| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 184/2023/03180/И |
| Дугаар | 001/ХТ2025/00222 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2025/00222
С.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04560 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2025/01366 дугаар магадлалтай,
С.Б-ын нэхэмжлэлтэй
С.А-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 36,610,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У, хариуцагчийн өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч С.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04560 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэг, хохиролд хариуцагч С.А-гаас 32,763,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,846,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гаас 321,767 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2025/01366 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.А-гаас 10,996,740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,613,260 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 321,767” гэснийг “190,898” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Миний бие тус хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд 23,000,000 төгрөгийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба хариуцагч С.А нь нэхэмжлэгч С.Б-аас авсан мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ эргүүлэн төлөхөд зарцуулж, хувьдаа ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас үндсэн зээлд 22,337,000 төгрөг, хохиролд 13,469,400 төгрөг буюу нийт 32,763,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зээлийг хүлээн авах, ашиглах, түүнээс ашиг олохтой холбоотой хуулийн зохицуулалтыг хэт явцуугаар тайлбарлан буруу хэрэглэж, хариуцагчаас авах ёстой 32,763,400 төгрөгийг 10,996,740 төгрөг болгон бууруулж шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” зорилгоор энэхүү гомдол гаргаж байна.
4.1.Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн хэмжээний талаарх маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс зөрүүтэйгээр хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй.
Хариуцагч С.А нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөний 8,800,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч, үлдэх 14,050,000 төгрөгийг бусад зээлийнхээ өр төлбөрийг төлөх зорилгоор “Г” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирлын дансаар хүлээн авч ашигласан бөгөөд одоо тус зээлүүд нь бүгд төлөгдөж дууссан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн шүүх хуралдаанууд дээр гаргасан тайлбараар бүрэн нотлогддог.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч С.А-д мөнгө зээлүүлэхдээ 14,050,000 төгрөгийг түүний хүсэлтээр өөр хүний данс руу шилжүүлэн ашиглуулсан, үүний үр дагаварт хариуцагч нь өөрийн төлөх ёстой өр төлбөрийг барагдуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж, 210 дугаар зүйлийн 210.1-т “...үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.” гэж, 211 дүгээр зүйлийн 211.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол ... ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.” гэж, 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг...төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.” гэх хуулиар зөвшөөрсөн хэм хэмжээний хүрээнд зохицуулагдаж байгаа.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд үүссэн харилцаа нь дээр дурдсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг шууд болон төсөөтэйгөөр хэрэглэж, үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн ашиглах боломжтой байтал давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу шилжүүлэх үүрэгтэй” гэдгийг хэт явцуугаар тайлбарлан “төлбөрийг зээлдэгчийн данс руу нь шилжүүлээгүй” буюу гарт нь бариулаагүй л бол зээл олгосон гэж үзэхгүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, ингэхдээ хариуцагчид бусдаас хөрөнгө завших нөхцөлийг бий болгосон байна.
4.2.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэргийг нэхэмжлэлийн шаардлагьн хүрээнд шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг дутуу шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд “хариуцагчаас зээлийн гэрээний дагуу 22,930,000 төгрөгийг, уг зээлийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 13,680,000 төгрөгийн хамт буюу нийт 36,610,000 төгрөг гаргуулах” шаардлагыг гаргасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс С.А-гаас зээлийн хүү нэхэмжлээгүй, харин түүний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн байтал давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ магадлалын хянавал хэсгийн 4.3-т “... хариуцагч нь 8,880,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдэж авсан байх тул зээл 8,880,000 төгрөг, зээлийн хүүд 5,220,00, нийт 14,100,000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 3,103,260 төгрөгийг хасч, 10,996,740 төгрөгийг нэхэмжлэгч С.Б-д олгохоор шийдвэрлэв...” гэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай хүү тохирсон зээлийн гэрээ байгуулсан хэрнээ хүү бус хохирол нэхэмжилж байгаагийн шалтгаан нь талуудын тохиролцооны дагуу С.Б нь С.А-д туслах зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, “Г” ХХК-аас 30,000,000 төгрөгийн зээл авч, 22,930,000 төгрөгийг нь С.А-д зээлүүлсэн боловч хариуцагчийн зүгээс зээлийг эргүүлэн төлөх үүргээ 5 жилээр хэтрүүлж, нэхэмжлэгчид нэг ч төлбөр төлөөгүй.
Улмаар банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний асуудал шүүхэд шилжиж С.Б нь С.А-гийн авсан зээлийг, хэтрүүлсэн хугацаанд ногдох хүүгийн хамт түүний өмнөөс төлөхөөс өөр аргагүйд хүрсэн ба С.Б нь үндсэн зээлд 30,000,000 төгрөг, хүүд 18,000,000 төгрөг буюу нийт 48,000,000 төгрөгийг 2024.09.27-ны өдөр “Г” ХХК-д төлснөөр уг зээл, зээлийн хүүтэй холбоотой асуудал дуусгавар болсон.
Хэрэв С.А нь авсан зээлээ хугацаанд нь төлсөн бол С.Б нь бусдын өмнөөс өндөр хэмжээний зээл, зээлийн хүү төлж, цаашлаад орон байраа алдах хэмжээний хохирол амсахгүй байсан тул тэрээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, 222.4-т “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна.” гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ...-ыг хохиролд тооцно.” гэж заасны дагуу банк бус санхүүгийн байгууллагад төлсөн хүүгийн төлбөрийг талуудын хуваан авсан зээлд хувь тэнцүүлэн нэхэмжилсэн.
Уг хохирлын асуудлыг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзээд хангаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс алдаа гаргаж нэхэмжилсэн хохирлын асуудлыг бүрэн орхигдуулан (огт дүгнэлт хийгээгүй), С.Б-ын нэхэмжлээгүй хүүгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
4.3.Давж заалдах шатны шүүх тооцооллын алдаа гаргаж, нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг буруу тооцоолсон. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч С.Б нь зээлийнхээ тодорхой хэсгийг буюу 14,050,000 төгрөгийг хариуцагч С.А-гийн дансанд шилжүүлээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.Б-ын авах ёстой төлбөрийг тооцохдоо дээр дурдсан шаардлагынхаа эсрэг дүгнэлт хийж, хариуцагч С.А-гийн нэхэмжлэгчид биш банк бус санхүүгийн байгууллагад төлсөн төлбөрийг хасаж (магадлалын хянавал хэсгийн 4.2) тооцсон нь тооцооллын болон логик алдаатай болж, талуудад тэгш бус, шударга бус хандсан байна.
Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.14-ний өдрийн 001/ШХТ2025/001034 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч С.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл, хүү, алдангид 46,309,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээлд 22,930,000 төгрөг, хохирол 13,680,000 төгрөг, нийт 36,610,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг “... Талуудын анхны тохиролцооны дагуу С.Б нь орон сууцаа барьцаалан “Г” ХХК-аас 30,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүнээс 23,000,000 төгрөгийг С.А авах, тогтоосон хугацаанд мөнгийг хүүтэй нь буцааж төлөхөөр болсон. Энэ тухай бичгээр баталгаажуулсан. Зээл авсан 2019.12.24-ний өдөр 8,880,000 төгрөгийг С.А-гийн данс руу, 14,050,000 төгрөгийг түүний хэлснээр Д.Б гэдэг хүний данс руу тус тус шилжүүлсэн. ... 14,050,000 төгрөгөөр С.А-гийн “Г” ХХК-аас хувьдаа болон өөрийн хамаарал бүхий этгээдтэй хамтран зээлсэн зээлийн төлбөрөөс төлөгдсөн. Хариуцагч нь тогтоосон хугацаанд мөнгийг төлөөгүй, үүний улмаас ББСБ надаас зээлийн төлбөрт их хэмжээний мөнгө нэхэж шүүхэд хандсан. Бид эвлэрч 46,309,312 төгрөг төлөхөөр шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжийг биелүүлэхдээ би барьцаанд тавьсан орон сууцаа бусдад 68,000,000 төгрөгөөр худалдаж зээлд 30,000,000 төгрөг, зээлийн хүүд 18,000,000 төгрөг нийт 48,000,000 төгрөг төлсөн. Иймээс С.А-гаас 30,000,000 төгрөгийн 76% болох 22,930,000 төгрөгийг авч ашигласны хувьд уг мөнгийг болон зээлийн хүүд төлсөн 18,000,000 төгрөгөөс түүнд ногдох 13,680,000 төгрөгийн хохирлын хамт гаргуулж өгнө үү ” гэжээ.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...С.Б-ыг танихгүй, мөнгө аваагүй. “Г” ХХК-тай байгуулсан ямар ч зээлийн гэрээ байхгүй. С.Б-ын ээж болох н.Б-тай найз таньдаг байсан бөгөөд түүнтэй харьцаж байсан. “Г” ХХК нь С.Б-ын нэхэмжлээд байгаа зээлийн төлбөрийг бусад зээлдэгчийн данс руу шилжүүлсэн. Би өөрийн данс руу шилжүүлж авсан 8,880,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрнө, бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй. ” гэжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэн авсан 29,850,000 төгрөгөөс 8,880,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, 13,457,000 төгрөгийг хариуцагчийн хамаарал бүхий этгээдүүдийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн, нийт 22,337,000 төгрөгийг хариуцагч авсан тул буцаан төлөх үүрэгтэй, харин хариуцагч нь “Г” ХХК-д 2020.01.24-2020.10.27-ны хооронд нийт 3,043,000 төгрөгийг С.Б-ын нэрээр төлсөн нь тогтоогдсон. С.Б, С.А нар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч, хариуцагч нь 23,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай хүүгийн хамт төлөхөө бичгээр илэрхийлсэн, мөнгийг нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан, хариуцагчийн банк бус санхүүгийн байгууллагад төлөх өр төлбөрийг гуравдагч этгээд буюу С.Б төлсөн гэх үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч 22,337,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй. Нэхэмжлэгч зээл, хүүд 48,000,000 төгрөгийг өөрийн орон сууцаа худалдан банк бус санхүүгийн байгууллагад төлсөн нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн нийт зээлсэн 29,850,000 төгрөгөөс хариуцагчид ногдох 22,337,000 төгрөг нь 74,83 хувь тул хүүнд төлсөн 18,000,000 төгрөгийн 74,83 хувийг тэнцүүлэн тооцоход 13,469,400 төгрөгийн хүүгийн төлбөрөөр хохирсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нийт 35,806,400 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч хариуцагчийн төлсөн 3,043,000 төгрөгийг хасч 32,763,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 3,846,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэжээ.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...Хариуцагч С.А нь нэхэмжлэгчээс 8,880,000 төгрөгийг хүлээн авсан байх ба уг зээлийн хүүг “Г” ХХК-аас С.Б-ын авсан зээлийн хүүгийн хэмжээгээр төлөхөөр тохиролцсон болох нь 2019.12.24-ний өдөр түүний гараар бичсэн “23 сая төгрөгийг хүүгийн хамт төлнө” гэх дээр дурдсан бичвэрээр тогтоогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэсэнтэй нийцсэн байна.
Иймд хариуцагч нь 8,880,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдэж авсан гэж үзэх тул уг зээл болон зээлийн хүүд 5,220,000 төгрөг, нийт 14,100,000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 3,103,260 төгрөгийг хасч, үлдэх 10,996,740 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,613,260 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ” гэж дүгнэсэн.
11. Дээрх байдлаар хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг “зээлийн хүү” ба “хохирол” гэж өөрөөр тодорхойлсноос гадна гэрээний дагуу нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө буюу гүйцэтгэсэн үүргийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлийн хүрээнд хянан хэлэлцэв.
12.Хоёр шатны шүүхийн зарим эрх зүйн дүгнэлт хуульд нийцээгүй байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
13.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч С.Б нь “Г” ХХК-аас өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж 30,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, уг зээлээс нийт 23,000,000 төгрөгийг хариуцагч С.А-д зээлэхээр тохирсон, тухайн мөнгийг хариуцагч хүүгийн хамт буцааж өгөхөө илэрхийлж баталгаа бичгийг гаргасан нь тогтоогдсон тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, энэ тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
14.Зээл авсан 2019.12.24-ний өдөр С.Б нь 8,880,000 төгрөгийг С.Агийн, 14,050,000 төгрөгийг Д.Б-ийн данс руу тус тус шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь өөрийн дансанд шилжүүлсэн мөнгөний тухайд маргаагүй, гагцхүү Д.Б-т шилжүүлсэн мөнгийг хүлээн аваагүйгээс буцаан төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.
15.Нэхэмжлэгч нь 8,880,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон учраас тэрээр энэ хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид буюу С.А-д өөрт нь хүлээлгэн өгсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасантай нийцнэ. Үүнийг хоёр шатны шүүх зохигчийн тайлбар, хэргийн баримтад үндэслэн дүгнэжээ.
16.Харин зээлэхээр тохиролцсон 23,000,000 төгрөгөөс 14,050,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид бус тухайн ББСБ-ын гүйцэтгэх захирал Д.Б-ийн данс руу шилжүүлсэн, улмаар уг мөнгөөр өмнө нь С.А-гийн тус байгууллагаас өөрийн болон бусадтай хамтран авсан зээлийн төлбөр төлөгдсөн энэ нөхцөл байдлаар нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнд тооцох эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон бөгөөд үүнд хоёр шатны шүүх дараахь зөрүүтэй дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх “... хариуцагчийн банк бус санхүүгийн байгууллагад төлөх өр төлбөрийг гуравдагч этгээд буюу С.Б төлсөн үйл баримт тогтоогдсон...” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь хариуцагчид 14,050,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй” гэсэн байна.
17.Хоёр шатны шүүхийн эдгээр дүгнэлт учир дутагдалтай байгааг залруулах нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгч хариуцагчид үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн эсэх асуудал хөндөгдөж байхад анхан шатны шүүх эсрэгээрээ Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д заасан “хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэсэн зохицуулалтын агуулгаар дүгнэж, уг дүгнэлтээ үндэслэж С.Б-ыг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж хуулийг буруу тайлбарлажээ.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх дээр дурдсан нэхэмжлэгчийн бусдын данс руу мөнгө шилжүүлсэн, уг мөнгөөр хариуцагчийн зээлийн төлбөр төлөгдсөн үйл баримтаар үүргийг гүйцэтгэсэнд тооцох эсэх талаар дүгнээгүй, гагцхүү мөнгө өгснөө нэхэмжлэгч нотлоогүй гэснийг зохигчийн маргаанд хийвэл зохих дүгнэлтийг бүрэн хийгээгүй гэж үзнэ.
18.Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор заасан, нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд буюу Д.Б-т 14,050,000 төгрөг шилжүүлснийг хариуцагч татгалзаагүй, зөвшөөрөхийн зэрэгцээ өөрийн болон бусадтай хамтран авсан зээлийн төлбөрийг төлөх хүсэл зориг байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Тухайлбал, С.Б-ын “Г” ХХК-аас зээл авсан 2019.12.24-ний өдөр өөрийн дансандаа 8,880,000 төгрөг шилжиж орсныг хариуцагч нь мэдсэн, тухайн өдрөөр огноолсон баталгаанд 23,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөө бичгээр илэрхийлсэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр “Г” ХХК-аас гаргуулсан Д.Б-ийн дансны мэдээллээр зээл авсан тухайн цаг хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 13,457,000 төгрөгийг С.А болон түүний хамаарал бүхий этгээдийн хамтран зээлсэн зээлийн төлбөрт шилжүүлсэн байх бөгөөд гэрч Д.Б энэ талаар мөн гэрчилсэн баримтууд хэрэгт авагджээ.
Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч С.Б нь зээлийн гэрээний дагуу нийт 22,850,000 төгрөгийг (зээлийн шимтгэлийг хассан дүн) хариуцагчид шилжүүлснээр түүнтэй байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Үүнээс дүгнэвэл хариуцагчийн 2020.01.24-ны өдрөөс 2020.10.27-ны хооронд төлсөн 3,043,000 төгрөгийг хасч үлдэх мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
19.Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээр дурдсан зээлийн төлбөрөөс гадна хохирол гаргуулахаар шаардлага гаргасныг давж заалдах шатны шүүх зээлийн хүү шаардсан мэтээр дүгнэсэн нь алдаатай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг зөрчжээ.
Нэхэмжлэгч хохиролд 13,680,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг “... шүүхийн шийдвэрийн дагуу “Г” ХХК-д зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, хүүд 18,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөг төлсөн, уг төлбөрийг барьцаанд байсан орон сууцаа худалдаж төлсөн” гэж тайлбарласан ба түүний заасан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байх тул тэрээр хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлснээс үүссэн хохирлыг шаардах эрхтэй байна.
20.Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгчийн зээлийн хүүд төлсөн 18,000,000 төгрөгөөс хариуцагчийн зээлсэн 22,337,000 төгрөгт ногдох хүүг тооцон, улмаар уг хэмжээгээр хохирол учирсан гэж үзэн 13,469,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Харин анхан шатны шүүх уг шаардлагыг хангахдаа шаардлага гаргах хууль зүйн үндэслэлийг оновчтой зөв тодорхойлоогүй байгааг залруулах нь зүйтэй гэж үзлээ.
21.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас зээлд 22,337,000 төгрөг, хохиролд 13,469,400 төгрөг, нийт 35,806,400 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 3,043,000 төгрөгийг хасч 32,763,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцнэ.
22.Иймээс шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2025/01366 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч С.А-гаас 32,763,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,846,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын 2025.09.19-ний өдөр төлсөн 321,767 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА