| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/01901/И |
| Дугаар | 102/ШШ2021/03302 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2021/03302
| 2021 оны 12 сарын 09 өдөр | Дугаар | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо тоотод оршин суух овогт М Э /РД: /
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг өөрийн байр Н Ш Ш Г Г
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг “О И ББСБ” ХХК /РД: /
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг тоотод оршин суух Өлзий бадрах овогт Б Ц /РД: /
Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н
хариуцагчийн төлөөлөгч М.М
гуравдагч этгээд Б.Ц
гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б
нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.А 130,405,215 төгрөг гаргуулж “О И” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/хт2018/01336 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, тоот 47.5 м.кв 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, тоот 15 м.кв авто зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.А 130.405.215 төгрөг гаргуулж “О И” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо *тоот 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, * 47.5 м.кв 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг *15 м.кв авто зогсоолыг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр битүүмжилж, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хураасан. Баянгол дүүргийн 3 дугаар хороо *тоот 3 өрөө орон сууцын өмчлөгч иргэн Ж.Т нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо *тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаны дагуу иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа тус дүүргийн шүүхэд явагдаж байгаа болно. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/Ш32020/05827 дугаар шүүгчийн захирамжаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжтай, гүйцэтгэх баримт бичгийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ж.Тын нэхэмжлэлтэй Н Ш Ш Г Гт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж. шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Уг захирамжийг хариуцагч Н Ш Ш Г Г нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан атлаа шүүгчийн захирамжийг зөрчин 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж М.Э миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, * 47.5 м.кв 2 өрөө орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр 27,045,100 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, бусдад 31,550,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Шийдвэр гүйцэтгэгч Ш.Гантөр нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр миний хөрөнгийг бусдад худалдан борлуулсан талаар мэдэгдсэн болно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/Ш32020/05827 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн байтал зөвхөн миний өмчлөлийн хөрөнгөнд халдаж бусдад худалдан борлуулсан үйлдэл нь миний эрх хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчиж байна. Миний бие М.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл 122.3-т “Энэ хуулийн 44,3 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагт зохион байгуулж явуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны 26 дугаарт бичигдсэн М.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, 47.5 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч М.Э ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/хт2018/01336 дугаар тогтоолоор Ж.Т, Т.А, Д.С нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо *тоот 3 өрөө орон сууц, миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, * 47.5 м.кв 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 15 м.кв авто зогсоолыг худалдан борлуулж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.Агаас 130,405,215 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан болохыг шийдвэр гүйцэтгэгч Ш.Гантөр 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны зоорийн 10 тоот автозогсоолыг мөн худалдан борлуулсан болохыг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлээр мэдлээ. Өмнө зөвхөн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан гэж шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэж байсан гэтэл автозогсоолыг худалдан борлуулсан гэж 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр чөлөөлж өг гэж байгаад гомдолтой байна. Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн байтал зөвхөн миний өмчлөлийн хөрөнгөд халдаж бусдад худалдан борлуулсан үйлдэл нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Сонгинохайрхан дүүрэг *15 м.кв автозогсоолыг худалдан борлуулсан хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.А-с 130,405,215 төгрөг гаргуулж “О И” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1336 дугаар тогтоолоор нэхэмжлэгч М.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, * 47.5 м.кв 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, тоот 15 м.кв авто зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маш олон асуудлууд өрнөсөн байдаг. Энэ талаарх баримтуудыг хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн. Дурдвал 2 дугаар хавтаст хэргийн 20 дугаар хуудсан дээр 2020 оны 4 сарын 14-ний өдрийн 5827 дугаартай захирамжаар 2014 оны болон 2018 оны шийдвэрийн дагуу хийгдэж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Уг захирамжийг агуулгын хувьд шийдвэр гүйцэтгэх газраас тодруулалгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, дээр дурдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар оруулж, гуравдагч этгээдийн эрх ашгийг мөн хөндсөн байгаа. Уг ажиллагаатай холбогдуулан манайхаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Албадан нүүлгэх ажиллагаатай холбоотой мэдэгдэх хуудас нэхэмжлэгчид ирсэн байдаг. Энэ талаар тодруулахад энэ байрыг бусдад худалдан борлуулсан учраас одоо албадан нүүлгэнэ гэсэн асуудал ярьдаг. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байдаг. Нэхэмжлэгчид төлбөр төлөх боломжит хугацаа олгохгүйгээр албадан нүүлгэх ажиллагаа явуулсан. Тиймээс тухайн албадан дуудлага худалдааг хуулийн хүчин төгөлдөр байж чадахгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж үйлдсэн байгаа учраас хоёр дахь албадан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч М.Эийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.А-с 130,255,215 төгрөгийг гаргуулж “О И” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 928 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 3 дугаар хороо 65 дугаар байр 96 тоот 3 өрөө орон сууц эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр авагч “О И ББСБ” ХХК Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж, 24,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг шүүх 2018 оны 02 сарын 26-ны өдрийн хуралдаанаар төлбөр төлөгч Т.Агийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Эийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо тоот 2 өрөө 47,52 м.кв орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй тус байрны 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоол, Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо *тоотод байрлах 40,1 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг Н Ш Ш Г Гт даалгаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. М.Эийн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Н Ш Ш Г Г нь шүүгчийн захирамжийг зөрчин 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болсон дуудлага худалдаагаар надад мэдэгдэлгүй худалдан борлуулсан байна гэсэн бөгөөд 2020 оны 4 сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжийг Н Ш Ш Г Г 4 дүгээр сарын 16-ы өдөр хүлээн авсан. Тус захирамжид зөвхөн Т.А, Ж.Т, Л.С нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол тоот орон сууцыг шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул хэсэгчлэн түдгэлзүүлсэн гэж үзэж Н Ш Ш Г Г 2020 оны 4 сарын 17-ны өдрийн дуудлага худалдаанд оруулсан нь хуулийн дагуу явагдсан. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 26-ны өдрийн 636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1336 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч М.Эийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1336 дугаар тогтоолоор Тын А-с 129,581,610 төгрөгийг гаргуулж “О И ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Т.С-н барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо тоот 2 өрөө 47,52 м.кв орон сууц, мөн тус байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг битүүмжлэн хурааж. Иргэний хуулийн дагуу талууд харилцан тохиролцоогүй учраас хөндлөнгийн шинжээч томилж хөрөнгийн үнэлгээг гаргасан. Тухайн хөрөнгүүд анхны дуудлага худалгаагаар худалдан борлогдоогүй. 2020 оны 4 сарын 14-ний өдөр хоёр дах албадан дуудлага худалдаагаар орон сууц нь 32,050,000 төгрөгөөр, авто зогсоол нь 4,571,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дуудлага худалдаагаар орон сууцыг 32,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Шийдвэр гүйцэтгэгчээс энэ орон сууцтай холбоотой маргаан байгаа учраас та мөнгөө түр татаад авчих гэсэн. Би дэнчингийн мөнгөө үлдээгээд бусад мөнгөө татаад авчихсан. Дуудлага худалдаа хүчин төгөлдөр болсон. Энэ дээр маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрөө байраа барьцаанд өгчихсөн байгаа. Та нар хугацаандаа мөнгөө төлж чадаагүй. Үүнээс болж бид нар бас хохирч байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд “О И ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М шүүгч дээр явж байсан маргаан нь одоо энэ нэхэмжлэлийн шаардлагатай агуулгаараа адилхан гэж үзэж байгаа. Учир нь барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх гэж байгаа боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд хүчингүй болгох гэсэн шаардлага гаргасан байдаг. 3 шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дах хэсэгт зааснаар иргэн М.Эийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа Т.Агийн 2020 оны 4 сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар захирамжлах нь гээд Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн гэж заасан. М.Эийн гэж дурдаагүй. Зөвхөн Баянгол дүүргийн 3 дугаар хороо тоотод байрлах 40,1 м.кв 3 өрөө орон сууцтай холбоотой ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан. Тиймээс ямар нэгэн байдлаар М.Эийн эд хөрөнгөтэй холбоотой ажиллагааг түдгэлзүүлнэ гэсэн заалт байхгүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн зүйл байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй байна гэдгийг 3 шатны шүүхээс тогтоосон. М.Э нь Т.А, Д.С, Ж.Т нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байсан. Тийм учраас нэг агуулга бүхий маргааныг 3 шатны шүүхээр үнэн зөв шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Энэ талаар буюу хэрэг үүссэнээс хойш хүлээн авахаас татгалзах талаар хуулийн зохицуулалт байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч М.Э нь Н Ш Ш Г Гт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо тоотод байршилтай 47.52м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо тоотод байршилтай 15м2 талбайтай автозогсоолыг худалдан борлуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлага гаргажээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ “төлбөр төлөгч Т.Ад холбогдуулан хийгдэж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн үед үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулж хууль зөрчсөн“ гэж тайлбарласан ба уг үндэслэл, шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хөрөнгөтэй холбоотой ажиллагааг түдгэлзүүлээгүй, нэхэмжлэгчийн хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг хуулийн дагуу явуулсан” гэж маргав.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар “О И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 129,851,610 төгрөгийг Т.А төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэхүү шийдвэрээр төлөх төлбөрийг барьцаа хөрөнгө болох М.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Хилчин хотхон 12 дугаар байр 51 тоотод байршилтай 47.52м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Хилчин хотхон 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоотод байршилтай 15м2 талбайтай автозогсоол, Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол Төмөр замын дугаар байр тоотод байршилтай 40.1м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна.
Төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Т.А сайн дураар биелүүлээгүйгээс Н Ш Ш Г Г нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1118 дугаар гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ГХ2018/01192 дугаар гүйцэтгэх хуудас болон бусад гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох 3 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, тухайн хөрөнгүүдийг худалдан борлуулах зорилгоор төлбөр авагч болон төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах, үнэлгээ тогтоохоор шинжээч томилох, шинжээчээр тогтоосон үнийг талуудад мэдэгдэх, тогтоогдсон үнэлгээний дагуу анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Тухайн ажиллагаанууд хуульд заасан журам зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан байна.
Дээрх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн нэг өмчлөгч болох Ж.Т нь Н Ш Ш Г Гт холбогдуулан Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол тоотод байршилтай 40.1м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2020/05827 дугаар захирамжаар “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжтай гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”-г Ж.Тын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Энэхүү захирамжаар “Т.Агаас үүргийн гүйцэтгэлд 129,851,610 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгө болох Ж.Т, Д.С, Т.А нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, нэхэмжлэгч М.Эийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах шийдвэрийг гүйцэтгэхээр явуулж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Т.Агаас төлбөр гаргуулахаар явагдаж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас хэсэгчлэн “Ж.Т, Д.С, Т.А нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй гэж ойлгоно. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2020/05827 дугаар захирамжид заасан ажиллагааг хариуцагч буруу хэрэгжүүлж хууль зөрчсөн гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн М.Эийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан 2 дахь албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 14-т бичигдсэн нэхэмжлэгч М.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо * 47.52 мкв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 13-т бичигдсэн Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорийн давхар 10 тоотод байршилтай 15мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй автомашины зогсоолыг худалдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Эт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА