Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,                                         

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч Д.Пүрэвням, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашдондогийн Пүрэвнямд холбогдох эрүүгийн 201725020441 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, ам бүл 6, эх, эгч, 4 дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4-р гудамж 28 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн  450 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ХЛ 87091771 / Боржигон овогт Дашдондогийн Пүрэвням нь:

- 2017 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10-01 тоотод иргэн Х.Давшилтын ажлын байрны цонхны хамгаалалт төмрийг эвдлэн агуулахад нь нэвтрэн орж,  480 ширхэг шкафны нугас, 50 кг цавуу зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 648.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.Давшилт мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд ажил дээрээсээ хороолол руу гарсан.Тухайн үед манай ажил дээр хэн нэгэн үлдээгүй ба би гарахдаа хаалгаа түгжээд явсан. Тэгээд маргааш өдөр нь 13 цагийн орчимд ажил дээрээ очиход манай ажлын складны цонх онгорхой, складан дотор байсан 2 ууттай 25 кг жинтэй мебел тавилганы ирмэг наадаг цавуу 2 хайрцаг, 1 хайрцаг дотроо 240 ширхэгтэй гидртэй нугас алдагдсан байсан. Манайх тавилгын түүхий эдийг зардаг. Тэгээд нугас, цавуу зэрэг эд зүйлсийг хулгайд алдсан гэжээ. / хх 20 /

    Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-6 /

   Эд зүйлийн үнэлгээ / хх 11 /

    Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 12 /

Шүүгдэгч Д.Пүрэвнямыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 73-78 /, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 84-88 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 92  / зэрэг болно.

Шүүгдэгч Д.Пүрэвням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүн зээлсэн мөнгөө нэхээд байхаар нь Х.Давшилтаас мөнгө зээлэхээр очтол байхгүй байсан. Тэгээд агуулахаас нь цавуу, нугас хулгай хийж, үл таних хүнд 480.000 төгрөгөөр зарсан. Хохирлоо нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

   Шүүгдэгч Д.Пүрэвням нь 2017 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10-01 тоотод иргэн Х.Давшилтын ажлын байрны цонхны хамгаалалт төмрийг эвдлэн агуулахад нь нэвтэрч, 480 ширхэг шкафны нугас, 50 кг цавуу зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад 648.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Маргааш өдөр нь 13 цагийн орчимд ажил дээрээ очиход манай ажлын складны цонх онгорхой, складан дотор байсан 2 ууттай 25 кг жинтэй мебель тавилганы ирмэг наадаг цавуу 2 хайрцаг, 1 хайрцаг дотроо 240 ширхэгтэй гидртэй нугас алдагдсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Х.Давшилтын мэдүүлэг / хх 20 /,  ...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-6 /,  ...Эд зүйлийн үнэлгээ / хх 11 /,   ...Д.Пүрэвнямын хулгай хийж буй үйлдэл бичигдсэн тухай хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 12 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Пүрэвнямыг бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Дашдондогийн Пүрэвнямыг бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Пүрэвнямын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Д.Пүрэвням нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Д.Пүрэвнямд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

5. Д.Пүрэвнямд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ