Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/02504

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 05 өдөр                  Дугаар 102/ШШ2021/02504                             Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Д.Бийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч 0 дүүрэг, 0 дугаар хороо, Э гудамж, өөрийн байранд байрлах ДЦСК-д холбогдох 4.368.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад                       

  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Б нь 1984 онд Төвийн эрчим хүчний системийн харъяа нэгдсэн засварын газарт засварчнаар ажиллаж байгаад 1985-1988 онд цэргийн албанд татагдан, цэргийн албаа хаагаад 1988-1990 онд Эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрт засварчин, 1990 онд Дулааны 4 дүгээр цахилгаан станцын Зуухан цехэд Зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчинаар орж тасралтгүй 37 жил ажилласан бөгөөд Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан.

              Д.Бийг өндөр насны тэтгэвэрт гархад Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгын газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтанд заасны дагуу сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 43.680.000 төгрөгний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ДЦСК-н захиргаа шийдвэрлэсэн.

              Дулааны 4 дүгээр цахилгаан станцаас нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож Д.Бийн харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн.

              Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д “ хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж “ гэж хуульчилсан.

              Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар ДЦС-4-ийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй тул Нийслэлийн Баянгол дүүргийн татварын албанд хандахад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/122 тоот албан бичгээр “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ХК-ийн захиргаанд хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх орлого тул хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна

        

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Иргэн Д.Б нь 1965.05.12-нд төрсөн. “ДЦС-4” ТӨХК-д нийт 32 жил 06 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул түүний хүсэлтийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 31-ний Б/120 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

            Манай байгууллагын “ДЦС-4” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Д.Ганболдын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 43.680.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувийг тооцон суутгаж МТА татварын дансанд шилжүүлсэн байна.

            Иймд Баянгол дүүргийн татварын хэлтэсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул “ДЦС-4” ТӨХК-аас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        

  Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч ДЦСК-д холбогдуулан 4.368.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

            Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

         

         Нэхэмжлэгч Д.Б 1984 онд Төвийн эрчим хүчний системийн харъяа нэгдсэн засварын газарт засварчинаар ажилд ороод, 1990 онд Дулааны 4 дүгээр цахилгаан станцын зуухын цехэд зуух болон тос бэлтгэх тоноглолын засварчинаар 37 жил ажиллаж байгаад 2004 онд хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажлын мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлэгт хамрагдан өндөр насны тэтгэвэрт гарсан талаар талууд маргахгүй байна.

 

        Зохигчдын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б “нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад байгууллагаас олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 43.680.000 төгрөгийн үнийн дүнгээс 10 хувийг суутган авсныг зөвшөөрөхгүй”, 

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б “манай байгууллага хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид мөнгөн тэтгэмж 43.680.000 төгрөг өгснөөс хувь хүний орлогын албан татвар 10 хувийг суутгаад татварын албанд шилжүүлсэн тул татварын хэлтсээс нэхэмжлэн авах эрхтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцэж байна.

 

            Ажил олгогч “Дулаан цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/120 дугаартай Тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Д.Бийн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлаж, Эрчим хүчний салбарт ажилласан 32 жил 06 сард ногдох 43.680.000 төгрөгийн тэтгэмж олгохыг санхүү бүртгэлийн хэлтэст зөвшөөрч, ажил хүлээлцэхийг даалган шийдвэрлэж, уг тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварын 10 хувь болох 4.368.000 төгрөгийг суутган, Монголын татварын албаны дансанд шилжүүлсэн нь Татварын тайлан, 3/00641 дугаартай Төлбөрийн даалгавраар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй.

 

            Иймээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан  бөгөөд дээрх тэтгэмж хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгддөг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/122 дугаартай Баянгол дүүргийн Татварын хэлтэс мөн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05/1224 дугаартай Татварын ерөнхий газрын иргэн Б.Баттөр болон нэр бүхий хүмүүст “Хариу хүргүүлэх тухай” Албан бичгээр нотлогдож, хариуцагч, нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан суутгалыг авсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.504 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 86.504 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДЦСК-иас 4.368.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.504 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 86.504 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.АРИУНАА