Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/196

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

-Улсын яллагчаар М.Мөнхтайван,

-Шүүгдэгч Б.С, С.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.С, Б нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Б.Стай “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр “Хаан клуб” нэртэй цахим мөрийтэй тоглоомын аккаунтыг бусдаас худалдан авч, нэвтрэх нэр, нууц үгийг Б.Ст өгч, “Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт түүний Хаан банкны тоот дансыг “Хаан клуб” нэртэй цахим аккаунтдаа холбуулж 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд,

Мөн Б.Сын танил иргэн Б.Аэзэмшлийн Хаан банкны тоот дансыг “Хаан клуб” нэртэй цахим аккаунтад холбож, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглан “Хаан клуб” аккаунтаар дамжуулан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” нэртэй мэрийтэй тоглоомыг тус тус зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.С нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүгдэгч С.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүгдэгч Б.С, С.Б нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч С.Б нь Б.Стай “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр “Хаан клуб” нэртэй цахим мөрийтэй тоглоомын аккаунтыг бусдаас худалдан авч, нэвтрэх нэр, нууц үгийг Б.Ст өгч, “Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт түүний Хаан банкны тоот дансыг “Хаан клуб” нэртэй цахим аккаунтдаа холбуулж 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд,

 

Мөн Б.Сын танил иргэн Б.Аэзэмшлийн Хаан банкны тоот дансыг “Хаан клуб” нэртэй цахим аккаунтад холбож, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглан “Хаан клуб” аккаунтаар дамжуулан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” нэртэй мэрийтэй тоглоомыг тус тус зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 тал/,

-Шүүгдэгч Б.Сын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-6, 230 тал/,

-Шүүгдэгч Б.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 8-10, 232, 237, 2-р хх-ийн 41 тал/,

-Шүүгдэгч С.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 12-13 тал/,

-Шүүгдэгч С.Бийн хаан банк дахь 5752104702 дугаартай дасны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-19 тал/,

-Шүүгдэгч Б.Сын хаан банк дахь дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-227 тал/,

-Гэрч Б.Эмэдүүлэг /1-р хх-ийн 235 тал/,

-Гэрч Б.Амэдүүлэг /1-р хх-ийн 242-243 тал/,

-Гэрч Б.Ахаан банк дахь дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 248-с 2-р хх-ийн 2-15 тал/

-Иргэн Б.Б59255555729 дугаартай хаанк банк дахь дасны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 18-26 тал/,

-“Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №ТЦ-24-77 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 33-38 тал/Шүүгдэгч У.Алтангэрэлийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 8-9 тал/,

-Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 50 тал/,

-Шүүгдэгч С.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 61 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.С, С.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.С, С.Б нар нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /2-р хх-ийн 54, 64 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхтайван нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /2-р хх-ийн 54, 64 тал/-ийг хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 87 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /2-р хх-ийн 75-76 тал/ 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч С.Б, Б.С нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч С.Б, Б.С нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.

 

Шүүгдэгч С.Б, Б.С нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.Б, Б.С нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч С.Б, Б.С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Б, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.С, Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Б нарыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.С нарт оногдуулсан 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3.467.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Саас гэмт хэрэг үйлдэж олсон орлго 4.624.609 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Iphone Х” маркийн гар утасны үнэлгээ 330.000 төгрөгийг хувь тэнцүүлэн 165.000 төгрөгийг шүүгдэгч Б.С, С.Б нараас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

  1. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ю.ЭНХМАА