Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/шш2021/02635

 

 

 

 

 

     

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

....... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, 25 дугаар хороо, .... дүгээр байр, .... тоот хаягт оршин суух, З... овогт Д.Д /РД: ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ....... дүүрэг, 17 дугаар хороо, А гийн гудамж, .... тоот хаягт оршин байх, Б.Т ХХК /РД: ..../ холбогдох,

 

365,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д , хариуцагчийн төлөөлөгч П.У , хариуцагчийн өмгөөлөгч Б.А , иргэдийн төлөөлөгч Х.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч миний өмчлөлийн .... улсын дугаартай, Тоёота НОА загварын тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Т ХХК-ийн ажилтангуудад .... дүүргийн 25 дугаар хороо, Хөүм ланд хотхоны зам дээрээс Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д Түр буюу удаан зогсох хориотой тэмдэг, заалт зөрчсөн гэх үндэслэлээр замын цагдаагийн алба хаагч Б.Б ын цахимаар өгсөн зөвшөөрлийн дагуу ачуулсан. Миний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ачих явцдаа хууль зөрчсөн эсэх, мөн замын цагдаагийн алба хаагчийн ачих зөвшөөрөл өгсөнд гомдоогүй. Зөвхөн Б.Т ХХК нь бусдын тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөх тусгай зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл .... дүүргийн 25 дугаар хорооны нутаг, Юнеско-гийн гудамжнаас машин ачиж зөөвөрлөх зөвшөөрөлтэй мөртлөө зөвшөөрөл аваагүй газраасаа миний машиныг ачсан гомдолтой байгаа. Мөн хариуцагч Б.Т ХХК нь Нийслэлийн авто замын хөгжлийн газартай байгуулсан гэрээний дагуу байгуулсан тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөх гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэх боловч Нийслэлд тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөх үйл ажиллагааг Хууль зүйн сайдын 2019 оны А/000 тоот тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 33/35 дугаар тогтоолоор зохицуулж байгаа. Хууль зүйн сайдын 2019 оны А/000 тоот тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам-ын 9.1, 9.2-т зааснаар нийслэлийн засаг дарга шаардлага хангасан компаниудтай ачих журамлах үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулна гэжээ. Гэтэл Б.Т ХХК нь Нийслэлийн авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан нь хууль бус болжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07ны өдрийн А/000 дүгээр тушаалаар Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмыг хавсралтаар баталсан, мөн уг тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны А/000, 2016 оны А/000 дүгээр тушаалуудыг хүчингүй болгосон байхад уг тушаалуудыг үндэслэн гэрээ байгуулж байгаа нь хуул бус юм. Иймд хариуцагчийн ачилтын хөлс гэж авсан 60,000 төгрөг, журмын хашаа хүртэл явсан таксины мөнгөнд төлсөн 5,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 300,000 төгрөг, нийт 365,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А ын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч П.У , өмгөөлөгч Б.А ын нарын гаргасан тайлбарт: Тухайн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.Д ын өмчлөлийн .... улсын дугаартай, Тоёота НОА загварын тээврийн хэрэгслийг манай Б.Т ХХК-ийн ажилтнууд .... дүүргийн 25 дугаар хороо, Хөүм лэнд хотхоны зам дээрээс цагдаагийн алба хаагчийн шийдвэрийн дагуу ачих үедээ машины байр байдлыг харуулсан бичлэг хийсэн, үүнийг сиди-нд буулгасан, мөн ..... дүүргийн цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч Б.Б ийн цахимаар өгсөн зөвшөөрөл манай компанийн аппликэйшнд байгаа. Нийслэлийн хэмжээнд замын ачааллыг бууруулах арга хэмжээний хүрээнд Хууль зүйн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн А/101 тоот тушаалаар замын хөдөлгөөний дүрмийн хянан шалгах журмыг баталсан байдаг. Журмын 9 дүгээр заалт дээр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх түр журмыг баталсан. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны ../..гэдэг тогтоолоор Нийслэлд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах байрыг ашиглах журам гэж гарсан. Энэ журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай Б.Т ХХК нь Нийслэлийн авто замын хөгжлийн газартай 2021 оны 03 дугаар сарын 12-ний өдөр гэрээ байгуулсны үндсэн дээр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил үйлчилгээг гэрээнийхээ дагуу явуулж эхэлсэн. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр .... дүүрэг, 25 дугаар хороо, Юнеско-гийн гудамжинд удаан зогсох хориотой тэмдэг тэмдэглэгээтэй газар иргэн Д.Д өөрийн өмчлөлийн ..... улсын дугаартай авто машин байрлуулсан байсан. Энэ автомашин 3 зөрчилтэй, нэгдүгээр зөрчил нь явган хүний зам дээр байрлуулсан, хоёрдугаар зөрчил нь байгууллагын үүдэн дээр байрлуулсан, гуравдугаар зөрчил нь удаан зогсох хориотой тэмдэг тэмдэглэгээний яг хажууд байрлуулаад зогссон байсан. Үүний үндсэн дээр манай машин ачилтын жолооч маань тухайн тээврийн хэрэгслийг ачихаар ..... дүүргийн замын цагдаагийн хэлтсийн дэслэгч Б.Б ын цахимаар өгсөн зөвшөөрлийн дагуу тухайн тээврийн хэрэгслийг ачаад тус дүүргийн ТС-5 дугаар байранд байршуулсан байдаг. Үүний дараа Д.Д өөрөө ирээд машиныхаа 60,000 төгрөгийн төлбөрийг төлөөд НӨАТ-ийн баримтаа авсан байдаг.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ гэрээг Нийслэлийн Засаг даргатай байгуулах ёстой байтал Нийслэлийн авто зам хөгжлийн газартай гэрээ байгуулсан учраас ийм үйлчилгээ эрхлэх эрхгүй гэж тайлбарлаад байгаа. Гэтэл Нийслэлд тээврийн хэрэгслэлийн зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай гээд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/.... дүгээр захирамж гарсан. Энэ захирамжийн 1 дүгээр заалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хяналт тавихыг Нийслэлийн авто замын газарт шилжүүлсэн тийм гэрээ байгаа. Тийм учраас манай компани бол ямар нэгэн хууль бусаар зөвшөөрөлгүй юм уу эрхгүй компани биш. Үйл ажиллагаагаа хууль ёсны явуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Т ХХК-д холбогдуулан ачилтын хураамжид төлсөн 60,000 төгрөг, таксинд төлсөн 5,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 300,000 төгрөг, нийт 365,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргасныг хариуцагч ... Манай компанийн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дүрэм зөрчиж зогссон тээврийн хэрэгслийг замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтны өгсөн шийдвэрийн дагуу ачиж зөөвөрлөдөг. Энэ үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг Нийслэлийн авто замын хөгжлийн газартай байгуулсан гэрээгээр олж авсан. Манай ажилтнууд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр .... дүүргийн 25 дугаар хороо, Юнеско-гийн гудамжнаас Д.Д ын өмчлөлийн .... улсын дугаартай, Тоёота НОА загварын тээврийн хэрэгслийг удаан зогсох хориотой тэмдэг зөрчиж байрлуулсан гэх үндэслэлээр замын цагдаагийн зохицуулагчийн зөвшөөрлийн дагуу ачиж зөөвөрлөсөн. Нийслэлийн засаг дарга нь гэрээ байгуулах эрхээ Нийслэлийн авто замын газарт шилжүүлсэн гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар буюу зохигчдын тайлбар, Б.Т ХХК-ийн 60,000 төгрөг хуурсан тухай НӨАТ-ын баримт, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.Д ын өмчлөлийн .... улсын дугаартай, Тоёота НОА загварын тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Т ХХК нь .... дүүргийн 25 дугаар хороо,.....хотхоны зам дээрээс Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д Түр буюу удаан зогсох хориотой тэмдэг, заалт зөрчсөн гэх үндэслэлээр замын цагдаагийн алба хаагч Б.Б ын цахимаар өгсөн зөвшөөрлийн дагуу ачиж, зөөвөрлөсөн, нэхэмжлэгч Д.Д тухайн өдрөө ачилтын 60,000 төгрөгийг төлж тээврийн хэрэгслээ авсан, энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

Нийслэлийн засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/000 дүгээр захирамжаар Нийслэлийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дугаар захирамж, ажлын хэсгийн үзлэг, шалгалт, дүгнэлтийн дагуу тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгжүүдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн авто замын хөгжлийн газарт даалгажээ. Хариуцагч Б.Т ХХК нь Нийслэлийн авто замын хөгжлийн газартай 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ТХЗШ-НАЗХГ-0000/00 дугаартай Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээгээр ..... дүүргийн нутаг дэвсгэрт, .... дүүргийн Юнеско-гийн гудамжинд Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-түр буюу удаан зогсох хориотой тэмдэг, заалт зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхлэхээр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч бусдын тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө Нийслэлийн засаг даргаас авах ёстой, Нийслэлийн авто замын хөгжлийн газартай байгуулсан гэрээгээр .... дүүргийн Юнеско-гийн гудамжнаас тээврийн хэрэгсэл ачих ёстой атал зөвшөөрөгдөөгүй газраас буюу.....хотхоны гадаа байсан миний тээврийн хэрэгслийг ачсанд гомдолтой гэжээ. Хариуцагч Б.Т ХХК нь ... нэхэмжлэгч Д.Д ын тээврийн хэрэгслийг .... дүүргийн 25 дугаар хороо, Юнеско-гийн гудамжнаас ачсан гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж зааснаар нотолж чадаагүй, мөн нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг ачсан гэх .... дүүргийн 25 дугаар хорооны нутаг,.....хотхоны баруун талын туслах авто зам нь Юнеско-гийн гудамжинд хамаарахгүй болох нь тус хорооны засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь ... Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07ны өдрийн А/000 дүгээр тушаалаар Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмыг хавсралтаар баталсан, мөн уг тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны А/000, 2016 оны А/000 дүгээр тушаалуудыг хүчингүй болгосон байхад уг тушаалуудыг үндэслэн гэрээ байгуулж байгаа нь хуул бус юм гэх гомдол үндэслэлгүй, учир нь хариуцагч Б.Т ХХК нь Нийслэлийн авто замын хөгжлийн газартай 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ТХЗШ-НАЗХГ-0000/00 дугаартай Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/000 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 33/35 дугаар тогтоолуудыг үндэслэсэн байна.

 

Иймд хариуцагч Б.Т ХХК нь гэрээгээр зөвшөөрөгдөөгүй газраас буюу .... дүүргийн 25 дугаар хороо,.....хотхоны баруун талын авто зам дээр зогсож байсан нэхэмжлэгч Д.Д ын тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч Б.Т ХХК-иас тээврийн хэрэгслийг ачиж зөөж тээвэрлэсэн зардалд нэхэмжлэгчээс хураасан 60,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Харин нэхэмжлэгч нь таксинд төлсөн 5,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 300,000 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн шаардлагын энэ хэсгийг буюу 305,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Х.О ийн гаргасан Хариуцагч компани ..... дүүргийн нутаг дэвсгэрт болон .... дүүргийн Юнеско-гийн гудамжинд үйл ажиллагаа явуулах хүрээ хязгаартай атал энэ хүрээнээс хальж үйл ажиллагаа явуулсан нь буруу тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэх дүгнэлтийг гаргасан нь зохигчдын тайлбар, нотлох баримтуудтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч Б.Т ХХК-иас 60,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 305,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Д аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Т ХХК-иас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

Ж.ЭРДЭНЭЧИМЭГ