Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0278/З |
Дугаар | 128/ШШ2017/0650 |
Огноо | 2017-09-04 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2017/0650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р.Л
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс /хуучнаар/
Гуравдагч этгээд: “М” ХХК
Гуравдагч этгээд: “К” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “... “М” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “*******” хотхоны ******* байрны ******* тоот автозогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, тус ******* тоот автозогсоолын улсын бүртгэлийг Р.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С , гуравдагч этгээд “Компани ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:
“... Р.Л миний бие 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “М" ХХК-тай 80 дугаартай “Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ”-г байгуулсны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “B ” хотхоны в байрны тоот орон сууцыг тус байрны зоорийн давхрын ******* тоот автомашины зогсоолын хамт захиалж, гэрээний үнийг бүрэн төлснөөр “М” ХХК-тай “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, орон сууц болон автомашины зогсоолыг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсан юм.
Улмаар “М” ХХК нь миний нэр дээр орон сууцны гэрчилгээг гарган өгсөн атлаа, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох материалыг өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт хандахад 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр надад “К” ХХК-ны барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй” гэсэн бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн, мөн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн Статистикийн Ерөнхий газарт гомдол гаргахад 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэх хариуг өгсөн.
Гэтэл “М” ХХК нь “К” ХХК-тай миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “В ” Хотхоны байрны ******* тоот автозогсоолыг надад огт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн бүртгүүлсэн нь “Иргэний хууль”-ийн 183 дугаар зүйлийн 183.3-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрх жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллага гаргах эрхтэй”, түүнчлэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.5-д: “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд “М” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “В" хотхоны байрны тоот авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Р.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Р.Л миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нэхэмжлэлийн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлдээ:
“... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х******* цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, б байрны зоорийн давхарын ******* тоот, 90 хувийн гүйцэтгэлтэй автозогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК /РД:2/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Y-2206 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0000*******080 тоот гэрчилгээ олгосон байна.
“К” ХХК-тай байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10599 тоот албан бичгээр “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х******* цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, а, б, *******, г тоот байруудыг битүүмжилсэн бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай хувийн хэрэгт Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.*******ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг хойшлуулсан тухай шүүгчийн захирамж хавсаргагдсан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х******* цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, в байрны зоорийн давхарын ******* тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг үндэслэн иргэн Р.Л дээрх авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг дараах үндэслэлээр буцаасан.
1. Уг орон сууц нь "М” ХХК /РД/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0000*******080 тоот гэрчилгээ олгогдсон байх тул “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно.
2. Шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно", “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн” тул мөн хуулийн 20.3, 20.5-д “ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
3. Уг эд хөрөнгө нь “К” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу “К” ХХК-иас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна.
Иймд иргэн Р.Л ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:
“...Иргэн Р.Л нь 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай 80А тоот “Орон орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “B ” хотхоны ******* байрны тоот, 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг ******* тоот автозогсоолын хамт худалдан авахаар харилцан тохиролцож төлбөр тооцоог 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж барагдуулсан, мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01754 дугаар шүүгчийн захирамжаар Р.Лийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “B ” хотхоны ******* байрны зоорийн давхарт байрлах ******* тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.
Иймд нэхэмжлэгч Р.Лийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “B ” хотхоны В байрны зоорийн давхарт байрлах ******* тоот автозогсоолын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.
Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:
“... Тус банк нь “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.
Мөн “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт;
2. 205 автомашины гараж;
3. 3 өрөө орон сууц, гаражийн хамт;
4. Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.
Мөн тус банк нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г “Ф” ХХК-тай байгуулж, “Ф” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд:
1. “М” ХХК-ийн өмчлөлийн Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, 00001******* тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн В тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;
2. “М” ХХК-ийн өмчлөлийн Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, 00004******* тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул. дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;
3. “М” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар;
Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд А, Б, В, Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр А,Б,В,Г дүгээр байрны 205 тоот автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан.
Тус банкны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнуүд юм.
Гэтэл “М” ХХК нь иргэн Р.Лтой 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 80 тоот “Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “B ” хотхоны А,Б,В,Г дүгээр байрны ******* тоот автозогсоолыг худалдсан байна.
Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Баръцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн баръцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ баръцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.61.2-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үурэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Р.Л нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/01754 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Р.Лийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М” ХХК-ийн өмчлөх эрхийг Р.Лид шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу “К” ХХК-иас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Р.Л нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана" гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Гэтэл нэхэмжлэгч Р.Л нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.
Иймд нэхэмжлэгч Р.Лийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судалж үнэлээд нэхэмжлэгч Р.Лийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “...”М” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, “*******” хотхоны ******* байрны ******* тоот автозогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, тус ******* тоот автозогсоолын улсын бүртгэлийг Р.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад “М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, “*******” хотхоны ******* байрны зоорийн давхрын ******* тоот авто зогсоолын Ү- дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр иргэн Р.Лийг бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолыг иргэн Р.Л*******ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” гэж тодруулжээ.
Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“М" ХХК-тай “Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ”-г байгуулж ...төлбөрийг бүрэн төлж, “Тооцоо нийлсэн акт” үйлдсэн..надад мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн бүртгүүлсэн...зээлийн барьцааны гэрээг байгуулах үед иргэд орон сууцандаа нүүн орж автозогсоолыг эзэмшиж эхэлсэн байхад барьцааны зүйлийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй..” гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
“М" ХХК болон Р.Л нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “B ” хотхоны в байрны тоот орон сууц болон тус байрны зоорийн давхрын ******* тоот автомашины зогсоолыг захиалан бариулж гэрээнд заасан үнийг 100 хувь төлсөн, улмаар нэхэмжлэгчээс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж бүртгүүлсэн, харин “М” ХХК нь авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байсан тул тэрээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1708 дугаар захирамжаар Р.Лийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон үйл баримтууд тогтоогдов.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Л нь маргаан бүхий ******* тоот авто зогсоолыг өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бүртгэлийн байгууллагад хандахад “... “М*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Кны барьцаанд байгаа...эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад 2016 оны 03 дугаар сарын 09-ний 6/2974 тоотоор “Кинд хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлгээ дахин гаргах боломжтой” талаар хариу мэдэгдсэн байна.
“М” ХХК нь нэхэмжлэгчийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж В байрны ******* тоот автозогсоолыг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт өмчлөлдөө бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсноор Ктай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, уг гэрээнд өөрчлөлт оруулсан 2007 оны 10 дугаар сарын 05, 2010 оны 4 дүгээр сарын 29, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг тус тус байгуулжээ.
Үүнээс үзвэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “B ” хотхоны ******* байрны ******* тоот автозогсоолыг барьцаалахаар “М” ХХК болон “К” ХХК-ны хооронд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Р.Лоос “М” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж тус тус зааснаас үзвэл маргаан бүхий ******* тоот автозогсоолын өмчлөгч нь нэхэмжлэгч Р.Л болохыг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон учир уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өөрчлөн бүртгэх боломжтой.
Гэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох, зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох Кны зөвшөөрлийг авах шаардлагатай.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “ улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж тус тус заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “B ” хотхоны В байрны ******* тоот автозогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан иргэн Р.Лийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч Р.Лоос, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Лоос, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс /хуучнаар/-т холбогдуулан гаргасан “...“М” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “*******” хотхоны ******* байрны ******* тоот автозогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, тус ******* тоот автозогсоолын улсын бүртгэлийг Р.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.Д