| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/00906/И |
| Дугаар | 102/шш2022/00566 |
| Огноо | 2022-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 102/шш2022/00566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...
Хариуцагч : ...
Нэхэмжлэлийн шаардлага:16 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... өмгөөлөгч ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ... нь... холбогдуулан 16 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны ... тоот данснаас 21 000 000 төгрөгийг ... Хаан банкны... тоот дансанд данс хоорондын шилжүүлгээр шилжүүлж зээлсэн.... 2013 оны 02 сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийг миний ... тоот дансанд шилжүүлж буцаан өгсөн.Түүнээс хойш мөнгө төлөөгүй, бид хамтран ажиллахаар тохироогүй, цагдаа болон прокурорын байгууллагад хандаж байсан, хариуцагч ... утсаа авахгүй, олдохгүй байсан, түүнийг эрэн сурвалжилсан, ..., ..., ... бид гурав 2017 онд 1 дүгээр сарын 16-ны өдөр Прокурор дээр уулзахад ... 1 жил 6 сарын дотор төлье гэж тохиролцсон, одоо үлдэгдэл 16 000 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч тайлбартаа:...гийн нөхөр ...той ярилцаж, хамтран ажиллаж ашгаа хувааж авахаар тохиролцон, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 21 000 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч хөрөнгө оруулалтын журмаар тухайн барилгын ажлын гүйцэтгэлд зарцуулсан болно.Би ...той л ярилцаж ажиллахаар болсон.Би зээл аваагүй, зээлийн бичгээр хийсэн гэрээ ч байхгүй, ...гийн нөхөр ...той хамтран ажиллахаар тохиролцож олсон ашгаа хувааж авахаар тохирсон нь үнэн, би авсан мөнгөнөөсөө 5 000 000 төгрөгийг буцааж өгсөн, 16 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Нөгөө талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчээс:Хаан банкны 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банк дахь нэхэмжлэгчийн депозит дансны хуулгууд, ... дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хариуцагч ...г 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр асууж авсан тайлбарыг шүүхэд өгсөн.
Хариуцагчаас: ... дүүргийн Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулиас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар ... дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст явуулсан баримт,... дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай ... дугаар прокурорын тогтоол, ... дүүргийн Прокурорын газар 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ...гийн гаргасан хүсэлт, ... дүүргийн Прокурорын газрын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...гийн нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагчид 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 21 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, 2013 оны 02 сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийг буцаан авсан, одоо үлдэгдэл 16 000 000 төгрөгийг гаргуулна, бид хамтран ажиллахаар тохироогүй, цагдаа, прокурорын байгууллагад хандаж байсан, хариуцагч олдохгүй байсан, эрэн сурвалжилсан, ..., ..., ... нар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр прокурор дээр уулзахад ... мөнгийг 1 жил 6 сарын дотор төлье гэж тохиролцсон үеэс хугацааг тоолно гэв.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:Үүнд:Хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт авахаар тохиролцож 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 21 000 000 төгрөг авсан нь үнэн, зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү алданги тооцсон зээлийн гэрээ байгуулагдаагүй, 5 000 000 төгрөгийг буцаан төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн Хаан банкны 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банк дахь депозит дансны хуулгууд, ... дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хариуцагч ...г 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр асууж авсан тайлбар, ... дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 10960 дугаар прокурорын тогтоол, ... дүүргийн Прокурорын газар 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ...гийн гаргасан хүсэлт, ... дүүргийн Прокурорын газрын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
... нь 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 21 000 000 төгрөгийг ...гээс шилжүүлж авсан, 2013 оны 02 сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийг буцаан ...д өгсөн үйл баримтад талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар ... нь зээлийн үлдэгдэл мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй ба ... нь 16 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч ... нь ...гээс зээлсэн мөнгөө юунд зарцуулсан нь зээлдүүлэгчид хамааралгүй бөгөөд зохигчид хамтран ажиллахаар тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна.
... ... нарын хооронд гэрээ бичгээр хийгдээгүй байхад тэднийг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.
... ... дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан тайлбартаа 21 000 000 төгрөг зээлсэн, жилийн дараа 5 000 000 төгрөг буцаан төлсөн гэжээ.
...гийн... залилуулсан гэх гомдлыг ... дүүргийн Прокурорын газар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
...гийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ... дүүргийн Прокурорын газарт гомдлыг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзсан байна.
..., ..., ... нар 2017 онд 01 дүгээр сарын 16-ны өдөр Прокурор дээр уулзахад ... мөнгийг 1 жил 6 сарын дотор төлье гэж тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар тасалдсан гэж үзэхээр байна.
Иймд ...аас 16 000 000 төгрөгийг гаргуулан ...д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар ...гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 237 950 төгрөгийг гаргуулан ...д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан ... 16 000 000 /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулан ... олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар ...гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 237 950 төгрөгийг гаргуулан ...д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН