Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2017/0363

 

                                                            

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Х

Хариуцагч: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай “Х.Х г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, хууль зүйн үндэслэлээ:    

“...Х.Х миний бие 2014 оны 12 сарын 03-ны өдрөөс Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд тус дүүргийн 7 хорооны Иргэний танхимын ажилтнаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд идэвхи санаачлагатай ажилласан бөгөөд ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 06- ны өдрийн ******* дугаар тогтоолоор Ажлын албаны бүтэц, орон тоог шинээр батлагдсанаар миний ажиллаж байсан 7 хорооны Иргэний танхимын ажилтны ажлын байрны орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас халах болсон тухай мэдэгдэж 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай тушаалыг гардуулсан. Энэхүү тушаалдаа “Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэг, Ажлын албаны дотоод журмын 4.9 дэх хэсэг, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ******* дугаар тогтоолыг тус тус үндэслэн...” гэсэн байна. Энэхүү тушаалын үндэслэл болгож буй хуулийн заалтуудад намайг ямар үндэслэлээр ажлаас халж байгаа нь тодорхойгүй бөгөөд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах үндэслэлийн аль нь ч тусгагдаагүй байгаа нь энэхүү тушаалыг нь хууль бус болохыг харуулж байна.

Мөн ажлаас халах тухай мэдэгдлийг танилцуулах үед би 5-6 долоон хоногтой жирэмсэн байсан тул Ажлын албаны хүний нөөцийн мэргэжилтэн Ц.А  энэ тухай мэдэгдэж, өргөдөл бичиж өгсөн боловч хариу өгөлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Хэдийгээр Төрийн албаны тухай хуульд Жирэмсэн эмэгтэй хүний ажлаас халахыг хориглох заалт шууд байхгүй ч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу жирэмсэн эмэгтэй хүнийг ажлаас халахыг хориглодог. Гэтэл жирэмсэн гэдгийг минь мэдсээр байж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг шууд зөрчиж, хууль ёсны эрхийг дордуулж, намайг хохироож байна.

Ажил олгогчийн гаргасан хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч ажлаас халагдах тушаалыг гардаж авсан өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ц  хандаж бичгээр өргөдөл гаргасан боловч өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн талаар бичгээр хариу өгөөгүй бөгөөд уулзахад “ажилд эргүүлэн авах боломжгүй” гэсэн хариуг өгсөн тул Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд гомдлоо гаргасан.

Иймд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай “Х.Хг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, Хариуцагчаас ажилгүй байх хугацааны цалин, хөлстэй олговорыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Нэхэмжпэгч Х.Х нь нэхэмжлэлдээ албан тушаалаас чөлөөлөх болсныг мэдэгдэх үед 5-6 долоон хоногтой жирэмсэн байхад ажлаас халсан гэжээ. Х.Х нь жирэмсэн болсон талаараа хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Аөргөдөл өгсөн гэх боловч өөрийн жирэмсэн эсэх талаар эмнэлгийн магадлагаа болон ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна.

Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* дугаар тогтоолоор Тэргүүлэгчдийн Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Бүтцээр 16 иргэний танхимын ажилтан байсныг 4 ажилтан болгон орон тоог хассан

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан 16 хороодын иргэний танхимыг бүсийн зохион байгуулалтад оруулсан бөгөөд Х.Хгын хариуцаж байсан 7-р хороог яармагын бүсэд хамааруулж бүсчилсэн болно.

Тухайлбал: Төвийн бүсэд 1, 2, 3, 11, 15-р хороонуудыг, Яармагын бүсэд 4, 5, 6, 7, 8-р хороонуудыг, Нисэхийн бүсэд 9, 10, 16-р хороонуудыг, Био, Шувуу, Өлзийтийн бүсэд 12,13,14-р хороонуудыг хамааруулсан.

Байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Х.Хд албан тушаалаас нь 1 сарын дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс чөлөөлөх болсныг албан ёсоор мэдэгдсэн   бөгөөд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны , өдрийн ******* дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн болно.

Иймд уг маргаан нь бүтэц орон тоо хасагдаж ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт бөгөөд харин Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг нь “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэйг ... ажлаас халахыг...” хориглосон хуулийн зохицуулалт юм. Ажлаас халах болон ажлаас чөлөөлөх тухай асуудал нь эрх зүйн хувьд хоёр өөр агуулгыг илэрхийлдэг

Байгууллагаас Х.Хд албан тушаалын 3 сарын хугацааны цалинтай тэнцэх 1 394 349 /Нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга гурван зуун дөчин ес/ төгрөгийн тэтгэмжийг олгосон байна. Энэ нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тушаал, 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн буцалтгүй тусламж олгох жагсаалт зэргээр тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага ... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно" гэж заасныг баримтлан орон тоо хасагдсан тул нэг удаагийн тэтгэлэг олгон төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Х.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Х нь тус шүүхэд хандаж “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай “Х.Хг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  уг шаардлагын үндэслэлээ “...тушаалын үндэслэлд ямар үндэслэлээр халж байгаа нь тодорхойгүй...ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах үндэслэл тусгагдаагүй...ажлаас халах мэдэгдэл танилцуулах үед 5-6 долоо хоногтой жирэмсэн байсан......” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “жирэмсэн талаар эмнэлгийн магадлагаа хавсаргаж өгөөгүй...ажлын албаны бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан...иргэний танхимын ажилтны тоог 16 байсныг 4 болгосон...ажлаас чөлөөлөх болон халах гэсэн ойлголт нь 2 өөр асуудал... ” гэж тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Хан-Уул дүүргийн иргэдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, Ажлын албаны Дотоод журмын 4.9, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Ажлын албаны бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 7 дугаар хорооны Иргэний танхимын ажилтны ажлын байрны орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр Х.Хг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар тогтоолын хавсралтаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталсан байх бөгөөд Иргэний танхим хариуцсан мэргэжилтэн 4 байхаар тогтоожээ. Улмаар тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар хороодын иргэний танхимыг бүсийн зохион байгуулалтад оруулж хавсралтаар баталсны дотор Х.Хгийн хариуцан ажиллаж байсан 7 дугаар хорооны иргэний танхим нь Яармагийн бүсэд бүсчлэгдсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу  өөр ажил, албан тушаалд шилжих...” гэж тус тус заажээ.

Хариуцагч захиргааны байгууллагаас Х.Хг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан байх боловч тус хурлын ажлын алба татан буугдсан өөрчлөн байгуулагдсан, орон тоо хасагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Улсын  дээд  шүүхийн  Төрийн  албаны  тухай  хуулийн зарим  зүйл  заалтыг

тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 27.2.3-т заасан ...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг, ...орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгохоор заасан байх бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлыарлах тухай 33 дугаар тогтоолын 15.1.1-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална”, 15.1.2-т “Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тус тус заажээ.

Эдгээрээс үзвэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн байх боловч Х.Хгийн 7 дугаар хорооны Иргэний танхимын мэргэжилтний албан тушаал адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тоо буюу 16 орон тоо байснаас 4 болж цөөрсөн нь “орон тоо цөөрсөн” гэх ойлголтод хамаарч байх тул Х.Хгийн албан тушаал ажлын байрны орон тоо бүтцийн нэгжээс хасагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Тодруулбал, Маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэсэн байх боловч хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэн үзвэл тус Ажлын алба нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, төрийн албан хаагчийн албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн, албан тушаалын орон тоо цөөрсөн нөхцөл байдал үүссэн байна. Энэ тохиолдолд Яармагийн бүсийн Иргэний танхим хариуцсан ажилтны ажлын байранд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах ёстой атал хуулийн 27.2.4-д зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Х.Хг шууд ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус болно гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд Х.Хг ажлаас чөлөөлөхдөө  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус, орон тоо цөөрсөн тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах хуульд заасан арга журмыг хэрэгжүүлээгүй зэрэг нь Х.Хг ажлаас чөлөөлж түүний Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарын Эмэгтэйчүүдийн их эмч Х*******ын Т*******д Эрүүгийн хуулийн 254,255 дугаар зүйлийг сануулж гэрчээр асуусан бөгөөд гэрчийн мэдүүлгээр Х.Х нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс жирэмсний 8 долоо хоногтой байхдаа эмчийн хяналтанд орсон болох нь тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий актыг гарах үед жирэмсний 5 долоо хоногтой байсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан бөгөөд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ажлын алба нь татан буугдаагүй, Х.Х нь сахилгын зөрчил гаргаагүй, сонгууль, томилолтоор өөр албан тушаалд ажиллахаар болсон зэрэг нөхцөл байдал үүсээгүй байх тул Х.Хг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь жирэмсэн эмэгтэйд эрх зүйн хамгаалалт тогтоож буй хуулийн зохицуулалтыг зөрчсөн шийдвэр болсон байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр  нэхэмжлэгч Х.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Х.Хг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг /олгосон тэтгэмжийн зөрүүгээр/ хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.Д