| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 183/2017/03102/и |
| Дугаар | 2386 |
| Огноо | 2018-11-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2386
“ХЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01979 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “ХЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ИНЕГ-т холбогдох
Гэрээнээс учирсан хохиролд 4 705 118 456 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, санхүүжилтийн зөрүү 2 190 059 364 төгрөг, гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй алданги 4 325 749 845 төгрөг, нийт 6 515 809 209 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсүх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зам, тээвэр хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Б.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ИНЕГ-тай 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээ байгуулж, Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, хамгаалалтын хашаа үерийн далангийн хамт барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Өнөөдрийн байдлаар хамгаалалтын хашаа, үерийн далан, суурийн ажил 100% дууссан. Суурь асфальт бетон хучилт 1176 м тус тус хийгдсэн байна. Энэ нь нийт ажлын 78% юм. 2008-2013 оныг дуустал улсын төсөвт хуваагдаж тавигдсан мөнгөний хэмжээгээр ажил хэвийн явагдаж, жил бүр ИНЕГ гэрээгээ дүгнэн, гэрээний сунгалтыг хийж явсан. 2013 оны 9 дүгээр сард талбай дээр уг ажлыг дуусгахад шаардагдах бүх материал болох битум, буталсан чулуу, эрдэс нунтаг мөн хүн хүч, машин механизм, мөн захиалагч болох ИНЕГ-ын хяналтаар баталгаажуулсан асфальт бетон зуурах орц норм бүгд бэлэн болсон байсан. Мөн хөндлөнгийн 3 лаборатороор хянан баталгаажуулсан орцын дагуу дээр дурьдсан 1176 м суурь хучилтын ажлыг хийж ИНЕГ баталгаажуулж санхүүжилтийг олгож байсан. Эдгээр дурьдсан зүйлүүд нь 2014 онд уг ажлыг үргэлжлүүлэн дуусгахад ямар ч саадгүй байсан болохыг нотолно. Гэвч 2013 оны өвөл ИНЕГ захиалагчийн байр сууринаас гуйвж, гэрээг дүгнэж сунгалгүй, ажил зогсонги байдалд орж өнөөдрийг хүрлээ. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 334 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг газар дээр нь шалгаж, манай компаниар уг ажлыг үргэлжлүүлэн дуусгах дүгнэлт гарч, дүгнэлтэнд ажлын хэсгийн гишүүд бүгд гарын үсэг зурсны дараагаар уг дүгнэлт алга болсон. Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 233 тоот тушаалаар дахин ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг дээр нь ажиллаж мөн манай компаниар уг ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэвч 2013 оноос хойш томилогдсон ИНЕГ-ын үе үеийн удирдлагууд уг ажилд огтхон ч анхаарал тавилгүй байснаас болж цагт 120 тн асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай заводыг 2014, 2015, 2016, 2017 онуудад уг ажлыг хийх зорилгоор Завхан аймгийн нисэх буудал дээр өнөөдрийн хүртэл байлгасаар байна. 2015 онд нэмэлт зардлыг шийдэж, гэрээг сунгасан боловч уг ажлыг захиалагч тал явуулаагүй болно. 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын тушааалаар уг ажилд зарцуулагдах нэмэлт зардлыг шийдвэрлэж үүний дагуу ИНЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг дээр тохирсон хугацаа буюу 10 дугаар сарын 30-ны өдөр уг ажлыг дуусгах гэрээний хугацааг биелэх боломжгүй болгох ноцтой үр дагаварт хүргэсэн. Захиалагч ИНЕГ-ын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж асфальт бетоны үйлдвэрээ Улаанбаатар хотод авчирч ажиллуулж олох байсан ашгаа алдаж, 4 жил сул зогсоосны хохирлыг нэхэмжилсэн болно. Үүнд: 2014 онд ажиллах боломжит хоног 88, өдөрт 10 цаг ажиллаж 1200 тн, нийт үйлдвэрлэх хэмжээ 105 600 тн, Улаанбаатар хотод борлуулах НӨАТ-гүй үнэ 112.996.85 төгрөг, шууд зардал 167.096,84 төгрөг, үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 1 тн асфальт бетоноос 13.367,75 төгрөг, нийт асфальт бетоноос өгөх ашиг 1.411.634.138.33 төгрөг. 2015 онд ажиллах боломжит хоног 90, өдөрт 10 цаг ажиллахаар 1200 тн, нийт асфальт бетон 108.000 тн, Улаанбаатар хот руу борлуулах НӨАТ-гүй үнэ 146.349.03 төгрөг, шууд зардал 126.709,12 төгрөг үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 10.136,73 төгрөг нийт асфальт бетоноос өгөх ашиг 1.094.766.788.36 төгрөг. 2016 онд ажиллах боломжит хоног 85, өдөрт 10 цаг ажиллахаар 1200 тн, нийт үйлдвэрлэх асфальт бетон 10.200 тн, Улаанбаатар хот руу борлуулах НӨАТ-гүй үнэ 147.439.11 төгрөг, шууд зардал 127.652,91 төгрөг үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 10.212,23 төгрөг, нийт асфальт бетоноос өгөх ашиг 1.041.647.737.65 төгрөг. 2017 онд ажиллах боломжит хоног 94, өдөрт 10 цаг ажиллахаар 1200 тн, нийт үйлдвэрлэх асфальт бетон 112.800 тн, Улаанбаатар хот руу борлуулах НӨАТ-гүй үнэ 148.095,70 төгрөг, шууд зардал 128.221,39 төгрөг үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 10.257,71 төгрөг, нийт асфальт бетоноос өгөх ашиг 1.157.069.792.01 төгрөг. 4 жилд 428.400 тн асфальт бетон үйлдвэрлэж, 67.930.147.713.83 төгрөгийн борлуулалт хийж, нийт 4.705.118.456.37 төгрөгийн ашиг олох байсан тул уг учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, П.Сүхболд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэгч “ХЗ” ХХК нь гэрээнд заасан техникийн шаардлагыг хангасан материалаар ажлыг хийж гүйцэтгэх байсан. Гэтэл захиалагчид урьдчилан мэдэгдэлгүйгээр талуудын хооронд байгуулсан гэрээгээ зөрчиж, техникийн шаардлага хангаагүй битум авчирсан болохыг захиалагчийг төлөөлж лабораторын хяналтыг хийж буй “Ялгуусан” ХХК тогтоосон. Нэгэнт шаардлага хангаагүй битумээр ажил гүйцэтгүүлэх нь нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлнө. Мөн хяналт тавих эрх бүхий байгууллага нь шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан байхад манай газрын зүгээс ажлыг гүйцэтгүүлэх боломжгүй тул гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан ажил зогссон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрөө гэрээний үүргээ зөрчсөнөөс шалтгаалан ажил зогссон болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд ЗТХЯ, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Б.Байгалмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИНЕГ, “ХЗ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ЗТХЯ дараахь байдлаар санхүүжилтийг олгосон. 2008 онд 1.000.000.000 төгрөг, 2009 онд 4.289.407.492 төгрөг зэргээр санхүүжилтаа тухай бүрт нь өгсөн байдаг. 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, хамгаалалтын хашаа үерийн далангийн хамт барьж байгуулах ажлыг хүлээлгэн өгөхөөр талуудын хүсэлтээр гэрээний хугацааг сунгасан. Ингээд нийт 7.649.415.772 төгрөг буюу 88 хувийн санхүүжилт олгосон. Талууд 2 удаа зөвшилцөж гэрээгээ сунгасан. Ажлын гүйцэтгэл нь 73 хувийн биелэлттэй байгаа. Үндсэн нэхэмжлэлийн тухайд 2013-2015 онуудад 2 тал хоёулаа харилцан тохиолцоод гэрээ сунгуулах хүсэлт ирүүлж байсан учраас сул зогсолт гэж үзэхгүй байгаа. Хариуцагч тал шаардлага хангахгүй материалаар хийсэн гэж Ялгуусан ХХК-иас дүгнэлт гарсан учраас ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, нисэхийн аюулгүй байдалд нөлөөлж болохуйц байгаа учраас боломжгүй гэж үздэг. Хариуцагч талаас зохих баримтуудаа гаргасан, үндэслэл бүхий гэж үзэж байгаа гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, П.Сүхболд нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ажил зогсоосон асуудал нь Зам тээврийн яам хэдий ч ИНЕГ ашиглагч байгууллагын хувьд гэрээт ажлаа хурдан хүлээж авахын тулд “ХЗ” ХХК-д аль болох боломжит нөхцөлийг олгож байсан. Үүний нэг жишээ нь тус компанийн ажлын гүйцэтгэл 6.055.750.203 төгрөг байхад ИНЕГ-ын зүгээс тус компанид 8.245.809.567.91 төгрөг шилжүүлсэн тул ажлын гүйцэтгэл болон санхүүжилт хоёрын зөрүү 2.190.059.364 төгрөг, гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул алданги 4.325.749.845 төгрөг, нийт 6.515.809.209 төгрөгийг тус компаниас буцааж гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсүх сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн худлаа. Уг мөнгө нь ИНЕГ-аас илүү олгосон биш захиалагчийн шаардлагын дагуу банкны баталгаа гаргуулж авсан урьдчилгаа бөгөөд ажлаа хэвийн үргэлжлүүлсэн бол аль хэдийн хаагдах байсан. 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээ нь 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дахин сунгасан тул сөрөг нэхэмжлэлд дурдсан алдангийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.
Гуравдагч этгээд ЗТХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Б.Байгалмаа нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Одоогоор бодит хийгдсэн 78 хувь, санхүүжилтийн 88 хувь олгогдсон. Тэгэхээр илүү санхүүжилтийг шаардаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасныг баримтлан хариуцагч ИНЕГ-аас гэрээнээс учирсан хохиролд 425.765.839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХЗ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.279.352.616 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч ИНЕГ-ын “...санхүүжилтийн зөрүү 2.190.059.364 төгрөг, гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй алданги 4.325.749.845 төгрөг, нийт 6.515.809.209 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ХЗ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 23.750.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 66.457 төгрөгийг буцаан олгож, хариуцагч ИНЕГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 2.286.779 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХЗ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх манай компанид учирсан хохирлыг гэрээт хугацаагаар бус бодит хохирсон хугацаагаар тооцох ёстой, гэрээнд заасан хугацаанд ажил хийх боломж олгоогүйгээс хохирол учирсан. Хэрвээ бид ажлаа саадгүй үргэлжлүүлсэн бол 2014 он гэхэд энэ ажил дуусах байсан. Овор ихтэй бүхэл бүтэн үйлдвэрийг нааш нь цааш нь зөөх шилжүүлэх ямарч боломж байхгүй, ажлаа хийж дуусаад л ихээхэн хөрөнгө мөнгө зарж буулгаж зөөвөрлөдөг үйлдвэр, тэгээд Завхан аймаг хотоос 1000 гаран километрт хол оршдог хязгаар нутаг, тэнд нь үйлдвэрлэл явуулж ашиг олох ямарч боломж байхгүй. Тиймээс 2014-2017 он хүртэлх 4 жилийн хугацааны хохирлоо бид нэхэмжлэх бүрэн үндэстэй. Энэ хугацаанд 2014-2017 онуудад эсвэл гэрээг цуцалж дуусгавар болгох эсвэл ажлыг яаралтай үргэлжлүүлэн хийж дуусгах талаар ИНЕГ, ЗТХЯ-нд удаа дараа хандаж байсан боловч ажил явагдаагүй болно. 2014 онд огт гэрээ хийгээгүй, 2015 онд гэрээ хийсэн боловч нэмэлт зардлаа шийдээгүй, 2016 онд нэмэлт зардал шийдсэн боловч 1 сарын дараа шийдсэн зардлаа буцааж татаад ажил хийлгээгүй, 2017 онд нэмэлт зардлыг шийдэж гэрээг байгуулахаар болж манай талаас гарын үсэг зурж баталгаажуулан ИНЕГ-т хүргүүлсэн боловч тэндээс гэрээг батлахгүй байсаар он дуусгасан болно. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...2012 оны байдлаар буюу гэрээний дагуу 8.651.499.690 төгрөгийн 100 хувийн санхүүжилт хийхээс 7.649.415.772 төгрөгийн буюу 88 хувийн санхүүжилт хийсэн тул 100 хувиас 88 хувийг хасч, 12 хувиар хохирлыг тооцох ёстой” гэсэн дүгнэлт хийсэн нь маш ойлгомжгүй, гэрээний үнийн дүн, түүнээс хэдийг нь авсан, хэд дутуу гэдэг нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй асуудал юм. ИНЕГ нь манай компанийг "...шаардлага хангахгүй битумээр ажил гүйцэтгэх гэж байсан" гэж буруутгаж байгаа боловч үүнийгээ өөрсдөө нотолж чадаагүй болно. Харин манай компаний оруулж ирсэн битум нь онгоц нисэж буух талбай хийхэд техникийн болон стандартын шаардлагыг бүрэн хангаж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагын 3 удаагийн дүгнэлт нотолж байгаа болно. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 2014, 2015, 2016 оны олох ёстой байсан ашиг 3.548.048.663 төгрөгийг гаргуулах ёстой гэсэн санааг өөрөөр хэлбэл захиалагч учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй, захиалагч буруутай гэсэн дүгнэлтэд хүрсэн хэрнээ ямарч үндэслэлгүй шалтгаан зааж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг эрс багасгасан. Манай компани санхүүжилт дутуу хийснээс шалтгаалж хохирол хүлээсэн гэж огтхон ч нэхэмжлэл гаргаагүй, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсээр байтал захиалагч ажлыг гүйцэтгэх боломж олгоогүйгээс учирсан хохирлоо л нэхэмжилсэн. Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий үнийн дүн, нийт санхүүжилт, түүний илүү дутуу нь манай хоёрын хооронд гарсан маргаанд ямарч ач холбогдолгүй бөгөөд хоёр тал энэ асуудлаар огтхон ч маргаагүй болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан санхүүжилтийн зөрүү нь банкны баталгаагаар олгогдсон мөнгө бөгөөд уг баталгаанууд өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Ийм ч учраас ИНЕГ-н сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан гэсэн мөртлөө манайд учруулсан хохиролоос санхүүжилтийн зөрүү гэх нэрээр хассан нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж, холбогдох өөрчлөлтийг оруулж, манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЗТХЯ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ХЗ” ХХК нь Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг 73 хувийн гүйцэтгэлтэй гэж хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдсоор байтал хийгдээгүй ажлын гүйцэтгэлийг хийсэнд тооцож, санхүүжилтыг 100 хувь хариуцагчаас гүйцэтгээгүй ажлын хөлсийг гаргуулахаар шүүгч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар захиалагч ИНЕГ нь гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлс төлөх /санхүүжилт хийх/ үүргээ гүйцэтгээгүй ..." гэж тэмдэглэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “ХЗ” ХХК-д Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлын нийт гүйцэтгэл 73 хувьтай, санхүүжилт 88 хувьтай олгогдож, 15 хувиар илүү санхүүжилт төлөгдсөн болох нь ИНЕГ гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлс төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүгч "...зохих журмын дагуу хөлс төлөх /санхүүжилт хийх/ үүргээ гүйцэтгээгүй..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг дахин нотолж байна. “ХЗ” ХХК нь ажлын гүйцэтгэл 73 хувьтай, санхүүжилт 88 хувьтай олгогдож, "Иргэний хууль"-ийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т "гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах" гэж заасны дагуу ажлын үр дүнг захиалагч тал гүйцэтгэгч талаас хүлээж аваагүй байхад шүүгч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-т заасныг баримталсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай шүүхийн шийдвэр зөрчилдөж, “ХЗ” ХХК нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй байхад тус компанид шаардах эрх үүсгэсэн нь шүүгч хуулийг буруу хэрэглэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гарч чадаагүйг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч “ХЗ” ХХК нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс олох ашиг 4.705.118.456.37 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь захиалагчийг гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлс төлөх буюу санхүүжилт хийх үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр хохирол шаардаагүй, харин захиалагч ажлыг гүйцэтгэх боломж олгоогүй, гэрээ байгуулаагүй зэргээс Завхан аймгийн Алдархаан сумын “Доной” онгоцны буудлын ар талд байрлаж байгаа асфальт-бетоны үйлдвэрээ 4 жил сул зогсоож олох байсан орлогоор хохирол учруулсан гэж нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх захиалагч талаас гүйцэтгэсэн 88 хувийн санхүүжилтийн үлдэх 12 хувиар хохирлыг тооцон шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Энэ талаарх зохигч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Зохигчидын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар бүрэн дүгнэлт хийх, үүрэг хариуцлагыг ногдуулахын тулд талуудын гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн харилцааны оролцогч, гэрээний үүргийн биелэлт зэрэг асуудлууд тодорхой болсон байх учиртай бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтооход хуульд заасан ажиллагааг явуулсан гэж үзэхээргүй байх тул давж заалдах шатны шүүхээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэж шийдвэрлэх боломжгүй байна.
Талууд хэдийгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч хүчин төгөлдөр гэрээний үүргийн зөрчил, үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлын талаар дүгнэх учиртай.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр боловч төрийн өмч, хөрөнгөөр ажил гүйцэтгүүлж байгаа тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг мөн хуулийн 3.1-д заасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Гэрээний талууд дээр дурдсан нэмэлт өөрчлөлтийг хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан эсэх, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-т заасан асуудлаар дүгнэлт хийхэд шаардлагатай баримт хэрэгт авагдаагүй байна.
Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлын 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ИНЕГ.ТББ/БУ-56-07 дугаартай үндсэн гэрээний захиалагчаар ИНЕГ болон гүйцэтгэгч “ХЗ” ХХК гэж заасан боловч уг гэрээний нэмэлт өөрчлөлт хийсэн 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн, 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн, 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнүүдээр ажил гүйцэтгэх удаа дараа хугацааг сунгахдаа болон гэрээ дүгнэсэн акт үйлдэхэд захиалагч нь Монгол Улсын Зам тээврийн яам болохыг тодорхойлж, харин ИНЕГ захиалагчийг төлөөлсөн байхад шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлсон гэж үзэхэд учир дутагдалтай болжээ. /хх-ийн 14-18, 68-74/
Мөн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын талаар дүгнэлт хийхийн тулд захиалагч, гүйцэтгэгчийн хэн нь хэзээ ямар үүргээ биелүүлээгүй, ийнхүү үүргээ биелүүлээгүйд нөлөөлсөн нөхцөл байдлуудыг шүүх тодруулалгүй бүхэлд нь 2014 – 2016 онуудад хамааруулан дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Тухайлбал, 2014 онд хохирлын асуудлаар дүгнэхэд гэрээний 4 дэх хэсэгт заасан “...техникийн тодорхойлолт” болон тухайн үед хөндлөнгийн хяналтийг хэрэгжүүлж байсан “Ялгуусан” ХХК–ийн дүгнэлт зэрэг нь хэрэгт ач холбогдолтой байхад энэ талаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангаагүй нь буруу байна. /хх-ийн 13-14/
Нэхэмжлэгч нь ПБВ/90 битум нь техникийн шаардлага хангаж байгаа гэж тайлбарлаж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 06/095/595 тоот дүгнэлт, Авто замын хяналт эрдэм шинжилгээ судалгааны төвийн 2013 оны 1/553 тоот албан бичигт хавсаргасан дүгнэлт зэргийг бичсмэл нотлох баримтаар гаргасан байх боловч ажил гүйцэтгэх гэрээний техникийн талаарх нөхцлийг захиалагч өөрчлөх эрхтэй бөгөөд ийнхүү гэрээнд өөрчлөлт оруулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний захиалагч ЗТХЯ, эсхүл ИНЕГ-ын аль нь гэрээгээр хүлээсэн ямар үүргээ гүйцэтгээгүй болохыг нэхэмжлэлийн шаардлагын он тус бүрээр тодорхойлох шаардлагатай болно.
Түүнчлэн хэргийн 100-106 дугаар талд авагдсан тэмдэглэл, 108-128 дугаар талд авагдсан ажлын хэсгийн дүгнэлт, тайлан зэрэг бичмэл баримтыг нотариатаар баталгаажуулсан байх боловч эх баримтаас хуулбарласан эсэх нь эргэлзээтэй /холбогдох этгээдийн гарын үсэггүй/ байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01979 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХЗ” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 619 713 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Н.БАТЗОРИГ
й