Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2026/00010

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149/ШШ2025/00269 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 208/МА2025/00049 дүгээр магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

О.Б-од холбогдох

Автомашины үнэд 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч О.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.Б-од холбогдуулан автомашины үнэд 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149/ШШ2025/00269 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч О.Б-оос 12,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 208/МА2025/00049 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149/ШШ2025/00269 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дүгээр зүйлийн 342.2, 342.4-т зааснаар хариуцагч О.Б-оос автомашины үнэ 12,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-оос 206,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Миний бие магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөрүүтэй үнэлж, хоёр шатны шүүх өөр өөр шийдвэр гаргасан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4.1.Би ямар нэгэн буруутай үйлдэл хийж хэн нэгэнд хохирол учруулаагүй, ийм нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч бидний хооронд маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах болон үнэ төлбөргүй ашиглах талаар ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах болон гэм хор учирсан, түүнийг арилгуулах гэж тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг өөрчилж, бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээ хийгдсэн гэсэн дүгнэлт хийснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг би биш өөр этгээд жолоодож яваад осолд оруулсан, эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр буюу тээврийн хэрэгсэл миний өмч гэх байдлаар оролцож, хохирлын тодорхой хэсгийг төлүүлж авсан атлаа иргэний хэрэгт би машинаа зарсан гээд нэхэмжлэгч байдлаар оролцож байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт тээврийн хэрэгсэл миний өмч гээд иргэний хэрэгт өмчөө бусдад худалдсан байдлаар тодорхойлж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас гаргуулахаар дурдагдсан 12,000,000 төгрөг нь бодит хохирол биш бөгөөд машины зах зээлийн үнэлгээ 22,000,000 төгрөг гэж тогтоогдсоноос эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон этгээд 10,000,000 төгрөг төлсний үлдэгдэл болох мөнгөн дүн. Өөрөөр хэлбэл, тухайн ослын улмаас тээврийн хэрэгсэлд бий болсон эвдрэлийн үнэлгээг 2,920,000 төгрөг гэж тогтоожээ. Энэ нь тухайн тээврийн хэрэгсэлд үүссэн бодит хохирол юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан буюу тээврийн хэрэгслийн зах үнэлгээгээр хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч О.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.04-ний өдрийн 001/ШХТ2025/001187 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагч О.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.Б-од холбогдуулан автомашины үнэд 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлийг  “... 2022.05.26-ны өдөр *** улсын дугаартай Зил-131 маркийн бор ногоон өнгийн автомашиныг бусдаас 25,000,000 төгрөгөөр худалдан авсан. Эхнэрийн хамаатан болох О.Б автомашиныг надаас зээлээр худалдаж авахаар гуйсан, би зөвшөөрсөн тул  автомашиныг авч явсан. Түүнээс хойш хаана ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй, надад машины мөнгөө өгөөгүй. Улмаар миний автомашин Завхан аймагт зам тээврийн осолд орж, эрүүгийн хэрэгт би иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Автомашины үнэлгээ 22,000,000 төгрөгөөс осол гаргасан М.М 10,000,000 төгрөг өгсөн. Шүүхээс үлдэх хохирлыг  уг тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан этгээдээс жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн. Иймд иргэн О.Б-оос зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Миний бие нэхэмжлэгч Б.Б-ээс Зил-131 маркийн машиныг худалдаж аваагүй бөгөөд харилцан тохиролцож, ашиг хуваах байдлаар хамтран ажиллаж байсан болно. Намайг хот руу явсан үед мод ачих гэсэн юм, автомашинаа түр өгөөч гэж Э.Т гуйсан, би аваад яв гэсэн боловч тэрээр өөр бусдад автомашиныг дамжуулж өгсөн үед осол гарсан байсан. Нэхэмжлэлд дурдсанаар тухайн тээврийн хэрэгслийг би осолд оруулж, энэ хүнийг хохироогоогүй. Ослын улмаас автомашинд учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт 2,920,000  төгрөг гэж тогтоосон. Осол гаргасан М.М нэхэмжлэгчид 10,000,000 төгрөг өгсөн байгаа. Эвдсэн хүмүүс нь тодорхой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ болох 22,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг шүүгдэгч М.М-аас иргэний нэхэмжлэгч Б.Б нь хүлээж авсан атлаа шүүхэд О.Б-од холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээний үлдэгдэл 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, О.Б-од зээлээр худалдсан, түүний эзэмшилд шилжүүлсэн гэх боловч Б.Б дээрх эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож, хохирлыг шүүгдэгч М.М-аас нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үндэслэл буюу “зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа талуудын хооронд үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, гэрээний гол нөхцөл үнэ, төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэрэг нь тодорхойгүй, тогтоогдохгүй байна. Харин “3ил-131” маркийн тээврийн хэрэгсэлд 2,920,000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тусгасан бөгөөд уг хохирлыг М.М 10,000,000 төгрөгөөр Б.Б-д төлснөөр дээрх хохирлыг барагдуулсан гэж дүгнэлээ. Иймд “зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн.

10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...Хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Б.Б хариуцагч О.Б нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байх бөгөөд хариуцагч О.Б нь автомашиныг эзэмшилдээ авч ашиглаж байхдаа бусдад шилжүүлж, М.М-ын болгоомжгүй үйлдлийн улмаас осол гаргаснаар автомашинд 2,920,000 төгрөгийн хохирол учирсан, автомашин нь 22,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь хэрэгт авагдсан 70 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцна”, мөн зүйлийн 342.4-т “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал нь нөгөө талын зөвшөөрөлтэйгээр тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн ч гэсэн эд хөрөнгийг ашиглуулахаар шилжүүлсэн талын өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан бөгөөд хариуцагч О.Б нь эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, ...бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул түүнээс 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж дүгнэсэн.

11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэл, нотлох баримтын үнэлгээ, эрх зүйн харилцааны талаар харилцан адилгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэв.

12.Хяналтын шатны шүүхээс дараахь үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

13.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар *** улсын дугаартай Зил-131 маркийн автомашин нь нэхэмжлэгч Б.Б-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх боловч 2022 оны 5 сараас хойш хариуцагч О.Б-ын эзэмшилд байсан, түүний эзэмшилд байх явцад Э.Т түр авч, улмаар М.М-ад дамжуулсан. М.М жолоодож явахдаа осол гаргаж, автомашинд эвдрэл учруулсан ба түүнд холбогдох эрүүгийн хэрэгт Б.Б иргэний нэхэмжлэгчээр оролцсон, уг хэрэгт ослын улмаас автомашинд учирсан хохирлыг 2,920,000 төгрөг гэж тогтоосон боловч М.М нь хохиролд 10,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсоныг хоёр шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

14.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн татгалзлын тайлбаруудаас үзэхэд автомашины эзэмшлийг хариуцагчид шилжүүлсэн үйлдэл нь эрх зүйн харилцаа үүсгэсэн эсэх, үүссэн бол уг харилцаа нь ямар төрлийнх болох нэхэмжлэгчид автомашины үнийг шаардах эрх үүссэн эсэх талаар зохигч маргажээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр автомашиныг шилжүүлж үнийг авахаар тохиролцсон гэж, хариуцагч  хамтран ажиллах буюу тухайн автомашиныг тодорхой хугацаанд эзэмшиж ажил гүйцэтгэн, олсон ашгаа хувааж авахаар тохиролцсон гэж өөр өөр үндэслэл  гаргаж мэтгэлцсэн байна.

15.Анхан шатны шүүх маргааны зүйлийн талаар дүгнэлт хийхдээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж байгаачлан зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах  гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн нь зөв боловч зохигч хамтран ажиллаж ашиг олж хувааж авахаар тохиролцсон тухай хариуцагчийн татгалзлын үндэслэлд, улмаар  автомашин түүний эзэмшилд байсан үйл баримтыг хэрхэн ойлгох талаар зохих дүгнэлт хийгээгүй байна.

16.Давж заалдах шатны шүүх хэн алины зааж буй харилцаа зохигчийн хооронд үүссэн бус харин тэдний хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн хэдий ч хариуцагчаас  автомашины үнийн зөрүүг гаргуулахдаа нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг тодруулж дүгнээгүй нь  учир дутагдалтай болжээ.

17.Нэхэмжлэгч зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж  нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон  боловч агуулга нь худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашиныг шилжүүлсэн, үнийг хожим төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласнаас үзвэл, тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн эсэхийг шүүх дүгнэх шаардлагатай.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө.... нийлүүлэх, худалдагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчийн хооронд дээрх гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар, өөрөөр хэлбэл, зохигч хэн алины хүсэл зориг илэрхийлэгдсэн гэрээний гол нөхцөл болох үнийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй ба түүнчлэн нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг шалгагдах явцад тухайн маргааны зүйл болсон автомашинд хийгдсэн үнэлгээгээр үнийг тодорхойлж шаардсан нь ойлгомжгүй байна.

Иймд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдсэн гэж үзнэ.

18.Зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхэд дутагдалтай байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Энэ төрлийн гэрээний гол нөхцөл ба үндсэн үүрэг нь талууд ашиг олох зорилготой хүсэл зориг нь нэгдсэн байх, ийнхүү зорилгоо биелүүлэхийн тулд гэрээний талууд мөнгөн эсхүл үйлчилгээ үзүүлэх бусад хэлбэрээр хураамж буюу хувь оруулсан байх шинжийг агуулах бөгөөд хэргийн баримтаар энэ үндэслэл тогтоогдоогүй.

19.Нэхэмжлэгчээс хариуцагчид автомашины эзэмшлийг шилжүүлсэн, тодорхой хугацаанд тухайн эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй боловч хэн алины хэлж байгаа гэрээний төрлийн шинж үгүйсгэгдсэн, мөн туслалцааны шинжтэй харилцаа гэж үзэх ч үндэслэлгүй тул зохигчийн хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

20.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд эд хөрөнгийг ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцах,  нөгөө талын зөвшөөрөлтэйгөөр тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн ч гэсэн эд хөрөнгийг ашиглуулахаар шилжүүлсэн талын өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болохыг  Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2, 342.4-т заасан.

21.Гэрээ дуусгавар болоход хариуцагч О.Б автомашиныг  бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй боловч хэргийн баримтаар дараах нөхцөл тогтоогджээ.

Өмнө энэ тогтоолын 13-т дурдсанаар хариуцагч О.Б автомашиныг өөрийн эзэмшилд байлгах хугацаанд бусдад дамжуулсан, М.М автомашин жолоодож явахдаа осол гаргаж, эрүүгийн хэрэгт шийтгүүлсэн ба уг эрүүгийн хэрэгт  Б.Б нь иргэний нэхэмжлэгчээр оролцож тус хэргийг шалгах явцад хийгдсэн автомашины үнэлгээг үндэслэн М.М-аас нийт 22,000,000 төгрөг нэхсэн байна.

Харин эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоос үзвэл, ослоос шалтгаалж  автомашиныг   цаашид ашиглах боломжгүй, бүрэн эвдэрсэн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, учруулсан бодит хохирлыг 2,920,000 төгрөг гэж шинжээч дүгнэлт гаргасан, гэвч М.М хохиролд 10,000,000 төгрөг төлсөн байна. Иймээс шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ М.М-аас өөр аливаа хохирол гаргуулаагүй ба энэхүү үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх ослын улмаас үүссэн хохирлыг М.М төлж барагдуулсан гэж дүгнэснийг буруутгах нөхцөл тогтоогдоогүй болно.

Нөгөө талаар тухайн эвдэрсэн автомашин хариуцагчид үлдсэн болох нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгч автомашины үнийн дүнгийн зөрүү 12,000,000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь хуульд нийцээгүй байна.

22.Иймд О.Б-оос 12,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 208/МА2025/00049 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149/ШШ2025/00269 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар О.Б-оос автомашины үнэ 12,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Б-ын 2025.10.27-ны өдөр төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                         Э.ЗОЛЗАЯА

                                                                              Д.ЦОЛМОН

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД