Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 193

 

Х.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар магадлалтай, 201714000136 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Х.Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Д-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Х.Д-гийн асрамжинд байсан 2008 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн 10 настай Д.Амаржаргалд асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар магадлалаар 361 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв дүгнэлт хийлгүй яллах талыг хэт барьж, хууль зүйн үндэслэл муутай шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна. Х.Д нь тус хэрэгт холбогдолгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунчимэг, гэрч П.Энхбат, О.Амгаланбаяр, Н.Хандсүрэн нарын мэдүүлэг, талийгаачийн бичсэн гэрээслэл гэх хуудас, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үйл баримтыг тогтоох боломжгүй. Тухайн хэргийг гэрчилдэг цорын ганц гэрч болох П.Энхбатын мэдүүлгүүд нь бүгд зөрүүтэй, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, дээрх мэдүүлгээр Х.Д-г гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл хангалттай бус байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж Х.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шинжилгээгээр Х.Д-гийн биенээс цус илэрсэн. Хэргийн нотлох баримт болох хутга нь талийгаачийн гарт болон биед байхгүй байдаг. Х.Д хэргийн ул мөрийг санаатайгаар балласан үйл баримт тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Х.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 2 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн гэр хорооллын 5-40 тоотод оршин суух П.Энхбатын гэрт хамтран амьдрагч Э.Цэнд-Аюуштай маргалдсаны улмаас цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр ангийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Х.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх Х.Д-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчилж  тогтоох, дүгнэх эрхгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан “Х.Д нь талийгаач Э.Цэнд-Аюушийг хутгалж амь насыг нь хохироосон” гэж тогтоосон хэргийн үйл баримтыг хяналтын шатны шүүхээс өөрчлөн дүгнэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.               

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН