Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2022/00203

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуур 3 дугаар гудамж 3 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуур 7 дугаар гудамж 17 тоотод оршин суух бүртгэлтэй, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хорих 419 дүгээр нээлттэй ангид хорих ял эдэлж буй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох,

Гэм хорын хохиролд 4 051 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.******* /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа /цахимаар/

Хариуцагч Э.******* /цахимаар/

Иргэдийн төлөөлөгч Т.Мөнхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 4 051 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний хүү Э.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас нас барсан ба Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.19-ний өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн. Анхан шатны шүүх хуралд хохирол нэхэмжилсэн боловч зарим баримтыг яаж баталгаажуулахаа мэдэхгүй, зарим зардлаа мартаж орхигдуулснаас хохирлоо дутуу авсан ба иргэний журмаар нэхэх эрхтэй гэсэн. Эрүүгийн хэрэгт баримт нь бүрдсэн 5 359 095 төгрөгийг төлсөнд тооцсон ба ******* нь тэр үед 7 500 000 төгрөг төлсөн байсан. нэхэмжлэгчийн зүгээс мах, сүү, ногоо авсан баримт, ганданд ном уншуулсан баримт, тухайн үед өлгөдөг ялааны хор, хүнсний дэлгүүрээс ойр зуурын хэрэглээнд авсан 58 000 төгрөгийн баримтаа бүрдүүлсэн. Анх шүүхэд гаргаж өгсөн баримтаас 3 776 665 төгрөгийн баримт дутуу байсан, үүн дээрээ хүнсний дэлгүүрээс авсан жижиг, сажиг зүйлийн баримт 274 335 төгрөгийн баримт нэмж гэм хорын хохиролд 4 1051 600 төгрөг нэхэмжилж байгаа. Ямар ч оршуулгын ажилд мах, сүү, ногоо гээд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэг болдог. Ер нь зах, хувь хүнээс авсан мах, сүү, ногоонд жижиглэнгийн худалдаачид баримт өгдөггүй юм байна. Тиймээс уг мах, сүү, ногоо авсан газраасаа албан ёсны падаантай баримтыг бүрдүүлж хохирлоо иргэний журмаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******гаас гаргаж байгаа иргэний нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иргэний шүүх хуралд цахимаар оролцох хүсэлтэй байна. Нэг бол 10 гаран сая төгрөг нэхээд эсвэл 9 000 000 төгрөг, одоо 4 гаран сая төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна. Уг нь манай ар гэрээс Л.******* эгчийн хүү 9 000 000 төгрөг өгнө гэж тохирсон, үүнээс 7 500 000 төгрөгийг нь өгсөн. Л.******* гуай энэ талаар мэдэж байгаа. Би 1 500 000 төгрөг нэмж өгнө гэсэн ойлголттой байгаа, хаанаас ямар баримт бүрдүүлээд 4 гаран сая төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна. Баримт өгөхгүй газар гэж одоо байхгүй. Анхан шатны шүүхэд намайг хохирлоо төлсөн гэж үзсэн. Гэхдээ хохиролд 1 500 000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Т.Мөнхжаргал ...Буяны ажил явдал нь баяр наадмын өдөр таарсан учир нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед нь баримтаа бүрдүүлж өгч чадаагүй, одоо баримтаа бүрдүүлээд хохирлын 4 051 600 төгрөгөө нэхэмжилж байгаа юм байна. Энэ мөнгийг нь хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүний их эмч Ж.Энхчимэгийн тодорхойлолт, хохирогчийн ажил явдлын үед болон хоног хураахад авсан зүйлсийн е-баримт болон зарлагын баримтууд, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.19-ний өдрийн 2021/ШЦТ/349 дугаар шийтгэх тогтоол, Э.*******д холбогдох эрүүгийн хэргийн материалаас оршуулгын зардалтай холбоотой гаргасан тайлбар, холбогдох баримтуудын хуулбар, яллах дүгнэлтийн хавсралтын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч талаас баримт гаргаж өгөөгүй болно. (хх 2-20, 31-43 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь тус шүүхэд хариуцагч Э.*******д холбогдуулан Гэм хорын хохиролд 4 051 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ ...хохирогчийн амь нас хохирсон асуудалд Э.******* нь гэм буруутай болох нь тогтоогдон тэрээр хорих ялаар шийтгэгдсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үлдсэн хохирлоо баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэдгийг шийтгэх тогтоолдоо дурдсан. Тиймээс нотлох баримтаа бүрдүүлж хохирлоо иргэний журмаар нэхэмжилж байна. Хариуцагч гэм буруутай тул хохирлыг төлөх ёстой... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 2 551 600 төгрөгийг эс зөвшөөрч, татгалздаг ба татгалзлын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Л.******* эгчийн хүү 9 000 000 төгрөг өгнө гэж тохирсон үүнээс 7 500 000 төгрөгийг нь өгсөн. Хаанаас ямар баримт бүрдүүлээд 4 гаран сая төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна. Баримт өгөхгүй газар гэж одоо байхгүй... гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч Э.******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Нуурын 7Б-0А тоотын гадна иргэн тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмар архины шилийг хагалан цээж орчим нь зүсэж амь насыг нь хохироосон хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь зохигчийн тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/349 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна. (хх 1, 15-20, 29 тал)

Хариуцагч Э.******* дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайдаа маргаагүй бөгөөд эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч талд амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 7 500 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 15-20, 42 тал)

Нэхэмжлэгч Л.******* нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.*******гээс амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 11 276 665 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч эрүүгийн хэрэгт 5 359 095 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн болох нь шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******д мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардалд 7 500 000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байх тул баримтаар нотлогдсон 5 359 095 төгрөгийн хохирлыг төлсөн байна гэж үзэж, шүүх хуралдаанд нэхэмжилсэн 3 776 665 /11 276 665-7 500 000/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч Л.******* нь тус шүүхэд амь хохирогчийн оршуулгын зардалд зарцуулсан зүйлс /ганданд ном уншуулахад гарсан зардал болон мах, ногоо, жимс, сүү цагаан идээ, ундаа гэх мэт/-ийн баримтаа бүрдүүлэн хариуцагч Э.*******гээс хохиролд 4 051 600 төгрөгийг нэхэмжилжээ. (хх 4-14 тал)

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үед зарим баримтаа бүрдүүлж өгч чадаагүй шалтгаан нь амь хохирогч 2021 оны 7 сарын 10-ны өдөр нас барсан. Буяны ажил явдал нь наадмын олон хоногийн амралтын үе таарсан учир хүнсний зах ажиллахгүй байснаас шалтгаалж таньж мэдэх хүмүүсээрээ дамжуулж захын худалдаачидтай холбогдож мах, ногоо, сүү цагаан идээгээ авсан, тухайн үед баримтаа авч чадаагүй юм байна лээ... гэж тайлбарладаг.

Харин хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ...Хаанаас ямар баримт бүрдүүлээд 4 гаран сая төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна. Баримт өгөхгүй газар гэж одоо байхгүй... гэж тайлбарлан татгалзах боловч татгалзлын үндэслэлээ баримтаар гаргаж нотлоогүйгээс гадна хэрэгт авагдсан амь хохирогчийн оршуулахтай холбогдон гарсан зардлын баримтуудыг хууль бусаар бүрдүүлж цуглуулсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заажээ.

Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Л.*******гийн хүү ын амь насыг хохироосон гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэгчид хариуцан арилгах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт амь хохирогчийн оршуулахтай холбогдон гарсан 5 359 095 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх боловч хариуцагч Э.******* нь түүнд эрүүгийн хэрэг мөрдөн шалгах шатанд 7 500 000 төгрөгийг төлсөн байгаагаас үзэхэд тэрбээр нэхэмжлэгчид 2 140 905 төгрөгийг ямар нэгэн хохиролтой холбоотой баримт гаргаагүй байхад өгсөн байх тул нэхэмжлэгчийн тус шүүхэд хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн 4 051 600 төгрөгөөс дээрх 2 140 905 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.Мөнхжаргал ...баримтаа бүрдүүлээд хохирлын 4 051 600 төгрөгөө нэхэмжилж байгаа юм байна. Энэ мөнгийг нь хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзэж байна... гэж дүгнэдэг боловч хууль зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.*******гээс амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд 1 910 695 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 140 905 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл гэх үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45 521 /1 910 695 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******гээс гэм хорын хохиролд 1 910 695 /нэг сая есөн зуун арван мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 140 905 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Э.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 45 521 /дөчин таван мянга таван зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Т.БАЙГАЛМАА