Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 183/шш2021/02875

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/02875

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ө.п холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Т , хариуцагч Ө.П , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ө.П-тай 2017 онд танилцаж, үерхэн хамт амьдарсан. Бидний хүү П.Д 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Хүүг төрөхөд бид Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны бүртгэлийн хэлтэст төрсний гэрчилгээг нь авч эцгээр нь овоглосон. Бид зан байдал, үл ойлголцол, ар гэрийн харилцаанаас болж 2020 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү П.Д  нь одоо 2 настай бөгөөд цэцэрлэгт орж, сургуулийн өмнөх боловсрол эзэмших шаардлагатай болсон. Цэцэрлэгийн төлбөр, хичээлийн хэрэгсэл болон бусад хэрэгцээний зарлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд хүү П.Д-д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.П  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Т-тэй 2017 онд танилцаж, үерхэн хамт амьдарсан ба бидний дундаас 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү П.Д  төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оноос тусдаа амьдарч байна. Хүү П.Д  нь миний хүүхэд бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудыг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

З.Т , Ө.П  нар 2017 онд танилцаж, 2017 оноос эхлэн хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү П.Д  төрсөн, хүүхэд эцгээрээ овоглож явдаг болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ө.П  нь хүү П.Д-ий эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байх бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд хуульд зааснаар хүү П.Д-ийг эцэг Ө.П-р тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү П.Д-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ө.П-р тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.П-с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Т-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН