улсын гэрээнд зааснаар үнэн шударгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Панкипсин гэдэг нь эмийн бүтээгдэхүүнд ордог жижиг нэгдэл байдаг. 2018 оноос трипсин гэдэг бүтээгдэхүүнээр орлуулдаг болсон ба БНХАУ-ын үйлдвэрээс авсан гаалийн бичгийг хэрэгт өгсөн. Одоо хүртэл “Панкипсин” гэдэг нэрээр эрүүл мэндийн байгууллага, эмчилгээ хийдэг байгууллагад танигдсан. Нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй буюу 2019 оны барааны тэмдэг эзэмших эрхийн гэрчилгээ 3 хүний нэрээр гарсан байгаа. Дараа нь 100 хувь нэхэмжлэгч барааны тэмдэгтийн эзэмшигч болсон талаар 2023 онд гэрчилгээ авсан. 2019-2023 он хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа үнийн дүнг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Тухайн барааны тэмдгийн гэрчилгээнд хэнд хэдэн хувийг эзэмшиж байгаа талаар дурдсан зүйл байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Барааны тэмдгийн гэрчилгээ гарснаас хойш өнөөдрийг хүртэл хариуцагч талын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг үйлдвэрээс авч буй эмийн сангийн үнээр үржүүлээд тооцоо гаргаж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шаардах эрхтэй эсэх, мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас үнэлүүлэх хүсэлт гаргах шаардлага байхгүй. Нэхэмжлэгч өөрийгөө патент эзэмшигчийн өв залгамжлагч учраас Патентын тухай хуулиар чөлөөлөгдсөн гэдэг бол өмгөөлөгч нь Барааны тэмдэг, газрын зүйн заалтын тухай хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн гэж байна. Гэтэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд нэхэмжлэлийн шаардлага нь хамаарахгүй үйл баримт” гэсэн тайлбар гаргасан байна.  

8.Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь Ж.А, Д.С нарын хамт 2019.09.25-ны өдөр Оюуны өмчийн газрын даргын А/157 дугаар тушаалаар “Панкипсин” гэх барааны тэмдгийг эзэмших эрхтэй болж, мөн газрын даргын 2023.12.12-ны өдрийн А/158 дугаар тушаалаар Ц.А нь уг барааны тэмдгийг эзэмших эрхтэй болсон. Нэг эзэмшигч Д.С нь 2015.10.14-ний өдөр нас барсан. Хариуцагч компани нь “Панкипсин” нэрээр 2019 онд 37,860 ширхэг, 2020 онд 5,877 ширхэг, 2021 онд 6,390 ширхэг, 2022 онд 11,280 ширхгийг үйлдвэрлэсэн, “Панкипсин” 25 мг-ыг 2021 онд 8,318 ширхгийг 4,300 төгрөгөөр, 2022 онд 13,480 ширхгийг 4,300 төгрөгөөр, 2023 онд 9,497 ширхгийг 5,500 төгрөгөөр, 2024 оны 03 дугаар улирлын байдлаар 1,745 ширхгийг 5,500 төгрөгөөр тус тус худалдан борлуулахдаа барааны тэмдэг эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй байна. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагчаас барааны тэмдгийг хууль зөвшөөрөлгүйгээр ашигласан этгээдээс өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч компани 2017 оныг хүртэл шинэ бүтээлийг лицензийн гэрээний үндсэн дээр ашиглаж, зохих төлбөрийг төлж байсан нь уг лицензийн гэрээ дуусгавар болсноос хойш “Панкипсин” гэх барааны тэмдгийг эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр тухайн барааны тэмдгийг ашиглахыг зөвтгөхгүй. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг “Панкипсин” гэх нэрээр үйлдвэрлэсэн болон худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний тоог худалдан борлуулсан үнийн дүнгээр тооцон тодорхойлсныг хариуцагч компанийн зүгээс баримтаар няцаагаагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн худалдан борлуулсан “Панкипсин” 25 мг бүтээгдэхүүний хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцож, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй” гэж дүгнээд хариуцагч “М” ХХК-аас 155,562,400 төгрөгийг гаргуулж, үлдэх 188,069,400 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч Ц.А нь Панкинсин барааны тэмдгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй тул хариуцагч “М” ХХК-ийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээлд худалдах үнээр тооцож хохирол шаардах эрхгүй буюу барааны тэмдэг зөвшөөрөлгүйгээр ашигласан этгээд, барааны тэмдэг өмчлөгч нар ижил төрлийн үйл ажиллагаа явуулснаас барааны тэмдэг өмчлөгчийн бараа бүтээгдэхүүн зах зээл дээр худалдан борлогдоогүй тохиолдолд худалдан борлогдоогүй бараа бүтээгдэхүүний үнээр хохирлыг шаардах эрхтэй болно. Иймд нэхэмжлэгч Ц.А нь өөрт учирсан хохирлоо баримтаар нотлоогүй” гэж дүгнэсэн. Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийн талаар “...үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн хүрээнд шаардлага гаргахын тулд хариуцагчийн хөрөнгө нэмэгдсэн байх, ийнхүү хөрөнгө нэмэгдсэн үндэслэл нь нэхэмжлэгч талын хөрөнгөөр нэмэгдсэн байх, хариуцагчийн хөрөнгөжсөн байдалд эрх зүйн үндэслэл байхгүй байсныг дүгнэх учиртай. Маргааны хүрээнд хариуцагч тал өөрийн хөрөнгөөр Панкинсин нэртэй эмийг үйлдвэрлэсэн тул Ц.А-гийн хөрөнгөөр хариуцагч талыг хөрөнгөжсөн гэж дүгнэхээргүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д заасан хохирол шаардах эрх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан шаардах эрхэд огт хамааралгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй” гэжээ.

10.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.А-гийн эцэг Ж.Ц нь Ж.А, Д.С нарын хамт “Нутгийн үүлдрийн бог малын нойрны булчирхайнаас ферментын бэлдмэл панкипсин гарган авах арга” нэртэй шинэ бүтээлд 1985.04.22-ны өдөр №338 патент авсан ба шинэ бүтээлийн анхдагч огноог 1984.12.29 гэж тогтоож,  20 жилийн хугацаатай олгосон. Ж.Ц нь 2000.06.26-ны өдөр нас барсан ба түүний бүх эд хөрөнгө эхнэр Б.З-д өвлөгдсөн. Үүний дараа нэхэмжлэгч Ц.А нь Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар уг патентыг ашиглуулах лицензийн гэрээг “М” ХХК-тай 2001.01.05-ны өдөр байгуулсан ба энэ гэрээний үүрэгтэй холбоотой Ц.А-гийн нэхэмжлэлээр үүссэн маргааныг анхан шатны шүүх 2018 онд шийдвэрлэхдээ патентын хүчинтэй хугацаанд “М” ХХК лицензийн төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэж, энэ хугацаагаар тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх бөгөөд №338 патентын хугацаа 2004.12.29-ний өдөр дуусгавар болсон байна. /xx-9,6,38-40/

11.Ц.А, Ж.А, Д.С нарт “ПАНКИПСИН” буюу 2019.02.28 гэсэн анхдагч огноотой барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээг Оюуны өмчийн газрын даргын 2019.09.25-ны өдрийн А/157 тушаалаар олгосон боловч хэрэгт авагдсан баримтаар Д.С нь уг гэрчилгээг олгохоос өмнө буюу 2015.10.14-ний өдөр нас барсан тухай баримт хэрэгт авагджээ. /xx-8,7/

Нэхэмжлэгч Ц.А нь 2023.02.17-ны өдөр хариуцагч “М” ХХК-д холбогдуулан “...барааны тэмдэг эзэмшигчийн эрх ашгийг хохироож, тухайн бүтээлийг ашиглаж олсон ашгаас миний 50 хувьд ноогдох 200,000,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба 2023.09.15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ “…барааны тэмдэг хууль бусаар ашигласны хохирол 284,565,400 төгрөг гаргуулах” гэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Оюуны өмчийн газрын даргын 2023.12.12-ны өдрийн А/158 тушаалаар “ПАНКИПСИН” гэсэн барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээг Ц.А-д шинэчлэн олгосон ба анхдагч огноог 2019.02.28 гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь 2024.12.18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 343,631,800 төгрөг болгон ихэсгэжээ.

12.Хариуцагч компани нь “Панкипсин” нэрээр 2019 онд 37,860 ширхэг, 2020 онд 5,877 ширхэг, 2021 онд 6,390 ширхэг, 2022 онд 11,280 ширхгийг үйлдвэрлэсэн гэсэн дүгнэлтийг хоёр шатны шүүх хийсэн байна.

13.Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч “М” ХХК-ийг “ПАНКИПСИН” гэсэн түүний эзэмшдэг барааны тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашигласнаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, шаардах эрхийн эрх зүйн үндэслэл, хохирлын тооцоолол, аргачлал, хариуцагчийн хариу татгалзал зэрэгт эрх зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийгээгүй байх бөгөөд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний дүгнэлт хийж  хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай зарим үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.

14.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх нь тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн өмчлөх, бусдад ашиглуулах, бусдад шилжүүлэх онцгой эрхийг эдлэхийн зэрэгцээ бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, түүнчлэн ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, улмаар эрх зөрчсөн үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байдаг.

15.Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан оюуны өмчийн эрх зөрчсөн үйлдлээс учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д “ энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах” гэснийг үндэслэл болгосон гэсэн байх бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” гэж, 12.3.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” гэж тус тус зохицуулсан.

16.Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4 дэх заалт, эсхүл мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5 дахь заалтын алинд хамаарч байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “ПАНКИПСИН” нэрийг ашиглаж өөр эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн гэж, эсхүл ийм нэртэй бодисын найрлага орсон эм бэлдмэл үйлдвэрлэсэн эсэхэд маргасан эсэх нь ойлгомжгүй. Нөгөөтэйгүүр, энэ “ПАНКИПСИН” гэх нэр томьёо, түүнийг гаргаж авах арга өмнө нь шинэ бүтээлийн патентаар хамгаалагдаж, улмаар патентын хугацаа нь 2004 онд дуусгавар болсон, патентын лицензийн гэрээний дагуу хариуцагч хуулийн этгээд нь нэхэмжлэгч талд төлбөр төлж байсан гэжээ.

Ж.Ц нь Ж.А, Д.С нарын хамт “Нутгийн үүлдрийн бог малын нойрны булчирхайнаас ферментын бэлдмэл панкипсин гарган авах арга” нэртэй шинэ бүтээлд 1985.04.22-ны өдөр №338 патент авахдаа өмнө нь авсан “Зохиогчийн эрхийн гэрчилгээ”-г шинэ бүтээлийн патент болгох хүсэлт гаргасан тухай баримт хэрэгт авагдсан ба 1984.12.29 гэсэн анхдагч огноотой байна. Түүнчлэн панкипсин гэх нэр нь зохиогчийн эрхээр зэрэг хамгаалагдсан байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь зохиогчийн эрхийн гэрчилгээг патентаар сольсон дээрх хүсэлтээс хэрхэн ялгагдах, уг баримт энэ маргаанд ямар үндэслэлээр хамаарч байгаа нь тодорхой бус байна.  

17.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.4-т “Энэ хуулийн 12.3.5-д заасан онцгой эрх нь бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт уг барааны тэмдэгтэй ижил тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд шударгаар ашиглаж байсан этгээдийн эрхийг хөндөхгүй” гэж заасныг хариуцагч “М” ХХК нь татгалзлын үндэслэлээ болгосон байх хэдий ч шинэ бүтээлийн патентын хүчинтэй байх хугацаанд “ПАНКИПСИН” нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан тухай болон улмаар уг хугацаа дууссан 2004 оноос хойш буюу нэхэмжлэгч Ц.А-г “ПАНКИПСИН” барааны тэмдгийг эзэмших эрхийн гэрчилгээ авах 2019 он хүртэл энэ нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан эсэх үйл баримт тодорхой бус, энэ нь хэрэгт ач холбогдолтой байна.  

18.Оюуны өмч нь өөрөө эдийн бус хөрөнгө тул  түүнийг хууль бусаар ашигласан буюу эрх эзэмшигчийн эрхийг ямар тохиолдолд зөрчсөн гэж үзэх, эрх зөрчсөнөөс учирсан хохирол, түүний хувь хэмжээг тодорхойлох зэрэг асуудал нь манай улсын шүүхийн практикт харьцангуй шинэ, нөгөөтэйгүүр оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар шинэ зохицуулалт хийгдсэн буюу Оюуны өмчийн тухай хууль 2020.12.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба энэ хуулийн зохицуулалт уг маргаанд хэрэглэгдэх эсэх талаар шүүх хууль хэрэглээний дүгнэлт хийгээгүй байна.

19.Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024.07.01-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 183/ЕШ2024/05200 захирамж хавтаст хэргийн 162 талд үдэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байтал Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзахаар шийдвэрлэсэн 2024.06.06-ны өдрийн 001/ШХТ2024/00741 тогтоолыг хэргийн 178 дахь талд үдсэн байгааг анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/02494 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/01079 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025 оны 08 сарын 05-ны өдөр төлсөн 1,098,297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

                                          ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

                                                                                           Б.УНДРАХ

                                                                                            Д.ЦОЛМОН

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД