Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00491

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00491

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ........... нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ................холбогдох,

 

883 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-д холбогдуулан ... 883 200 төгрөг... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Ч. ******* нь 1981 оны 07 дугаар сард ******* 4 дүгээр ******* *******ын түлш дамжуулах цехэд машинистаар орж ажиллаж байгаад 1999 онд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөр алдалтын хувь тогтоолгон группт гараад 2018 оны 03 сарын 05-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж 55 нас хүрсэн тул ******* 4 дүгээр ******* *******ын захирлын Б/429 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 тоот тушаалаар Хамтын гэрээний 12.2-т заасны дагуу ДЦС-4 ТӨКХ-д ажилласан 17 жил 03 сарын хугацаанд ноогдох 8,832,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. ******* 4 дүгээр ******* *******аас нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Чойжилжавын *******гийн харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Мөнгө шилжүүлсэн өдөр 10 хувийг суутган авсаныг мэдээд энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж зэргийг албан татвараас чөлөөлнө гэж хуульчилсан. Нэг удаагийн тэтгэмжээс 10 хувийн татвар авсан талаар ДЦС-4-ийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ... 883,200 төгрөгийг 10 хувийн татварт суутган Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн байх тул Ч.******* нь Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Хамтын гэрээний дагуу олгож байгаа тэтгэмж бөгөөд Хамтын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалттай гэрээ тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

 

4. Нэхэмжлэгч Ч.*******гээс шүүхэд ирүүлсэн

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/

2018.11.21-ний өдрийн ******* 4-р *******ы *******ийн гүйцэтгэх захирлын б/429 дугаар тушаал /хэргийн 5 дугаар тал/

2019.03.05-ны өдрийн ******* 4-р *******ы *******ийн гүйцэтгэх захирлын б/69 дугаар тушаал /хэргийн 6 дугаар тал/

Ч.*******гийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 7 дугаар тал/ нотлох баримтууд,

 

5. Хариуцагч ******* 4-р ******* ******* ТӨХК-иас шүүхэд ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 9 дүгээр тал/

******* 4-р ******* ******* ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 10 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 14 дүгээр тал/

2019.03.05-ны өдрийн ******* 4-р *******ы *******ийн гүйцэтгэх захирлын б/69 дугаар тушаал /хэргийн 15 дугаар тал/

Албан татварын тайлан /хэргийн 16 дугаар тал/

2019-2020 Хамтын гэрээ /хэргийн 20 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ...тэтгэмж 8 832 000 төгрөг олгохоос 7 948 800 төгрөг олгож, үлдэгдэл 883 200 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт тооцож дутуу олгосон. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар тэтгэмж нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байгаа атал хариуцагч байгууллага 1 104 000 төгрөгийг татварт суутгасан нь үндэслэлгүй тул энэ мөнгийг нэхэмжилнэ... гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласныг,

3. хариуцагч эс зөвшөөрч ... тэтгэмжийн мөнгийг шилжүүлэхдээ хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн байдаг. Энэ мөнгө манай компанид биш Баянгол дүүргийн татварын албанд шилжсэн тул татварын албанаас нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-ийн дамжуулах цехд машинистаар ажиллаж байгаад 1999 онд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөр алдалтын хувь тогтоолгон группт гараад, 2018 оны 03 сарын 05-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн учир 2018 оны 11 сарын 21-ны өдөр дугаар Б/429 тоот ******* ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, ажлаас нь чөлөөлсөн байна. 2019 оны 03 сарын 05-ны өдрийн дугаар Б/69 тоот ******* ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Тэтгэмж олгох тухай тушаалаар нэхэмжлэгчид Хамтын гэрээний 12.2-д заасныг үндэслэн 17 жил 03 сар ажилласан хугацаанд ногдох нэг удаагийн тэтгэмж 8 832 000 төгрөг олгохоор шийдвэрлэж, уг тэтгэмжийн мөнгө болох 7 948 800 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банк дахь 5622060717 тоот дансанд 2019 оны 04 сарын 19-ны өдөр шилжүүлэн олгожээ. Энэ нь хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар, 2018 оны 11 сарын 21-ны өдрийн дугаар Б/429 тоот компаний гүйцэтгэх захирлын тушаал, 2019 оны 03 сарын 05-ны өдрийн Б/69 тоот компанийн захирлын тушаал, Хаан банкны 5622060717 тоот дансны хуулга, Хамтын гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-7, 14-15, 20 дугаар тал/

5. Дээрхи үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

6. Нэхэмжлэгч мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдож, дараа нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Талууд хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар маргаагүй.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэ нь зохигч талуудыг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогч, хөдөлмөрийн гэрээний талууд гэж үзэхгүй байх үндэслэл болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа энэ маргаанд хамаарахгүй гэж үзнэ.

8. Мөн хариуцагч 10 хувийн татварт тооцон суутгасан 883 200 төгрөгийг Баянгол дүүргийн татварын албанд шилжүүлсэн гэж тайлбарлан, хариуцагч байгууллагын 2019 оны 4 улирлын Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан баримтыг ирүүлжээ. /хэргийн 16 дугаар тал/

9. Эдгээр баримтыг судлан үзэхэд Ч.*******д олгосон тэтгэмжийн орлогоос татварт суутгасан 883 200 төгрөг яаж хэрхэн тооцогдож Баянгол дүүргийн татварын алба руу шилжигдсэн эсэх нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

10. Дээрх баримтуудаар хариуцагчийн тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.

11. Хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2019-2020 онд хэрэгжүүлэх ******* гэрээний 12.2-д Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн байгууллагад ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэж заасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Алтантуулд 8 832 000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь хууль болон ******* гэрээг зөрчөөгүй, талууд энэ талаар маргаагүй.

12. Нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн энэхүү тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу олгож байгаа нэг удаагийн тэтгэмж тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д зааснаар албан татвараас чөлөөлөгдөх орлого бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн тэтгэмж, өөрт нь орох байсан орлого болох 8 832 000 төгрөгөөс татварт 883 200 төгрөг суутган авч хууль зөрчсөн нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна.

13. Хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар хангалттай нотлоогүй, хууль зөрчиж албан татвараас чөлөөлөгдөх орлогод татвар тооцож суутгасан нь дээр авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

14. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-аас дутуу олгогдсон тэтгэмж 883 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25 750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.

 

16. 2021 оны 12 сарын 12-ны өдөр нэхэмжлэгчээс Я.*******д, 2022.01.13-ны өдөр хариуцагчаас Ч.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 9 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-иас дутуу олгосон тэтгэмж 883 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25 750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ