Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 183/шш2022/00461

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/00461

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:М.М

 

Хариуцагч И ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Амины орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, /гэрээнээс татгалзаж/ урьдчилгаанд төлсөн төлбөр болох 18.056.250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я ,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М  нь И ХХК-д холбогдуулан амины орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, /гэрээнээс татгалзаж/ урьдчилгаанд төлсөн төлбөр болох 18.056.250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М.М  нь И  ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр блок 8 тоотод байрлах, 101 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай 2 давхар барилгыг бариулахаар амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэтэл тус компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс орон сууцаа ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх хугацаа нэг жил 6 сар буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хэтрүүлэн захиалагч тал болох миний биеийг санхүү болон сэтгэл санаагаар хохироогоод байна. Миний бие тус компанитай гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байрны урьдчилгаа болох 15.187.500 төгрөг болон графикийн дагуу 2.868.375 төгрөг, нийт 18.056.250 төгрөгийг И ХХК-д төлсөн. Тус компанитай очиж уулзахад удаа дараа барилга удахгүй баригдана, таныг бид алдагдалд оруулахгүй, мөнгийг тань удахгүй төлнө, тэд хоногийн дараа ир гэх мэтээр худал хэлж, ажлын болон амралтын цагуудыг маш их үрж, сэтгэл санааны болон санхүүгийн олон удаагийн хохиролд оруулсаар байна. Иймд гэрээний худалдагч тал одоог хүртэл захиалгат байрыг барьж өгөөгүй, надаас авсан мөнгийг хүлээлгэн өгөхгүй байгаа тул захиалагчийн эрхийн дагуу амины орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 18.056.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээг цуцлах болсон шалтгаан нь хариуцагч тал 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд барилгыг огт бариагүй. Үүнээс хойш 2 жил 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Мөн хариуцагч хариу тайлбар өгөөгүй ба энэ нь өөрсдийн буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан амины орон сууц захиалан бариулах гэрээ, хавралт №1, М.М-н Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00*** дугаар шийдвэр,

Хариуцагчаас И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М.М  нь И  ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр блок 8 тоотод байрлах, 101 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай 2 давхар барилгыг бариулахаар амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэтэл тус компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Миний бие тус компанитай гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байрны урьдчилгаа болох 15.187.500 төгрөг болон графикийн дагуу 2.868.375 төгрөг, нийт 18.056.250 төгрөгийг төлсөн. Иймд амины орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, /гэрээнээс татгалзаж/ урьдчилгаанд өгсөн төлбөр 18.056.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

1.М.М  нь И  ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр амины орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, гүйцэтгэгч тал Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах, 1 дүгээр блок, 08 тоот 101 м.кв талбай бүхий 50-60 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар, захиалагч тал барилгын нийт үнэд 101.250.000 төгрөг төлөх ба үүнээс гэрээний урьдчилгаа төлбөр 15 хувь буюу 15.187.500 төгрөгийг төлж, мөн өдрөө гэрээ байгуулах, үлдэгдэл төлбөр болох 85 хувь буюу 86.062.500 төгрөгийг гэрээний хавсралт №1-т заасан графикийн дагуу тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан ба М.М  нь амины орон сууцыг захиалан бариулж, уг ажлын үр дүнг хүлээн авч, тохирсон хөлс төлөх, И  ХХК нь өөрийн материалаар М.М-д амины орон сууц барьж өгөхөөр харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

3.Нэхэмжлэгч М.М  нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 15.187.500 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 1.434.400 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1.434.500 төгрөг, нийт 18.056.400 төгрөг төлсөн боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцыг өнөөдрийг хүртэл барьж өгөөгүй гэж, гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 18.056.400 төгрөгийг буцаан гаргуулна гэж шаардлагаа тодорхойлжээ.

 

4.Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлээ, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй байна.

 

5.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ...Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй... гэж заасан ба гүйцэтгэгч И  ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, амины орон сууцыг барьж ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөөгүй байх тул М.М  гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзнэ.

 

6.Хариуцагч нь нэхэмжлэгчид 50-60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг сарын хугацаанд ашиглалтад бүрэн оруулахаар тохирсон гэх боловч хугацаандаа үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш даруй 2 жил 4 сарын хугацаа өнгөрсөн боловч барилгыг ашиглалтад оруулж өгөөгүй, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т ...Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол... нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсны үр дагаврыг шаардсаныг буруутгах үндэслэлгүй юм.

 

7.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй... гэж заасан.

 

8.Иймд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч И  ХХК-иас М.М  урьдчилгаанд төлсөн 18.056.250 /арван найман сая тавин зургаан мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Маралмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

9.И  ХХК-д холбогдох хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдаан 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14.30 цагт товлогдон, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хэргийн оролцогчийн тэгш байдал, мэтгэлцэх зарчим, хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг тус тус хангахаар шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13.30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.

 

10.Гэвч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13.30 минутад товлогдсон хуралдаанд хариуцагч И  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч  хүрэлцэн ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг тус тус харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч И ХХК-иас 18.056.250 /арван найман сая тавин зургаан мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.М олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 248.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И шн ХХК-иас 248.240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.М-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН