| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/01979/И |
| Дугаар | 102/шш2021/02046 |
| Огноо | 2021-08-25 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 102/шш2021/02046
| 2021 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2021/02046 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 14 дүгээр хороо, ..... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, Б... овогт П.Э /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, .... гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, О... овогт Л.Б /РД: .../-д холбогдох,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А..., Б.М..., хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Э ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б...ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Л.Б той 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө борлуулах гэрээ байгуулж Л.Б ийн өмчлөлийн ... дүүргийн 19 дүгээр хороо, ... гудамж, ..-А тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-.... дугаартай 672.49 м.кв талбай бүхий Оджин цэцэрлэг боловсрол, сургалтын барилгыг ....дугаартай 2500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн хамт 1,800,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчилж төлөхөөр тохирсон. Ингэхдээ анх 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэрээний төлбөр төлөх хугацааг 3 жил гэж амаар тохирсон боловч үйл ажиллагаа эхлэх хугацаанд гэрээ байгуулъя гэж тулгаж түр гэрээ байгуулж, эхний ээлжинд 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 300,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 70,000,000 төгрөг тус тус төлсөн. Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, тухайн барилгыг цэцэрлэгийн үйл ажиллагааны чанар стандартад нийцүүлэн засварлаж, хөрөнгө оруулалтыг хийсэн. Учир нь уг барилгыг хүлээж авах үед чанар байдлын хувьд хуучирч муудсан, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх маш муу материалаар баригдсан тул их засвар хийсэн. Үүний улмаас өмнө төлөвлөж байснаас илүү маш өндөр зардал гарсан тул тухайн барилгын үнийг төлөхөд хүндрэл учирсныг өмчлөгч Л.Б нь мэдэж байгаа. Гэтэл Л.Б нь гэрээ хүчин төгөлдөр байсаар байтал надад мэдэгдэлгүйгээр тухайн цэцэрлэгийн барилгыг газар эзэмших эрхийн хамт бусдад зарж борлуулан, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан эд хөрөнгүүдийг эвдэлж, хэмхэлж, алга болгосон үйлдэл гаргасан. Л.Б ийн энэ хууль бус үйлдлийг үл тэвчиж миний бие хуулийн байгууллагад хандсан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад Л.Б нь энэ асуудпыг эвийн журмаар шийдвэрлэж асуудлыг дуусгая гэж гуйсан. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бид эвлэрлийн гэрээ байгуулж Б нь миний түүнд анх төлсөн 370,000,000 төгрөг дээр санхүүгийн хүндрэлд туслалцаа болгож 30,000,000 төгрөгийг нэмж нийт 400,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлөх-өөр тохиролцсон бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээгээр зөвхөн миний өмнө төлсөн төлбөрийг л буцааж төлсөн болно. Гэвч тухайн барилгыг цэцэрлэгийн үйл ажиллагааны чанар стандартад нийцүүлэн засварлаж, хөрөнгө оруулалт хийн засан сайжруулсан байтал энэ талаар гэрээнд огт дурдаагүй. Иймд ... дүүргийн 19 дүгээр хороо, ... гудамж, ..-А тоотод байрлах 672.49 м.кв талбай бүхий Оджин цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын барилгын засварын зардалтай холбоотой нийт 95,131,940 төгрөгийг хариуцагч Л.Б оос гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн. Дээрх барилгад засварын зардалтай холбоотой баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 227,068,902 төгрөгөөр нэхэмдүүлж, нэхэмжлэлийн нийт шаардлагаа 322,200,842 төгрөг болгож байна. Үүнээс үүнээс ажлын хөлс буюу ажил гүйцэтгэх гэрээний дагуу 242,084,542 төгрөг нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, харин засвар үйлчилгээтэй холбоотой зардал 80,116,300 төгрөг, нийт 322,200,842 төгрөг болж байгаа юм. Эдгээр зардлууд нь барилгыг хүлээж авсан 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс барилгыг буцааж хүлээлгэж өгсөн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл гарсан зардлууд юм.
Хөх орон төслийг анхнаасаа мэдэгдээгүй хариуцагч тайлбарлаж байна. П.Э ийн хувьд засвар үйлчилгээ явуулах талаар анхнаасаа хариуцагч нарт мэдэгдэж байсан байдаг. Энэ барилга нь бодит байдал дээр агааржуулалт байхгүй, сантехник муутай, завсар үйлчилгээ огт хийгдээгүй, бохир нь үнэртсэн, ямар ч хэвийн ажиллагаа явуулах боломжгүй байр байсан гэдгийг гэрч нар хэлдэг. Мөн үнэхээр тийм тохижилттой цэцэрлэг байсан бол засвар хийхгүй байх байсан гэж харж байна. Хариуцагч нарын зүгээс бол П.Э ийг үйл ажиллагаа явуулах боломжоор бүрэн хангаж өгөөгүй, анхнаасаа тамга тэмдэг өгөөгүй, цэцэрлэгийн дансаар үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байдалд байлгаж байсан байдаг. Цэцэрлэгийн эрхлэгчээр хариуцагч Б ийн эхнэр О... гэдэг хүн ажиллаж байсан. Байраа хүлээлцээгүй байхдаа Л.Б ийн зүгээс маш олон хүмүүс очоод хаалга үүдийг эвдээд дотор нь байсан П.Э ийн эд хошил, үйл ажиллагаа явуулж байсан зүйлсийг эвдэж сүйтгэж гаргаж хаясан байдаг. Монгол гэрүүдийн хувьд ямар ч зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл газар болон барилгыг гэрээ байгуулаад худалдаад авчихсан. Ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг анхнаасаа хэлж тохиролцоод ажил эхлэсэн байдаг. П.Э ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад хариуцагч Л.Б гуайтай уулзаад энэ асуудлыг эвлэрлийн журмаар шийдүүлэх хүсэлтэй байна гээд удаа дараа ярих гэж үзсэн боловч утсаа авахгүй, уулзахгүй байна гэдэг тайлбарыг өмгөөлөгч нарт хэлж байсан.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд, Талуудын хооронд анхнаасаа түрээсийн гэрээ үүсээгүй, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээн дээр хэрвээ хөрөнгийг ашигласан тохиолдолд түрээсийн журмаар тооцно гэсэн зохицуулалт ч байхгүй. Ашиглуулсан түрээсийн төлбөр тооцох талаар гэрээ болон бусад байдлаар тохиролцоогүй, тийм учраас энэ түрээсийн төлбөрийг бол олох ёстой байсан орлого гэж үзэхгүй байна. Л.Б ийн хувьд бол энэ цэцэрлэгийг түрээсэлж байгаагүй, ашиг олж байсан баримт байдаггүй. Өмнө нь 2014 онд үйл ажиллагаа явуулж байсан байдаг. 2015 онд үйл ажиллагаа явуулж байгаагүй, өөрсдөө ямар баримтад үндэслээд олох ёстой байсан орлого гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн 30,000,000 сая төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр нэхсэн байгаа. Талууд 2017 онд цагдаа дээр очоод эвлэрлийн гэрээгээр худалдах худалдан авах гэрээний харилцаагаа дуусгавар болгоод, өмнө өгсөн авсан зүйлээ буцаагаад шилжүүлсэн байгаа. Тэгэхээр энэ 370,000,000 төгрөг дээр нэмээд санхүүгийн хүндрэлд туслалцаа болгож 30,000,000 төгрөгийг нэмж олгоод 400,000,000 төгрөгийг өгч гэрээний харилцаа дуусгавар болсон гэж өгсөн учраас энэ худалдах худалдан авах гэрээний ажиллагаа дууссан гэж үзэж байна. Нэгэнт дуусгавар болсон харилцааны төлбөрийг буцаагаад нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгэхээр энэ 30,000,000 төгрөгийг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн татвар болон ашиглалтын зардал гээд нийт 17,018,819 төгрөг нэхэмжилсэн. Эндээс харахад сөрөг нэхэмжлэлийн тайлбараас үзэхэд 2 монгол гэр ачилтын 3,000,000 төгрөг гээд байна. Үнэхээр 3,000,000 төгрөг гарсан эсэх талаар баримт нь хэрэгт байхгүй. Энэ ашиглалтын болон нийгмийн даатгалын зардалтай холбоотой, цэцэрлэг болон сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд төрөөс хувьсах зардал олгодог юм билээ. Энэ цэцэрлэгийн тухайд тухайн цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдийн тоогоор хувьсах зардлыг олгодог. Тэгэхээр 2015, 2016, 2017 оны хичээлийн жилүүдэд төрөөс олгосон хувьсах зардлыг А.О..., Л.Б нар өөрсдөө хүлээн авч захиран зарцуулж хэрэглэж байсан байдаг. П.Э ийн хувьд энэ хувьсах зардлыг огт авч байгаагүй, яагаад гэхээр цэцэрлэгийн тамга тэмдэг байхгүй, тамга тэмдэг ашиглаж байгаагүй учраас хувьсах зардлыг ашиглаагүй. Энэ цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьсах зардлаараа ажилчдынхаа нийгмийн даатгал, татвар, ашиглалтын зардлыг төлж явдаг байгаа. Энэ зардлуудыг тухайн хувьсах зардлаасаа Л.Б төлсөн гэж үзэж байна. Иймд ямар ч баримтгүй, үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А..., Б.М..., хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б... нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай гэр бүлийн хувьд аав, ээж хоёр маань олон жилийн хугацаанд их, дээд сургуулийн үйл ажиллагаа явуулж ирсэн. 2012 онд бид нар ... дүүргийн 19 хороонд байрлах, 672.49 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөдөө цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулья гэдэг шийдвэрийг гэр бүлээрээ гаргасан. Ингээд 2012 онд өөрсдийн хөрөнгөөр сургуулийн барилгыг цэцэрлэгийн барилга болгон олон улсын стандартын дагуу бүх капитал засвар, дээвэр, шал, цонх, бүх сантехник засврын үйл ажиллагааг хийж үлгэр жишээ цэцэрлэгийн үйл ажиллагааг бид 2012 онд өөрсдийн хөрөнгөөр хийсэн байдаг. Энэ засварынхаа үр дүнд бий болсон цэцэрлэгийн үйл ажиллагааг 2012-2014 он хүртэл аав, ээж хоёр минь 2 жил хариуцаад амжилттай явуулж байсан. Бид нар хүүхдүүдийнх нь хувьд тусдаа бизнесстэй учир оролцох үнэндээ боломж байхгүй. Ингээд аав, ээж хоёр минь хөширч байна, ядарч байна, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа нарийн арга барил шаарддаг юм байна, тийм учраас үл хөдлөх хөрөнгөө тойрсон том газартай нь заръя гэсэн шийдвэр гаргасан. Тэр үед ойр орчмын хүмүүстээ хэлэх үед бидний дундын танил, урьд нь коллеж ажиллуулж байхад багшаар ажиллаж байсан Я.Э биднийг 2015 оны 07 дугаар сард П.Э тэй танилцуулсан. П.Э өөрөө бас цэцэрлэг авах гээд хайж байсан гэж хэлсэн. П.Э гэртээ сууж байх хугацаандаа Монгол ёс заншлыг бага насны хүүхдийн боловсролд оруулах Хөх орон гэдэг төслийн судалгааны ажлыг хийж байсан гээд танилцуулсан. Бид үл хөдлөх эд хөрөнгөнийхөө засвар хийсэн байдал, байшин барилгын зургаа өгсөн. Тэгэхэд П.Э нь ямар сайхан байшинтай, талбайтай юм бэ, ирээдүйд бид сургуулиа байгуулчих юм байна гээд тухайн барилгыг маань авах сонирхлоо илэрхийлсэн. П.Э нь өөрийнхөө нөхрийг алтны уурхайтай, улирал болгон 500,000,000 төгрөгийн орлого ороод ирдэг гэж хэлж байсан. Бид нар гэрээ хийгээд ямар ч байсан шууд мөнгөө авмаар байна. Та урьдчилгаагаа өгөөд үлдсэн төлбөрөө жилийн хугацаанд цувруулаад төлнө гэвэл бид зөвшөөрөөд гэрээнд орно гэхэд П.Э зөвшөөрч 2015 оны 08 дугаар сарын 06-нд гэрээ байгуулсан байдаг. Тэрнээс өмнө ямар ч хүлээлцэх үйл ажиллагаа яваагүй. Эдний талаас Б гэдэг хүнийг байлцуулж байгаад 2015 оны 08 дугаар сарын 06-нд 300,000,000 төгрөгөө авсан. Үлдсэн төлбөрөө цэвэр бизнесийн итгэлцэлийн журмаар өгчихнө гэж итгэсэн, дээрээс нь дундын найз Э маань үнэхээр эдний нөхөр алтны уурхайтай юмаа, хауст амьдардаг үнэхээр боломжтой улсууд шүү. Цэцэрлэгийн барилга олон жил хайж байгаа хүмүүс. Эд нарыг хувийн цэцэрлэгтэй болгочих тийм бодол нөхөрт нь байгаа бидний итгэлтэй найз гэж хэлсэн учраас итгэж найдаж гэрээ хийсэн. Түр гэрээ гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Бид мөнгөө төлж дууссаны дараа л нэрээ шилжүүлж өгнө. Та нар манай байшинд түр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн утгаар гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээнд өөрсдийн хүсэл зорилгоор дарамт, шахалт байхгүй гэдгийг хэлмээр байна.
Бид 2015 оны 08 дугаар сарын 08-нд Б менежерт барилгыг хүлээлгэж өгснөөс хойш хэд хоногийн дараа биднийг дуудсан. Яваад очиход амаар бид нар жоохон засвар хийчихмээр байна, Хөх орон гэдэг бичвэр оруулчихмаар байна, ондоо түвшинд гаргаад урлагийн тал руугаа оруулчихмаар байна гэх хүсэлт тавьсан. Энэ үед бид гэрээгээр төлбөрөө бүрэн төлөөгүй байгаа учраас манай газар дээр юм уу байшинд засвар хийвэл зардлыг өөрсдөө хариуцна шүү гэдэг хатуу заалт байгаа, түүнийгээ хар, энэ сайхан цэцэрлэг, байрандаа өөрчлөлт оруулахыг бид хүсэхгүй байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд П.Э нь Зөвхөн ханан дээр монгол ёс заншлыг харуулсан зураг оруулна, дээрээс нь хаалга үүдийг нь монгол хэв маягт оруулна, мөн жоохон тавилганд оруулсан өөрчлөлтийг өөрсдийн зардлаар цэвэр даана гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед төлбөрөө асуудалгүй төлчихнө гэж бардам итгэлтэй хэлж байсан. Цэцэрлэг жил бүрийн 09 дүгээр сар гэхэд ажиллах ёстой байдаг. Гэтэл 09 дүгээр сард цэцэрлэг эхлэх боломжгүй гэдгийг П.Э хэлсэн. Бид нар дүүрэгт хүсэлтээ гаргаад 10 дугаар сар гэхэд эхлүүлнэ гэж хэлээд тэр хооронд сар хагасын хугацаанд янз бүрийн баримал барьсан, монгол хэв маяг харуулсан уран зураг зуруулсан. Тэр засвараа сар гаруй хугацаанд хийе гэсэн. 2015 оны 10 дугаар сарын эхнээс П.Э цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Ингээд энэ үед бид нар эхний үед буюу 2015 оны 11 дүгээр сар хүртэл бид нар дээр Оджин цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын тамга байсан. Бид ерөөсөө тэр хүртэл тамгаа өгөөгүй байсан. П.Э нь Бид нар улсын төсвөөс орж ирдэг бүх хувьсах зардлыг манай цэцэрлэгийн дансаар орж ирдэг учраас хувьсах зардлыг авна. Дээрээс нь үйл ажиллагаа явуулж байгаа орлогыг бид өөрсдөө авна гэж хэлсэн. Тэртээ тэргүй манай гэр бүлд энийг явуулах хүмүүс байхгүй байсан учраас бид нар энэ хүмүүст итгэж найдаад, үйл ажиллагаа явуулж байгаа орлогоо өөрсдөө ав. Гэхдээ цаг хугацааны дагуу төлбөрүүдээ төлөөд явах ёстой шүү, дараагийн төлбөр төлөлт 2015 оны 12 дугаар сард гэдгийг сануулж байсан. Тэр боломжтой гэсэн учраас манай цэцэрлэгийг хүлээж авсан байгаа.
2015 оны 12 дугаар сарын 15-нд дараагийнхаа 500,000,000 сая төгрөгийг гэрээний дагуу төлөхийг хүсэхэд жоохон асуудал гараад байна, 01 дүгээр сар гаргаад өгье гэдэг асуудал ярьсан. Энэ үед нөхөр нь алтны уурхайн асуудал жаахан саадтай байна гэдэг зүйл хэлж байсан. Бид нараас гуйгаад он гартал хүлээгээч гэсэн. Бид 2016 оны 01 дүгээр сар хүртэл хүлээгээд ирээд уулзахад дараагийн төлбөрүүдээ хуваарийн дагуу төлж чадахгүй болоод байна. Тийм учраас гэрээний хугацаагаа сунгаж өгөөч, 2016 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэл гэрээний хугацаа дуустал хүлээгээч, тэр болтол бид асуудлаа шийдчихнэ. Шинэ газар манай нөхөр алтны талбай руу орж байгаа учраас асуудалгүй өгчихнө гэдгийг хэлсэн. Бид нар тэвчээртэйгээр хүлээсэн. Энэ хүмүүс 2015-2016 оны хичээлийн жилийг бүрэн үйл ажиллагаа явуулж, орлого, ашиглалтын зардал бүх зүйлсээ хариуцаад бусад зардалыг авч үйл ажиллагаа явуулж байсан. 2016 оны 08 дугаар сарын 01-нд гэрээний хугацаа дуусч бид нар очиж уулзахад мөнгө төгрөгний асуудал ойрдоо шийдэгдэнэ гэж хэлсэн ба 2016 оны 08 дугаар сарын 12-ны бичгээр төлбөрийг цувуулж өгөх хүсэлтийг өгсөн. Ингэхдээ 2016 оны 09 дүгээр сарын 30-нд, хамгийн сүүлд 206 оны 10 дугаар сарын 30-н хүртэл хугацааг сунгаж өгөөч ээ гэсэн байсан. Бид энэ хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй бол гэрээ цуцлана гэсэн нөхцөлтэйгөөр харилцан зөвшөөрөөд гэрээний төлбөр төлөх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 30-н хүртэл сунгасан. Энэ хугацаандаа мөн л төлбөрөө төлөөгүй. Бид нар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж сурсан хүмүүс, цэцэрлэгийн үйл ажиллагаа нь тасралтгүй байх ёстой гэдгийг мэддэг хүмүүс учраас 2017 оны 06 дугаар сар, хичээлийн шинэ жил дуустал бид нар тэвчиж өнгөрөөсөн. Ингээд бид гэрээнийхээ элдэв засвар үйлчилгээ хийвэл зардлыг өөрсдөө хариуцах ёстой, бид засвар хий гэж хэлээгүй, стандартын дагуу барьсан цэцэрлэгийг та нар өөрсдийнхөө илүү зангаар Монгол хэв маяг оруулна гэж засвар хийсэн учраас бид үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Харин бид нар манай урьд байсан ханын өнгийг сэргээж, тавилга эд хогшилтой нь хүлээлгэж өг гэдэг шаардлагыг тавьж, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зураад цэцэрлэгийн барилгаа хүлээж авсан. 2018 оны 11 дүгээр сарын 27-нд цэцэрлэгийн барилгын гэрээтэй холбоотой асуудлаар дахиж хуулийн байгууллагад гомдол гаргахгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан, худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд П.Э ийн төлсөн 370,000,000 төгрөг дээр нэмж бид сайхан сэтгэл гаргаж П.Э ийн дураараа хийсэн засварын зардлыг өгөх шийдвэрийг гаргасан ба 30,000,000 төгрөг нэмж, нийт 400,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч П.Э , хариуцагч Л.Б нар нь 2015 оны 08 сарын 06-ны өдөр ... дүүргийн 19 дүгээр хороо, ... гудамж, 54-а тоот хаягт байрлах, Ү-.... тоот улсын бүртгэлийн, ....тоот гэрчилгээний дугаартай 672.49 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий Оджин цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагыг Л.Б оос 1,800,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож Үл хөдлөх хөрөнгө борлуулах гэрээ байгуулсан байдаг. Улмаар Л.Б ийн зүгээс тохиролцсон ёсоор 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр цэцэрлэгийн байрыг түүнд хүлээлгэж өгсөн ба ийнхүү хүлээлгэж өгснөөс хойш цэцэрлэгийн үйл ажиллагааг П.Э дангаар хариуцан явуулсан. Уг цэцэрлэгийн байрны хувьд 2012 онд иж бүрэн капитал засвар хийсэн бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилд ... дүүргийн шилдэг тохижилттой сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар шалгараад байсан болно. Гэрээнд 2016 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл үлдэгдэл бүх төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон байдаг. Гэвч П.Э ийн зүгээс хуваарьт хугацаандаа төлбөрөө төлөөгүй бөгөөд цэцэрлэгийн байрыг 2017 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл ашиглаад Л.Б ид буцааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл П.Э нь Хөх орон гэх цэцэрлэгийн төслийг Л.Б ийн цэцэрлэгийн байранд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл явуулсан. П.Э ийн хувьд гэрээний дагуу цэцэрлэгийн төлбөрийг төлөөгүй тул бид цэцэрлэгийн байрыг буцаан авч түрээсийн төлбөрийг сарын 20,000,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон. Харин тэрээр энэ хугацаанд тус цэцэрлэгийн байранд үйл ажиллагаа явуулж ихээхэн хэмжээний ашиг олсон баримтыг бидэнд өгч байсан ч цэцэрлэгийн байрыг буцааж өгөхдөө түрээсийн төлбөрөө төлөөгүй. Тиймээс П.Э нь цэцэрлэгийн байрыг ашигласан хугацааны буюу 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаан түрээсийн төлбөрт нийт 455,013,698 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Мөн тэрээр байрыг ашиглах хугацаандаа цэцэрлэгийн байрны ашиглалтын зардалд 1,873,786 төгрөг төлөөгүй өртэй үлдээсэн. Мөн уг хугацааны Оджин цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын ажилчдын нийгмийн даатгал болон татварт 15,145,033.52 төгрөгийг төлөөгүй хаяж явсан байдаг. Түүнчлэн бид 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр П.Э ийн төлсөн 370,000,000 төгрөгийг өөрт нь буцаан олгохдоо түүний гуйлтын дагуу өгсөн 30,000,000 төгрөгийг мөн үүгээр нэхэмжилж байгаа болно.
Иймд нэхэмжлэгч П.Э ээс Оджин цэцэрлэг НҮТББ-ын барилга, газар, цэцэрлэгийн үйл ажиллагааг ашигласны түрээсийн төлбөрт 455,013,698 төгрөг, ашиглалтын төлөөгүй зардалд 1,873,786 төгрөг, нийгмийн даатгал, татварт нөхөн төлсөн 17,018,819 төгрөг, санхүүгийн туслалцаа болгож өгсөн 30,000,000 төгрөг, нийт 502,032,517 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Л.Б ид холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 322,068,902 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч П.Э т холбогдуулан олох байсан орлого, ашиглалтын зардал, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, санхүүгийн туслалцаа болгож өгсөн төлбөрт нийт 502,032,517 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч П.Э , хариуцагч Л.Б нар нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж ... дүүргийн 19 дүгээр хороо, ... гудамж, 54-А тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-.... дугаартай 672.49 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 2500 м.кв талбай бүхий газар, Оджин цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх ...тоот тусгай зөвшөөрлийг 1,800,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон ба зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, Нэхэмжлэгч П.Э , хариуцагч Л.Б нар нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж ... дүүргийн 19 дүгээр хороо, ... гудамж, ...-А тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-.... дугаартай 672.49 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 2500 м.кв талбай бүхий газар, Оджин цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх ...тоот тусгай зөвшөөрлийг 1,800,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах, хариуцагч Л.Б нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч П.Э ийн эзэмшилд шилжүүлж өгөх, хариуцагч нь төлбөрийн эхний хэсэг болох 300,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, хоёр дахь хэсэг болох 500,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, гурав дах хэсэг болох 500,000,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, төлбөрийн сүүлийн хэсэг болох 500,000,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, төлбөр бүрэн төлөгдсөнөөс хойш 15 хоногийн дотор өмчлөх эрхүүдийг шилжүүлэхээр тохиролдсон. Нэхэмжлэгч П.Э нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 300,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 70,000,000 төгрөг, нийт 370,000,000 төгрөгийг төлсөн, Оджин цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаг 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд явуулж, үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.
Хэдийгээр нэхэмжлэгч П.Э нь гэрээ байгуулсан өдрөө буюу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлбөрийн эхний хэсэг болох 300,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгэсэн боловч гэрээгээр төлбөрийн хоёр дахь хэсэг болох 500,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, гурав дах хэсэг болох 500,000,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, төлбөрийн сүүлийн хэсэг болох 500,000,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч Л.Б... нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзан төлбөрийг буцааж, үл хөдлөх эд хөрөнгөө хүлээж авсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасантай нийцэж байх бөгөөд мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. гэж зааснаар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас гэрээ цуцлагдсан тул нь гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл 1 дүгээр хавтаст хэргийн 14-222 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 55-250 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 68- засварын ажилтай холбоотой баримтууд гэх кассын орлогын ордер, зарлагын баримт, ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн нэгдсэн жагсаалт, П.Э ийн Худалдаа, хөгжлийн банкин дахь ... тоот дансны хуулга, Н.С тын Хаан банкин дахь .... тоот дансны хуулга, Н.С ийн Хаан банкин дахь .... тоот дансны хуулга, гэрч Н.С т, Н.С , Д.Мө нарын мэдүүлгээр нэхэмжлэгч П.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийж байсан нь тогтоогдож байх боловч уг зардлыг буюу ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд бусдад төлсөн 242,084,542 төгрөг, засвар үйлчилгээтэй холбоотой зардал 80,116,300 төгрөг нийт 322,200,842 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. гэжээ.
Гэвч хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч П.Э т холбогдуулан олох байсан орлого буюу ... дүүргийн 19 дүгээр хороо, ... гудамж, 54-а тоот хаягт байрлах, Ү-.... тоот улсын бүртгэлийн, ....тоот гэрчилгээний дугаартай 672.49 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий Оджин цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын тусгай зөвшөөрлөө сарын 20,000,000 төгрөгөөр бусдад түрээслүүлсэн бол П.Э ийн ашигласан хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 455,013,698 төгрөгийн түрээсийн орлого олох байсан, түрээсийн төлбөр авах талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж нэхэмжилсэн боловч зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн гэрээнд энэ талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч П.Э т ашигласан хугацааны түрээсийн төлбөр тооцохоор мэдэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн Оджин цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг П.Э хариуцан явуулсан 2015 оны 08 дугаар сарын 06-наас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ашиглалтын зардалд 1,873,786 төгрөгийг, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт 15,145,033.52 төгрөг, нийт 17,018,819 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн энэ шаардлагаа мөн баримтаар нотолж чадаагүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 06 дугаар сарын тайлан гэх баримтыг гаргаж өгсөн боловч уг тайлангийн дагуу төлбөрийг төлсөн баримт байхгүй.
Хариуцагч Л.Б нь гэрээнээс татгалзаж нэхэмжлэгч П.Э ийн урьдчилан төлсөн 370,000,000 төгрөгийг буцаахдаа 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 400,000,000 төгрөгийг буюу нэмж 30,000,000 төгрөгийг олгосон нь Худалдаа, хөгжлийн банкны зарлагын маягтаар тогтоогдож байх бөгөөд илүү төлсөн 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А... ... бид сайхан сэтгэл гаргаж П.Э ийн гаргасан зардлуудыг тооцож, мөн дахиж энэ асуудлаар хуулийн байгууллага гомдол гаргахгүй гэж 30,000,000 төгрөг нэмж өгсөн гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь дээрх төлбөрийг Оджин цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд болон барилгад зарцуулан П.Э ээс гаргасан зардалд тооцож олгосон, мөн зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой асуудлаар аливаа хуулийн байгууллагад гомдол гаргахгүй гэж нэхэмжлэгчид үүрэг хүлээлгэж олгосон байна.
Иймд нэхэмжлэгч П.Э ийн хариуцагч Л.Б ид холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 322,068,902 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Л.Б ийн нэхэмжлэгч П.Э т холбогдуулан олох байсан орлого, ашиглалтын зардал, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, санхүүгийн туслалцаа болгож өгсөн төлбөрт нийт 502,032,517 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.4, 222.7, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э ийн хариуцагч Л.Б ид холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 322,068,902 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Л.Б ийн нэхэмжлэгч П.Э т холбогдуулан олох байсан орлого, ашиглалтын зардал, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, санхүүгийн туслалцаа болгож өгсөн төлбөрт нийт 502,032,517 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,926,905 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,668,113 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР