Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/шш2021/02511

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанб хот, ... дүүрэг 3 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод орших суух, Б овогт А.З /РД: ..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанб хот, ... дүүрэг, 3 дугаар хороо, ... байр, ... тоот хаягтай, Б овогт Г.Ө /РД: .../-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , хариуцагч Г.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.З гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие А.З 2007 онд Г.Ө тай танилцаж, улмаар 2008 оноос хойш хамтран амьдарсан. Бид 2009 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр албан ёсоор Иргэний бүртгэлийн байгууллагын гэр бүлийн бүртгэлд, гэрлэлт бүртгэлийн .... дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. Биднийг хамтран амьдрах хугацаанд .... оны 06 дугаар сарын 09-ны өдөр охин Ө.Х... мэндэлсэн. Охин маань одоо ... настай. Г.Ө бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа жижиг сажиг асуудлаас болж маш их маргалддаг байсан. Мөн бидний гэр бүлийн суурь хүмүүжил биднийг маргалдахад хүргэдэг байсан. Тиймээс Г.Ө тай цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзээд 2016 онд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Г.Ө ийн зүгээс эвлэрэх саналыг тавихад гэрлэлт цуцлуулмааргүй байна гэхээр нь түүнд нэг удаа боломж олгосон. Мөн бидний дундаас төрсөн охин Ө. Х...ын ирээдүйг харгалзан үзэж эвлэрээд хамтран амьдрахаар болсон. Түүнээс хойш мөн л жижиг сажиг асуудлуудаас болж маргаж, хамтран амьдрах боломжгүй юм байна гэж үзээд 2017 оны 01 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд охин Ө.Х... нь миний асрамжид өсч хүмүүжиж байна. Г.Ө ийн хувьд гэх юм бол сүүлийн 4 жилийн хугацаанд охинтойгоо болон надтай ямар нэгэн байдлаар огт холбоо бариагүй. Мөн охинтойгоо уулзаж анхаарал халамж туслалцаа дэмжлэг огт үзүүлж байгаагүй. Охиноо авъя гэж хандаж байгаагүй. Г.Ө бид хоёрын хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие өөр хүнтэй хамтын амьдрал зохиож хүүхэд төрүүлсэн. Хүүхэд маань 6 сартай, мөн тус шүүхийн эвлэрүүлэн зуучид хандаад бид хэн аль нь эвлэрээд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Тиймээс Г.Ө тай хамтран амьдрах боломжгүй учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Ө.Х...д эцэг Г.Ө аас хүүхдийн тэтгэлэг авахаар нэхэмжилсэн боловч харилцан тохиролцоод тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно гэв.

 

Хариуцагч Г.Ө ийн шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зөвшөөрч байна. Бид тусдаа амьдраад 3 жил гаран болсон. Тэр хугацаанд манай эхнэр өөр хүнтэй сууснаас гадна хүүхэдтэй болсон байна. Миний хувьд ямар нэгэн тийм асуудал байхгүй байгаа. Тодорхой хэмжээний харилцах харьцаанд ар гэрийн асуудал үүсдэг байсан. Биднийг уулзуулах боломжгүй гэдэг ч юм уу тийм асуудлууд байдаг байсан. Одоо бол нэгэнт асуудал ийм болсон учраас би гэрлэлт цуцлуулахыг нь зөвшөөрч байна. Цаашдаа өөрийнхөө хүүхдийг халамжлаад аваад явах болно гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.З нь хариуцагч Г.Ө т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.З , хариуцагч Г.Ө нар 2007 онд танилцан, 2008 оноос хамтран амьдарч, 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, .... оны 06 дугаар сарын 11-ны өдөр охин Ө.Х...ыг төрүүлсэн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн батлах, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Ө нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн. Зохигчид эд хөрөнгөний талаар болон хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч А.З , хариуцагч Г.Ө нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь охин А.Х...д эцэг Г.Ө аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт А.З /РД: ..../, Б овогт Г.Ө /РД: .../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.З нь хариуцагч Г.Ө т холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Зохигчид эд хөрөнгөний маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР