Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 102/2021/01451/И |
Дугаар | 102/ШШ2021/02379 |
Огноо | 2021-09-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2021/02379
2021 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2021/02379 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Э.Бн нэхэмжлэлтэй
Хариуцагч 0 дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, өөрийн байранд байрлах БГДЗДТГт холбогдох тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/283 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Э.Б Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн албан тушаалд томилогдон ажилласан.
Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан зөрчил дутагдал гаргаж байгаагүй.
Үр дүнгийн гэрээгээр хагас, бүтэн жилийн ажиллаа дүгнүүлэхэд хангалттай үнэлгээ авсан.
2020 оны орон нутгийн сонгуулиар уг байгууллагад Монгол ардын намын хүмүүс томилогдсон гэх утгаар Э.Бг хорооны Засаг даргын орлон гүйцэтгэгч С.С 3-4 удаа уулзаж чи ажлаасаа гар, нам бус хүмүүс ажиллуулмааргүй байна гэх шалтгаанаар ажлын байрны дарамт үзүүлсэн.
Ингээд нэхэмжлэгч энэ саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлсэн байдаг.
Гэтэл нэг өдөр тус байгууллагын Ёс зүйн хорооны хурлаар Э.Бг С.Сыг хууль бус шаардлага тавьж байна гэж байр сууриа илэрхийлэхэд хорооны Засаг дарга Э.Бг Ардчилсан намын сонгуулийн үйл ажиллагаанд биечлэн оролцсон, чи ардчилсан намыг дэмждэг, цахим хаягийн зураг дээрээ ардчилсан намыг дэмжсэн зураг байршуулсан гэж хэлэхэд Э.Б би төрийн албан хаагч улс төрөөс хамааралгүй гэж хэлсэн байдаг.
Талуудыг оролцуулаад шүүх үзлэг хийлгэсэн бичлэг дээр баг хороо, дүүргүүд Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 4 жилийн ажлын тайланг иргэдэд тайлагнаж байсан хурлыг хариуцагч намын хуралд орсон гэж гуйвуулан ажлаас халсан нь үндэслэлгүй.
Мөн хариуцагчийн дурдаж буй хуулийн заалтуудыг зөрчиж буй хүмүүс уг байгууллагын дээд албан тушаалтнууд өөрөө.
Э.Б Ардчилсан намыг засаг барьж байхад уг байгууллагад ажиллаж байсан тул ардчилсан намын хүн гэж ажлаас халсан.
Сонгуулийн дараа засаг солигдохоор ажлаа хийгээд явж байгаа төрийн албан хаагч нарыг ажлаас нь үндэслэлгүйгээр халдаг нэг жишээ энэ.
Нэхэмжлэгч ямар нэгэн нам эвсэлд хамаардаггүй нам бус.
Иймээс Э.Бг хууль бусаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд С.Сын үйлдэл болон ёс зүйн хурлын протоколоор нотлогдоно. Хэрэв Э.Б тушаалд дурдсан ажлын зөрчил, дутагдаж гаргаж байсан бол тухайн үед арга хэмжээ авч байсан баримт байх ёстой ч тийм баримт байхгүй байгаа нь Э.Бг ажлын зөрчил дутагдал гаргаж байгаагүй гэдгийг нотолж байна.
Дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч С.С гэдэг хүн удаа дараа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа томилогдсон цагаас хойш хууль бус шаардлага тавьж, “чи өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг” гэж янз бүрийн байдлаар ажлын байрны дарамт байнга үзүүлсэн байдаг.
Дээрх хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээ нэхэмжлэгч тайлбарлан, өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн зүйлийг нам, улс төрийн албан тушаалтантай харьцуулж, хууль бус шийдвэр гарган, ажлаас халсан байдал нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон.
Хэрэгт өгсөн баримт, бичлэгээр тухайн үед дүүргийн иргэдийн хурал болж байсан болохоос Ардчилсан намын хурал болоогүй мөн нэхэмжлэгчийн хувийн орон зай болох фээсбүкт зөвшөөрөлгүйгээр халдаж, бусдын тавьсан зураг хөргийг тавьсан гэж үзсэн нь бодит үнэнд нийцэхгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Тушаал хүчингүй болгох шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Бг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/283 дугаартай “Тушаал”-аар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн албан тушаалд томилон ажиллуулсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай “Тушаал”-аар уг албан тушаалаас чөлөөлсөн.
Маргаан бүхий тушаалд нэхэмжлэгч өөрийн цахим хуудсанд улс төрийн шинжтэй нийтлэлийг олон нийтэд хуваалцсан, дээд албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлдэггүй, намын хурал зохион байгуулсан, ажлын цагийг үр бүтээлтэй ашигладаггүй нь тогтоогдсон гэх үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн байдаг.
Уг асуудлаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.С 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлд гомдол гаргасан.
Тус гомдлын дагуу ёс зүйн зөвлөл хуралдаж 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэл үйлдэж холбогдох баримтыг хавсаргаж Э.Бг албан тушаалаас халах саналыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн.
Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, 37.1.10 дахь хэсэгт албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь хэсэгт улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох, 39.1.13 дахь хэсэгт хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхийг хориглоно гэж заасныг зөрчсөн.
Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт ”мэдээлэх хэрэгсэл” гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг хэлнэ” гэж тодорхойлсон.
Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн Э.Бгийн цахим хаягт буй мэдээллүүдээр нотлогдоно.
Хэдий цахим хаяг тухайн хүний хувийн орон зай боловч Э.Б төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байх үүрэгтэй.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэх заалтыг зөрчсөн нь ёс зүйн хурлын тэмдэглэл, протоколоор нотлогдож байгаа гэх бөгөөд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасны дагуу төрийн захиргааны албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг дээдэлж, албан үйл ажиллагааг баримтлах, ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөж ажиллах үүрэгтэй буюу холбогдох хууль тогтоомжуудад заасан зөрчлийг гаргасан нь баримтаар нотлогдон, үүрэгт ажлаас чөлөөлсөн
Тэрээр нэхэмжлэгч нам бус биш юм, ёс зүйн хурлын тэмдэглэлд тусгагдсан зургуудыг нэхэмжлэгчийн цахим хаяг дээрээ нам дэмжсэн зураг байршуулсан.
Үзлэг хийлгэсэн бичлэгийг С.С хийсэн.
Хэрэв уг бичлэг дээр болж буй үйл явдал намын хурал биш бол тэр хуралд яагаад тус хорооны иргэдийг оролцох эрхээр нь хангаагүй юм бэ? БГДЗДТГт 6 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Сын гаргасан өргөдөлд “Э.Б холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн нь баримтаар нотлогдсон, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлдэг, дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажил хөдөлмөртөө хайнга ханддагийг өргөдөлдөө бичсэн байдаг.
Энэ тухай 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Ёс зүйн хурлын тэмдэглэлд тусгагдсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч БГДЗДТГт холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Бг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/283 дугаартай “Тушаал”-аар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн албан тушаалд томилон ажиллуулсан талаар зохигчид маргахгүй байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/100 дугаартай Захирамжаар Дүүргийн Засаг даргын Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж, дүгнэлт өгч ажиллахыг Б.Нарангэрэлд үүрэг болгожээ.
Тус дүүргийн Тамгын газрын дарга “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3, 5, 6 дугаар зүйлийн 5.14, 6.3, 6.4 дүгээр зүйлд Тамгын газар албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих, ажилтан өөрийн хувийн хэрэг болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн үнэлгээ зэрэгтэй танилцаж шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ баяжилт хийх, гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн үнэлгээнд нэмэлт тайлбар хийх, төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд “хангалтгүй” үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг ажлын албаны хэмжээнд Захиргаа, хуулийн хэлтэс, хэлтэс, ажилтан албан хаагчдын хувьд ёс зүйн хороо хариуцан хэрэгжүүлэхээр зааж, илэрсэн зөрчлийг арилгах, байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй шуурхай байдлыг хангахдаа журам болон холбогдох бусад дүрэм, журмыг удирдлага болгохоор зааж, эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах эрхтэй байна.
2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай “Тушаал”-аар хариуцагч, нэхэмжлэгчийг өөрийн цахим хуудсанд улс төрийн шинжтэй нийтлэлийг олон нийтэд хуваалцан мөн дээд газрын үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, намын хурал зохион байгуулсан, ажлын цагийг үл бүтээлтэй ашигладаггүй, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.10, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 39.1.13, 47 дугаар зүйлийн 47.1.4, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай Албан бичгийг үндэслэн ажлаас чөлөөлжээ.
Талуудын тайлбар, бичгийн баримтуудаас харахад, хариуцагч байгууллага нэхэмжлэгчээс мэдлэг ур чадварыг шалгасан шалгалтыг аваагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг яаж шаардсан, удирдлагаас өгсөн үүрэг чиглэл, шаардлага тавьснаас биелэгдээгүй ажил болон даалгаврын хэрэгжилт, улирлын ажлын үр дүнг тооцож дүгнэсэн нь тодорхойгүй, ажлын цагийг үр бүтээлтэй ашигладаггүй, намын хурал зохион байгуулсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж, няцааж чадахгүй байна.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог.
Тэрээр хариуцагч байгууллагын “нэхэмжлэгчтэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” байхгүй, төрийн жинхэнэ албан хаагчтай адил эрхтэй ажилладаг” гэх тайлбараар,
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан иргэнтэй ”Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй ба ажил олгогч хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлээгүйд ажилтан буруугүй бөгөөд хэрвээ ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байсан бол тухайн ажилтны эрх зүйн байдал хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтантай нэгэн адил гэж үздэг учраас нэхэмжлэгчийг “Хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу ажиллаж байсан байна гэж дүгнэлээ.
Мөн ажил олгогчийн шүүхэд өгсөн “Хөдөлмөрийн дотоод журам”, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагч Э.Бгийн 2017 оны Жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх “Илтгэх хуудас”, жишиг “Албан тушаалын тодорхойлолт”-оос үзэхэд нэхэмжлэгч хийсэн ажлаа дүгнүүлэх, цалин хөлс, урамшуулал авах, тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээх эрхтэй бөгөөд “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5 дугаар бүлгийн 5.1-5.17 дугаар заалтад ямар зөрчлийг “ноцтой зөрчил”-д тооцохыг талууд харилцан тохиролцоогүй байна.
Тодруулбал, тус гэрээгээр ажилтан ёс зүйн хувьд ажил албан тушаалд тэнцэхгүй бол ноцтой зөрчилд тооцож “Хөдөлмөрийн гэрээ”-г шууд цуцлахаар заагаагүй.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т “нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан нь АН-ын хуралд оролцсон бичлэг, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Ёс зүйн зөвлөлийн “Хурлын тэмдэглэл”-ээр нотлогдоно гэж мэтгэлцэж байгаа хэдий ч дээрх зөвлөлийн хурлын шийдвэрээр 6 дугаар хорооны зохион байгуулагч Э.Бг ажлаас халах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэтэл хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгчийн пэйж хуудас, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгч Э.Б ёс зүйн буруу үйлдэл, чиг хандлагатай ямар алдаа гаргасан, намуудын талаар ямар сэдвээр нийтлэл, өгүүлэл, сэтгэгдэл бичсэн нь тодорхойгүй, пэйж хуудсан дахь зургийг нэхэмжлэгч анх байршуулж, доор нь бичсэн сэтгэгдлүүд нэхэмжлэгчийн бичсэн сэтгэгдэл болох мөн бичлэгт шаргал өнгийн хүрээтэй, шилэн хаалгатай барилгаас хүмүүс гарч ирэх бөгөөд ноосон ногоон малгайтай, цагаан амны хаалт, хар хүрээтэй шил зүүсэн, богино хар гадуур хувцастай, бор шаргал өнгийн өмдтэй, 160 сантиметр өндөртэй, хаалга нээж байгаа залууг Э.Б гэж талууд батлах боловч уг байранд Ардчилсан намын хурал болсон, намын хурлыг нэхэмжлэгч зохион байгуулсан гэдгийг хуульд зааснаар хариуцагч нотлох баримтаар нотлож чадсангүй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч, ажилтанд гэрээг цуцлах мэдэгдлийг нэг сарын өмнө мэдэгдэх ба энэ ажиллагааг хийгээгүй гэдгээ хариуцагчийн төлөөлөгч тайлбараараа зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан үеийн олговрыг олгох нь зүйтэй байна.
Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2021 оны 01,02,03 дугаар сарын цалингаас тооцоход, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 3.808.798:3=1.269.599 төгрөг /нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрийн дунджаар хуваахад 1.269.599:21.5= 59.051 төгрөг / нэг өдрийн цалин/
Ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин ажлын 92 /хоног/ х 59.051 /нэг өдрийн цалин/= 5.432.692 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай “Ажлаас халсан тушаал”-аа хүлээн аваад, эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хандан, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гомдлынхоо хариуг бичгээр хүлээн авч, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 5.432.692 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 101.873 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бг Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 5.432.692 төгрөгийг, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Э.Бд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Бгийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг БГДЗДТГт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 101.873 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА