Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2025/00206

 

Д.Т, А.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03727 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/01074 дүгээр магадлалтай,

Д.Т, А.А нарын нэхэмжлэлтэй

Х.А-т холбогдох

90,677,733 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.О /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Т, А.А нар нь хариуцагч Х.А-т холбогдуулан 90,677,733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03727 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.А-т холбогдох гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөөс нэхэмжлэгч Д.Т 45,665,525 төгрөг, нэхэмжлэгч А.А 45,012,208 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 770,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/01074 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.4 “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2610/с дугаар шийдвэрээр тухайн 40,000 ам.доллар нь Л.А-ийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл маргааны зүйл болох 40,000 ам долларыг Л.А нь бусдаас бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хүлээн авсан байна гэж шүүх дүгнэсэн. Маргааны зүйл болох 80,000 ам.доллар нь Л.А, Д.Т, хүү А.А нарын хамтын хөдөлмөрөөр бий болоогүй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд гэр бүлийн дундын эд хөрөнгийн хүрээнд нэхэмжлэгч нарт шаардах эрх үүсээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах”-аар заасан боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 80,000 ам долларыг Л.А, Х.А нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө болохыг тогтоосон байх тул Л.А, Д.Т нарыг гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгөд хамаарахгүй...” гэж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Д.Т нь Л.А-ийн хууль ёсны эхнэр, нэхэмжлэгч А.А нь Л.А-ийн төрсөн хүү бөгөөд нөхөр Л.А нь 2011 онд нас барсан, Л.А нь эхнэр Д.Т-аас гадна хариуцагч Х.А гэдэг эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа холбоотой байсан нь сүүлд тодорхой болсон байдаг бөгөөд Л.А нас барсны дараа Х.А нь иргэн Л.Э, С.Цнарт холбогдуулж Л.А, Х.А бидний дундын эзэмшил, өмч мөнгө болох 80,000 ам.долларыг гаргуулж өгнө үү гэж шүүхэд хандсан байсан. Х.Аийн уг нэхэмжлэлийг УДШ-ийн хяналтын шатны иргэнийн хэргийн шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 тоот тогтоолд “Х.А нь Л.А-той 2008 оноос хойш хамтран амьдарч тэдгээрийн өмчлөлд байгаа өөр өөр төрлийн хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсон, тэд хамтран амьдрах хугацаанд нь бий болсон 80,000 ам.доллараар өөрсөддөө автомашин худалдан авахаар тохиролцож байсан үйл баримт тогтоогдсон тул тэднийг маргааны зүйл болсон 80,000 ам.долларын хамтран өмчлөгч гэж үзэх нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийг зөрчихгүй юм. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 478 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Л.Э-гээс 30,000 ам.доллар гаргуулан нэхэмжлэгч Х.А-т олгож, хариуцагч С.Ц-аас 50,000 ам.доллар гаргуулах тухай Х.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Л.Э-гээс 30,000 ам.доллар буюу 47,374,500 төгрөг, С.Ц-аас 50,000 ам.доллар буюу 78,957,500 төгрөг тус тус гаргуулж Х.А-т олгосугай” гэж дээрх 80,000 ам.долларыг Л.А болон Х.А нарын дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө мөнгө гэж дүгнэж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл нөгөө талд нь Л.А-ийн хууль ёсны гэр бүл болох эхнэр Д.Т, хүү А.А нар нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн харилцаатай байсан, Л.А-ийн хөрөнгө гэдэг нь эхнэр, хүүхдийн дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө мөн юм.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.”, 125 дугаар зүйлийн 125.1-д “Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ.”,126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.”, 126.2-т “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна”, 126.2.4-д “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;”, 128.1-д “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.” гэж тус тус заасан.

УДШ-ийн хяналтын шатны иргэнийн хэргийн шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 тоот тогтоолоор 80,000 ам.долларыг Л.А болон Х.А нарын дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө мөнгө гэж дүгнэж шийдвэрлэсэн бөгөөд уг 80,000 ам.долларын 50 хувь буюу 40,000 ам.долларыг Л.А-ийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгө мөнгө гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч Д.Т болон А.А нарын хувьд Л.А-ийн хууль ёсны эхнэр, төрсөн хүү бөгөөд дээрх хуулийн заалтад зааснаар Л.А-т оногдох 40,000 ам.доллараас гэр бүлийн гишүүдийн хувьд өөрт оногдох хэсгээ шаардах эрхтэй этгээдүүд юм.

Өөрөөр хэлбэл, 80,000 ам.долларыг Х.А-ийн дангаар эзэмших өмч гэж шийдээгүй, Л.А, Х.А нарын дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө мөнгө гэж шийдсэн. Маргааны зүйл болж байгаа 80,000 ам.долларын 40,000 ам.доллар нь хариуцагч Х.А-ийнх, харин үлдэх 40,000 ам.доллар нь Л.А-ийнх юм. Иймд Л.А-т оногдох эзэмшил, өмчлөлийн 40,000 ам.доллар нь түүний хууль ёсны гэрлэгчид, гэр бүл болох түүний эхнэр Д.Т, хүү А.А нарын гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн мөнгөн хөрөнгө юм.

Х.А-ийн нэхэмжлэлтэй Л.Э, С.Ц нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор 80,000 ам.доллар нь Х.А болон Л.А-ийн хамтран өмчлөх дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө гэдгийг тогтоосон болохоос Л.А-ийнх биш, Л.А-т хамааралгүй, Х.Аийн хуваарьт хөрөнгө, 80,000 ам.долларыг Х.А ганцаараа захиран зарцуулах, эзэмших эрхтэй гэж шийдээгүй болно. Нэгэнт хүчин төгөлдөр УДШ-ийн тогтоолоор 80,000 ам.долларыг Л.А, Х.А нарын дундын эзэмшил, өмчлөлийн мөнгөн хөрөнгө гэж шийдсэн тул уг 80,000 ам.долларын 50 хувь буюу Л.А-ийн дундын эзэмшил, өмчлөлийн 40,000 ам.доллараас хууль ёсны гэр бүлийн гишүүдийн хувьд өөрт ногдох мөнгөө гаргуулахаар шаардаж байгаа болно. Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн (Л.А-ийн эзэмшилд байсан) дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө мөнгөнөөс өөрт ногдох хувиа гаргуулах нь шударга ёсонд нийцсэн, хууль зөрчихгүй.

Хариуцагч Х.А, түүний охин А.Ө нь талийгаач Л.А-ийн хууль ёсны эхнэр, хүүхэд болон Д.Т, А.А нараас гэр бүлийн хөрөнгөөс эцэг Л.А-ийн оногдох хэсгээс өөрт оногдох хэсгийг шүүхийн журмаар нэхэмжилж гаргуулах шаардлага гаргаж шийдвэрлүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч А.Ө нь эцэг Л.А-ийн гэр бүлийн гишүүд болох Д.Т, А.А нараас СБД, 5 байрны 7 тоот, 4 өрөө орон сууцны өөр оногдох хэсэгт 19,501,628 төгрөг, гаражийн үнэ 2,416,666 төгрөг, нийт 21,918,294 төгрөг, Д.Т-ын эзэмшилд байгаа, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох “Инвест капитал” ББСБ-ийн 300 сая төгрөгийн хувьцаанаас Л.А-т оногдох хувь 100 сая төгрөгөөс А.Ө-д оногдох хэсэг 33,333,333 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргуулж гурван шатны шүүхээр шийдвэрүүлсэн байдаг гэдгийг дурдах нь зүйтэй юм. Л.А, Д.Т, хүү А.А нар нь гэр бүлийн дундын өмч хөрөнгийн онцгой харилцаатай, албан ёсны гэр бүлийн гишүүд бөгөөд шүүх энэ гэр бүлийн дундын өмч хөрөнгийн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Уг 40,000 ам.доллар нь Л.А, Д.Т нарыг гэрлэснээс хойш хугацаанд бий болсон, нөхөр Л.А-ийнх нь эзэмшил, өмчлөлд бий болсон, тэдний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл шүүх маргааны үйл баримтыг, гэрлэгчид, гэр бүлийн дундын хөрөнгийн онцгой харилцааг үндэслэлтэй авч үзэж, үнэлж дүгнэж чадаагүй бөгөөд ИХШХШТХ-д заасан гэр бүлийн дундын өмч хөрөнгийн талаарх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй.

4.2.Анхан шатны шүүх уг маргаан бүхий 80,000 ам.долларыг Л.А болон Х.А нарын дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө мөнгө гэж дүгнэж шийдвэрлэсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2610/с дугаар шийдвэрээр тухайн 40,000 ам.доллар нь Л.А-ийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл маргааны зүйл болох 40,000 ам.долларыг Л.А нь бусдаас бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хүлээн авсан байна гэж шүүх дүгнэсэн” гэж уг 80,000 ам.долларыг Л.А-ийн хуваарьт хөрөнгө гэж анхан шатны шүүхээс өөрөөр, зөрүүтэй дүгнэлт хийсэн болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах”-аар заасан боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 80,000 ам.долларыг Л.А, Х.А нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө болохыг тогтоосон байх тул Л.А, Д.Т нарыг гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгөд хамаарахгүй’’ гэж хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.10.03-ны өдрийн 001/ШХТ2025/00946 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Д.Т, А.А нар нь хариуцагч Х.А-т холбогдуулан нийт 90,677,733 төгрөг гаргуулах буюу 45,665,525 төгрөгийг Д.Т-т, 45,012,208 төгрөгийг А.А-д олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлийг “...Л.А-той 1993 онд гэр бүл болсон, бидний дундаас 1991.07.18-ны өдөр хүү А.А төрж,  2008 оныг хүртэл хүү Д.О, А.А бид 4-үүл амьдарч байсан. Л.А нь 2008-2011 оныг хүртэл Х.А гэх эмэгтэйтэй хамт амьдарч байгаад 2011.09.03-ны өдөр нас барсан. Тэдний дундаас  2009.02.15-ны өдөр А.Ө төрсөн. Х.А нь Л.А-ийг нас барсны дараа түүний төрсөн дүү Л.Э болон иргэн С.Ц нарт холбогдуулан 80,000 ам.долларын өмчлөгч болохыг тогтоолгож, уг мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Уг тогтоолд 80,000 ам.доллар нь Л.А болон Х.А нарын дундын өмч нийлсэн болохыг тогтоосон. Бид  Л.А-ийн хууль ёсны гэр бүл буюу эхнэр, хүүхэд тул хууль ёсны өвлөгчид. Иймд Л.А-т ногдох 40,000 ам.доллар нь өвлөгдөх хөрөнгө учир 3 өвлөгчид адил тэнцүү хуваахад нэг өвлөгчид 13,333.3 ам.доллар ногдож байна. Уг мөнгийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “... 40,000 ам.доллар нь  талийгаач Ц.А-ийн эзэмшилд байсан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө“ гэсэн агуулгаар тайлбар гаргасан байна.

8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...3 шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий 80,000 ам.долларыг Л.Э, С.Ц нараас гаргуулж  Х.А-т олгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.  2014.09.26-ны өдрөөс хойш 10 жилийн хугацааг тоолбол 2024.09.26-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Маргааны зүйл болох 80,000 ам.доллар нь гэр бүлийн дундын эд хөрөнгө биш тул нэхэмжлэгч нар үүнээс өөрт ногдох хэсгийг шаардах эрхгүй. Мөн шүүхийн 2011 оны шийдвэрээр Х.А нь Л.А-той 2008 оноос 2011.09.03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон. 80,000 ам.долларын хөрөнгөд нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн хувь нэмэр, хөрөнгө ороогүй. Нэхэмжлэгч нар нь Л.А-ийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж 40,000 ам.доллароос өөрт ногдох хэсгээ шаардахад Л.А-ийг өөрийг нь оролцуулан 4 хуваах ёстойгоос гадна тухайн үед шүүхийн шийдвэрээр 80,000 ам.долларыг төгрөгийн ханшаар тооцсон тул 40,000 ам.доллар буюу 63,166,000 төгрөгийн 1/4 /15,791,500/-ээр тооцох ба 80,000 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилж буй нь хуульд нийцэхгүй.

Түүнчлэн Л.Э, С.Ц нар нь 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 орчим жилийн хугацаанд Х.А-т 17,771,467 төгрөгийг төлж, 43.18 м.кв талбайтай орон сууцыг өгөхөөр амлалт өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг өгөөгүй. Уг маргаан шүүхэд шийдвэрлэгдэж байна. Хариуцагч Х.А нь аваагүй төлбөрөө нэхэмжлэгч нарт өгөх үүрэгтэй болох зөрчлийг үүсгэхээр байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Д.Т нь Л.А нар гэрлэлтийн бүртгэлтэй байсан нь тогтоогдсон. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна” гэж заасан боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 80,000 ам долларыг Л.А, Х.А нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө болохыг тогтоосон. Иймд уг мөнгөн хөрөнгө нь Л.А, Д.Т нарыг гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгөд хамаарахгүй. Нэхэмжлэгч нар Л.А-ийн хууль ёсны өвлөгч тул 80,000 ам доллараас Л.А-т ногдох хөрөнгийн өвөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж гэр бүлийн дундын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т “гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно” гэж заасан бөгөөд уг хуулийн зохицуулалт нь гэрлэгчид болох Л.А, Д.Т нарыг гэрлэснээс хойш бий болсон тэдгээрийн хөрөнгөд хамаарах эрхийн зохицуулалт юм. Иймд маргааны зүйл болох 80,000 ам.доллар нь Л.А, Д.Т, хүү А.А нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэж дүгнэжээ.

10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

11.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож адил шийдвэр гаргасан ба “шүүхүүд зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс  гэр бүлийн хөрөнгө,   түүний өвлөх эрхийн талаар хэрэглэвэл зохих хуулийг агуулгын хувьд зөрүүтэй хэрэглэсэн” тухай нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

12.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

13.Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж дараах маргааны үйл баримтыг тогтоожээ. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Т, Л.А нар 1993 онд гэр бүл болж,  гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 1991.07.18-ны өдөр хүү А.А төрсөн.

Л.А 2011 онд нас барсан ба тэрээр 2008-2011 он хүртэл Х.А-тэй хамтын амьдралтай байсныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1783 дугаар шийдвэрээр тогтоосон. Л.А, Х.А нарын дундаас 2009.02.15-ны өдөр охин А.Ө төрсөн.

Л.А нас барснаар түүний өв нээгдсэн.

Л.А, Х.А нарын хамтын амьдралтай байх хугацаанд тэдний хөрөнгө холилдож улмаар Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд заасан дундын өмч үүссэн, тухайн дундын өмчийг С.Э, С.Ц нар үндэслэлгүйгээр шилжүүлсэн авсан болохыг тогтоож, улмаар Х.А-т 80,000 ам.доллар буюу 126,332,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2610/с дугаар шийдвэр, уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хянаснаар хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх шийдвэрийн дагуу Х.А нь 17,7 сая төгрөгийг мөнгөн хэлбэрээр авч, үлдэх төлбөрт орон сууц авахаар тохиролцсон. Х.А нь Д.Т, А.А нарт холбогдуулан охин А.Ө-д Л.А-ийн өвлөгдөх хөрөнгөөс буюу орон сууцны ногдох хэсэг, компанийн хувьцааны ногдох хэсгээс мөнгөөр тооцож гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181 ШШ2019 01501 дугаар шийдвэрээр  орон сууцны ногдох хэсэгт 14,626,221 төгрөг, хувьцааны үнийн ногдох хэсэг 11,111,111 төгрөг, нийт 25,737,332 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянаж хэвээр үлдээсэн.

Түүнчлэн дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Т, А.А нар нь шүүхийн шийдвэрээр  С.Э, С.Ц нараас Х.А-ийн авах 80,000 ам.долларын 40,000 ам.доллар нь нас барагч Л.А-ийн өвлөгдөх эд хөрөнгө гэж  ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх уг сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Дээрх үйл баримтын талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

14.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д хууль ёсны өвлөгчид, тэдгээрийн өвлөх эрхийн дарааллыг нэрлэн заасан ба 520.1.1-д нас барагчийн нөхөр (эхнэр), төрүүлсэн, үрчилсэн хүүхэд, ...эцэг, эхийг тэргүүн ээлжид өвлөх эрхтэй гэжээ.

Д.Т, А.А, А.Ө нар нас барагч Л.А-ийн тэргүүн ээлжийн хууль ёсны өвлөгчид байна.

15.Энэ хэргийн хувьд анх нэхэмжлэгч Д.Т 45,665,525 төгрөгийг,  А.А 45,012,208 төгрөгийг тус тус хариуцагч Х.А-ээс шаардахдаа шүүхийн 2610/с дугаар шийдвэрт заасан нас барагч Л.А-ийн хөрөнгө болох 40,000 ам.доллар нь өвлөгдөх хөрөнгө тул хууль ёсны 3 өвлөгчид адил тэнцүү хувааж, нэг хүнд ногдох хэсэгт 13,333.3 ам.долларыг нэхэмжлэгч Д.Т-ын шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан 2023.12.11-ний өдрийн ханш 3,425.94 төгрөгөөр, А.Аын шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.04.22-ны өдрийн ханш 3,376.45 төгрөгөөр тус тус  тооцож гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

Харин нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ “... тухайн 40,000 ам.доллар нь Л.А, Д.Т, А.А гурвын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул уг эд хөрөнгөө  гаргуулах“ гэсэн агуулгаар  өөрчилж тайлбарласан байна.

16.Хоёр шатны шүүх нэхэмжлэлээр шаардсан мөнгөний үндэслэл болж буй  40,000 ам.доллар нь  Л.А, Д.Т, А.А нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс тэд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар шаардлага гаргах  эрхгүй гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

17.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн гэх боловч  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, өөрөөр хэлбэл 40,000 ам.доллараас өөрсдөд ногдох хэсгийг гаргуулж, үлдэх хэсгийг нөгөө өвлөгч болох  А.Ө-д  үлдээх гэсэн агуулга хэвээр,  Д.Т 45,665,525 төгрөгийг,  А.А 45,012,208 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардсан тооцооллын үндэслэл, аргачлалаа өөрчлөөгүй байна.

18.Энэхүү байдлыг хоёр шатны шүүх анхаарч тодруулалгүйгээр гагцхүү нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн гэж үзэж, улмаар энэ хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

19.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах,  40,000 ам.доллар нь Л.А-ийн хуваарьт хөрөнгө эсхүл түүний гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө  гэж үзэх  аль аль үндэслэлийн талаар дүгнэлт хийх байжээ.

20.Гэрлэгчдийн хуваарьт хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2-т заасан  хууль ёсны өвлөгчид дарааллын дагуу адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй бөгөөд харин гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд нас барсан гишүүнд оногдох хэсгийг хуульд зааснаар гагцхүү тэргүүн ээлжийн буюу 520.1.1-д заасан өвлөгчид биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөн авахыг 520.5, 520.6-д заажээ.

21.Өмнө дурдснаар 80,000 ам.долларын маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт Л.А, Х.А нарын эд хөрөнгө нийлж холилдон улмаар Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасан хамтран өмчлөх дундын хөрөнгийг бий болгосон, тухайн эд хөрөнгийн тал буюу 40,000 ам.доллар нь Л.А-ийн эд хөрөнгө байсныг тодорхой заасан тул энэ нь тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

22.Уг 40,000 ам.доллар нь Л.А-ийн эд хөрөнгө болохыг шүүх тогтоосон, уг эд хөрөнгийг Х.А өөртөө үлдээх үндэслэлгүй ба нэхэмжлэлийн шаардлага нь өвлөгдөх эд хөрөнгийн ногдох хэсэг гэх агуулгаар гарсан, энэ байдалд шүүх дүгнэлт хийх нь хууль зөрчихгүй байна. Дурдсан үндэслэлээр   нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зөв гэж үзлээ.

23.Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах, өвөөс татгалзах журмыг зохицуулжээ.

Энэхүү журмын зохицуулалтад дараахь нөхцлийг заасан байна. Үүнд:

“Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Дээрхээс  бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Эдгээр дурдсан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэжээ.

24.Л.А 2011 онд нас барснаар түүний өв нээгдсэн боловч  тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч нар нас барагчтай хамт амьдарч байгаагүй, зохигчийн хооронд маргаан үүссэн буюу Х.А-ийн нэхэмжлэлтэй Л.А-ийн өвлөгдөх эд хөрөнгөөс охин А.Ө-д ногдох хэсгийг гаргуулах Д.Т, А.А нарт холбогдох хэргийг хэлэлцэх үед дээр дурдсан 40,000 ам.долларын талаар мэдэж ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх уг нэхэмжлэлийг дээрх хэрэгтэй хамтатган шийдвэрлэхгүйгээр хүлээн авахаас татгалзсан.

Иймд нэхэмжлэгч нар өвлөгдөх эд хөрөнгийн талаар мэдмэгцээ шүүхэд хандаж шаардлага гаргасан  байх тул өвөөс татгалзаагүй гэж үзнэ.

25.Дээр дурдсанаар Л.А-т ногдох 40,000 ам долларыг өвлөгдөх эд хөрөнгө гэж үзэх ба үүнийг хууль ёсны өвлөгч болох Д.Т, А.А, А.Ө нар адил хэмжээгээр өвлөн авах эрхтэй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 518 дугаар зүйлийн 518.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д нийцнэ.

26.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлохдоо өөрсдийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ам.долларыг төгрөгт хөрвүүлэх ханшаар тооцож гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь С.Э, С.Ц нараас 80,000 ам.долларыг гаргуулж  Х.А-т олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр ам.долларыг тухайн үеийн ханшид хөрвүүлж нийт 126,332,000 төгрөгийг гаргуулсан байх тул 40,000 ам доллар нь 63,166,000 төгрөг болж байна.

Иймд уг мөнгийг 3 өвлөгчид хуваахад  нэг өвлөгчид 21,055,333 төгрөг ногдоно.

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар хариуцагч Х.А-ээс нийт 42,110,666 төгрөгийг гаргуулж 21,055,333 төгрөгийг Д.Т-т, 21,055,333 төгрөгийг А.А-д тус тус олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/01074 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03727 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар Х.А-ээс нийт 42,110,666 төгрөгийг гаргуулж 21,055,333 төгрөгийг Д.Т-т, 21,055,333 төгрөгийг А.А-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48,567,067 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Т-ын төлсөн 386,800 төгрөг, нэхэмжлэгч А.А-ын төлсөн 384,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А-ээс 526,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-т 263,226 төгрөгийг, нэхэмжлэгч А.А-д 263,226 төгрөгийг тус тус олгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нэхэмжлэгч Д.Т-ын 2025.07.21-ний өдөр төлсөн 771,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ                     

ШҮҮГЧИД                                                          Н.БАТЗОРИГ

                                                                                Д.ЦОЛМОН

                                                                                Х.ЭРДЭНЭСУВД