| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/01951/И |
| Дугаар | 102/ШШ2021/02500 |
| Огноо | 2021-10-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2021/02500
2021 оны 10 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2021/02500 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Э.Хгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч 0 дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Э.Ад холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Х нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие хариуцагч Э.Атай 2011 онд танилцаж, 2012 оны 01 дүгээр сард түрээсийн байрнаас амьдралаа эхлүүлсэн бөгөөд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлье гэхэд “гэрлэлт батлуулсан цаастай, цаасгүй болно” гэж өнөөдрийг хүрч, гэрлэлтээ батлуулж чадаагүй.
Бидний хамтын амьдралын хугацаанд 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр охин А.И, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Т, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Х нар төрсөн.
Миний хувьд Э.Атай хамт амьдарч байхдаа бие сэтгэлээрээ их хохирч, улмаар гэр бүлийн таарамжгүй байдлыг байнга гарган, хэл амаар доромжилж, гар хүрдэг байсан.
Иймээс цаашид хамтран амьдрах боломжгүй тул охин А.Иг миний асрамжид үлдээж, хүү А.Т, А.Х нарыг эцэг Э.Аын асрамжид үлдээж өгнө үү.
Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, охин А.Игийн 2021-2022 оны сургалтын зардлыг эцэг Э.А төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Э.А шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Бидний дундаас 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр охин А.И, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Т, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Х нар төрсөн.
Намайг түүнийг зодсон, таарамжгүй байдал гаргадаг, доромжилдог, дарамталдаг гэх мэт үндэслэлгүй зүйлийг бичиж нэхэмжлэл гаргажээ.
Хамт амьдарч байх хугацаанд гэр орноо эмэгтэй хүний хувьд огт цэвэрлэдэггүй, хүүхдүүдээ асарч хүмүүжүүлж байгаагүй.
Хоол унд хийдэггүйн улмаас байнгын хэрүүлтэй байж байгаад би явлаа гээд яваад өгөхөд би араас нь олон удаа гуйж гэртээ авч ирдэг байсан.
Айлын эхнэр үр хүүхдүүд, хань ижлээ халамжлах үүрэгтэй гэдгээ ойлгодоггүй, хүссэнээ хийгээд дураараа байх явдал нь биднийг тусдаа амьдрахад хүргэдэг.
Тиймээс хүү А.Т, А.Х нарыг миний бие өөрийн асрамжидаа үлдээж, охин А.Иг эх Э.Хгийн асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй.
Охин А.Игийн 2021-2022 оны сургалтын зардлыг би төлнө.
Харин бид бие биенээсээ хүүхдийн тэтгэлэг нэхэхгүйгээр эвлэрсэн.
Мөн бидний эзгүйд шүүх хурлыг хийж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч Э.Ад холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид 2011 онд танилцаж хамтран амьдраад, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр охин А.И, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Т, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Х нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн “Шар дэгд” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн “А.И, А.Т, А.Х нар эрүүл өсөж бойжиж байгаа” мөн тус дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын “Тодорхойлолт”, 2021 оны А.И “Үй цай” хятад сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг талаарх “Батламж” зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар хүүхдүүд төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг талуудад үүсэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“,
14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасны дагуу хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд зохигчид харилцан тохиролцож, хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэгч, охин А.Иг, хариуцагч, хүү А.Т, А.Х нарыг асрамжиндаа үлдээн, талууд харилцан бие биеэсээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж, охин А.Игийн 2021-2022 оны сургалтын бүх зардлыг эцэг Э.А төлөхөөр эвлэрснийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Иг эх Э.Хгийн, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Т, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү А.Х нарыг эцэг Э.Аын асрамжид үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх шаардлагаасаа татгалзаж, охин А.Игийн 2021-2022 оны сургалтын зардлыг эцэг Э.А төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА