| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/03417/И |
| Дугаар | 102/ШШ2021/03476 |
| Огноо | 2021-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2021/03476
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо М к ХХК /РД: *, утасны дугаар: */
Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо * тоотод оршин суух Оргиоч овогт Энхбатын Г /РД: *, утасны дугаар: */
200,333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б
хариуцагч Э.Г
нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 42524047 тоот Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 49100392 дугаарлалтай Vоо үйлчилгээг мөн Уоо төхөөрөмж хугацаатай нөхцөлөөр авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн Vоо үйлчилгээний хэрэглээний төлбөр болон хугацаатай нөхцөлөөр авсан төхөөрөмжийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-д заасны дагуу Vоо үйлчилгээний хэрэглээний төлбөрт 44,433 төгрөг, хугацаатай нөхцөлөөр авсан төхөөрөмжийн төлбөрт 139,000 төгрөг, хугацаатай нөхцөлөөр авсан төхөөрөмжийн төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 16,900 төгрөг нийт 200,333 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие VOO үйлчилгээг ашиглаагүй гэж үзэж байгаа. Тухайн үед надтай утсаар ярьж энэ үйлчилгээний талаар лавлаж асуухад би за гэж хэлээгүй сонирхож үзье гэж хэлсэн. Гэтэл гэрт очоод манай гэрийн хүнтэй гэрээ байгуулсан байсан. Энэ үйлчилгээ надад таалагдахгүй байгаа учраас үйлчилгээний төлбөр төлөхгүй. Би гэрээ байгуулаагүй учраас төлөхгүй гэж үзэж байгаа. Манай эхнэртэй гэрээ байгуулсан бол манай эхнэрээс авч болно. Бид нар санхүү тусдаа байдаг. Энэ үйлчилгээ маш тааруу байсан. Төхөөрөмжийг нь буцааж өгөөд гэрээгээ цуцлах боломжтой байсан боловч ажлын ачааллаасаа болоод очиж уулзаж чадаагүй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч М к ХХК нь хариуцагч Э.Гд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 200,333 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч Voo үйлчилгээг надтай утсаар ярьж санал болгосон боловч сонирхож үзье гэхэд гэрт ирээд суурилуулаад явсан байсан, би гэрээнд гарын үсэг зураагүй, энэ үйлчилгээ надад таалагдаагүй гэж марган төлбөр төлөхөөс татгалзсан байна.
2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, үйлчилгээний гэрээ-г бичгээ байгуулсан байх ба уг гэрээгээр М к ХХК нь Vоо /интернэтээр дамжуулан төрөл бүрийн TV суваг, кино, нэвтрүүлэг, контент үзэх/ үйлчилгээний төхөөрөмжийг суурилуулж, уг үйлчилгээг үзүүлэх, Э.Г нь төхөөрөмжийн болон үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэг хүлээжээ. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах талаар хуульд заагаагүй бөгөөд уг гэрээг амаар болон бичгээр аль алинаар нь байгуулж болно. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр хийж хэн аль тал нь гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нь Vоо үйлчилгээний төхөөрөмжийг хариуцагчийн төхөөрөмжид суурилуулсан буюу хариуцагч эд хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад зохигч маргаагүй байна. Иймд төхөөрөмжийг хүлээн авсан хариуцагчийн үйлдлийг нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зааснаар 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан эсэхээс үл хамааран талуудын хооронд бодит үйлдлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул талуудын хооронд гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж зааснаар хариуцагчийн өмчлөлд эд хөрөнгө шилжсэн байх тул нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн байна. Иймд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний хариу төлбөр болох төхөөрөмжийн болон үйлчилгээний үнийг төлөх үүрэгтэй. Худалдан авагч нь төхөөрөмжийн болон үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрөөс гэрээ цуцлах хүртэл төлсөн сар бүрийн төлбөр, урьдчилгаа төлбөрийг хассан дүнгээс 20 хувийн торгууль төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд хариуцагчаас төхөөрөмжийн үнэ 139,000 төгрөг, үйлчилгээний үнэ 44,433 төгрөг, торгууль 16,900 /139,000-44,433-10,000 х 20%/ төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э Гас 200,333 төгрөг гаргуулж М к ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,660 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Гас улсын тэмдэгтийн хураамжид 6,660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М к ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА