Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2387

 

 

 

 

 

 

 

 

 

 Д.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/02557 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О болон СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТасагт тус тус холбогдох

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, Д.Н-ыг өвлөгчөөр бүртгэснийг хасч бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-гийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Ц.О,   хариуцагч СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТ-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н миний төрсөн дүү Д.Б нь 2013 оны 09 сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барснаар түүний өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, разна импекс 35б байр, 20 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201018412 дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц өмчлөх эрхийн дүү Д.Б-д ногдох хувийг миний ээж С.Байран өвлөж 2015 оны 01 сарын 30-ны өдөр өвлөх эрхийн 08 дугаартай гэрчилгээ гарсан байдаг. Энэ үед Д.Н миний бие өв хүлээн авах хүсэлгүй байсан учраас өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг нотариатад гаргасан. Энэ нь нотариатын танхимын лавлагаа болон миний өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтээр нотлогдоно. Гэтэл нотариатчаас миний ээж С.Б-д өвлөх эрхийн 08 дугаартай гэрчилгээг олгохдоо арын хавсралтад бусад өвлөгчдийн талаарх мэдээлэл гэсэн хэсэгт өв хүлээн авахаас татгалзсан Д.Н намайг бүртгэсэн байсан. Ингэж бүртгэгдсэний улмаас талийгаач дүү Д.Б-гийн өвийг би хүлээн авахаас татгалзсаар байтал намайг өвлөгч гэж улсын бүртгэлд бүртгэснээр би дүүгийнхээ өр төлбөрийн асуудал дээр хариуцагчаар татагдах тодорхой үр дагаврууд гарч ирсэн. Иймээс Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Б.О-ийн 2015 оны 01 сарын 30-ны өдөр 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад бусад өвлөгч гэдэг хэсэг дээр Д.Н намайг бүртгэсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг гаргаж байна. Уг үйлдлийн улмаас С.Б болон Д.Н нарыг Д.Б-гийн өвлөгч гэж улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлээс Д.Н-ыг өвлөгчөөр бүртгэснийг хасч бүртгэхийг СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТасагт даалгах тухай хоёр дахь шаардлагаа гаргасан. Зүй нь бол өв залгамжлалын гэрчилгээн дээр бусад өв залгамжлагч гэдэг хэсэгт Д.Н-ыг татгалзсан өвлөгч гэдэг тэмдэглэгээ хийх, эсхүл огт тэмдэглэхгүй байх ёстой байсан гэж Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга тайлбарлаж өгсөн. Тийм учраас нотариатчийн буруутай үйлдэл байгаа. Одоо Д.Н намайг С.Б-гийн өв залгамжлагч хэмээн намайг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудаж миний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэжээ.

Хариуцагч Б.О  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Б-ийн хүү Д.Б нь 2013 оны 09 сарын 28-ны өдөр нас барж 4758 тоот нас барсны гэрчилгээ авч, өв нээгдсэн учир тэрээр 2015 оны 01 сарын 30-ны өдөр өөрийн төрсөн хүү Д.Б, охин Д.Н нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 хороолол, 35Б байр, 20 тоотод байрлах, Ү-2201018412 улсын бүртгэлийн дугаартай, 29мкв, 2 өрөө орон сууцны хүү Д.Б-д оногдох хэсгийг өвлөн авах хүсэлт гаргасныг Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Б.О миний бие өвийн гарын үсгийн бүртгэлийн 2015 оны 01 сарын 30-ны өдрийн 45 дугаарт бүртгэж хүсэлтийг хүлээн авсан. Д.Н нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч мөн болох нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын өвлүүлэгчийн төрсөн эгч Д.Н, хүргэн Д.У, зээ дүү А.У, У.А нар хамт амьдарч байсан тухай тодорхойлолт, Д.Н нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д заасан өвлүүлэгчийн төрсөн эгч, мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан өвлүүлэгчтэй хамгийн сүүлд хамт амьдарч байсан өвлөгч мөн болно. Харин Д.Н-аас өв хүлээн авах эсэхийг тодруулахад Иргэний хуулийн 528.5 дахь хэсэгт заасны дагуу өв хүлээн авахаас татгалзаж ээж С.Б-нд нэр заан өвлүүлэхээр хүсэлт гаргасныг өвийн гарын үсгийн бүртгэлийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаарт бүртгэж хүсэлтийг хүлээн авсан нь архивт авсан баримтад тодорхой байна. Иймд миний бие Д.Н-ыг өв хүлээн авахаас татгалзсан өвлөгч мөн гэж үзэж байна. Харин 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр С.Б-нд 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо бусад өвлөгчдийн талаарх мэдээлэл хэсэгт Д.Н-ыг тэмдэглэж, улсын бүртгэлд 46 тоот өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг хамт хүргүүлсэн болно. Иймд миний зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 46 тоот өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийн Д.Н-т намайг өөрийн дүү Д.Б-ээс өв хүлээн авахаас татгалзсан гэдэг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах зүйлгүй болно. Харин 2 дахь хэсэгт заасан өвлөгч биш болохыг тогтоож өгнө үү гэсэн хэсгийг Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн гаргасан нотариатчийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо тус гэрчилгээний хавсралт дахь бусад өвлөгчийн талаарх мэдээлэлд Д.Н намайг бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүйд тооцуулах гэж шаардсан нь өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага байх тул С.Б-гийн хүсэл зориг, өвлөх эрх зөрчигдөх нэхэмжлэлийн шаардлага байна гэж миний бие үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү. СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТасагт Д.Н-ыг өвлөгчөөр бүртгэснийг хасч бүртгэхийг даалгуулах гэж шаардсан нь нотариатч надад ямар нэг байдлаар хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсгийн шаардлагыг мөн хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТасаг шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-220718412 тоот бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, разна импекс 35б байр, 20 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Н, Д.Б нар нь бүртгэлтэй байсан. Д.Н нь өөрийн өвлөх эрхээс татгалзсан материалаа манайд гаргаж өгөөгүй, мөн өвлөх эрхийн гэрчилгээний ар талын хавсралтад Д.Н нь бусад өвлөгч гэдэг дээр байсан, хавсралтад Д.Н-ыг өв хүлээн авахаас татгалзсан талаар ямар ч тэмдэглэгээ хийгдээгүй учраас Д.Б-гийн ногдох хувийн хамтран өмчлөгчөөр Д.Н, С.Б нарыг бүртгэсэн.  Улсын бүртгэл хуулийн дагуу хийгдсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг тус тус баримтлан 2015 оны 01 сарын 30-ны өдрийн 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад Д.Н-ыг бусад өвлөгчөөр бүртгэсэн нотариатч Д.О-ийн үйлдлийг хүчингүй болгож, уг үйлдлийн дагуу Д.Н-ыг нас барагч Д.Батцэрэнгийн ногдох хэсгийн өвлөгчөөр бүртгэснийг хасаж бүртгэхийг СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТасагт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.О, СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТасаг нараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТасгийн үйл ажиллагаа, акт /бүртгэл/-тэй холбоотой маргааныг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан болно. Энэ нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны байгууллагад тодорхой үйлдэл хийхийг даалгасан шүүхийн шийдвэрийнхээ ямар хууль хэрэглэж гаргаж байгаа талаарх хууль зүйн үндэслэл, дүгнэлт огт байхгүй. Түүнчлэн анхан шатны шүүхээс захиргааны байгууллагын өмнө хийсэн үйл ажиллагаа /бүртгэл/-ийг илт хууль бус, эсхүл хууль зөрчсөн гэж үзэж байгаа аль нь тодорхойгүй. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2007 оны 32 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан байдаг. Иймд анхан шатны шүүхийн хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын мөн хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Б.О-д холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад Д.Н-ыг бусад өвлөгчөөр бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг,  хариуцагч СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТасагт холбогдуулж Д.Н-ыг өвлөгчөөр бүртгэснийг хасч бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг  тус тус гаргажээ.

 Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 хороолол, 35Б байр, 20 тоотод байрлах, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201018412 дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Б, Д.Н нар 2007 оны 08 сарын 01-ний өдөр бүртгэгдэж улсын бүртгэлийн № 000031507 дугаартай гэрчилгээ олгогджээ. /хх-ийн 14/

Орон сууцны хамтран өмчлөгч Д.Б нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн ба Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт  заасан өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 хороолол, 35Б байр, 20 тоотод байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны  түүнд ногдох хэсэг байна. /хх-ийн 6/

Өвлүүлэгч Д.Б нь гэрлэлтгүй, хүүхэдгүй байсан ба түүний эцэг Б.Д нь 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан нь иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Д.Б-гийн төрүүлсэн эх С.Байран нь нас барагчийн хууль ёсны өвлөгч байх бөгөөд нотариатч Б.О 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өвлүүлэгчийн эх С.Б-д 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн өвлүүлэгчид оногдох хэсгийг өвлөх эрхийн 08 дугаартай гэрчилгээг олгож, гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчийн талаарх мэдээлэл хэсэгт Д.Н-ыг тэмдэглэжээ. /хх-ийн 4-14/

Нэхэмжлэгч Д.Н нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан өвлөгч байхаас гадна тэрээр өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг бичгээр гаргасан болох нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт, Монголын Нотариатчдын танхимын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 504 тоот лавлагаа зэргээр тогтоогджээ /хх-15, 47/

Нотариатч Б.О өвлөх эрхийн 08 тоот гэрчилгээг нас барагчийн өвлөгч С.Байранд олгохдоо гэрчилгээний хавсралтын бусад өвлөгчдийн талаар мэдээлэл хэсэгт Д.Н-ыг тэмдэглэсэн үйлдэл нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 531 дүгээр зүйлийн 531.1,  Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасантай нийцээгүй тул шүүх  08 тоот Өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад Д.На-ыг өвлөгчөөр тэмдэглэсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

Харин шүүх нотариатчийн үйлдлийн Д.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Д.Н-ыг нас барагч Д.Б-гийн ногдох хэсгийн өвлөгчөөр бүртгэснийг хасч бүртгэхийг СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТасагт даалгахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Д.Н-ын нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд улсын бүртгэлд өөрчлөлт оруулах талаар СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТасагт хандаж өргөдөл, хүсэлт гаргасан, хариуцагч байгууллага шийдвэр гаргахгүй, татгалзсан хариу өгч байсан эс үйлдэхүйтэй холбоотой үндэслэл заагаагүй байх бөгөөд тухайн нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт  заасныг зөрчсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дах хэсэгт  ”захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, захирамжилсан үйл ажиллагаа гэж ...эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заажээ.

Хариуцагч байгууллага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарч байхаас гадна нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байхад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/02557 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад Д.Н-ыг бусад өвлөгчөөр бүртгэсэн нотариатч Д.О-ийн үйлдлийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч СХД-ийн УБХ-ийн ЭХЭБТасагт холбогдох Д.Н-ыг нас барагч Д.Б-гийн ногдох хэсгийн өвлөгчөөр бүртгэснийг хасч бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т  зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ТУЯА

                                           ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                                                                   Н.БАТЗОРИГ