Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                          

улсын яллагч Ц.Сүхбат,

шүүгдэгч Э.Өлзий-Учрал, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Энхтуяагийн Өлзий-Учралд холбогдох эрүүгийн 201625020005 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 24 дүгээр гудамж 0401 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:ХЖ 87080118 / Бичээч овогт Энхтуяагийн Өлзий-Учрал нь:

- 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Лакс бааранд буюу олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, согтуугаар иргэн Б.Төгөлдөрийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Хохирогч Б.Төгөлдөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 09 дүгээр сарын 24-ний шөнийн 01 цагийн үед би найз Есөн-Эрдэнэ нартай хамт “Лакс” бааранд орсон юм. Үл таних 3 эрэгтэй хүн хүрч ирээд манай ширээнд суусан. Би "Яасан ах" гэж хэлтэл над руу муухай харснаа өөдөөс ямар нэг юм хэлээгүй. Тэгснээ тэр гурвын нэг эрэгтэй нь Баярмаа эгчтэй 1 минут орчим юм ярьж сууж байснаа босч ирээд намайг "Ахын дүү нааш ир" гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод очтол тэр эрэгтэй надаас "Ахын дүү юу нь юм бэ?" гэж асуусан. Тэгэхээр нь би "Би дүү нь байгаа юм" гэж хэлсэн. Тэгтэл тэр эрэгтэй дахиад 2 удаа надаас "Ахын дүү юу нь юм бэ " гэж асуусан. Би ч өөдөөс нь "Би дүү нь байгаа юм" гэж 2 удаа хариулсан. Тэгтэл тэр эрэгтэй ямар ч юм хэлэлгүй, үгийн зөрүүгүй хамар руу мөргөөд, нүүр рүү нэг удаа цохьчихоод яваад өгсөн. Ямар ч шалтгаан байхгүй шууд л мөргөөд цохьсон. Бид хоёрын дунд маргаан гараагүй гэжээ.  / хх 13 /

Гэрч Т.Ганзориг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Э.Өлзий-Учрал хуучин үерхэж байсан Баярмаа гэх эмэгтэйтэй таарсан. Тэгээд Х.Баатарсүх бид 3 шатаар дээш гараад нэг ширээний хажууд ирсэн юм. Хартал Баярмаа нь хэдэн охин болон нэг залуутай сууж байсан. Х.Баатарсүх тэр 2 тэдний ширээнд суугаад би харин хажууд нь зогсож байсан. Баярмаа, Э.Өлзий-Учрал нар хоорондоо юм яриад сууж байтал Баярмаагийн ширээнд сууж байсан нэг залуу хажуунаас нь дундуур орж ирээд байсан. Нөгөө залуу босоод ирсэн. Босч ирээд Э.Өлзий-Учралтай "За одоо явчих" гэх мэт зүйл ярьж байсан. Тэгээд маргалдтал Э.Өлзий-Учрал тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь Х.Баатарсүх бид 2 Э.Өлзий-Учралыг аваад явсан. Өөр хүн оролцоогүй. Тэр залуу Э.Өлзий-Учралыг буцааж цохиогүй гэжээ. / хх 17-18/

 Гэрч Н.Төмөрхуяг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд Э.Өлзий-Учрал нөгөө хүүхэнтэйгээ юм яриад сууж байтал гэнэт тэр ширээнд сууж байсан нэг залуу "Ширээн дээрээ тайван суучмаар байна" гэж хэлсэн. Тэгтэл гэнэт Э.Өлзий-Учрал тэр залуу 2 босоод ирсэн. Тэгснээ Э.Өлзий-Учрал тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа мөргөчихсөн. Гэхдээ хөгжим явж байсан учраас юу ярьсныг сайн сонсоогүй. Өөр хүн оролцоогүй. Тэр залууг мөргөхөөр нь бид нар Э.Өлзий-Учралыг аваад гарсан гэжээ. / хх 22-23 /

     Гэрч Г.Есөн-Эрдэнэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр залуу Б.Төгөлдөрийг мөргөчихөөд зугтаачихсан. Тэгээд бид нар “Чи яагаад ингэж байгаа юм бэ “ гэхэд “ Зүгээр л ”  гэсэн. Б.Төгөлдөрийн хамар руу мөргөсөн бөгөөд Б.Төгөлдөрийн хамарнаас нь аймаар их цус гараад тогтохгүй байсан. Б.Төгөлдөр тэр залууд гар хүрээгүй. Б.Төгөлдөр гарч ирээд “Яагаад намайг ингэж байгаа юм бэ ” гээд гайхаад байсан гэжээ. /  хх 25 /

Гэрч Х.Баатарсүх мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Бүжгийн талбай дээр байж байтал Э.Өлзий-Учралын таньдаг охин нь байна. Ширээн дээр нь очиж цуг сууя гэсэн. Тэгээд 2 давхарт ширээн дээр нь очсон юм. Э.Өлзий-Учрал таньдаг охиныхоо хажууд суугаад би 2 давхрын хашлага дээр буруу хараад зогсож байсан.  Тэгээд эргээд хартал Э.Өлзий-Учрал таньдаг охиных нь ширээнд сууж байсан залуутай маргалдаж байгаад салсан. Э.Өлзий-Учралтай маргалдаж байсан залуугийн хамарнаас цус гарсан байсан. Би яг цохихыг нь хараагүй гэжээ. /  хх 68 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13297 тоот дүгнэлтэнд:

1. Төгөлдөрийн биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун дээд 5 дугаар шүдний ирмэг эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 29 /

Шүүгдэгч Э.Өлзий-Учралыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 38-40 /,  2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41-42 /

Шүүгдэгч шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 69 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Өлзий-Учрал мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 24-ний оройн 23-24 цагийн үед хуучин ажиллаж байсан компаний 4 найзтайгаа гадаа машин дотор 3 шил пиво уугаад “Лакс” бааранд ороод 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байгаад урьд нь таньдаг байсан Баярмаа гэх эмэгтэйтэй таарсан. Тэгээд Баярмаагийн ширээн дээр сууж байтал Төгөлдөр “ Ширээнээс явчих” гэхээр нь нүүр рүү нь 1 удаа мөргөсөн. Болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Хохирогчид гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 600.000 төгрөг өгсөн  гэв.                

Шүүгдэгч Э.Өлзий-Учрал нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Лакс бааранд буюу олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Б.Төгөлдөрийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Үл таних 3 эрэгтэй манай ширээнд суугаад 1 нь Баярмаа эгчтэй ярьж байснаа надаас "Ахын дүү юу нь юм бэ" гэхээр нь  “ Дүү нь " гэхэд шууд хамар руу мөргөөд, нүүр рүү 1 цохиод явчихсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Төгөлдөрийн мэдүүлэг / хх 13 /, …Бид бүжиглэж байгаад Э.Өлзий-Учрал хуучин үерхэж байсан Баярмаа гэх эмэгтэйтэй таарсан. Баярмаа, Э.Өлзий-Учрал нар хоорондоо юм яриад сууж байтал Баярмаагийн ширээнд сууж байсан нэг залуу нь "За одоо явчих" гээд маргалдтал Э.Өлзий-Учрал тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа мөргөсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Ганзоригийн мэдүүлэг / хх 17-18 /, ...Тэр ширээнд сууж байсан нэг залуу "Ширээн дээрээ тайван суучмаар байна" гээд Э.Өлзий-Учрал тэр залуу 2 босоод ирснээ Э.Өлзий-Учрал тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа мөргөчихсөн гэж мөрдөн байцаалтын явцад гэрч Н.Төмөрхуягийн мэдүүлсэн мэдүүлэг / хх 22-23 /, …  Тэр залуу Төгөлдөрийг мөргөчихөөд зугтаачихсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Есөн-Эрдэний мэдүүлэг /  хх 25 /, … Э.Өлзий-Учралтай маргалдаж байсан залуугийн хамарнаас цус гарсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Х.Баатарсүхийн мэдүүлэг /  хх 68 /, хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13297 тоот дүгнэлт / хх 29 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Өлзий-Учралыг догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Энхтуяагийн Өлзий-Учралыг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар  3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Өлзий-Учралын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Өлзий-Учрал нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Э.Өлзий-Учралд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

5. Э.Өлзий-Учралд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ОЮУНЧИМЭГ