| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2024/04986/И |
| Дугаар | 001/ХТ2025/00199 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2025/00199
Н.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02100 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/01115 дугаар магадлалтай,
Н.Б-ын нэхэмжлэлтэй
“У” ХНН-д холбогдох
“У” ХНН-ийн даргын 2022.04.11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаалд заасны дагуу албан тушаал бууруулан томилж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч “У” ХНН-д холбогдуулан “У” ХНН-ийн даргын 2022.04.11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаалд заасны дагуу албан тушаал бууруулан томилж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02100 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ыг “У” ХНН-ийн даргын 2022.04.11-ний өдрийн Б/2/37 дугаар тушаалын дагуу Хүний нөөцийн албаны тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаалд бууруулан томилохыг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/01115 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “123 дугаар зүйлийн 123.2.4” гэснийг “158 дугаар зүйлийн 158.1.1”, “Б/2/37” гэснийг “Б/II/37”, “тушаалд бууруулан” гэснийг “тушаал бууруулан” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Улсын дээд шүүхийн 2012 оны 01 дүгээр зөвлөмжийн 3.4-д “Ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэсэн ойлголтод хамаарна” гэж заасан. Хүний нөөцийн албан тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/01771 дугаартай шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01241 дугаартай магадлалаар тус тус иргэн Н.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэн Ш.Б-ыг тэтгэвэрт гарахад нь тэтгэмж олгохдоо төмөр замд тасралтгүй ажилласан жилийг 35 жил 5 сар ажилласан гэж тооцож, 2 сарын дундаж цалин хөлсөнд 6,031,534 төгрөг илүү олгосон байсныг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Гэтэл анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэргийг дахин хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Н.Б албан тушаал буурсан албан тушаалд ажиллахгүй гэж татгалзсан нь энэ хүний өөрийнх нь сонголт, Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь байсан. Ажил олгогч түүний албан тушаал бууруулсан буюу Төмөр замын дээд сургуулийн хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд томилсноос хойш тэрээр ирээгүй бөгөөд ажил олгогчийн зүгээс дараагийн хүний нөөцийн мэргэжилтнээ авч ажиллуулахаас өөр сонголтгүй болсон. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2025/00945 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч “У” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Хариуцагч “У” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч “У” ХНН-д холбогдуулан “У” ХНН-ийн даргын 2022.04.11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаалд заасны дагуу албан тушаал бууруулан томилж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... 2022 онд хүний нөөцийн албан тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байхад “У” ХНН-ийн даргын 2022.04.11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаалаар албан тушаал буруулсан сахилгын шийтгэл ногдуулж, эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн. Тушаалын хүчин төгөлдөр байдлын талаар шүүхэд хандсан ч хуульд нийцсэн гэж үзэн ... нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй. ... [иймд] 2022.04.11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаалын дагуу албан тушаал бууруулан ажиллах ... юм байна гэж ойлгосон ба удаа дараа ажилд томилж өгөх тухай өргөдөл гаргасан ч сул орон тоо байхгүй гэсэн хариу өгсөн.” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч “У” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Н.Б-д ... албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг тэрээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Гэтэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэргийг дахин хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчсөн. Н.Б нь тушаал буурсан албан тушаалд ажиллахгүй гэж татгалзсан бөгөөд Төмөр замын дээд сургуулийн хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд томилсноос хойш тэрээр ажилдаа ирээгүй тул өөр хүн ажиллуулахаас өөр аргагүй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэжээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.Б-ыг “У” ХНН-ийн Хүний нөөцийн албан тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаалд бууруулан томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Шийдвэрийн үндэслэлдээ “... Н.Б түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улмаар нэхэмжлэгч нь тушаал бууруулан томилуулах өргөдлөө 2023.10.23, 2023.10.26-ны өдөр гаргасан. ... ажил олгогч ажилд томилохоос татгалзсан. Албан тушаал бууруулсан тушаал хуульд нийцсэн эсэх нь шүүхийн шийдвэрээр тогтоогдохоос өмнө ажилтныг бууруулан томилсон албан тушаалд ажиллаагүй үндэслэлээр ажилд томилохоос татгалзсан нь ажилтан хууль ёсны эрхээ хамгаалуулах хуулийн зохицуулалтад нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын алдаа гаргасныг залруулж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалд “... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцсэн. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэж дуусаагүй байхад нэхэмжлэгчийг албан тушаал бууруулан томилсон тул ажиллахаас татгалзах эрхтэй. Харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2022.04.11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаал үндэслэл бүхий болохыг тогтоосон тул нэхэмжлэгч нь албан тушаал буурч ажиллах ёстой. Нэхэмжлэгчийн гаргасан анхны гомдол нь хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахтай холбоотой байсан ба энэ талаарх шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад ажил олгогч түүнийг бууруулсан албан тушаалд ажиллаагүй үндэслэлээр чөлөөлсөн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буурсан албан тушаалд томилохоос татгалзсан нь ажилтны хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан үйлдэл тул нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий болсон. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралгүй сахилгын шийтгэл ногдуулах заалт баримталсан байгааг залруулах, ажил олгогчийн гаргасан тушаалын дугаар, агуулгыг шийдвэрт найруулгын алдаатай тусгасныг залруулах үндэслэлтэй” гэж дүгнэсэн.
11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөрүүгүй тогтоож, адил агуулга бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-ийн “Н.Б [шинэ] албан тушаалд ажиллахгүй гэж татгалзсан нь энэ хүний өөрийнх нь сонголт, Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх” гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг эс зөвшөөрсөн хяналтын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
12. Нэхэмжлэгч Н.Б-д ажил олгогч байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянан хэлэлцэж нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Гагцхүү хүчин төгөлдөр хэвээр байгаа ажил олгогчийн “Албан тушаал бууруулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангах боломжтой эсэх асуудлаар зохигч маргаж байна.
13. Нэхэмжлэгч Н.Б-д “У” ХНН-ийн даргын 2022.04.11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ тушаал хүчин төгөлдөр эсэх маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023.05.05-ны өдөр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023.06.23-ны өдөр тус тус хянан хэлэлцэж уг тушаал хүчингүй гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тус хэргийн сөрөг нэхэмжлэлд холбогдох зарим шаардлагыг хангасантай холбоотой шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг 2024.05.21-ний өдөр гаргасан байна /хх-ийн 73-87 дугаар тал/
Дээрх хэргийг шүүх хянан шийдвэрлэж байх явцад ажил олгогч албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хэрэгжилтийг хангаж “У” ХНН-ийн даргын 2022.04.29-ний өдрийн Б/1/213 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг 2022.05.02-ны өдрөөс захиргааны чөлөөтэй байгаа Т.С-ийг ажилдаа эргэн орох хүртэл түр хугацаанд Төмөр замын дээд сургуулийн хүний нөөцийн мэргэжилтнээр түр авч, хугацаатай гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.
14. Нэхэмжлэгч дээр дурдсан хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд ажиллаагүй бөгөөд энэ тухайд тушаалын хүчин төгөлдөр байдалтай шүүхээр маргаж байгаа үед ажиллахгүй байх эрхтэй гэж нэхэмжлэгч тайлбарласан бол бууруулсан албан тушаалд ажиллаагүй явдал нь хөдөлмөрийн эрх зүйн зөрчил мөн гэж хариуцагч мэтгэлцжээ. Зохигчийн хооронд үүссэн маргааны энэ зүйлийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх “... хариуцагч байгууллага [маргаантай] асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлж дуусаагүй байхад буюу шүүхийн шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийг албан тушаал бууруулан томилсон бөгөөд нэхэмжлэгч тухайн албан тушаал хүчин төгөлдөр эсэх нь шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад буурсан албан тушаалд ажиллахаас татгалзах эрхтэй” гэх адил дүгнэлт хийсэн байна.
Улмаар энэ дүгнэлтэд суурилан “Бууруулсан албан тушаалд авч ажиллуулахыг ажил олгогчид даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
15. “У” ХНН-ийн даргын 2022.04.11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаалыг хэрэгжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч ийнхүү хангах үндэслэлийг дээрх байдлаар тодорхойлсон хоёр шатны шүүхийн дүгнэлт алдаатай.
Ажилтан түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой ажил олгогчийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар маргах эрхтэй боловч энэ нөхцөл байдалд үндэслэн ажил эрхлэхээс татгалзах, улмаар энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлсэнтэй адил хэмжээний цалин хөлсийг нэхэмжлэх, нийгэм, эдийн засгийн баталгаа шаардах эрхийг бүх тохиолдолд чөлөөтэй, шууд эдлэнэ гэж үзэхгүй. Ажилтныг хууль бусаар албан тушаал бууруулсан бөгөөд буурсан албан тушаалд ажиллах бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн бол ажилтан шүүхэд маргах хугацаанд ажил эрхлээгүй нөхцөл байдлыг анхаарч үзэж болно. Гэтэл тус хэргийн тохиолдолд, ажилтан албан тушаал бууруулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хугацаанд ажил огт эрхлэхгүй байх зайлшгүй нөхцөл үүсээгүй, шүүхэд маргасан шалтгаанаар хөдөлмөрлөхгүй байх шалтгаан үгүй байна. Тэрээр уг тушаалыг хууль бус гэж үзсэн хэдий ч нэгэнт энэ талаар шүүхэд маргаж байгаа тул хэрэв түүний маргаж буй үндэслэл шударга бөгөөд хууль ёсны болох нь тогтоогдвол зөрчигдсөн эрх нь хэвийн хэмжээнд буцаан сэргэх боломжтой. Иймд гагц ажил олгогчийн тушаалтай санал нийлээгүй үндэслэлээр, шүүхэд маргах хугацаанд, хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр ажил эрхлэхээс шууд татгалзахыг зүй ёсны гэж үзэхгүй.
Иймд маргах хугацаанд бууруулсан албан тушаалыг тодорхой дурдаж, шинэ тушаал гаргасан, шүүхэд маргах эрхтэй тул өөр бусад шалтгаан дурдалгүйгээр энэ тушаалыг биелүүлэхгүй байж болно гэх агуулгаар дүгнэн нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлтийг залруулах шаардлагатай.
16. Нэхэмжлэгч Н.Б-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан “У” ХНН-ийн даргын 2022.04.11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаалыг хэрэгжүүлж, Төмөр замын дээд сургуулийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон 2022.04.29-ний өдрийн Б/1/213 дугаартай тушаалыг хариуцагч “У” ХНН-ийн даргын 2022.05.26-ны өдрийн А/465 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон байна. Өөрөөр хэлбэл, тодорхой албан тушаалд бууруулан томилсон тушаалыг хүчингүй болгосон хэдий ч Н.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчинтэй хэвээр үлдсэн байх ба харин чухам ямар албан тушаалд бууруулан томилохоор ажил олгогч шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлджээ.
Энэ нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Н.Б хариуцагч “У” ХНН-ийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн харилцаа дуусгавар болоогүй, “У” ХНН-ийн даргын 2022.04.11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаал хүчин төгөлдөр хэдий ч хэрхэн хэрэгжих нь ойлгомжгүй хэвээр үлдсэн байна. Энэ байдалд нэхэмжлэгч Н.Б-ыг буруутгах боломжгүй. Ажил олгогч ажилтандаа албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол хэрэгжилтийг хангаж, тодорхой албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэх нь ажил олгогчийн үүрэг гэж үзнэ.
17. Дээрх агуулгаар нэхэмжлэгч Н.Б-ын “У” ХНН-ийн даргын 2022.04.11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаалыг хэрэгжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэстэй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа маргаанд хамааралгүй сахилгын шийтгэл ногдуулах заалт баримталсан алдаа болон ажил олгогчийн гаргасан тушаалын дугаар, агуулгыг найруулгын алдаатай тусгасныг залруулсан нь үндэслэл бүхий болжээ. Иймд нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээн, үндэслэлийг залруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2025/01115 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “У” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.08-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН