Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00512

 

 

 

 

 

    2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00512

      Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ....................... нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ...... холбогдох,

 

            хуримтлалын гэрээ хийхийг даалгаж, гэрээ хийгээгүй хугацааны төлбөрийг нөхөн төлүүлэх, 2 давхар өргөтгөлийг нураалгаж, даацын ханыг нөхөн хийлгүүлж, подвальд СӨХ-ны хариуцсан шугамнаас халаалт, цэвэр бохир усны шугамыг зөвшөөрөлгүй татсаныг таслах зогсоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийг төлөөлж Г.*******

хариуцагч Д.*******

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... хуримтлалын гэрээ хийхийг даалгаж, гэрээ хийгээгүй хугацааны төлбөрийг нөхөн төлүүлэх, 2 давхар өргөтгөлийг нураалгаж, даацын ханыг нөхөн хийлгүүлж, подвальд СӨХ-ны хариуцсан шугамнаас халаалт, цэвэр бохир усны шугамыг зөвшөөрөлгүй татсаныг таслах зогсоолгох... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... МУ-ын иргэний хуулийн 147 дугаар зүйл: 147.1,147.4 заалтууд УИХ-аар 2003 онд батлагдсан “Дундын өмчлөлийн хууль”-ийн 16 дугаар зүйл 16.4.1, 16.4.2 заалтуудаар дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар хамгаалалт, үйлчилгээ нь тодорхой сууц өмчлөгчдийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа бол” гэсэн заалтыг биелүүлэхээр, МСӨХДЗөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 04 сарын 01-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралтаар харьяалагдах СӨХ-ны захиргаатай Хуримтлалын гэрээ хийж, ажил-үйлчилгээгээ явуулах хуультай. Гэтэл Д.*******тэй хийсэн СӨХ-ны гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 31-ний өдрөөр дууссанаас хойш 2019 оны 1-р сараас Хуримтлалын гэрээний хугацаа сунгах талаар 2018 оны 05 сарын 30-ны 24, 2019 оны 01 сарын 23-ны 53 , 2019 оны 01 сарын 23-ны 54, 2019 оны 12 сарын 25-ны 56, 21 оны 04 сарын 14-ны 38 тоот албан бичгүүдээр дээрх хуулийн дагуу, удаа дараа мэдэгдсэн боловч, Хуримтлалын гэрээ хийхгүй, 2018 онд хийсэн хуучин гэрээний дагуу, сард 80000, жижүүр үйлчлэгчийн 11667, талбайн 8160, төрийн банк авах 150с сард бүгд 99977x12 сар= 2019 онд 1199724т, 2020 онд т,т, 21онд 1199724 нийт 3599172 м.т төлөхгүй, СӨХ-ны үйл ажиллагааг олон жил саатуулж, СӨХ-ны хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.Үл хөдлөх хөрөнгийн эзэн Д.******* СӨХ-той Хуримтлалын гэрээ хийж ажил-үйлчилгээ явуулахыг СӨХ-ноос албан бичиг өгсөн өгөөгүй ч гэсэн сайн мэддэг бай СӨХ-оог зориуд элэг барьж, СӨХ-той санаатайгаар гэрээ хийхгүй, СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, 150м2 талбайгаас гарч байгаа хог хаягдлаа хадгалах газаргүй, СӨХ-ны хогийн бункерт хийж, СӨХ хогний машины дуудлага өгч ачуулаад , ариутгал цэвэрлэгээг хогийн бункерт тогтмол хийж СӨХ дээр ажил нэмж байгаа ч огт тоохгүй улмаар 2019-2021 оны Хуримтлалын төлбөр нийт 3599172 төгрөгний төлбөрийг төлүүлж өгнө үү. СӨХ-той хууль зөрчиж СӨХ-төй гэрээ хийхгүй СӨХ-ны эрх ашгийг санаатайгаар, олон жил ноцтой зөрчсөн учраас төлбөл зохих төлбөрийг дур зоргоороо танхайрч, Д. ******* төлөхгүй байж болдог хуулийн эрхгүй, өөрийн нь буруугаас шалтгаалж, хуримтлалын гэрээ хийгээгүй хугацааны 2019, 2020, 2021 оны төлбөрүүдийг зүй ёсоор Д.*******ээр нөхөж төлүүлж өгч СӨХ-ны ажилд гүн туслалцаа үзүүлж өгнө үү .Цаашид иргэн Д. ******* ингэж дур зоргоороо авирлаж, МУ-ын хуулийг Зөрчиж үргэлжлэх бол, 2 давхар өргөтгөлыг нураалгаж, даацын ханыг нөхөн хийлгүүлж, подвалд СӨХ-ны хариуцсан шугамнаас халаалт, цэвэр бохир усны шугмыг СӨХ-ны зөвшөөрөлгүй татсаныг таслан зогсоолгох шаардлагатай байна... гэв.

 

3. Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... миний бие Дуламсүрэн овогтой ******* нь 2012 оны 11 сард БГД, 4-р хороолол, 8-р хороонд байрлах 14-р байр, 3-р орц, 1-р давхарын үйлчилгээний зориулалттай 76 тоот өргөтгөлтэй 3 өрөө байрыг худалдан авч одоог хүртэл хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байна. СӨХ-оос би үйлчилгээ авдаггүй. СӨХ-ны төлбөр, хуримтлал гэж хоёр төлбөр төлдөг. Гэтэл манайхыг пункрт хог хаяуулахгүй гэдэг. Би мэдэхгүй төлбөр төлөөд яваад байдаг байсан. Баянгол, Шинэ өргөө хог тээврийн компанид аж ахуйн нэгжийн статусаар 52000 төгрөг сар бүр төлдөг. Би СӨХ-өөс ямар ч үйлчилгээ авдаггүй. Орцоор орж гаргахгүй гэж дарамтлаад суурилуулсан дохиоллоо хүртэл өөрчилж дэлгүүрийн хаалгаар орж, гардаг болсон. Би ороод тамга тэмдгээ аваад СӨХ дээр яваад орьё гэж хэлээд юмаа аваад орсон чинь ******* гуайн ааш нь хувирчихсан хуримтлалын үнээ нэмээд хашигчаад байсан . Тэгээд би гараад явсан. Ямарваа гэрээг 2 тал тохирч байж хийгддэг байх, гэрээний төлбөрөө тохирч чадахгүй бол би хэд дахин уулзаад асуудал шийдэгдэхгүй болов уу гэж бодож байна.2019-2021 оны хуримтлалын төлбөр 3,599,172 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ. Би энэ мөнгийг төлөх боломжгүй. Би гэрээ хийе гэж очсон. Хүнтэй харьцах харьцаагүй, ааш нь хөдлөхөөрөө дуртай тоогоо хүнээс нэхээд сууж байдаг, ашиг олж байна гэж байнга дарамталдаг, нураалгана, хураалгана, торгуулна гэж байнгын миний ажиллаж амьдрах эрхэнд халдаж байна. Би 2019-2021 онд СӨХ-тэй хуримтлалын гэрээ хийж гарын үсэг зураагүй. 2 давхар өргөтгөлийг нураалгаж, даацын ханыг нөхөн хийлгүүлж, подвалд СӨХ-ны хариуцсан шугамнаас халаалт, цэвэр бохир усны шугамыг СӨХ-ны зөвшөөрөлгүй татсаныг таслан зогсоолгох гэсэн шаардлагыг ойлгохгүй байна. Хууль ёсны дагуу бичиг баримт, тушаал шийдвэр, холбогдох зөвшөөрлийг авч журам зааврын дагуу ажиллаж байгаа нэхэмжлэлийг Бүх бичиг баримт нь хуулийн дагуу байна гээд байхад юу шаардаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

4. Нэхэмжлэгч ******* ******* СӨХ-оос ирүүлсэн

            Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

            ******* ******* СӨХ-ны Гэрчилгээ /хэргийн 3 дугаар тал/

            2019.08.13-ны өдрийн ******* ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 4 дүгээр тал/

2021.04.27-ны өдрийн Итгэмжлэл /хэргийн 5 дугаар тал/

Хуримтлалын төлбөрийн жагсаал /хэргийн 6 дугаар тал/

2018.01.01-ний өдрийн Хуримтлалын гэрээ /хэргийн 7-8 дугаар тал/

2014.04.01-ний өдрийн Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 06 дугаар тогтоол, хавсралт /хэргийн 9, 10 дугаар тал/

2021.10.01-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай /хэргийн 11 дүгээр тал/

2018.05.30-ны өдрийн ******* ******* 13 14 СӨХ-ны мэдэгдэл /хэргийн 12 дугаар тал/

2019.12.25-ны өдрийн ******* ******* СӨХ-ны Хуримтлалын гэрээ хийх тухай мэдэгдэл /хэргийн 13 дугаар тал/

2019.01.23-ны өдрийн ******* ******* СӨХ-ны Хуримтлалын төлбөрийн тухай мэдэгдэл /хэргийн 14 дүгээр тал/

2019.01.23-ны өдрийн ******* ******* СӨХ-ны Хуримтлалын тухай мэдэгдэл/хэргийн 15 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж /хэргийн 18 дугаар тал/

2021.04.14-ний өдрийн ******* ******* СӨХ-ны Хуримтлалын гэрээ хийх тухай мэдэгдэл /хэргийн 16 дугаар тал/

Тайлбар, гомдол гаргах тухай /хэргийн 60 дугаар тал/

 

6. Хариуцагч Д.*******ээс ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 22-25 дугаар тал/

Д.*******ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 26 дугаар тал/

Д.*******ийн Төрийн банкны дансны хуулга /хэргийн 27 дугаар тал/

Д.*******ийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 28 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 29-32 дугаар тал/

Тооцоолол /хэргийн 33 дугаар тал/

Д.*******ийн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хэргийн 34 дүгээр тал/

2008.06.12-ны өдрийн Албан татвар төлөгчийн гэрчилгээ /хэргийн 35 дугаар тал/

2015.05.21-ний өдрийн Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 36 дугаар тал/

2013.07.08-ны өдрийн Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 36 дугаар талын ар тал/

2019.05.10-ны өдрийн Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 37 дугаар тал/

2019.05.20-ны өдрийн Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 37 дугаар талын ар тал/

2015.03.05-ны Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 38 дугаар тал/

2013.03.05-ны Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 39 дүгээр тал/

Мэргэжлийн хяналтын газрын 2013.02.10-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 40 дүгээр тал/

Орон сууцны хийц зориулалтыг өөрчилж үйлдэврлэл, ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн жагсаалт /хэргийн 41-42 дугаар тал/

2019.04.15-ны өдрийн Хог хаягдал тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээ /хэргийн 43-44 дүгээр тал/

2011.07.21-ний өдрийн Орон сууц Хөх асар ХХК-ийн албан бичиг /хэргийн 45 дугаар тал/

Байршлын схэм /хэргийн 46-48 дугаар тал/

Кадастрын зураг /хэргийн 49 дүгээр тал/

Төрийн банкны орлогын мэдүүлэг /хэргийн 50 дугаар тал болон ар тал/

Кассын орлогын ордер /хэргийн 51-55 дугаар тал болон ар тал/

2022.02.08-ны өдрийн Хариу тайлбар /хэргийн 17-р тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Дундын өмчлөлийн хуулийн 16 дугаар зүйл 16.4.1, 16.4.2 заалтуудаар дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар хамгаалалт, үйлчилгээ нь тодорхой сууц өмчлөгчдийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа бол” гэсэн заалтыг биелүүлэхээр, МСӨХДЗөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 04 сарын 01-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралтаар харьяалагдах СӨХ-ны захиргаатай Хуримтлалын гэрээ хийж, ажил-үйлчилгээгээ явуулах хуультай. Хуримтлалын гэрээ хийхгүй, 2018 онд хийсэн хуучин гэрээний дагуу, сард 80000, жижүүр үйлчлэгчийн 11667, талбайн 8160, төрийн банк авах 150с сард нийт 3599172 төгрөг төлөхгүй, СӨХ-ны үйл ажиллагааг олон жил саатуулж, СӨХ-ны хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна ... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ....СӨХ төлбөр, хуримтлалын төлбөр гээд 2 төлбөр нэхдэг. Гэрээ хийх гээд очих бүрт өөр өөр зүйл яриад ойлголцолд хүрч чаддаггүй, гэрээг 2 тал тохирч хийдэг байх, тодорхой хэмжээгээр СӨХ төлбөр төлдөг, ... 2 давхар өргөтгөлийг нураалгаж, даацын ханыг нөхөн хийлгүүлж, подвалд СӨХ-ны хариуцсан шугамнаас халаалт, цэвэр бохир усны шугамыг СӨХ-ны зөвшөөрөлгүй татсаныг таслан зогсоолгох гэсэн шаардлагыг ойлгохгүй байна. Хууль ёсны дагуу бичиг баримт, тушаал шийдвэр, холбогдох зөвшөөрлийг авч журам зааврын дагуу ажиллаж байгаа нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй.... гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. ******* ******* СӨХ нь Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах 13, 14 дүгээр байранд Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх эрхтэй болох нь 2004 оны 03 сарын 03-ны өдрийн 08 дугаар гэрчилгээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 3 дугаар тал/

 

6. Тус холбооны гүйцэтгэх захирал Г.******* болох нь холбооны 2019 оны 08 сарын 13-ны өдрийн №03 тоот УЗ-ийн хурлын тогтоолоор нотлогдож байна. /хэргийн 5 дугаар тал/

 

7. Хариуцагч Д.******* Баянгол дүүрэг, 8 хороо, 4 хороолол, 14 байр 76 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 40м2 талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч болох нь өмчлөх эрхийн гэрчилгээ, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байгаа, хариуцагч тухайн үл хөдлөх хөрөнгийг 8 нэрийн хүнсний дэлгүүр зориулалтаар ашигладаг талаар талууд маргаагүй. /хэргийн 22-25, 29-32, 34 дүгээр тал/

 

8.Мөн хариуцагч 2019-2021 оны СӨХ-ны төлбөр төлж байсан нь хариуцагчийн дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 26-28 дугаар тал/

 

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа өөрөө нотлох нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч хуульд заасан энэ үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэж үзнэ.

 

10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хуримтлалын гэрээ байгуулахыг даалгах, хуримтлалын төлбөр 3599172 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа бөгөөд энэ шаардлагын үндэслэлээ нотлоогүй болно.

 

11. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараах тохиолдолд дор дурьдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно, мөн хуулийн 16.4.2-т сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол, мөн хуулийн 16.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэжээ.

 

12. Хуулийн зохицуулалтаас үзэхэд сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа сууц өмчлөгчөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардал төлбөрийн хэмжээ ямар байх талаар тогтоосон нэхэмжлэгч ******* ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэр, тогтоол хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч энэ талаар ямар нэг баримтыг ирүүлээгүй.

 

13. Нэхэмжлэгчийн дээрх засвар, хамгаалалт, үйлчилгээний зардал төлбөрөөс гадна хуримтлалын гэрээ байгуулан төлбөр төлөх ёстой гэж хариуцагчид удаа дараа мэдэгдэл хүргүүлэн шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуульд энэ талаар хариуцагчид үүрэг болгосон ямар нэг зохицуулалт үгүй болно.

 

14. ******* ******* СӨХ хариуцагчаас хэргийн 6 дугаар талд авагдсан тооцоо баримтаар хуримтлалын төлбөр 2019-2021 оны нийт төлбөрт 3599172 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэхүү тооцоо баримтынхаа хууль зүйн үндэслэлийг нотлоогүй, хариуцагчаас авах засвар, хамгаалалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоосон бүх гишүүдийн шийдвэр тогтоолоо ирүүлээгүй тул хариуцагчийн төлсөн төлбөрийг харилцан тооцох боломжгүй юм.

 

15. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул шүүх хуримтлалын гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй.

 

16. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.2, 16.5, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хуримтлалын гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, 2019-2021 оны хуримтлалын төлбөр 3599172 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэв.

 

17. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гаргасан 2 давхар өргөтгөлийг нураалгаж, даацын ханыг нөхөж хийлгүүлж, подвальд СӨХ-ны хариуцсан шугамнаас халаалт, цэвэр бохир усны шугамыг СӨХ-ны зөвшөөрөлгүйгээр татсаныг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, түүнтэй холбоотой ямар нэг тайлбар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй. Иймд энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 633, 140 400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

19. Хариуцагчаас ирүүлсэн хэргийн 33, 36-55 дугаар талд авагдсан баримтууд хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй тул нотлох баримтаас хасах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.2, 16.5, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан, хуримтлалын гэрээ байгуулахыг даалгах, 2019-2021 оны хуримтлалын төлбөр 3599172 төгрөг гаргуулах, 2 давхар өргөтгөлийг нураалгаж, даацын ханыг нөхөн хийлгүүлж, подвальд СӨХ-ны хариуцсан шугамнаас халаалт, цэвэр бохир усны шугамыг зөвшөөрөлгүй татсаныг таслах зогсоолгох тухай нэхэмжлэгч ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 633, 140 400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар хариуцагчийн ирүүлсэн хэргийн 35-55 дугаар талд авагдсан баримтуудыг нотлох баримтаас хассугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ