Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/02499

 

 

  

 

 

 

2021 оны 10 сарын 05 өдөр

 Дугаар 102/ШШ2021/02499

                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дүгээр хороолол,0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух ,Л.Б нэхэмжлэлтэй

  

Хариуцагч 0 дүүрэг, 0 дүгээр хороолол,0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух,  Л.М-т холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 18.684.070 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад       

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гэрч Э.Дү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эа нар нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

         Иргэн Л.М Л.Б-с 2017 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 3.400.000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги тооцохоор гэрээ хийж авсан.

        2017 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Л.Б, Л.М-н “Хаан” банкны данс руу 1.800.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 1.600.000 төгрөг нийт 3.400.000 төгрөгийг шилжүүлсэн.

        Л.М өөрийн гараар 2017 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 1.800.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 1.600.000 төгрөгийг өөрийн тоот дансаар хүлээн авсан гэж бичиж гарын үсэг зурсан.

        2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүртэл зээлийн гэрээний үндсэн нөхцөлтэйгөөр гэрээг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг Л.М гаргаж, үндсэн нөхцөлтэйгээр, 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлийн гэрээг сунгасан.

        Иймд уг гэрээг үндэслэж Л.Мс үндсэн зээлийн 3.400.000 төгрөг, 20 сарын 6 хувийн хүү 4.080.000 төгрөг, алдангийг 50 хувиар тооцож 3.740.000 төгрөг нийт 11.220.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Л.Б, Л.М нар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 1230 долларыг сарын 6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатайг зээлж зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэл өгөх үеийн долларын ханш 2.849.69 төгрөг байсан бөгөөд 1230 долларыг Монгол улсын мөнгөн дэвсгэртээр бодож үзэхэд 3.500.000 төгрөг болсон.

         Гэрээг үндэслэж Л.М-с үндсэн зээл 3.500.000 төгрөг, 6 хувийн 7 сарын хүү 4.976.070 төгрөг нийт 16.136.070 төгрөгийг нэхэмжилж байна.

         Л.Б долларыг Л.Мт зээлэхдээ хариуцагч долларын дансгүй учраас долларыг бэлнээр өгсөн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч Л.М зээлсэн мөнгөө төлөөгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0.5 хувиар бодож 2.488.000 төгрөгийн алдангийг нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлж Л.Мөнгөнчимэгээс нэхэмжилж байна.

         Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 3.400.000 төгрөгийн зээлийн гэрээ дээр алданги тооцсон байсан боловч доллараар зээлсэн гэрээнд алданги тооцоогүй тул долларын зээлийн гэрээнд заасны дагуу алданги тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 18.684.070 төгрөгийг нэхэмжилж байна, гэжээ.

             

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

          Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгч тал үзэж байна, хавтас хэрэгт ч мөн зээлийн гэрээ байдаг. 2020 онд хийгдсэн долларын зээлийн гэрээнээс хариуцагч Л.М зөвхөн үндсэн зээлийг хүлээн зөвшөөрдөг, зээлийн хүү, алдангийг төлөхгүй гэж маргаж байна.

          Зээлийн гэрээ  тухайн цаг үед байгуулагдаагүй, 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Л.Б, Э.Дн гэрийн гадаа ирж зээлийн гэрээнд нөхөж гарын үсэг зуруулсан бөгөөд бид үүнийг нотолж чадахгүй байгаа боловч шударга ёсны үүднээс энэ тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусаасай гэж бодож байна. 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд зээл авахад зээлийн гэрээ хийгдээгүй байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээг нөхөж хийн гарын үсэг зуруулсан.

         Хэдий үүнийг нотлох баримт байхгүй боловч нэгэнт болсон үйл баримт тул хэлж байна. Л.Б, Л.М-р гарын үсэг зуруулахдаа эгч нь та хоёртой зөндөө харилцаж байсан болохоор 1230 доллар дээр хүү, алданги тооцохгүй гэж хэлсэн болохоор Э.Д Л.М нар итгээд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэх огноотой нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд уг нотлох баримт дээр Э.Д-н авсан мөнгө гэж жагсааж бичиж байгаад гарын үсэг зуруулсан байдаг.

          Эдгээр баримтууд бүгд нэг өдөр нөхөж хийгдсэн баримтууд бөгөөд харамсалтай нь үүнийг нотлох баримт алга байна. Хүү, алданги төлөхгүй байгаа шалтгаан нь Л.Б-н хэлсэн үг нь дээр үндэслэж байна.

          Хавтас хэрэгт буй нотлох баримтад  2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 33 минутанд Л.Б-н тоот данснаас Л.М-н тоот данс руу 1.800.000 төгрөг орж ирсэн бөгөөд энэ өдрийн 17 цаг 26 минут буюу 2 цагийн дараа “Мөнгөө” гэх гүйлгээний утгатай 1.800.000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн.

          Нотлох баримт шинжлэн судлуулахаар эдгээр данс хэний данс бэ? гэдгийг шинжлэн судлуулна.

          Эхний 2240 гэж төгсөж буй данс Л.Б-н данс, 7776 гэж төгсөж буй данс Х.М-н данс. 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 07 минутанд “Л.Б-с” гэх гүйлгээний утгатай 1.600.000 төгрөг Л.М-н дансанд орж ирээд 8 минутын дараа  буюу 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 15 цаг 15 минутанд 1.600.000 төгрөг мөн 7776 гэж төгсөж буй Х.М-н данс руу шилжүүлсэн байдаг.

            Л.Б-с 3.400.000 төгрөг орж ирэхдээ Л.М-н дансыг ашигласан. Учир нь: 

            Х.М, Л.Б нар өмнө нь мөнгө санхүүгийн харилцаатай байсан бөгөөд Х.М, америкт гэр бүлээрээ оршин суудаг. Х.М мөнгөний хэрэгцээ гарахаар Л.Болормаагаас мөнгө зээлдэг байсан.

            Л.Б  3.400.000 төгрөгийг Х.М-д зээлүүлэх үедээ би чамд гэрээ хийхгүйгээр мөнгө өгч болохгүй, тийм болохоор хэн нэг хүний нэр дээр энэ зээлийг ав гэдэг шаардлага тавьсан.

            Энэ үед Х.М миний 10 жилийн найз Э.Д-н нэр дээр авъя гэж хэлэхэд нь Э.Д би өөрийнхөө дансаар дамжуулахгүй гэж хэлээд өөрийн эхнэр болох Л.М-г танилцуулсан.

            Л.Б-с Л.М-н данс руу 2 удаа шилжүүлэгдсэн 3.400.000 төгрөг, Л.М-н данс руу ороод Х.М-н данс руу шилжүүлэгдсэн. 

           Л.М мөнгийг авч ашиглаагүй, Америк улсад байгаа хүн мөнгө авахын тулд заавал Монгол улсад байгаа хүнээр дамжуул гэх Л.Бн шаардлагын дагуу Л.М-р мөнгө дамжуулагдсан.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан энэхүү гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийдэг.

           Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт зааснаар Л.М, Л.Б нарын хийсэн 3.400.000 төгрөгийг зээлийн гэрээ дүр үзүүлсэн хэлцэл тул уг мөнгийг Л.М төлөх үндэслэлгүй.

          Х.М-д шилжсэн нь тодорхой харагдаж байгаа тул Л.Б уг мөнгийг Х.Мөнхнайрамдалаас нэхэмжлэх эрх нээлттэй.

          Харин Л.М 1230 долларыг хүү, алданги төлөхгүйгээр зөвшөөрч байна, гэжээ.

           

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     Хариуцагч Л.Б хүмүүст их, бага хугацаагаар хүүтэй мөнгө зээлүүлдэг ажлыг тогтмол хийдэг бөгөөд энэ ажлынхаа шугамаар Х.М-тай олон удаа зээлийн харилцаанд орж байсан.

     Х.Мө гэр бүлийн хамт Америкийн нэгдсэн улсад ажиллаж, амьдрах болсноор зээл олгох, зээл төлүүлэх асуудал хүнд болсон байна.

       2017 оны 06 дугаар сард Х.М, хариуцагч Л.Б-с 3.400.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргахад “чамд мөнгө зээлэхээр өгч авахад хүндрэлтэй байна. Монголд байнга оршин суудаг хүнээр дамжуулж мөнгөө ав” гэсэн шаардлага тавьсан байдаг.

       Ингээд Х.М өөрийн дотны найз Э.Дд хандаж өөрийн нэрээр Л.Бс зээл авахыг гуйсан боловч татгалзаж, өөрийн эхнэр Л.Мтэй холбож өгсөн.

      Ингээд Л.М нөхрийнхөө найз Х.Мөн хүсэлтээр хариуцагч Л.Бс 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1.800.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1.600.000 төгрөг нийт 3.400.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкин дахь дугаартай дансаар хүлээн авсан.

  Л.Мн хувьд хариуцагч Л.Бс хүлээн авсан дээрх мөнгийг орж ирсэн тухайн өдөр бүр нь Х.Мн “Хаан” банкин дахь дугаартай дансанд шилжүүлснээр энэ асуудлыг орхисон байдаг.

  Гэтэл Х.М 2021 оны 01 дүгээр сард Л.Мтэй утсаар ярьж, өөрийнх нь өмнөөс хариуцагч Л.Бтай “Зээлийн гэрээ” байгуулсан тухай яриад бид эндээ зохицсон гэж хэлэхээр нь итгэсэн.

  2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Л.Б, Л.М нарын хооронд “Зээлийн гэрээ” байгуулагдсан.

  Хариуцагч тухайн үед 3.400.000 төгрөгийг авах шаардлагагүй байсан.         

  Л.Б, М нар олон жилийн турш бизнес болон зээлийн харилцаатай байсныг мэддэг, ийм зүйл болно гэдгийг бодоогүй учраас тусалсан.

     Х:М, Л.Бгийн хүүхэдтэй хамт Америк улсад амьдардаг бөгөөд Л.Б биеэ эмчлүүлэхээр Америк улс руу явсан байгаа.

     Бидний зүгээс Х.Мөд 3.400.000 төгрөгийг Л.Мийн дансаар шилжүүлж авсан гэдгээ бичээд өгөөч гэж хэлсэн боловч “Ковид-19” коронавирусээс шалтгаалж хөдөлгөөн хийж чадахгүй байгаа учир бичгээр өгөх боломжгүй байна гээд ваябраар бичсэн зүйлээ уншсан боловч хэлж буй зүйл нь чимээтэй, тасалдаад байсны улмаас сонсогдоогүй тул шүүхэд баримтаар өгч чадсангүй.

   Энэ тухайгаа нотлохын тулд бид Э.Дг гэрчээр оролцуулж Л.Б, Х.М нар ямар харилцаатай болох, Х.Мө, Л.Бс мөнгө зээлэхдээ Л.М, Э.Д нарын дансаар дамжуулж байсан эсэх, Л.М, Э.Д нараар уг мөнгийг хэн хэн рүү шилжүүлж байсан эсэхийг тогтоолгохоор Э.Дг гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.

   Иймд 2017 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хийгдсэн гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас 3.400.000 төгрөгийн шаардлагатай холбоотой мөнгийг хүчин төгөлдөр бус гэрээний шаардлага гэж үзэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

       “Зээлийн гэрээ” хууль ёсны дагуу хийгдсэн гэрээ бөгөөд үүнийг үгүйсгэх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй.

       Х.М-г хариуцагч Л.Мтанихгүй, түүний нөхөр Э.Д таньдаг гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас ойлголоо.

       Х.М мөнгийг авсан бол Л.Мн нөхөр Э.Дү зээлсэн мөнгийг төлнө гэж баталгаа гаргаж өгөхгүй байсан байх.

        Мөн Х.Мө тухайн мөнгийг зээлсэн бол Л.М 2018-2019 онуудад “Зээлийн гэрээ”-г сунгахаар хүсэлт гаргахгүй байх байсан.

       Л.М тайлбартаа нэхэмжлэгч Л.Б-с мөнгө зээлж авснаа хүлээн зөвшөөрч, гэрээг сүүлд нөхөж хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байна.

       Өөрөөр хэлбэл, “Зээлийн гэрээ”-г дүр үзүүлж нөхөж хийсэн хэлцэл гэж байгаа боловч дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь нотлогдоогүй.

       Нэхэмжлэгч “гэрээгүйгээр хүнд мөнгөө өгөхгүй, зүгээр 3.400.000 төгрөг, 1230 долларыг шилжүүлэхгүй” гэж тайлбар бичсэн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна, гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

         

      Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Л.М-т холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 18.684.070 төгрөг гаргуулах, хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

           

        1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн гэрээтэй маргахгүй харин 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

       

Анх нэхэмжлэгч хариуцагч нар 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 3.400.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаатай “Зээлийн гэрээ” байгуулж, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр талууд харилцан тохиролцон тус гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй байхаар сунгасан болох нь зохигчдын тайлбар, гэрээ, дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Дахин зохигчид 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 1230 долларыг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сарын 6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай гэрээ байгуулжээ.

 

        Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар талууд тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зориг илэрхийлэн хийсэн, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэлээ.         

         

 Шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбараас үзэхэд, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А “2020 онд байгуулсан гэрээтэй маргахгүй. 2017 онд байгуулсан гэрээг хариуцагч өөрийн хүсэл зоригоор хийгээгүй Р.Бос, Х.Мд шилжүүлсэн мөнгийг аваад, тухайн хүн рүү шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдоно. Гэрт ирээд авсан мөнгөн дээрээ гарын үсгээ зурчих гэхээр нь зурсан учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж мэтгэлцэж” байна.

 

        Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

        

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн “Хаан” банкны дугаарын дансанд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1.600.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн нь дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн хариуцагчийн маргаж буй 2020 оны 1230 долларын гэрээг нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлахдаа “хариуцагч долларын дансгүй учраас нэхэмжлэгч өөрийн долларын данснаас бэлнээр аваад өгсөн”,

Гэрч Э.Д “Л.М миний эхнэр. Би Л.Б эгчээс доллар аваагүй, монгол мөнгөөр 3.500.000 төгрөг авсан. Хэрэглэж байгаад буцааж өгөөрэй гэж хэлсэн. Гэтэл намайг хөдөө ажилдаа явсан хойгуур эхнэртэй уулзаад, авсан мөнгөн дээрээ гэрээ байгуул гэж хэлээд байгуулсан байсан. Үнэндээ хүү, алданги авна гэж хэлээгүй. Манай гэр бүлийн алдаа бол Л.Б эгч, Х.М хоёрын хооронд дансаа ашиглуулсанд байгаа. Юу ч хэлэхэв дээ. Өөртөө гомдохоос. Бидний дансаар Л.Б эгч, Х.М-н оруулж гаргаад байгаа мөнгөнөөс нэг ч төгрөг авч үзээгүй. Энэ хоёр хоорондоо ярилцаад шийддэг юм шиг байгаа юм. Гэнэт миний дансанд 10 сая, нэг, хоёр саяар олон удаа мөнгө орж ирсэн. Юун мөнгө бэ? гэхээр Х.М “Л.Б эгчээс орж ирж байгаа, тэрэн рүү тэдийг нь өгөөрэй гэхээр би шилжүүлээд өгдөг. Эвлэрүүлэн зуучлах дээр хүртэл миний дансаар шилжүүлсэн мөнгөн дээр миний нэрээр гэрээ хийснийг би эднийг уулзуулаад өгсөн, авсан мөнгөө тэд төлнө гэж хуваарь гаргаж эвлэрэхэд би гарын үсгээ зурж өгсөн. Х.М миний оюутан цагийн найз. Л.Б эгч АНУ-д амьдардаг Х.М-д хүүхдээ байлгадаг холбоотой хүмүүс. Намайг энэ хоёр ийм хэмжээнд хүргэнэ гэж бодоогүй. Одоо тэд АНУ-д хамт хоолонд ороод явж байна. Х.М чамд хамаагүй Л.Б эгчтэй учраа олсон гэсэн атлаа консулаар дамжуулж бичиг явуулах боломжгүй байна гэж хэлсэн. Л.Б эгч болохоор “Х.Мд шууд өгөхгүй өөр хүнээр дамжуулж мөнгө өгнө гээд байна гэж Х.М надаас гуйгаад би зөвшөөрсөн” гэх мэдүүлгээс харахад,

 

 Хариуцагч Л.М нэхэмжлэгчийн шилжүүлсэн 3.400.000 төгрөгийг тухайн өдөртөө Х.Мн “Хаан” банкны  дугаарын данс руу шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа хэдий ч хариуцагч өөрийн мэдэлд шилжин ирсэн мөнгөн хөрөнгөө юунд зарцуулж, хэнд зориулах нь түүний хүсэл зориг бөгөөд дээрх үйлдэл уг мөнгийг хариуцагч аваагүй гэдгийг нотлохгүй буюу тодруулбал 2017 оны гэрээнд Л.Мг гарын үсэг зурсан талаар маргаагүй мөн гэрээний нөхцөлийг хэвээр үлдээн, гэрээний хугацааг сунгахыг хүссэн хүсэлтээ бичгээр гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар үгүйсгэж, няцааж чадахгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “зохигчид гэрээг гадаад вальютаар байгуулсан нь хууль зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа боловч гэрч Э.Дү 2020 оны гэрээний үнийг бэлэн 3.500.000 төгрөгөөр авсан тайлбарыг гаргаж байна.

 

Иймээс хариуцагч үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрөөс төлөөгүй нь баримтаар нотлогдож байх тул төлөх үүрэгтэй.

         

Талуудын байгуулсан гэрээний 2, 5 дугаар зүйл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, алданги нэхэмжлэх эрхтэй байна.

                  

Зээлийн тооцоололыг бодоход:

        

      А. 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ

               

                     -Үндсэн зээлд 3.400.000 төгрөг

                     -3.400.000 х 6%= 204.000 төгрөг /нэг сарын хүү/          

                     -204.000 төгрөг /нэг сар хүү/ х 22 /сар/ =4.488.000 төгрөг

                     -3.400.000 х 50%= 1.700.000 төгрөг /алданги/

                     -3.400.000+4.488.000+1.700.000=9.588.000 төгрөг

        

              Б. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ

 

                     -Үндсэн зээлд 3.500.000 төгрөг

                     -3.500.000 х 6%= 210.000 төгрөг /нэг сарын хүү/          

                     -210.000 төгрөг /нэг сар хүү/ х 7 /сар/ =1.470.000 төгрөг

                     -3.500.000 х 50%= 1.750.000 төгрөг /алданги/

                     -3.500.000+1.470.000+1.750.000=6.720.000 төгрөг

 

             Нийт 9.588.000 төгрөг + 6.720.000 төгрөг = 16.308.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.376.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

  

          2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч 2017 оны гэрээнд гарын үсгээ зурснаа зөвшөөрсөн, гэрээний хугацааг сунгах хүсэлтээ үгүйсгээгүй, зээлийн төлбөрийг өөрийн эзэмшлийн дансаараа шилжүүлэн авсан нь баримтаар нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.691 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 69.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 16.308.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 239.490 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Мс 16.308.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2.376.070 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.691 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 69.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 239.490 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

       

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.           

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.АРИУНАА