| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 186/2020/0625/Э |
| Дугаар | 1170 |
| Огноо | 2020-09-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 1170
2020 9 10 2020/ДШМ/1170
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батбямба,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/1325 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2011 0086 40679 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Д.Б нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урт цагаан” үйлчилгээний төвийн байрнаас өөрийн эзэмшлийн үүрэн холбооны ... дугаараас хохирогч буюу нийтийн албан тушаалтан болох Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Т-ын үүрэн холбооны ... дугаар руу залгаж, “Урт цагаан” үйлчилгээний төвийн хэвийн үйл ажиллагаа буюу цахилгаан, дулаан, ус хязгаарласан үйл ажиллагаагаа таслан зогсоож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2195 дугаартай “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж биелүүлэхийг шаардан маргалдаж, улмаар дүүжилж ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгоно. Энэхүү хүчирхийлэл нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэмт этгээд үүнийг үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болно. Заналхийлэл гэдэг нь бусдыг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, сэтгэл санааны дарамтанд оруулах зэргээр өөрийнхөө санаа бодлыг тулгах, хүний хувийн эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, нэр төр, алдар хүндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэг нь тодорхой гэмт санаа зорилготой буюу тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардсан байна. Ийнхүү нийтийн албан тушаалтан хуульд нийцсэн үйл ажиллагаа, албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулж буй үйлдэл нь хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийн шинжийг агуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт санаа, зорилго, мөн үйлдлээ хэрэгжүүлэх боломжтой байсан эсэх буюу заналхийлэл нь бодитой, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахуйц, биелэгдэх боломжтой эсхүл сэтгэл санааны дарамтанд оруулсан, хүний хувийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан шинжийг агуулсан байна. Шүүгдэгч Д.Б-ын хохирогч Д.Т-ын нийтийн албан тушаалтны хувьд түүний албан үүрэг ажилтай нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй буюу хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдлийн арга нь дээр дурдсан шинжийг хангаж буй эсэх нь нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байна. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах дээрх ажиллагааг хийлгэх шаардлагатай...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт яллагдагч Д.Б-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангалттай нотлон тогтоосон буюу хохирогч Д.Т-тай утсаар холбогдсон ярианы лавлагаа, мөн заналхийлэл хийж байгаа ярианы бичлэг, гэрч нарын мэдүүлэг, шаардаж буй шаардлага буюу заналхийлсэн шалтгаан зэрэг бодит нөхцөл байдлыг баримтаар тогтоосон. Харин заналхийлэл нь биелэгдэх боломжтой байсан эсэхийг шалган тогтоох шаардлага байхгүй. Учир нь, гэмт этгээд хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг үгээр илэрхийлэхээс гадна, биет байдлаар үзүүлсэн байж болно. Шүүх гэмт хэргийн шинжийг тодорхойлж байгаагийн нэг хэлбэр болох үгээр илэрхийлсэн гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүн хангагдсан. Бодитой гэдэг нь яллагдагч Д.Б нь Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Т-ыг дүүжилж алах дүүжлүүр бэлтгэсэн, эсхүл эрх чөлөөнд нь халдаж гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээр буюу хүнийг алахыг завдсан үйлдэл хийсэн байхыг шаардаагүй байна. Мөн хохирогч нь анх цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “намайг хамгаалалтад авна уу” гэх зүйлийг гомдолдоо дурдсан байдаг. Энэ нь сэтгэл санааны хувьд дарамтанд орсон болох нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний уур хүрээд тухайн үед хатуу үг хэлсэн нь үнэн. Тэгэхдээ би маргааш өглөө нь утасдаад “Т-аа уучлаарай, би уур бухимдалтай байсан” гэсэн. Д.Т “за” гэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа Нийслэлийн өмчийн харилцааны газар буюу Т-ын өрөөнд тог, усны талаарх хурал болсон. Надтай хамт явсан 3-4 хүн бүгд гэрчээр мэдүүлэг өгсөн. Бид хоёр гар барьж тэврэлдсэн. Би “тухайн үед уурандаа юу ярьсан болохоо мэдэхгүй байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокуророос төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэсэн боловч тус шаардлага нь хууль ёсны шаардлага байгаагүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу Захиргааны хэргийн шүүхээс Урт цагаантай холбоотой ямар нэгэн үйлдэл хийхийг даалгаж шийдвэрлээгүй байхад тог, усыг нь тасалсан бөгөөд Д.Б-ын өмчлөх эрхэнд халдсан, өмчлөх эрхийг хязгаарласан. Ирээдүйд хувьчилж авах болзолтой байсан учир Урт цагааны 2 дахь корпусын 4 дэх давхрыг Д.Б өөрийн хөрөнгөөрөө өргөтгөж барьсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт уг корпусыг Д.Б-ын нэр дээр хувьчилж өгөхийг даалгасан, хууль ёсны дагуу хувьчилж авах эрх нь үүссэн байсан. Өвлийн 3 сард тог, усыг нь тасалсан. Үүнийг прокурор анхаарч үзэлгүй “хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн” гэсэн. Хоёр биенээ уучилсан, удаа дараа уулзсан байхад яагаад Д.Т гомдол гаргасан бэ гэхээр Урт цагааны түрээслэгчид Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах гэхээр нь айлгах зорилготой Д.Б-д холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн гэж үзэж байна. Мөрдөгч удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байхад прокуророос эрүүгийн хэрэг үүсгэсэн. Прокуророос “гэм буруугаа хүлээхгүй бол 2 жилийн хорих ялтай шүү” гэх байдлаар ойлгуулсан учраас Д.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд энэ байдлыг хэлэх хэрэггүй гэдэг боловч хэлсэн нь зүйтэй гэж бодож байна. Тэгээд Д.Б хорих ял авч байхаар гэм буруугаа хүлээгээд тогуулийн ял авъя гэх байдлаар хандсан байдаг. Иймд бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд гэм буруугийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг биш, эсхүл шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдвол хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх бүрэн эрх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой, шүүгчийн захирамжийн үндэслэлд заасан мөрдөн шалгах ажиллагааг дахин хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэв.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж, үнэлсний үндсэн дээр тухайн үйл баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн дотоод итгэлийн асуудал юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба анхан шатны шүүх талуудын хүсэлтээр хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “... шуурхай байх” зорилтод нийцнэ.
Шүүгдэгч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээсээ өөрөө татгалзаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд прокурор Ц.Батбямбын “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/1325 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Б-д холбогдох эрүүгийн 2011 0086 40679 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.ОЧ