| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0076/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/224 |
| Огноо | 2024-06-21 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Долгор |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Б.Долгор,
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, Р.Энхтуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч МБ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Монгол Улсын дээд шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 4.216.681 төгрөгийн буюу Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж” 12.650.043 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээр бусдад буюу өөртөө төрөл садангийн хүн болох Д.Мт давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7 тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 9-25 тал/,
-Эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа, тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-34, 38-43 тал/,
-2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 36-37 тал/,
-Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 42-43 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Н.О“...Миний хувьд гомдол байхгүй, харин харин үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилж оролцоно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/,
-Сэжигтэн Э.Галтын “...Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Уушийн хөтөл гэх газар хүнсний мухлаг ажиллуулдаг Д.М эгч надад үхрийн саравч барих гэсэн юм хэдэн шургааг хэрэгтэй байна гэж хэлээд надад туслаад өгөх боломж байна уу гэж асуухаар нь би танд өгөх мөнгөнийхөө оронд модны ажилд чинь туслаад өгье гээд бид хоёр тохирсон. Д.М эгчээс модны ажил хэцүү гоожин бичиж байгаа эсэхийг нь тодруулахад надад байгаа гэж хэлсэн. Тэгээд модонд явах болоод надад туслах хүн хэн байгаа юм гэж асуухад чамд туслах 3 хүн байгаа гэсэн. Тэгээд би нөгөө хамт мод хийнэ гэсэн н.Нямка, н.Баяраа, н.Мөнхөө гэх гурван хүнийг дагуулаад өөрийн эзэмшлийн приус-30 маркийн 99-73 ТӨВ улсын дугаартай авто машинаар Төв аймгийн Баянцогт сумын Хайрт ханы Пишинт эх булаг гэх газар очод тухайн газрын байгаль хамгаалагч М.Бтэй уулзаад мод бэлтгэх газраа заалгаж аваад модоо бэлтгээд эхний 900 ширхэг 2 метрийн урттай хуурай нарсан шургаагийг уулнаас цагаалж буулган 5 тонны амбаартай цагаан өнгийн авто машинд ачиж Төв аймаг Аргалант сумын Жирмийн цагаан нуур гэх газар байрлах Д.Мийнд буулгаж өгөөд уулнаас буусан байсан. Тухайн үед ууланд бэлтгээд үлдээсэн байсан 900 орчим нарсан үургаагийг 2022 оны 02 дугаар сарын 12-ны орой 99307181 дугаарын утастай хүн мод авна гэж байна чи холбогдоод ачиж өгөөд явуул гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өмнө нь мод ачиж байсан жолооч н.Баатартай холбогдож мод ачуулахаар тохирч 99307181 дугаарын утастай хүнтэй 2022 оны 02 дугаар сарын 12-ны орой утсаар яриад 61-н гарам гэх газар уулзахаар болоод очол Аргалант сумын хэсгийн төлөөлөгч, мөн Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч нар ирсэн юм. Тэгээд тэр хүмүүстэй хамт уул руу явж ууланд бэлтгэж орхисон байсан модыг зааж өгсөн. Мөн Улаанбаатар хот руу хамт явж 1 дүгээр хорооллын дэнжид нэг танихгүй хашаанд очтол мод хураасан байсан, тухайн газарт удаагүй намайг маргаа Аргалант сумын төвд ирээрэй гэхээр нь би тэндээсээ гэр рүүгээ явсан юм..., Би н.Баяраа, н.Мөнхөө, н.Нямка нарын хамт Төв аймаг, Баянцогт сумын нутаг Хайрт ханы Пишинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08, 09-ний үеэр мод бэлтгэж эхлээд 01 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд 1800 орчим хуурай нарсан шургааг бэлтгэсэн. Тухайн модыг бэлтгэхдээ Д.М эгчийн авч өгсөн ягаан өнгөтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хөрөөг ашиглаж 2 метрийн урттай огтлол хийсэн юм. Баянгол сумын Пишинт гэх газар бэлтгэсэн байсан моднуудыг Д.М эгчийн олж өгсөн Бонго пронтер марзийн, хар хөх өнгөтэй улсын дугаарыг нь сайн мэдэхгүй машинаар уулнаас цагаалж буулгасан. Уулнаас цагаалж буулгасан моднуудаа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр н.Баатар гэдэг хүний бүрхүүлтэй цагаан өнгийн машинаар 01 дүгээр сарын 23-ны өдөр жолоочийг нь танихгүй цагаан өнгийн маяти маркийн тээврийн хэрэгслээр ачиж Аргалант сумын нутаг Жирэм гэх газар Д.М эгчийн гэрийн гадаа буулгасан юм..., Би 2021 оны 01 дүгээр сарын 08-19-ний өдөр хүртэл ууланд мод бэлтгэж бууж ирээд модоо ачихдаа Баянцгт сумын байгаль хамгаалагч М.Б гэдэг хүнээс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 24 кубметр, 01 дүгээр сарын 23-24-нтй үед 8 кубметр, нийт 32 кубметр мод бэлтгэн эрхийг бичиг аваад модоо ачиж явсан юм. Нийт 32 кубметр модоо ачаад дууссан. Харин мод цагаалсан газарт 900 орчим шургааг үлдсэн. Тэр үлдсэн модны эрхийг бичгийг бичүүлээгүй, тухайн модыг авахдаа бичүүлэх гэж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 тал/,
- Сэжигтэн Э.Галтын сэжигтнээр дахин өгсөн “...Би Баянцогт сумын Пишинт гэх газар өмнө нь бэлтгэсэн байсан модоо татаж авах гээд сумын байгаль хамгаалагч М.Бямбаа гэдэг хүн дээр очсон юм. Тэр үед М.Бямбаа хэлэхдээ ууланд бэлтгэсэн одоо ачаад гараад ир, тэгэхээр чинь хэмжилт хийгээд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгье гэсэн юм. Миний өмнө нь ууланд бэлтгэсэн мод мөн адил уулнаас буух үед хэмжилт хийгээд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Тэгэхээр нь би бас тэр байдлаар мод бэлтгэх эрхийн бичиг авах юм байна гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 тал/,
-Шүүгдэгч Д.Мийн сэжигтнээр өгсөн “Би, Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутагт байрлах үхрийн ферм дээрээ үхрийн саравч барих гэтэл 1500 ширхэг шургааг мод хэрэгтэй болсон юм, манай сум мод байдаггүй учир, Баянцогт сумын байгаль хамгаалагч Бтэй уулзаж мод бэлтгэж авч болох эсэх талаар асуухад 1500 ширхэг мод хэрэгтэй байна гэхэд тийм их хэрэгтэй байгаа юм уу, ууланд гаргах хүн байгаа юмуу гэхээр нь тийм хүн байхгүй зар тавьж байгаад хүн олоод хийлгэчье гэж хэлсэн юм. Тэгээд мод бэлтгэх хэрэгтэй болоод үнэгүй.мн гэсэн зар дээрээс ажил хийнэ гэсэн 2 хүний утсаар холбогдож дуудаж Аргалант суманд авчраад уулын мод руу Галтын хамт түүний авчирсан 1 залуу, тэгээд миний олсон 2 залуугийн хамт 4-лэнг нь нийлүүлээд 2022 оны 01 сарын дунд хавиар уулруу 7 хоног гаргасан, Галт тэд нар 7 хоногийн хугацаанд мод оо бэлтгэж, цагаалаад 2 удаа зөөвөрлөөд манай фермийн гадна талд авчирч буулгасан юм. Түүнээс хойш нилээн хэд хонож байтал банкны мөнгө нэхэгдсэн учир нөхөр н.Доржхорлоотой бэлтгэсэн модоо зарья гэж ярилцаад үнэгүй.мн дээрээс мод авна гэсэн зарын дагуу 1 хүнтэй холбогдсон. Тэгээд хайж байгаад ахиж мод ачдаг машин олоод 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сарын өмнөхөн Улаанбаатар хот руу оруулаад мод авна гэсэн зарын дагуу холбогдсон хүнтэй уулзтал ийм мод авахгүй, хар мод авдаг, наадах чинь өмхөрсөн нарс байна Хангай зар дээр ачаачиж өг гэтэл нөгөө машины жолооч олон тийшээ, дахин дахин явж болохгүй гээд уурлахаар нь 1 дүгээр хороололд дүүгийнхээ хашаанд аваачиж буулгасан юм. Ингээд байтал банкны хүн залгаад мөнгөө нэхээд байхаар нь нөхөртэйгөө хоорондоо ярилцаад 1 ширхэг шургаагийг 5000 төгрөгөөр зарахаар болж өөрийн нөхөр Жамц Доржхорлоо гэсэн хаягнаас шургааг зарна гэсэн зарыг Аргалант сумын зар гэсэн групп дээр нийтэлсэн юм. Тэгтэл 1 хүн залгаад шургааг авья гэсэн, очиж үзье гэсэн. Тэгэхээр нь моднуудаа үзүүлсэн. Гэтэл сумын цагдаа байсан юм...” мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 тал/,
-Гэрч Д.Б“Би 2022 оны 01 сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгаас өөрийн эзэмшлийн 5 тонны трак голд маркийн 89-65 УНҮ улсын дугаартай машинаар малын хужир ачиж Төв аймгийн Аргалант сумын Галт гэх айлд буулгаад байж байтал Галт намайг ойрхоноос мод татаад өгөөч бүх бичиг баримт нь бүрэн мод байгаа юм гэхээр нь би татаж өгхөөр тохироод өөрийн эзэмшлийн 5 тонны трак голд маркийн 89-65 УНУ улсын дугаартай машинаар Галтын мод бэлтгэсэн газарт очиж байгаль хамгаалагчийн гэрт ирээд Галт байгаль хамгаалагчтай уулзаж гарч ирээд тэгсэн байгаль хамгаалагч та хэд модоо ачаад ир гээд хэлсэн би машинаа бариа хөдөлөөд Галт өөрийнхөө машинтай надад зам заагаад уулнаас бэлтгэсэн модоо хамт явж байсан танихгүй 2 залуугийн хамт миний машинд модоо 2022 оны 01 сарын 19-ний орой 18 цагийн үед ачиж дуусаад байгаль хамгаалагчид шалгуулаад тэндээсээ хөдлөөд 21 цагийн үед Аргалант сумын нутагт байрлах ногоон дээвэртэй үхрийн Фермерийн хашааны өвсны хашааны хажууд 750 ширхэг орчмын нарсан нарын шургааган модыг буулгаж өгөөд тээврийн зардал гэж над руу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр утсаар залгаад Төв аймгийн нэг сум руу 1000 шургааг ачих гэсэн юм гэхээр нь тээврийн хөлс яаж явах юм гэсэн чинь надаас асуухаар нь 800.000 гэсэн. Тэгээд би 1000 ачиж чадахгүй байх гээд ярилцаж байгаад 61 гарам дээр аваад ир гэхээр нь би очтол цагдаа нар байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62 тал/,
-Шүүгдэгч М.Бгийн гэрчээр өгсөн “...Би Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн байгаль хамгаалагчаар 23 дахь жилдээ ажиллаж байна. Иргэдэд мод бэлтгэх эрхийн бичгийг олгохдоо эхлээд мод бэлтгэх газрыг нь зааж өгөөд дараа нь төрийн сангийн дансанд мод бэлтгэх эрхийн бичгийн мөнгийг нь тушаалгадаг. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичиг олгож уул руу нь гаргадаг бөгөөд мод оо бэлтгээд буух үед нь мод бэлтгэх эрхийн бичигт бичигдсэн хэмжээндээ бэлтгэсэн эсэхэд нь хяналт тавьж шалгаад уулнаас буулгадаг юм..., Аргалант сумын иргэн Д.М бол миний аавын төрсөн эгчийн хүүхэд нь байгаа юм. Бид хоёр садан төрлийн харилцаа холбоотой хүмүүс байгаа юм. Д.М надаас 2 удаагийн бичилтээр 32 кубметр мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тэрээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 24 кубметр, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 8 кубметр мод бэлтгэх эрхийн бичиг Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Пишинт гэх газраас 4 залуугаар модоо бэлтгүүлсэн юм...,Аргалант сумын иргэн Д.М мод бэлтгүүлэх зорилгоор олж авсан хүмүүс нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр уул руу гарч мод бэлтгэж дуусаад дараа нь буюу уулнаас буухдаа мод бэлтгэх эрхийн бичгээ аваад 32 кубметр мод ачаад явсан. Би эдгээр хүмүүсийг ууланд гарах үед нь олгох гэтэл мод бэлтгэх газар нь түүж, энд тэндээс бэлтгэдэг газар байсан учир уулнаас бууж ирэхээр нь бичие гэж бодоод дараа нь бичсэн юм..., Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Пишинтийн ам гэх газар хураалттай байсан 2 метр урттай нарс модыг Аргалант сумын иргэн Э.Галт 2022 оны 01 сараас хойш ууланд бэлтгээд цагаан сарын өмнөхөн уулнаас буулгаж тухайн газарт хурааж орхисон юм. Иргэн Э.Галтын бэлтгэж орхисон модонд, мод бэлтгэх эрхийн бичиг бичигдээгүй юм...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 64-65/ тал/,
-Гэрч Д.Д“...Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт байдаг үхрийн ферм дээрээ 2022 оны 01 дүгээр сард үхрийн саравч барихаар болж тус сумын иргэн Э.Галт гэдэг залуугаар мод бэлтгүүлэхээр тохиролцож, Баянцогт сумын байгаль хамгаалагч Бямбаагаас мод бэлтгэх бичиг /гоожин/ авч мод бэлтгүүлэхээр болсон юмаа. Тэгээд Баянцогт сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэхээр болж Галт уул руу гарч, мод оо бэлтгэж дуусаад уулнаас бууж ирээд, 2 метрийн урттай шургааг модыг зөөж манай гэрийн гадаа буулгасан, үлдсэн модыг уулнаас цагаалж буулгаад ууланд нь орхисон гэж байсан. Тэгээд нөгөө модоор саравч аа барих гэтэл сар бүр төлдөг Хаан банкны зээлийн эргэн төлөлт болсон, тэр үед сүүний урамшуулал орж ирээгүй мөнгөгүй байсан учир банкны зээлээ төлөх зорилгоор нөгөө моднуудаа заръя гэж эхнэр Д.Мтэй хоорондоо ярилцаж тохироод зарахаар болсон юм. Тэгээд 2022 оны 01 сарын сүүлээр Улаанбаатар хотоос машин хөлсөлж олоод нөгөө моднуудаа ачиж Улаанбаатар хот руу оруулж, мод авдаг хүнд зарахаар үзүүлтэл наадах чинь хар мод биш байна гээд аваагүй болохоор нь хуучин өөрийнхөө амьдарч байсан гэрийн гадаа аваачиж хурааж орхисон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69 тал/,
-2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Төв аймгийн Батсүмбэр сум дахь сум дундын ойн ангийн мэргэжилтэн Ц.Батбаярын “Экологи эдийн засгийн үнэлгээ” /1-р хх-ийн 82, 84 тал/,
-Мод бэлтгэх эрхийн бичиг /1-р хх-ийн 87-88, 90-91 тал/,
-Ойн нөөцийн төлбөрийн Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 92-93 тал/,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 07/348 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 180-188 тал/,
-2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №26 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 201-203 тал/,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/348/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 13-22 тал/,
-Гэрч Д.БолдБ“...Тухайн үед М.Б над руу залгаад очих завгүй байна, дансар нь мөнгийг явуулчих уу гэхээр нь н.Гантөмөр гэдэг хүн явж байхаар нь гуйгаад дансаар нь мөнгийг хийлгээд банкнаас авхуулаад нэхэмжлэхийг нь үүсгэсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24 тал/,
-Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 25 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Ө.О“...Уг машины миний өөрийн нэр дээр байдаг машин. Манай хадам аав Д.Баатар унаж хэрэглэдэг юм..., Хэрэв уг машиныг улсын орлого болгосон тохиолдолд гэм буруутай хүнээс хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28 тал/,
-Экологийн эдийн засгийн үнэлгээ /2-р хх-ийн 37-41 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1653 дугаартай “...Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байх 153 ширхэг буюу 2.48 метркуб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 663,913.36 төгрөг байна. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байх моднууд нь Pinanceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс болох нь тогтоогдов. Байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээг тооцох нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 46-49 тал/,
-“Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 227-228 тал/,
-Шүүгдэгч Д.Мийн “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 231 тал/,
-“Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 232-235 тал/,
-“Байгаль хамгаалагч нарыг томилох тухай” 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай Төв аймгийн Байгаль орчны албаны даргын тушаал /2-р хх-ийн 250 тал/,
-“Ажилд томилох тухай” 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын тушаал /3-р хх-ийн 1 тал/,
-“Ажлаас чөлөөлөх тухай” 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын тушаал /3-р хх-ийн 2 тал/,
-Ажлын байрны тодорхойлолт /3-р хх-ийн 3-7 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О“...Тухайн үед буюу 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд манай сумын Гуна 1 дүгээр баг Хайртхаан хэсгээс их хэмжээний шургааг мод хууль бусаар бэлтгэсэн гэх хэрэг байгаа. Тухайн хэрэгт Баянцогт сум хохирогчоор оролцож манай суманд хууль бусаар бэлтгэсэн мод нь 42 төгрөгийн хохирол учирсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан байгаа..., Миний хувьд болон хохирсон байгууллагаас бэлтгэсэн модны хохирлыг төлүүлэх хүсэлтэй байгаа. Суманд учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 12 тал/,
-Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 16-18 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 4.216.681 төгрөгийн буюу Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж” 12.650.043 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж заажээ.
Мөн хуулийн 34, 35 дугаар зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.
Шүүгдэгч Д.М нь мод бэлтгэх арга, технологийг зөрчиж ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно” гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мийн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь хүрээлэн байгаа орчин, байгаль экологид хор хохирол учруулж, нийтийн эрх ашгийг зөрчиж байдаг тул нийгэмд аюултай гэмт үйлдэл гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд гэмт хэрэгт хамаарахаар хуульчилсан.
Шүүгдэгч Д.М нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авалгүйгээр Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 4.216.681 төгрөгийн буюу Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж” 12.650.043 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Мөн шүүгдэгч М.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээр бусдад буюу өөртөө төрөл садангийн хүн болох Д.Мт давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр төгсдөг.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...” гэж тус тус заажээ.
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйл: Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна”, мөн зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.8 дахь заалтад “...хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал…” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч М.Б нь “Байгаль хамгаалагч нарыг томилох тухай” 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай Төв аймгийн Байгаль орчны албаны даргын тушаалаар байгаль хамгаалагчаар томилогдсон бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн захиргааны албаны гүйцэтгэх албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтанд хамаарна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байна.
Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч М.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээр бусдад буюу өөртөө төрөл садангийн хүн болох Д.Мт давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мийг зохих зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн үйлдлийг Ойн тухай хууль зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Бг нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээр бусдад буюу өөртөө төрөл садангийн хүн болох Д.Мт давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлүүлсэн үйдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.М, М.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Мийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...”, шүүгдэгч М.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих...” ял оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас “...торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
Шүүгдэгч Д.М нь “эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэрийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх ба шүүгдэгч Д.Мийн тэтгэвэр нь даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө учир өндөр насны тэтгэврийг орлого гэж үзэн торгуулийн ялыг төлүүлэх нь үндэслэлгүй буюу торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж үзсэн.
Шүүгдэгч М.Бгийн хувьд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч МБг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийн 1 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн албанд ажиллах эрхийг... хасаж” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар “...нийтийн албанд ажиллах эрхийг хасах” нэмэгдэл ялыг тус ял оногдуулсан үеэс тоолохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Бд оногдуулсан 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Төв аймаг, Баянцогт сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч М.Бд Төв аймаг, Баянцогт сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг, шүүгдэгч М.Бямбаясүрэн нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэгтэй ба зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Шүүгдэгч Д.Мт оногдуулсан 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулав.
Шүүгдэгч М.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын, шүүгдэгч Д.Мт оногдуулсан торгох ялын ялын биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М, М.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгондуламд мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйл 4.1-д зааснаар /ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 12.650.043 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.М нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 100900013040 дугаарын дансанд 4.216.681 төлсөн байх тул шүүгдэгч М.Бгээс 2.108.341 төгрөгийг, шүүгдэгч М.Бгээс 6.325.021 тус тус гаргуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэнг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Д.М нь 2.108.341 төгрөгийг, шүүгдэгч М.Б нь 6.325.021 төгрөгийг тус тус экологи эдийн засгийн хохирлын бүрэн нөхөн төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт хэсэгт зааснаар эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч Д.Мийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Мийн эзэмшлийн 181.700 төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөрөөг улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгч Ө.Оэзэмшлийн “Хьюндай 5 тонн гоулд” маркийн “89-65 УНҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15.009.800 төгрөгийг шүүгдэгч Д.Мээс гаргуулж, шүүгдэгч М.Бд хариуцуулсан гэх 532 ширхэг 32м3 хуурай нарс модыг тус тус улсын орлого болгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл”-ийг тус тус хүчингүй болгож,
Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Б нь 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
-шүүгдэгч МБг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч МБг 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА