Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2025/00205

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02800 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01296 дугаар магадлалтай,

Б.С-ийн нэхэмжлэлтэй

“Х” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлжстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажил үүрэг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, А.Ш шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажил үүрэг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02800 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийг “Х” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Х” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 56,747,387 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгож, Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 56,747,387 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон цахим хэлбэрээр бичилт буюу бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/ 123 дугаар зүйлийн 123.2, 109 дүгээр зүйлийн 109.6-д заасныг баримтлан “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 441,686 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01296 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 210/МА2025/01296 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй, тал бүрээс нь бодитой үнэлээгүйн улмаас хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Үүнд:

4.1.1 Цахим шууданд хэдэн тооны, ямар албан тушаал хашдаг талаарх туйлын тодорхой, талууд хэн хэн байдаг талаар маргаагүй атал шүүхээс тал бүрээс нь бодитой үнэлээгүй.

          а/ “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.08.22-ны өдрийн А-177 дугаар “Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүн батлагджээ. Тус бүрэлдэхүүнд гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн дарга нар гээд 12 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан. Тус захирлуудын зөвлөлд нэхэмжлэгч Б.С гишүүн байгаа нь тушаалд Хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн хэлтсийн захирал байгаа нь тогтоогдож байна. Нөгөө талаар давж заалдах магадлалын 3.2 дахь хэсэгт “цахим шууданд хэн, хэн байгааг шүүх өөрөө тогтоосон байна. Гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн захирлууд, албаны дарга нар багтдаг гэх” тэгсэн атлаа хэдэн тооны хэн хэн байгаа нь тодорхойгүй гэх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцэхгүй.

          б/ “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.08.22-ны өдрийн А-177 дугаар “Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.3.2 /тооны алдаатай 2.4.3/-д “Банкны бусад дүрэм, журамд захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр заасан асуудал” гэжээ. /ХХ-41/, Хны гүйцэтгэх захирлын 2022.03.10-ны өдрийн А-21 дүгээр “Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт “Журмын 10.5-д зааснаас бусад тохиолдолд ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл гомдол, хүсэлтийг нотлох баримтын хамт хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж захирлуудын зөвлөлд гаргана. /XX-45/” гэжээ. Өөрөөр хэлбэл, Захирлуудын зөвлөл нь сахилгын зөрчил, түүнтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч, шалгаж тогтоох эрх, үүргийг Хөдөлмөрийн дотоод журам болон захирлуудын зөвлөлийн ажиллах журмаар хүлээжээ.

           с/ Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Үзэл бодол, санал хүсэлтээ удирдлагад чөлөөтэй илэрхийлэх” эрхтэй байхаар журамлажээ.

          д/ Нэхэмжлэгчийн гаргасан цахим шуудан нь өдөөн хатгасан, бусдыг уриалсан (хууль бус ажил хаялт, эсхүл нэр төр гутаасан, бослого үймээн самуун турхирсан) агуулга огт байхгүй. Тухайн сахилгын шийтгэл ногдуулж буй албан тушаалтнууд, хамт ажиллагсдадаа шударга бус санагдаж буйгаа илэрхийлэх нь хамт олныг хагалган бутаргах үйлдэл огтоос биш, харин үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд хууль зүйн хувьд хамаарах ойлголт юм.

4.1.2 Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг шүүхээс дүгнэж үзээгүй. Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчлийг эргэлзээгүй тогтоосон, шийдвэрлэсэн эсэх дээр шүүхээс дүгнэлт өгөөгүй.

          а/ “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.10-ны өдрийн А-21 дүгээр “Хөдөлмөрийн дотоод журам" батлах тухай тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6-д “Журмын 10.5-д зааснаас бусад тохиолдолд ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл гомдол, хүсэлтийг нотлох баримтын хамт Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж захирлуудын зөвлөлд гаргана.” гэжээ. Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчлийг тогтоох чиг үүрэг нь захирлуудын зөвлөлд олгогджээ.

          б/ “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.08.22-ны өдрийн А-177 дугаар тушаалаар батлагдсан “Захирлуудын зөвлөлийн ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.11-д “Хурал асуудлыг танилцуулах, асуулт, хариулт явагдах, санал бодлоо илэрхийлэх, хурал даргалагчаас шийдвэр гаргах дарааллаар явагдана" гэжээ.         

          с/ Нэхэмжлэгч Б.С-ийг ажлаас чөлөөлсөн “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.07.01-ний өдрийн Б/69 дүгээр тушаал нь Захирлуудын зөвлөлийн 2024 оны 13 дугаартай хурлын тэмдэглэлийг үндэслэсэн.

                д/ “Х” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн 2024.06.26-ны өдрийн 13 дугаартай хурлын тэмдэглэлээр Б.С-ийг сахилгын зөрчил гаргасныг тогтоогоогүй, хурал нь ямар нэг санал гаргаж, түүнийг шийдвэрлэсэн зүйл байхгүй.

              е/ Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” батлагджээ. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.3-д Хуралдааны тэмдэглэлийг зохицуулсан. 3.3.2-д “хуралдааны тэмдэглэл нь ХЭЛЭЛЦСЭН нь, СОНССОН нь, ШИЙДВЭРЛЭСЭН нь гэсэн дарааллаар хэлэлцсэн асуудал тус бүрээр бичигдэнэ” гэж заасан. 3.3.7-д ШИЙДВЭРЛЭСЭН нь хэсэгт хэлэлцсэн асуудал тус бүрийн төгсгөлд гарсан шийдвэр, дүгнэлт, удирдлагын заалт, хариуцах эзэн, гүйцэтгэх хугацааг бичнэ” гэж заасан. Дээрхээс үзвэл, Захирлуудын зөвлөлийн 2024.06.26-ны өдөр Б.С-ийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэж, шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.

          ё/ Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана.” гэж заажээ. Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.4-д “Ажилтан ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Захирлуудын зөвлөлийн шийдвэр тухайн зөрчлийн шинж байдал, давтамж зэргийг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар ёс зүй, сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заажээ. Шүүх хэргийг бүхэлд нь гомдлоор хязгаарлагдахгүйгээр бүхэлд нь хянан үзэж буй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахгүйгээр давж заалдах шатны шүүх хуралд тодорхойгүй асуудлыг талуудын тайлбар, мэтгэлцэх зарчмын хүрээнд тодруулах боломжтой байсан.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй. Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

4.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнд:

4.2.1 Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.3, 123.4 дэх хэсгийг хэргийн үйл баримт маргааны зүйл, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх дээрх хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн заалтад уг үйлдэл нь хамаарах эсэхийг дүгнээгүй байна. Мөн анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасан ажилтнаас тайлбар авч сахилгын зөрчлийн шинж чанар үр дагаварт тааруулан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглээгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаанаар өвчтэй байсан нь хавтаст хэрэгт авагдсан өвчний акт, лист, болон хариуцагчийн тайлбараар мөн давхар нотлогдож байна гэж үзсэн. Шүүх дээрх хууль хэрэглээнд мөн л дүгнэлт хийгээгүй.

​​​​​​​4.2.2 Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, Монгол улсын дээд шүүхийн 2006 оны тайлбартай ижил буюу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил нь бусад энгийн сахилгын зөрчлөөс ялгагдах шинж нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээг хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгохоор хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, тушаалд баримталсан ноцтой зөрчлүүдийг тус бүрд нь авч үзсэн бөгөөд банкны хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журам зааварчилгаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гэж ерөнхий байдлаар тусгасан, дээрх тохиолдолд хууль хэрэглээний хувьд ёс зүйн дүрмийг авч үзэх бөгөөд ёс зүйн дүрмээр яг аль хэм хэмжээнд зөрчвөл ноцтой зөрчил гэж үзэх, эсхүл ялимгүй зөрчил гэж үзэх талаар ялгаж өгөөгүй нь Монгол улсын дээд шүүхийн 2006 оны тайлбар, 2012 оны зөвлөмж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасантай нийцэхгүй гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01296 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2025/00974 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-ын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Б.С-ийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажил үүрэг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... чиг үүрэгт хамааралгүй үүрэг өгсөн, ... тушаалд заасан зөрчлийг гаргаагүй, ... шалгаж тогтоосон үйл баримт байхгүй, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар зөрчилтэй холбогдуулан надаас тайлбар аваагүй, ... захиргаа удирдлагын газрын даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн, ... Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу ... ажилгүй байсан 2024.07.01-ний өдрөөс 2025.04.01-ний өдрийг хүртэл 8 сар 2 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 56,747,387 төгрөг, 2023.12.14-ний өдрөөс 2024.07.01-ний өдөр хүртэл 6 сар 11 өдрийн нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг болно” гэж тайлбарласан.

8. Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа ноцтой зөрчил, сахилгын давтан зөрчил гаргасан. ... Хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ... өөрөөс шалтгаалах ажлыг гүйцэтгээгүй, ажлын хэсгийг зохион байгуулаагүй, үр дүн гаргаагүй тул Гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн. Б.С нь дээрх тушаалыг эс зөвшөөрч 2024.05.14-ний өдөр Дотоод аудитын газрын захирал болон дотоод аудитын газрын ажилтнууд, гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар хэлтсийн захирлууд, албаны дарга нарын цахим хаягт ажилтнуудыг өдөөн хатгасан, турхирсан талаар цахим шуудан илгээж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Мөн 2024.05.27-ны өдөр байгууллагын хэвлэл мэдээллийн албаны дарга Р.О-ийн цахим хаягт бусдыг дайрч доромжилсон, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан цахим шуудан илгээж сахилгын зөрчил гаргасан. Өөрт нь сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төслийг хууль зүйн хувьд хянасан хуульчдад албан тушаалын байдлаа ашиглан ажлын байрны дарамт учруулсан нь тогтоогдож, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан. ... зөрчлүүд нь тогтоогдсон, нотлогдсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2024.07.01-ний өдрийн Б/69 дугаартай тушаал хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, Б.С-ийг “Х” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 56,747,387 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож бүртгэл хийхийг даалгаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах шаардлагыг хангасан үндэслэлээ анхан шатны шүүх  “... ажлаас чөлөөлсөн Б/69 дүгээр тушаалын нэг үндэслэл нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан Б/54 дүгээр тушаал болсон байна. ... Б/54 тушаал нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул тус тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй. ... бусдыг хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах агуулгатай цахим шууданг байгууллагын хэвлэл мэдээллийн албаны даргаруу явуулсан … хамт олны дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлэх, эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн, өдөөн хатгах, турхирах агуулгатай цахим шууданг гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн захирал, албаны дарга, дотоод аудит хариуцсан ажилтнууд руу явуулсан үйлдэл гаргаж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан … нь тогтоогдоогүй. ... нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болон сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн ба магадлалд “... нэхэмжлэгч түүнд Б/54 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан талаарх мэдээллийг удирдлагын цахим шуудангийн группт нийтэлсэн нь [хамт олны дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлэх, эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн, өдөөн хатгах, турхирах] зөрчилд тооцох эсэхтэй холбогдуулан тухайн группт ажил олгогч байгууллагын хэдэн тооны, ямар албан тушаал хашдаг, тэдгээр нь Б.С-д ногдуулсан сахилгын шийтгэлийн талаар ажлын чиг үүргийн хүрээнд мэдээлэлтэй байх шаардлагатай этгээдүүд мөн эсэхийг тодорхойлох нь зүйтэй. Үүний дараа ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэлд дүгнэлт өгөх учиртай.” гэж дүгнэжээ.

11. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хэрэгт авагдсан баримтыг бүрэн үнэлснээр хэргийн үйл баримтыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах боломжтой, анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлт өгсөн нь хуульд нийцсэн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-ын гаргасан хяналтын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэлэлцэв.

12. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийг тогтоож, сахилгын давтан зөрчил гаргасан эсэх, нэхэмжлэгчийг буруутгаж буй ноцтой зөрчил тогтоогдсон эсэх, нэхэмжлэгч ажил албан тушаал хавсран гүйцэтгэсэн эсэх, улмаар эдгээрт үндэслэн эд хөрөнгийн шаардлагууд хангагдах эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт өгсөн байна.                 

          Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан гүйцэтгэх захирлын Б/54 дүгээр тушаалын талаарх цахим шууданг илгээсэн нэхэмжлэгчийн үйлдэл нь зөрчлийн бүрэлдэхүүнтэй эсэхийг тогтооход тус цахим шууданг хүлээн авсан этгээдийн хүрээ тодорхой байх ёстой гэж үзсэн нь зохигчийн маргаж буй асуудалтай шууд хамааралгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс ажлын группд илгээсэн цахим шууданг хамт олны дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлэх, эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн, өдөөн хатгах, турхирах зөрчлийг илтгэх үйлдэл гэж,  харин бусад этгээдээс тодорхой чиг үүргийг хэрэгжүүлсэнтэй холбоотой Хэвлэл мэдээллийн албаны даргад илгээсэн цахим шууданг бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, хэл амаар доромжилсон зөрчил мөн гэж хариуцагч маргасан.

          Иймд нэхэмжлэгчийн цахим шууданг хүлээн авсан албан тушаалтнуудын группд ямар албан тушаалтай, хэдэн хүн байдаг тухай мэдээллийг тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хамт олны дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлэх, эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн, өдөөн хатгах, турхирах зөрчлийн бүрэлдэхүүн бий болсон эсэхийг тогтооход хууль зүйн ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй, эрх зүйн ач холбогдолтой гэж үзвэл энэ талаарх дүгнэлтийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тодорхойлох боломжтой байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэстэй.

13. Зохигчийн хооронд үүссэн маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөөгүй тул хяналтын шатны шүүхээс үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож хэргийг давж заалдах журмаар хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01296 дугаар магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Нэхэмжлэгч Б.С нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                   

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                               Н.БАТЗОРИГ

                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                      Б.УНДРАХ

    Д.ЦОЛМОН