Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1397

 

 2024         12         17                                      2024/ШЦТ/1397

        

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С овогт Гын Хд яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 04889 2468 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, М.......  ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо,...........  тоотод оршин суух хаягтай, Урьд

- Ховд аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгуулийн ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1445 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан.

С овогт Гын Х /РД:.................... /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч   ******* нь Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо, ..........  .......... тоот хашааны үүдэнд 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч

 Ц.Мтай зам тавьж өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 14 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мы өгсөн: “... Би өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд эхнэр Энхтуяагийн хамт гэр лүүгээ орох замдаа манай эхнэр хашааны хаалга онгойлгохоор машинаасаа буутал миний ард зогсож байсан .......... УЕА улсын дугаартай Приус маркийн машинтай үл таних залуу надад уурлаж “зам чөлөөлж өгсөнгүй” гэх шалтгаанаар уурлаж машинаасаа бууж над дээр ирсэн. Би машинаасаа буутал миний нүүр лүү нулимсан. Би тухайн залуу руу буцааж нулимтал тухайн залуу намайг газарт унагааж чирээд нүүр ам руу 2-3 удаа цохисон. Тухайн үл таних залуу гартаа чулуу барьсан байсан бөгөөд чулуутай гараараа миний дух хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгтэл миний духнаас цус гарч гоожсон. Би цусаа тогтоох гэж байтал тухайн залуу машинаа унаад зугтаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/

 Хохирогч Ц.Мы дахин өгсөн: “... Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ намайг зодсон хүний унаж явсан машины номерыг буруу хэлсэн байна. Сүүлд явж байгаад номерыг нь дахиж харсан .......... УЕО гэсэн дугаартай усан цэнхэр өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгсэлтэй хүн байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дахь тал/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12382 дугаар “Ц.Мы биед тархи доргилт, духанд няцарсан шарх, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 27-28 дахь тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 74-76 дахь тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

 Яллагдагч *******ы өгсөн: “Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-87 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь Ц.Мыг зам чөлөөлж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

             Шүүгдэгч   ******* нь Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо, ..........  .......... тоот хашааны үүдэнд 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ц.Мтай зам тавьж өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 14/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мы өгсөн: “Би машинаасаа буутал миний нүүр лүү нулимсан. Би тухайн залуу руу буцааж нулимтал тухайн залуу намайг газарт унагааж чирээд нүүр ам руу 2-3 удаа цохисон. Тухайн үл таних залуу гартаа чулуу барьсан байсан бөгөөд чулуутай гараараа миний дух хэсэг рүү 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 17-18/

 Хохирогчийн дахин өгсөн: “Сүүлд явж байгаад номерыг нь дахиж харсан .......... УЕО гэсэн дугаартай усан цэнхэр өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгсэлтэй хүн байсан” гэх мэдүүлэг, /хх 20/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12382 дугаар шинжээчийн дүгнэлт, /хх 27-28/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 74-76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хохирогч Ц.М гэмт хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: “Шүүгдэгч  ******* нь Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо, ..........  .......... тоот хашааны үүдэнд 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ц.Мтай зам тавьж өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул  шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.  Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгчээс гарах хэрэг хянан шийдвэрлэх ажллагааны зардалгүй байна.” гэв.

            Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан ухамсарлаж, өөртөө дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Гын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан 1,350,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.МӨНХТУЯА