Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/566

 

          

                           

 

 

   2024        05            17                                           2024/ШЦТ/566

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Улсын яллагч Б.Одонтуяа,

Нарийн бичгийн дарга О.Ц.Нэ,

Шүүгдэгч Э.Э түүний өмгөөлөгч Н.Ганбат,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал, шинжээч эмч М.Золжаргал /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Эт холбогдох эрүүгийн 2303 00042 0233 дугаартай 2 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** төрсөн *** настай, эрэгтэй, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, ам бүл 3, *** тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан Э.Э /РД:***/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Магнай трэйд шатахуун түгээгүүрийн газрын урд замд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 3.4-т “...Жолооч дараах үүргийг хүлээнэ, а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5, Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл. 5.2-т Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, 1.3-т “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.5-т “...Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ, а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-т заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарч М.С, Д.П нарыг мөргөж, хохирогч Д.Пийн эрүүл мэндэд  хүнд хохирол учруулж, хэргийн газраас зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Би сахарын өвчтэй, эхнэр салаад явчихсан нялх хүүхдээ асардаг тул хөнгөн ял оноож өгнө үү гэв.

 

Шинжээч эмч М.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 667 дугаартай гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтэд Д.Пийн биед дагз ясны шугаман хугарал, баруун, зүүн, тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, тархи доргилт, хамар, зүүн хацар, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Үүнээс өөр дүгнэлт гаргаагүй. Д.Пийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтээ Гэмтэл согог судлалын үндэсний төв үзлэгийг тэмдэглэлийг үндэслэн гаргасан” гэв.

 

Эрүүгийн 2303 00042 0233 дугаар хэргээс:

 

Хохирогч Д.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад 22 цагийн орчимд найз М.С цагийн ажил байна улиастай руу явж цемент буулгах ажил байна гэж хэлсэн. М.С бид хоёр 22 цаг 30 минутын үед Сансарын колонкын хойд талын автобусны буудал дээр уулзаад Улиастай гэх газар цементээ 02 цагийн үед буулгаж дуусаад гэртэй харих замдаа хүнсний дэлгүүрээс 6 ширхэг лаазтай сэрүүн пиво аваад байрны голд орж ууж дуусгаад Сансарын туннелийн зам дагуу шорлог зарж байсан хүнээс шорлог авч идээд байж байхад баарнаас 3-4 залуучууд гарж ирээд манай найз М.Сийг нэг залуу хэд хэд цохиод авсан би болиулах гээд байж байхад цагдаа нар ирээд бид хэдийг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Цагдаагийн газарт очоод мэдүүлэг өгөөд цагдаагийн газраас доошоо алхаад "МТ" шатахуун түгээх станцын хажуугаар гараад зам хөндлөн гараад буцаад зам хөндлөн гарах гэж байхад машин мөргөөд ГССҮТ- д сэрсэн. Өөр зүйл санахгүй байна..." гэх мэдүүлэг / хх1-ийн 19-21-р тал/,

 

Гэрч О.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 04 цагийн орчим ажилдаа явах гээд явж байхад замдаа нэг хүн такси авах гээд зогсож байхаар нь аваад Баянзүрх дүүргийн Цайз 16 гэх газарт хүргэж өгөөд буцаад ажил руугаа явж байхад Хил хамгаалах газрын хойд талын зам дээр би зүүнээс баруун чиглэлтэй өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Т.Приус 30 маркийн машин жолоодоод явж байхад замын эсрэг урсгалд 2 хүн явган зам хөндлөн гарч байхад 1-2 дугаар эгнээний дунд баруунаас зүүн чиглэлтэй явж байсан *** маркийн бор өнгийн машин зам хөндлөн гарч байсан 2 хүнийг хүчтэй мөргөж газар унагаад зогсолт хийлгүй шууд зугтаагаад явахаар нь би буцаж эргээд хүн мөргөсөн машины хойноос нь хөөгөөд Кино үйлдвэрийн төв зам руу оруулаад явж байхдаа би өөрийн гар утас дээр бичлэг хийж машины дугаарыг харсан талаараа бичлэгт оруулаад хөөгөөд гүйцэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би буцаад нөгөө машинд мөргүүлсэн 2 хүн дээр очиход нэг нь газарт хэвтсэн, нөгөө нь босоод зогссон байдалтай байж байхад цагдаа, түргэн тусламж ирээд машинд мөргүүлсэн 2 хүнийг аваад явсан. Би өөрийн мэдээллийг цагдаагийн өгөөд ажилдаа явсан..." гэх мэдүүлэг / хх1-ийн 40-р тал/,

 

Гэрч М.Сийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: "...Би найз Д.Пийн хамт ажилладаг газрын цементийг Улиастай гэх газарт буугаад 02 цагийн орчим дуусаад хамт ажилдаг найз С машинаараа Сансарын туннел гэх газарт найз Д.Пийн хамт буусан. Тэгээд бид хоёр ажил дуусан болохоор хүнсний дэлгүүр орж хүний 3 ширхэг лаазтай пиво аваад Сансарын туннелийн ойролцоо байрлах байрны дунд сууж байгаад лаазтай пиво ууж дуусгасан. Тэгээд найз Д.Пийн хамт Сансарын туннелийн хажууд шорлог идээд зогсож байхад хажуу талын баарнаас 3-4 хүн гарч ирээд нэг нь намайг нүүр хэсэгт цохихоор нь хойшлоход найз Д.П нөгөө залууг болиулах гэхэд Д.Пийг цээж хэсэгт шууд цохисон. Тэгээд маргалдаад байж байхад машинтай цагдаа нар ирэхээр нь юу болсон талаар цагдаад хэлэхэд цагдаагийн газарт очиж өргөдөл гаргаж өгөөд цагдаагийн газраас гараад байрны дундуур гарч "МТ" шатахуун түгээх газрын хажуугаар гараад Хил хамгаалахын газрын хойд талын замыг урагшаа зам хөндлөн гарж байхад баруун талаас бараан өнгийн машин хүчтэй мөргөж найз Д.Пийн хамт газар шидэгдэж унасан. Тэгээд ухаан ороод босоод харахад найз Д.П хажуу ухаангүй хэвтсэн байдалтай мөргөсөн машин байхгүй байсан. Найз Д.Пийг сэрээх арга хэмжээ аваад байж байхад түргэн тусламжийн машин, цагдаагийн машин зэрэгцээд ирээд эмч найз Д.П, намайг үзээд шууд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн.." гэх мэдүүлэг / хх1-ийн 42-44-р тал/,

 

 Гэрч Д.Огийн "...Би 2022 оны 12 дугаар сарын 24-ны өдөр найз Ц.Нэтэй хамт Хүүхдийн 100 гэх газарт байрлах Choco шөнийн цэнгээний газарт 01 цагийн орчим ороод 300 гр виски ууж бүжиглэж байгаад 04 цагийн орчим тухайн газраас гараад найз н.Д.Огийн машин очсон Choco шөнийн цэнгээний газрын гадаа дуудлагын жолооч зогсож байсан. Тэгээд дуудлагын жолоочийн жолооны үнэмлэхийн зургийг найз н.Ц.Нэ аваад өөрийн машиныг бариулаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансар гэх газрын ойролцоо байрлах зочид буудлуудаар ороод сул өрөө асуухад байхгүй байсан. Тэгээд дуудлагын жолоочоор машин бариулаад Баянзүрх дүүрэгт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын ойролцоо явж байхад дуудлагын жолооч гэнэт зогсолт хийгээд хүн мөргөсөн байсан. Тэр мөргүүлсэн хүмүүсийг хаанаас яаж гарч ирсэн талаар мэдэхгүй байна. Дуудлагын жолооч шууд цаашаа хил хамгаалах ерөнхий газрын урагшаа эргээд офицерын автобусны зогсоол дээр очиж зогсоод дуудлагын жолооч шууд машинаас буугаад зугтаагаад явчихсан. Тэгээд би найз Ц.Нэтэй хамт машин хойд суудал дээр сууж байхдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа иртэл хүлээгээд байж байхад цагдаа ирээд осол болсон газарт очиход мөргүүлсэн гэх 2 хүн эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тухайн хэрэг болох үед би найз Ц.Нэтэй хамт машины хойд суудал дээр сууж байсан..." гэх мэдүүлэг /хх1-ийн 45-р хуудас/,

 

Гэрч Ц.Нийн "...Би 2022 оны 12 дугаар сарын 24-ны өдөр найз Д.Отай хамт Хүүхдийн 100 гэх газарт байрлах Choco шөнийн цэнгээний газарт 01 цагийн орчим ороод З00гр виски ууж бүжиглэж байгаад 04 цагийн орчим тухайн газраас гараад найз Д.Огийн машин очсон Choco шөнийн цэнгээний газрын гадаа дуудлагын жолооч зогсож байсан. Тэгээд дуудлагын жолоочийн жолооны үнэмлэхийн зургийг аваад найз Д.Огийн машиныг бариулаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансар гэх газрын ойролцоо байрлах зочид буудлуудаар ороод сул өрөө асуухад байхгүй байсан. Тэгээд дуудлагын жолоочоор машин бариулаад Баянзүрх дүүрэгт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын ойролцоо явж байхад замын хойд талаас 2 хар бараан өнгийн хувцастай хүн гэнэт гараад ирэхэд дуудлагын жолооч зогсолт хийх арга хэмжээ авахад гулгаж очоод нөгөө 2 хүнийг мөргөөд унагаад дуудлагын жолооч шууд цаашаа хил Хамгаалах ерөнхий газрын урагшаа эргээд офицерын автобусны зогсоол дээр очиж зогсоод дуудлагын жолооч шууд машинаас буугаад зугтаагаад явчихсан. Тэгээд би найз Д.Отай хамт машин хойд суудал дээр сууж байхдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа иртэл хүлээгээд байж байхад цагдаа ирээд осол болсон газарт очиход мөргүүлсэн гэх 2 хүн эмнэлэгт хүргэгдсэн байсан, Тухайн хэрэг болох үед би найз Д.Отай хамт машины хойд суудал дээр сууж байсан..." гэх мэдүүлэг /хх1-ийн 47-р хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт/хх1-ийн 5-12-р хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 667 дугаартай шинжээчийн дүгнэлт дэх “Д.Пийн биед дагз ясны шугаман хугарал, баруун, зүүн, тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, тархи доргилт, хамар, зүүн хацар, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт / хх1-ийн 62-63-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1913 дугаартай “ М.Сийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт / хх1-ийн 68-69-р хуудас/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 39066301 дугаартай дүгнэлт / хх1-ийн 76-80-р хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 499 дугаартай магадлагаа / хх1-ийн 92-94-р хуудас/,

 

Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх1-ийн 107-р хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Магнай трэйд шатахуун түгээгүүрийн газрын урд замд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ,.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5 Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл”, 5.2-т Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.5-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ”, а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-т заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас  М.С, Д.П нарыг мөргөж  хохирогч Д.Пийн эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан, авто тээврийн  гэмт хэрэг үйлдсэн  жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч Э.Э мэдүүлэг, шинжээч эмч М.Золжаргалын тайлбар,   хохирогч Д.П,  гэрч О.Ө, М.С, Д.О, Ц.Нэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 667 дугаартай шинжээчийн: “Д.Пийн биед дагз ясны шугаман хугарал, баруун, зүүн, тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, тархи доргилт, хамар, зүүн хацар, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 39066301 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 499 дугаартай магадлагаа зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт авагдаж бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч   Э.Э   нь    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдэж, хохирогч Д.Пид хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг орхиж зугтсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал “...Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч хувиараа машин засдаг байсан. Биедээ гэмтэл авснаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон” гэх саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат: “...Хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргах зүйгүй. Шүүгдэгч нь 3 настай охиноо асран халамжилдаг. Эхнэр нь энэ хэрэгт холбогдсоныг мэдээд салаад явчихсан. Мөн эрүүл хүн шиг ажил хийгээд явах боломжгүй тул дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэж өгнө үү” гэх саналыг,

 

          Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх хүндрүүлэх шинжийг,  Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн  гэмт хэрэг үйлдсэн  жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийн шинжийг тус тус заажээ.

 

              Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд Э.Э нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 5.2, 9.5, 12.13 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг орхиж зугтаасан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3 дахь заалт, мөн  хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

         Шүүгдэгч Э.Э түүний өмгөөлөгч Н.Ганбат  нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Э.Эээс 1 213 900 төгрөгийг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд олгож,  хохирогч Д.Пүрэв-Очирт эмчилгээний зардалд 1 910 000 төгрөгийг төлсөн  болохыг дурдах нь зүйтэй. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой, иргэний хариуцагч тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 27.11  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Эт нийт 3 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрээс гарахыг хориглох шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг  хүлээлгэж” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал “...Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Иймд шүүгдэгч Э.Эийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг оногдуулж өгнө үү.” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат: “...Шүүгдэгч эрүүл хүн шиг ажил хийгээд явах боломжгүй тул дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэж зорчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү.” гэх санал, дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

             Монгол Улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж ялыг хүндрүүлсэн байна.            

 

          2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

 

 Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн тул тухайн үед мөрдөж байсан   Эрүүгийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Э.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус  тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эт энэ тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг   тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  2 жил 6 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоон ял эдлэх бүсийг Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрээс гарахыг хориглох шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг  хүлээлгэж түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад  даалгаж,  02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан   үеэс тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Э.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

         

3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эт энэ тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг   тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

         

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч Э.Эт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Э.Эийн 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан   үеэс тоолсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эээс   1 213 900 төгрөгийг   гаргуулж иргэний Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

          8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний зардалд 1 910 000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой, иргэний хариуцагч тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.САНЖИДМАА