| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/1384/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1399 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1399
2024 12 17 2024/ШЦТ/1399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Намуунзул,
улсын яллагч Ц.Сайнхүү /томилолтоор/
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О овогт Б-ын Бд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2406 03590 2187 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 52 настай, дээд боловсролтой, хэмжил зүйч мэргэжилтэй, стандартчилал хэмжил зүйн газарт улсын шалгагч ажилтай, ам бүл, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ...... дүгээр хороо,...................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
О овогт Б-ын Б /РД:............... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооллын гадна машины зогсоол дээр байрлуулсан байсан 3.Ө-ын эзэмшлийн Тоёота Ланд круйзер прадо загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараар цохиж хагалсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, /хх-ийн 7-8 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч 3.Ө-ын өгсөн: “... 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн орчим манай танил найз болох Б манай гэрт ирсэн тэгээд бид 2 манай гэрт 0.5л хэмжээтэй Агар нэршилтэй архи нэг, 2.5л хэмжээтэй Сэнгүр нэршилтэй пиво нэгийг хуваагаад уусан. Тэгээд 13 цагийн орчим манай нэг найз над руу залгаад бие муутай нэг найзыгаа эргэхээр болсон. Тэгээд би найз Байгалийн хамтаар гэрээсээ гараад явж байхдаа Ахмадын хорооллын зогсоолд байсан өөрийн ................ УБЗ улсын дугаартай Прадо 120 маркийн тээврийн хэрэгсэл дээрээ ирээд Бд хандан “энэ миний автомашин 2-лаа энэ автомашинаар энэ зун Архангай аймгийн Чулуут сумын 100 жилд явна” гээд ярьж байгаад би түрүүлээд алхаж байсан чинь ард гэнэт чанга чимээ гарах шиг болохоор нь харсан чинь Б миний автомашиныг өшиглөөд зогсож байсан тэгээд мөн миний автомашины хажууд байрны орцны засвар хийгээд зогсож байсан 2 залуу Байгалийг “та болиоч ээ, хүний машин өшиглөөд байх юм” гээд зогсож байсан. Тэгэхээр нь би буцаад очсон чинь миний автомашины урд талын салхины шилийг гараараа цохиод хагалчихсан байсан. Тэгсэн чинь тухайн 2 залуу “энэ автомашин таны автомашин мөн юм уу” гэж асуухаар нь “миний автомашин мөн түлхүүр нь энэ байна” гэтэл тухайн 2 залуу “таны автомашины салхины шилийг гараараа цохиод хагалж байгааг бид 2 хажууд нь хараад зогсож байсан. Бид 2 гэрчилнэ” гэж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дэх тал/
Гэрч Ч.Л-гийн өгсөн: “... Би тухайн үед Баянзүрх дүүргийн ахмадын хорооллын тоот санахгүй нэг байрны 2 дугаар орцонд засварын ажлыг хийж байхад өдрийн 14-16 цагийн орчимд нэг согтуу хүн тухайн байрны гадна зогсоол дээр байсан хар хөх өнгийн Ланд крузер маркийн машины урд талын салхины шилийг барьж гадуур хүрмээрээ саваад цохиод байхаар нь “болиоч хүний эд хөрөнгө эвдээд байхдаа яадаг юм” гээд хэлээд машиныг очиж харахад тухайн машины урд шил хагарсан байсан удалгүй эзэн нь гэх хүн ирэхээр нь явж ажлаа хийсэн ба орой нь машины эзэн камер шүүхээр ирэхэд нь би дугаараа өгсөн юм” гэх мэдүүлэг, / хх-ийн 83 дахь тал/
Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 31560182 дугаар “... автомашины урд салхины шил үнэлгээгээр тогтоогдсон дүн 330,000 төгрөг шууд бус зардал 20,000 төгрөг нийт 350,000 төгрөг гэх үнэлгээний тайлан, /хх-ийн 77 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч З.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийг хуулиар хориглоогүй, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Бын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА