Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2025/00221

 

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 307/ШШ2025/00955 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2025/00056 дугаар магадлалтай

Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Э.М, М.Т, “Д” ХХК-д холбогдох

Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд нийт 70,277,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч хариуцагч М.Т, “Д” ХХК-ийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Э.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө, хариуцагч М.Т, “Д” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Э.М, М.Т, “Д” ХХК-д холбогдуулж эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд нийт 70,277,804 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 307/ШШ2025/00955 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Э.М-оос 2,270,000 төгрөг, хариуцагч “Д” ХХК-аас 2,270,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 65,737,804 төгрөгийн шаардлагыг болон хамтран хариуцагч М.Т-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 509,399 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М, “Д” ХХК-аас тус тус 43,795 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д, мөн шинжээчийн зардалд хариуцагч Э.М, “Д” ХХК-аас тус тус 550,000 төгрөг гаргуулж, “Хөрөнгийн үнэлгээ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2025/00056 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 04-ний өдрийн 307/ШШ2025/00955 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1, 229 дүгээр зүйлийн 229.1., 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Э.М-оос 10,625,495 төгрөг, хариуцагч “Д” ХХК-аас 10,625,495 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 49,026,814 төгрөгийн шаардлагыг болон хамтран хариуцагч М.Т-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...хариуцагч Э.М-оос 132,102, “Д” ХХК-аас 132,102 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д, мөн шинжээчийн зардалд хариуцагч Э.М, “Д” ХХК-аас тус бүр 550,000 төгрөг гаргуулж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Э.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, хэт нэг талыг барьж, хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т тус тус заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарч байна гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Нэхэмжлэгчээс 3 хариуцагчид холбогдуулан нийт 70,277,804 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба давж заалдах шатны шүүх хариуцагч иргэн М.Т-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй маргахгүй бөгөөд харин хариуцагч Э.М надаас гаргуулах төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Д.Э болон миний бие хариуцагч “Д” ХХК-ийн “А” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, Үйлдвэрийн районд байрлах авто зогсоолд амаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээг тус тус байгуулан, *** улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэл, *** улсын дугаартай, том оврын тээврийн хэрэгслүүдийг тус тус тавьдаг байсан бөгөөд 2024.12.14-ний өдөр уг гэрээний дагуу тээврийн хэрэгслүүдээ авто зогсоолд тавсан буюу хариуцагч “Д” ХХК-ийн хадгалалтад шилжүүлсэн байх үед *** улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Тиймээс Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э болон хариуцагч “Д” ХХК, хариуцагч Э.М миний бие болон хариуцагч “Д” ХХК нарын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу тээврийн хэрэгслүүдийг хариуцагч “Д” ХХК-ийн хадгалалтад шилжүүлсэн байх үед нэхэмжлэгчид хохирол учирсан. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6, 424 дүгээр зүйлийн 424.1-д заасан үүргийг хадгалагч буюу “Д” ХХК хүлээхээр байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Э-д учирсан хохирол нь хариуцагч миний үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаан холбоогүй гэж үзэхээр байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч надаас болон “Д” ХХК нараас тус бүр 10,625,495 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг Монгол Улсын Дээд шүүхийн 1997.12.12-ны өдрийн №473 дугаартай, “Гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаарх иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 327 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлцлийг ямар нэг байдлаар зөрчсөнтэй холбоогүйгээр үүсэх бөгөөд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор (хохирол), тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүснэ. Гэвч хуульд шууд заасан зарим тохиолдолд тухайлбал, орчин тойрондоо аюул учруулж болох зүйлээс хохирол учирсан бол хариуцагч гэм буруугүй байсан ч хариуцлага хүлээлгэнэ. 15 дахь заалтаар “Хуулийн 385 дугаар зүйлийн "хамтран гэм хор учруулсан бол" гэдгийг хоёр буюу түүнээс дээш тооны хүмүүс санаатай болон болгоомжгүйгээр хамтын үйлдлээр гэм хор учруулсныг ойлгоно. Хамтран гэм хор учруулсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар бүх үүрэг хүлээгчдийг эсхүл тэдний аль нэгийг хариуцагчаар татан оролцуулж гэм хорыг нөхөн арилгуулж байвал зохино.” гэж тус тус тайлбарласнаас өөрөөр хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Д.Э нь нэхэмжлэл гаргах эрхгүй буюу ХААН банкны эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхдээ тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчээс олгосон итгэмжлэлгүйгээр нэхэмжлэл гаргасныг давж заалдах шатны шүүхээс уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцэхгүй. Мөн давж заалдах шатны шүүх болон нэхэмжлэгчийн зүгээс хэдийгээр Хаан банктай 2022.03.31-ний өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу Хаан банкны нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.2, 235.4-т тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хаан банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэл захиран зарцуулах эрхгүй, өмчлөгчийн аливаа эрхийг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд тээврийн хэрэгслийг өөрийн хөрөнгө гэж үзэж, өөрийн дураар захиран зарцуулах эрхийг эдлэхгүй, гагцхүү хуульд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэлтэй этгээд уг эрхийг эдэлдэг. Цаашилбал практикт маш өргөн тохиолддог авто ослын улмаас даатгалын байгууллагаас даатгалын нөхөн төлбөр гаргуулах асуудалд тээврийн хэрэгсэл нь банк болон банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй тохиолдолд зөвхөн жолоочийн оролцоотойгоор бус зайлшгүй тээврийн хэрэгслийн эзэмшигчийн оролцоотойгоор шийдвэрлэгддэг, эсхүл даатгалын тохиолдол үүсээгүй гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохгүй байгаа асуудлаар шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэхэд мөн л тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэлтэй банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан нэхэмжлэл гаргах, эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэл гарган маргадаг билээ. Эдгээрээс үзэхэд уг асуудал нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал, магадлалын хянавал хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-т тус тус заасныг баримталсан байх ба үүнээс үзвэл гэм хорын хохирол болон гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол гэх ойлголтуудыг хамтад нэг маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээний үүрэг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд дээр дурдсанчлан нэхэмжлэгч Д.Э болон хариуцагч “Д” ХХК нарын хооронд байгуулсан хадгалалтын гэрээний харилцаанд хариуцагч Э.М миний бие ямар нэгэн үүрэг хүлээх үндэслэлгүй бөгөөд хариуцагч нарын хоорондын гэрээний харилцаа тусдаа асуудал болохыг дүгнэх шаардлагатай байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гэм хорын хохиролд тооцон хариуцагч нараас төлбөр гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2024.12.14-2025.01.14-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 26,244,704 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2022.04.01-2023.12.31-ний өдрийг хүртэлх 20 сарын хугацааны Хаан банкны дансны хуулгад үндэслэн шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчиж байна. Энэхүү дансны хуулгаас мөнгө дансанд орж байгаа ерөнхий мэдээлэл байхаас биш мөнгийг яг ямар зориулалтаар шилжүүлж байгаа гэдгийг тэрхүү дансны гүйлгээний утгаас тодорхойлох боломжгүй бөгөөд мөнгө шилжүүлж байгаа этгээд гүйлгээний утгаа өөрөө тодорхойлдог тул зээлж авсан мөнгөө буцааж өгөхдөө, орлого эсхүл тээврийн зардал гэх агуулгыг гүйлгээний утган дээрээ тавьсан ч байхыг үгүйсгэхгүй учраас орсон орлого бүрийг тээврийн ажлын хөлс гэж үзэх боломжгүй байхад давж заалдах шатны шүүхээс түүнийг дээрх хуульд заасан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Зүй нь олох ёстой байсан орлогыг үнэ зөв эргэлзээгүй нотлох боломжтой баримт нь тусгай мэдлэг бүхий этгээдээр хийлгэсэн, тодорхой тооцоо судалгаа, арга аргачлалын дагуу, мөн цаг үеийн нөхцөл байдал, цаг агаар, тээврийн хэрэгслийн өөрийнх нь үзүүлэлт гэх мэт маш олон зүйлийг харьцуулан үзсэний үндсэн дээр уг заасан хугацаанд хэдий хэмжээний орлого олох боломжтой вэ гэдгийг тогтоосон дүгнэлт байх ёстой байтал давж заалдах шатны шүүхээс хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлтийг хийж байна. Түүнчлэн зохигчдын хооронд үүссэн харилцааг ийнхүү гэм хорын хохирол гэх агуулгаар тодорхойлж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн эсэх асуудлаар дүгнэлт хийх шаардлагатай байсан. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар хохирол учирсан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Миг даатгал компаниар тээврийн хэрэгслийн бүтэн даатгал хийлгэсэн, даатгалын гэрээтэй байхад даатгалын байгууллагад огт хандаагүй, өөрөө цаг хугацаа алдаж, 3-5 хоногийн дотор засварлах, эсхүл кабинаа солиулах шаардлагатай зардлаа даатгалын байгууллагаасаа гаргуулан авах бүрэн боломжтой байсан, мөн нэхэмжлэгч Д.Э нь тээврийн хэрэгсэлд нь хохирол учирсан болохыг нүдээр харсан хэрнээ хохирлыг багасгах, нэмэгдүүлэхгүй байх талаар огт арга хэмжээ аваагүй болох нь шүүхээс үзлэг хийж баримтжуулсан камерын бичлэгээс тодорхой харагддаг, цаашлаад тухайн үед нь хариуцагч нарын зүгээс 5 хоногийн дотор засвар үйлчилгээг нь өөрсдийн зардлаар хийлгээд өгөх саналыг тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа нөхцөл байдлуудын талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Иймээс давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргаж байх тул шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.08.14-ний өдрийн 209/МА2025/00056 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Жич: Дээрх үндэслэлүүдээр хариуцагч миний зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль бус, бодитоор тогтоогдоогүй баримтад үндэслэж, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн надаас гаргуулахаар шийдвэрлэсэн асуудалд гомдолтой байгаа боловч нэхэмжлэгчид тодорхой хэмжээний хохирол учирсан асуудалтай маргахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй болно гэжээ.

5.Хариуцагч М.Т болон “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.06.04-ний өдрийн 307/ШШ2025/00955 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.08.14-ний өдрийн 209/МА2025/00056 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь “Д” ХХК-ийн эзэмшлийн автомашины дулаан зогсоолд сарын 600,000 төгрөгийн төлбөртэйгөөр амаар тохиролцон 2023.11 дүгээр сард буюу тухайн үйл явдлаас нэг сарын өмнөөс эхлэн нэг зогсоол эзэмшин Хово маркийн автомашинаа тавьсан байдаг. 11 дүгээр сарын төлбөр 600,000 төгрөгөө төлсөн, 12 дугаар сарын төлбөрөө төлөөгүй байсан бөгөөд 2023.12.14-ний орой автомашинаа байрлуулахдаа өөрийнхөө зогсоолд биш өөр байршилд Краны сумны доор оруулж байрлуулчхаад явсны улмаас краны сум Хово машины кабин дээр бууж хонхойлгосон байдаг. Маргааш нь буюу 2023.12.15-ны өдөр энэ тухай мэдээд краны өмчлөгч буюу энэ хэргийн хариуцагч Э.М нэхэмжлэгчтэй уулзаж 5,000,000 төгрөг шууд чамд өгье, эсвэл 1-2 хоногийн дотор засварлуулаад өгье гэхэд нь Д.Э зөвшөөрөөгүй. Энэ явдлаас 10 хоногийн дараа буюу 2023.12.26-ны өдөр Д.Э нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Э.М-д холбогдуулан гомдол гаргаж шалгуулсан ба Эрүүгийн хэрэг биш гэж 2023.01.03-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзсан тогтоол гарсан. 2024.01.11-ний өдөр буюу краны сум нэхэмжлэгчийн машины кабин дээр бууснаас 28 хоногийн дараа Д.Э нь краны жолооч Э.М болон авто зогсоолны эзэмшигч “Д” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э.М нь гэм хор учруулсан, “Д” ХХК-ийн хадгалалтын гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарлан Хово машины кабин солих зардал, кабин зассан зардал, олох байсан ашиг орлого нэхэмжилсэн. Д.Э нь “Д” ХХК нь осол болох өдөр буюу 2023.12.14-ний өдөр нэхэмжлэгчийг машиныхаа байршлыг өөрчлөх краны сумны доор байрлуулах талаар зөвшөөрөл өгөөгүй бөгөөд өөрөө дур мэдэн машинаа байрлуулсан гэдгээ нэхэмжлэлдээ тодорхой дурдсан, маргаан байхгүй үйл баримт байдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь олох байсан орлого гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн төдийгүй давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь 2023.12.15-ны өдөр хариуцагч Э.М-ын саналын дагуу түүнээс 5,000,000 төгрөг авах, эсхүл 1-2 хоногийн хугацаанд Э.М-оор машиныхаа кабиныг засварлуулж ажилдаа гарах бүрэн боломжтой байсан. Машинаа засварлуулахгүй хоног хугацаа алдсан явдал нь түүний өөрийнх нь сонголт байсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь Цагдаагийн байгууллагад хандах зэргээр 28 хоногийн хугацаа алдсаны дараа 2024.01.11 өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бүтэн сарын олох байсан орлого ашиг нэхэмжилсэн. Үүнийг нь анхан шатны шүүх тооцоолол буруу, нотлогдохгүй, үндэслэлгүй нэхэмжлэл гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэсэн нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн шийдвэр болсон. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Д.Э нь Улаанбаатар хот руу автомашинаа авч яваад нийт 7 хоног орчим хугацаа зарцуулан засварласан тухайгаа анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хэлсэн байхад бүтэн нэг сарын хугацааны олох байсан орлого ашиг гаргуулж шийдвэрлэхдээ яг хэднээс хэдний өдрийг хүртэлх хугацааг тооцож нэг сарын хохирол гаргуулсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн дансны хуулганаас харж түүвэрлэн олох байсан орлогыг тодорхойлсон гэж байгаа боловч магадлалд бичсэн тооцоолол нь ойлгомжгүй байна. Хариуцагч “Д” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн машиныг авто зогсоолдаа тавиулсан энэ харилцааг хөлслөх гэрээний харилцаа гэж маргасан боловч энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Шүүх магадлалын тогтоох хэсгийг танилцуулахдаа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очтол хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн заалт уншиж танилцуулсан боловч магадлалын тогтоох хэсэгтээ энэ заалтыг бичээгүй орхигдуулсан ноцтой зөрчил гаргасан байна. Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан хариуцагч Э.М, “Д” ХХК нарын харилцах дансны хуулгыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг бүтэн жилийн хугацаанд авхуулж хариуцагч нарыг багагүй хэмжээнд хохироосон бөгөөд энэ байдлыг Д.Э-д хэлж ойлгуулах, Д.Э хүсэлт гаргаж дансны зарлагын хөдөлгөөн зогсоох арга хэмжээг ч анхан шатны шүүхийн захирамжаар цуцалсан байдаг. Шүүх уншиж сонсгосон магадлалаасаа агуулгын хувьд өөр зөрүүтэй магадлал гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна“ гэх хуулийн шаардлагыг хангаагүй буюу олох байсан орлого ашгийг түүвэрлэн тооцсон аргачлалаа магадлалдаа бичээгүй, нэхэмжлэгчийн орлогоо алдсан 1 сарын хугацаанд хуанлийн ямар хугацаа хамаарч байгааг тодорхойлон бичээгүй байх тул энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүхэд буруу практик тогтоох үр дагавартай байна. Иймээс гомдолд дурдагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт “Д” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

6.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.19-ний өдрийн 001/ШХТ2025/01085 дугаар тогтоолоор хариуцагч М.Т, “Д” ХХК-ийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Э.М  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Хариуцагч М.Т болон “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Э.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

8.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Э.М, М.Т, “Д” ХХК-д  холбогдуулж эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд анх 60,141,600 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа засварын зардал, олох байсан орлогод нийт 10,136,204 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 70,277,804 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...”Д” ХХК-ийн захирал М.Т-той амаар тохирч, түүний эзэмшил, ашиглалтад байдаг автомашины зогсоолд өөрөө буулгагч ачааны автомашинаа сарын 600,000 төгрөгийн төлбөртэй тавьдаг байсан. Гэтэл 2023 оны 12 сарын 14-15-нд шилжих шөнө машинаа авто зогсоолд тавиад өглөө 07-08 цагийн үед очиход машины урд байсан *** улсын дугаартай Краны сум машины кабин дээр унаж, машинд гэмтэл учирсан. Машинаа тавихад ямар нэгэн анхааруулсан, хориглосон тэмдэг байгаагүй. Би уг машиныг 2022 онд шинээр нь 195,000,000 төгрөгөөр Хаан банкны зээлээр худалдаж авсан байсан ба энэ нь хэрэглээнд унадаг биш, өрх гэрийн амьдралыг тэжээдэг, ашиг орлого олдог ажлын багаж юм. Энэ машиныг оруулж ирдэг 1 л компани байдаг. Кабин солиход 35,357,600 төгрөг, ажилд гараагүй 1 сар, 4 хоногийн олох байсан орлого 26,244,704 төгрөг, 2024.01.06-ны өдөр машинаа хот руу авч явж засварлуулахад гарсан шатахууны зардал 885,500 төгрөг, урд шил 600,000 төгрөгөөр авч солиулсан, засварын хөлсний урьдчилгаа 1,800,000 төгрөг, үлдэгдэл 3,200,000 төгрөг, будгийн үнэ 315,000 төгрөг, нотариатын зардал 58,000 төгрөг, үнэлгээний тайлан гаргуулсны төлбөр 1,817,000 төгрөг, нийт 70,277,804 төгрөгийн хохирол учирсан” гэж тайлбарлажээ.  

Хариуцагч Э.М нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргахдаа “...Кабиныг шинээр солих шаардлага байхгүй, Д.Э-тэй адил “Д” ХХК-ийн авто зогсоолд машинаа тавьдаг байсан ба би кранисттай, кранист машинаа байрлуулдаг. …урдуур хойгуур машин орж гарах учраас сумаа өргөж тавь гэдэг байсан. …өмнөх өдрүүдэд ч краны сум өргөөтэй байгаа нь баримтаар харагдаж байгаа. Тухайн өдөр их цочир хүйтэрснээс болж краны гидер царцсан гэж үзэж байгаа. Тэгэхээр авто зогсоолийн  галлагааг муу хийсэн гэж үзэж байгаа учраас миний буруу биш. Д.Э-ийг даатгалаа дууд гэхэд дуудахгүй байсан. Дарханд үнэлгээгээр ороход кабиныг солих шаардлагагүй гэсэн, гэтэл өөрөө хот яваад солиулахаар дүгнэлт гаргуулсан байгаа. Тэгээд дахиад үнэлгээ гаргуулахад кабиныг солих шаардлага байхгүй гэсэн. Үүнээс үзэхэд 5,000,000 төгрөгөөр засуулсан, 315,000 төгрөгөөр будаг авсан байна. Миний анхны хэлж байсан үнэлгээ үнэн болж байна. Анх 6,000,000 төгрөг өгье гэхэд зөвшөөрөөгүй. Тухайн автомашин Хаан банкны өмчлөлд бүртгэлтэй байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх дээр маргаантай. Хувиараа хөдөлмөр эрхэлж, тээвэр хийж орлого олох нь маш олон хүчин зүйлээс хамаарч сар бүр өөр байх тохиолдол их байдаг ба нэг сард 23,190,171 төгрөг олдог, үүнийгээ алдлаа гэдгийг дансны хуулганаас тодорхойлох боломжгүй. Машин засварлахтай холбоотой зардлууд гарах нь тодорхой боловч баримттай байх ёстой” гэжээ.

Хариуцагч “Д” ХХК болон М.Т нарын гаргасан хариу тайлбарт “… Д.Э нь тухайн өдөр өөрийнхөө жижиг машиныг унаж ирээд өөр хүний зогсоол дээр тавиад, том машинаа унаад гарсан юм билээ. Үүнийг энэ хүмүүс ойлгохдоо Д.Э том машинаа аваад уг зогсоол дээр жижиг машинаа тавиад явсан гэж ойлгоод байна. Утсаар нь залгахаар утсаа аваагүй тул Д.Э-ийн жижиг тэргээ тавьсан зогсоолын жолооч том машинаа Д.Э-ийн зогсоолд тавьсан нь харагдана. Түүний дараа Д.Э нь краны сумны доор том машинаа тавиад явсан байдаг. Маргааш өглөө нь 07.15-д Д.Э авто зогсоолд орж ирээд түүний машин дээр краны сум унасан байгааг харсан боловч зогсоох талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр орхиж явсан. Тухайн үед урд шил хагараагүй байсан. Хохирол нэмж учрахаас өөрөө сэргийлээгүй буюу хохирлыг багасгах арга хэмжээ аваагүй, тэрээр өөрийн зогсоолдоо машинаа тавьсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй,  түүнээс өөр краны сумны доор машиныхаа кабиныг байрлуулж байсан тохиолдол байхгүй. Д.Э нь өөрийн буруутай үйлдлээс өөртөө хохирол учруулсан тул хохирлыг хариуцахгүй. Түүнчлэн Дарханд засварлах боломжтой байхад өөрөө Улаанбаатар хот руу явж гарах ёсгүй зардал гаргаж, олох ёстой байсан орлого нь урт хугацаанд ороогүй гэж үзвэл Д.Э өөрөө хугацаа алдаж хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,540,000 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч Э.М, “Д” ХХК-аас тус тус тэнцүү хуваан гаргуулж, үлдэх хэсэг болох 65,737,804 төгрөг болон хариуцагч М.Т-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх дүгнэхдээ “… хариуцагч Э.М-ын эзэмшлийн краны сум унасны улмаас нэхэмжлэгч Д.Э-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Э.М тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Э, “Д” ХХК-ийн  хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн байна. Хэрэгт авагдсан баримтаар тухайн краны сум шөнийн турш аажмаар доошилсоор нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн кабины дээр буусан байдал тогтоогдож байгаа бөгөөд “Д” ХХК нь цаг хугацааны хувьд шаардлагатай арга хэмжээг авах боломжтой байсан атлаа аваагүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагч Э.М, “Д” ХХК нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Д.Э-тэй байгуулсан фидуцийн гэрээгээр тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд эзэмшигчээр Хаан банк бүртгэгдсэн байгаа нь Д.Э-ийн эд хөрөнгийн талаарх өмчлөгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй, тэрээр эд хөрөнгөд учирсан хохирол шаардах эрхтэй. “Т” ХХК-аар үнэлгээний тайлан гаргуулсны хөлс 1,767,000 төгрөг, нотариатын зардалд 58,000 төгрөг, урд шилний үнэд 600,000 төгрөг,  будгийн үнэ 315,000 төгрөг, засварын хөлс 1,800,000 төгрөг, нийт 4,540,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул үүнийг хариуцагч Э.М, хариуцагч “Д” ХХК-д тэнцүү хувааж хариуцуулна. Харин тээврийн хэрэгслийн кабиныг зайлшгүй солих шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйн зэрэгцээ кабин солиулах болон засуулсан зардлыг давхардуулан шаардах үндэслэлгүй. Олох байсан орлого 26,244,704 төгрөг гаргуулах шаардлагын нотлох баримтаар 2023.04.01-2024.01.04-ний өдрийг хүртэлх хугацааны банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүхий эдийн орлогын падаан, зарлагын баримтууд, бараа материалын орлогын падаан, “Ө” ХХК-ийн тээврийн хөлсний бүртгэлийн баримтуудыг ирүүлсэн нь цаг хугацааны хувьд 2023 он буюу өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын хөлстэй холбоотой байх тул олох байсан орлогын шаардлагыг хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. М.Т нь “Д” ХХК-ийг шууд төлөөлөх эрх бүхий этгээд биш буюу гэрээний нэг тал биш учраас үүрэг хүлээх үндэслэлгүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгоно” гэжээ.

10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор  хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Магадлалд “... талуудын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв боловч уг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг дутуу хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан дүгнэлтэд эвдрэл учирсан автомашины кабиныг солих шаардлагагүй гэж үзсэн байх тул анхан шатны шүүх хариуцагч нараас 4,540,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч олох байсан орлогын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд 2022.04.01-2023.12.31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч Д.Э-ийн эзэмшлийн ХААН банкны ...дансанд нийт 777,504,016.94 төгрөгийн орлого орсон бөгөөд тухайн орлогуудын зарим хэсэг нь тээврийн хөлс, хүдэр тээвэр өглөг, цемент тээвэр, будаа тээвэр гэсэн утгатайгаар гүйлгээ хийгдсэн. Гүйлгээний утгуудаас харахад нэхэмжлэгч нь  өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Dayun маркийн өөрөө буулгагч автомашинаар ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг ба хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас түүний автомашинд эвдрэл гарч, үйл ажиллагаа эрхлэх боломжоо тодорхой хугацаанд алдсан байна. Нэхэмжлэгч Д.Э-ийн 1 сарын хугацаанд дунджаар хэдэн төгрөгийн орлого олж байсныг тогтоохын тулд түүний ХААН банкны дансны хуулгаас үзэхэд 2023 онд ачаа тээвэртэй холбоотой нийт 255,091,883 төгрөгийн орлого орсон байх ба үүнээс өөр машинаар тээвэр хийж олсон болон хово, урьдчилгаа түлш төлбөр зэрэг утгатай гүйлгээний  54,560,000 төгрөгийг хасахад 200,531,883 төгрөг буюу тэрээр 1 сард дунджаар 16,710,990 орлого олж байжээ. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн автомашинд гэм хор учирсан асуудалд буруугүй гэдгээ нотолж чадаагүй, нэхэмжлэгч нь 1 сарын хугацаанд ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж чадаагүй гэж тайлбарласныг няцааж чадаагүй учир 1 сарын хугацаанд олох байсан дундаж орлого болох 16,710,990 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй. Иймд нийт 21,250,990 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулна.” гэж дүгнэсэн.

11.Хариуцагч М.Т болон “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Э.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

12.Талууд хэний буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн автомашинд хохирол учирсан, хэдий хэмжээний хохирол бий болсон, улмаар автомашины кабиныг зайлшгүй солих шаардлагатай эсэх нь маргааны зүйл болсон байна.

13.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна.

13.1.Нэхэмжлэгч Д.Э нь “П” ХХК-аас техник худалдах-худалдан авах 2022.03.28-ны өдрийн гэрээгээр Dayun маркийн өөрөө буулгагч 280 мотортой, техникийг 195,000,000 төгрөгөөр худалдан авахдаа 156,000,000 төгрөгийн зээлийг Хаан банкнаас авч, тус техникээ 2022.03.31-ний өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу Хаан банкны нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн байна. Харин Дархан-Уул аймгийн автотээврийн газраас ирүүлсэн лавлагаагаар *** улсын дугаартай Zoomlion маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хариуцагч Э.М байна.

Хариуцагч “Д” ХХК нь “А” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байх хугацаандаа авто зогсоолийн зориулалтаар бусдад түрээслэх үйл ажиллагаа явуулж байсан ба тухайн авто зогсоолд нэхэмжлэгч Д.Э болон хариуцагч Э.М нар нь өөрсдийн тээврийн хэрэгслийг хариу төлбөртэй байршуулах хэлцлийг “Д” ХХК-тай аман хэлбэрээр хийсэн байна.   

13.2.2023 оны 12 сарын 14-нд шилжих шөнө нэхэмжлэгч Д.Э-ийн эзэмшлийн *** улсын дугаартай Dayun маркийн ачааны автомашины кабин дээр хариуцагч Э.М-ын эзэмшлийн краны сум бууж, эвдрэл бий болсон ба хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтууд болон камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлүүдээр тухайн краны сум шөнийн турш аажмаар доошилсоор нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн кабины дээр буусан байдал тогтоогдож байна.

13.3.2024.01.03-ны өдрийн 8 дугаартай Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор ослын талаарх нэхэмжлэгч Д.Э-ийн гаргасан гомдлыг шалгаад, түүний эзэмшлийн *** улсын дугаартай Dayun маркийн өөрөө буулгагч автомашин эвдэрч, хохирол учирсан нөхцөл нь зөрчлийн шинжгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнээд гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

13.4.Шүүхээс томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтэд “... Э.М-ын *** улсын дугаартай краны сумны дэгээ, подвес унасны улмаас *** улсын дугаартай Dayun брэндийн өөрөө буулгагч 380 мотортой ачааны автомашины кабины дээд орой хонхойсон байна. Дээврийн төмөр хийц нь урагдаж цоороогүй байна. Иймд кабиныг засварлах боломжтой. Эвдэрч гэмтсэн эд зүйлийг солихгүйгээр кабиныг сайн засварлах тохиолдолд тухайн автомашины чанар болон элэгдэл хорогдлын хувьд өөрчлөлт гарахгүй. ... Автомашин ачаа тээх чадвар, даац, тээвэрлэх хурд зэрэгт нөлөөлөх гэмтэл биш учир сайн засварласан тохиолдолд эд хөрөнгийн ашигтай байдал, чанар, үр дүн алдагдахгүй” гэжээ.

13.5.Хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар 2022.04.01-2023.12.31-ний өдрийг хүртэл Д.Э-ийн эзэмшлийн ХААН банкны ... хугацаагүй хадгаламжийн дансанд 520,539,773.94 төгрөг орлого, ... харилцах дансанд 256,964,243 төгрөг, нийт 777,504,016.94 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн ба үүний зарим хэсэг нь тээврийн хөлс, хүдэр тээвэр өглөг, цемент тээвэр, будаа тээвэр гэсэн утгатай.

14.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа кабин солиулах үнэ 35,357,600 төгрөг, кабиныг засварлуулахад гарсан зардалд урд шил шинээр авахад 600,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг, будгийн үнэ 315,000 төгрөг, Улаанбаатар хот руу машинаа засуулахаар авч явахад гарсан шатахууны зардал 885,500 төгрөг, олох байсан орлого 26,244,704 төгрөг, нотариатын зардал 58,000 төгрөг, үнэлгээний тайлан гаргуулсны төлбөр 1,817,000 төгрөг, нийт 70,277,804 төгрөг гэж тодорхойлсон байх бөгөөд хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нараас нийт 12,176,330 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

15.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас автомашины засварын зардалд нийт 4,540,000 төгрөгийн шаардлагыг хангасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Харин олох ёстой орлого гаргуулах шаардлагаас нэхэмжлэгчийн нэг сард олох байсан орлого гэж 16,710,990 төгрөгийг хариуцагч “Д” ХХК, Э.М нараас ижил хэмжээгээр гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хариуцагч нар эс зөвшөөрч, талуудын хооронд Иргэний хуульд заасан ямар гэрээ байгуулагдсан болон хариуцагч нараас гаргуулах хохирлын хэмжээг үндэслэлгүй тооцсон гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. 

16.Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзсэн байна. Гэвч энэ төрлийн гэрээ дангаар байгуулагдсан гэж дүгнэхээргүй байна.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д “Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ” гэж, 422.2-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ” гэж, 424 дүгээр зүйлийн 424.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө” гэж,  422 дугаар зүйлийн 422.3.6-д “хадгалагч нь хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэгтэй” гэсэн зохицуулалттай.

Түүнчлэн Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, талуудын харилцан хүлээсэн эрх, үүргийн хүрээнд дүгнэхэд хадгалалтын ба эд хөрөнгө хөлслөх гэрээний аль аль шинжийг агуулсан буюу Иргэний хуульд заасан холимог гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж заасан байх бөгөөд гэрээг бичгээр байгуулаагүй боловч хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, талуудын хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс  үзвэл хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээ гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй, 424 дүгээр зүйлийн 424.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК хариуцлагыг хүлээх үүрэгтэй гэж дүгнэснийг нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Харин хариуцагч Э.М “…тухайн өдөр их цочир хүйтэрснээс болж краны гидер царцсан гэж үзэж байгаа. Тэгэхээр авто зогсоолын галлагааг муу хийсэн гэж үзэж байгаа учраас миний буруу биш” гэсэн агуулгаар маргасан боловч энэ тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул хоёр шатны шүүх түүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзсэн нь зөв байна.

17.Анхан болон давж заалдах шатны шүүх автомашины засварын зардалд 4,540,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан нь үндэслэлтэй, хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн олох байсан орлоготой холбоотой гаргасан шаардлагын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, зохигчдын нотлох үүргийн хуваарилалтад учир дутагдалтай дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх залруулах боломжтой гэж үзлээ.

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн автомашиныг ашиглаж чадаагүй буюу олох ёстой байсан орлогоо алдсан хугацааг осол гарсан өдрөөс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тооцож, 1 сар 4 хоног гэж тодорхойлсон бол хариуцагч нар “...7-10 хоногийн дотор засах боломжтой байсан, 10 хоногт засаад өгье гэсэн саналыг хүлээж аваагүй, ...өөрөө машинаа хот руу авч явснаас хохирлын хэмжээ нэмэгдэхэд хүрсэн” гэсэн үндэслэлээр маргасныг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй буюу засвар хийхэд зайлшгүй 1 сар 4 хоног шаардлагатай байсан тухай баримт гаргаагүй. Түүнчлэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтэд “...кабиныг засварлах боломжтой. Автомашин ачаа тээх чадвар, даац, тээвэрлэх хурд зэрэгт нөлөөлөх гэмтэл биш” гэсэн байх тул энэ хугацааг хариуцагч нарын тайлбарт үндэслэн 10 хоногоор тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нийцнэ.

Харин нэхэмжлэгч Д.Э нь нэг өдөрт дунджаар 763,633 төгрөгийн орлого олдог гэсэн тайлбар гарган, банкны харилцах дансны хуулгуудыг гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн ч баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул  орлого олох боломжоо алдсан хугацааг дээр дүгнэсэн 10 хоногоор тооцож, нийт 7,636,330 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.  

Иймээс засварын зардалд нэхэмжлэгчийн гаргасан 4,540,000 төгрөг, олох ёстой орлого 7,636,330 төгрөг, нийт 12,176,330 төгрөгийн хохирлыг хариуцагч Э.М, “Д” ХХК нарт ижил тэнцүү хариуцуулж, хариуцагч тус бүрээс  6,088,165 төгрөг гаргуулах өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд оруулна.

18.Хариуцагч М.Т болон “Д” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд “...шүүх уншиж сонсгосон магадлалаасаа агуулгын хувьд өөр зөрүүтэй магадлал гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна“ гэх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн боловч энэ талаар ямар нэгэн баримтыг хавсарган ирүүлээгүй байна. Иймээс энэ гомдол үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан нөхцөл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2025/00056 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 307/ШШ2025/00955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1, 229 дүгээр зүйлийн 229.1., 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Э.М-оос 6,088,165 төгрөгийг, хариуцагч “Д” ХХК-аас 6,088,165 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,101,474 төгрөгийн шаардлага болон хамтран хариуцагч М.Т-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Э.М, “Д” ХХК-аас тус тус 43,795 төгрөг” гэснийг “хариуцагч Э.М, “Д” ХХК-аас тус тус 112,361 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.Т, “Д” ХХК-ийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Э.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 133,702 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 186,558 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Н.БАТЧИМЭГ                                                                                         

                                                                      Н.БАЯРМАА

Д.ЦОЛМОН