| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2021/03404/И |
| Дугаар | 183/ШШ2022/00458 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2022/00458
| 2022 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2022/00458 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О ХХК,
Хариуцагч: А ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага:Механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 69.606.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ХХК нь А ХХК-д холбогдуулан механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 69.606.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компани 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ОТЗ-20/03 тоот механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээг А ХХК-тай байгуулан хоёр ширхэг XCMG маркийн далангийн индүүг операторын хамт түрээслэсэн. Уг гэрээний үүрэгт 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар А ХХК нь 46.404.000 төгрөг төлөхөөр тооцоо нийлсэн. Хамгийн сүүлд 2021 оны 8 дугаар сарын 09, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд хариуцагч А ХХК-иас манай компанид төлбөрийг хойшлуулж өгөх талаар хүсэлт гаргасан байдаг. Ингэхдээ уг хүсэлтдээ хэдэн сарын хэднийг хүртэл, яаж хойшлуулах талаар тодорхой хүссэн зүйл байдаггүй бөгөөд уг хүсэлтүүдийн дагуу өнөөдрийг хүртэл төлбөр төлөхийг хүлээцтэйгээр харсан боловч одоогоор төлбөр төлсөн зүйл байхгүй байна. Иймд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн үлдэгдэл төлбөр 46.404.000 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4.6-д зааснаар алданги 23.202.000 төгрөг, нийт 69.606.000 төгрөгийг А ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цар тахалын улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон, алданги төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна. Энэ нөхцөл байдал манай компанид ч нөлөөлсөн, иймд алдангиас чөлөөлөх үндэслэлгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ЗХЖШ-ын З замын төсөлд гүйцэтгэгчээр 2020 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл далангийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Ийнхүү туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа нэхэмжлэгч О ХХК-тай гэрээ байгуулан машин механизмыг түрээсээр ажиллуулж байсан нь үнэн. Гэвч М ХХК-ийн санхүүжилт саатан, удааширч мөн үүнтэй зэрэгцээд дэлхий нийтэд тархаад буй /КОВИД-19/-ын цар тахалын улмаас Монгол улс хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоосноос болж өнөөдрийг хүртэл манай компани үйл ажиллагаа явуулах боломжгүй байсаар өдийг хүргэсэн. Энэ нөхцөл байдал нь нийтэд илэрхий тул гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл бий болсон гэж үзэж гэрээний хариуцлагаас хуулийн дагуу чөлөөлөгдөх зохицуулалттай гэж үзэж байна. Түрээсийн үлдэгдэл төлбөр болох 46.404.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй ба компанийн үйл ажиллагаа жигдэрч эхлэх үед төлөх саналтай байна. Харин алданги 23.202.000 төгрөгийг дээр дурдсан шалтгаанаар төлөх боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, А ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр О ХХК-д илгээсэн хүсэлт,
Хариуцагчаас А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: манай компани 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ОТЗ-20/03 тоот механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээг А ХХК-тай байгуулан хоёр ширхэг XCMG маркийн далангийн индүүг операторын хамт түрээслэсэн. Уг гэрээний үүрэгт 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар А ХХК 46.404.000 төгрөг төлөхөөр тооцоо нийлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. Иймд тооцоо нийлсэн төлбөрийн үлдэгдэл 46.404.000 төгрөг, гэрээний 1.4.6-д зааснаар алданги 23.202.000 төгрөг, нийт 69.606.000 төгрөгийг А ХХК-иас нэхэмжилж байна гэж тайлбарлав.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус компани Ө нутагт ЗХЖШ-ын З замын төсөлд гүйцэтгэгчээр 2020 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл далангийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Ийнхүү туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа нэхэмжлэгч О ХХК-тай гэрээ байгуулан хоёр ширхэг XCMG маркийн далангийн индүүг операторын хамт түрээсээр ажиллуулж байсан нь үнэн. Гэвч М ХХК-ийн санхүүжилт саатан, удааширч мөн үүнтэй зэрэгцээд дэлхий нийтэд тархаад буй /КОВИД-19/-ын цар тахалын улмаас Монгол улс хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоосноос болж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй байсаар өдийг хүргэсэн. Түрээсийн үлдэгдэл төлбөр 46.404.000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй, харин алданги 23.202.000 төгрөгийг дээр дурдсан шалтгаанаар төлөх боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлав.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1.Нэхэмжлэгч О ХХК 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч А ХХК-тай механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулж, хоёр ширхэг XCMG маркийн далангийн индүүг операторын хамт түрээслэх, түрээсийн төлбөр нэг сарын 15.000.000 төгрөг байхаар тохирч, түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн байна.
2.Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-т ...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, зохигчид гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.
3.Хариуцагч А ХХК Ө нутагт ЗХЖШ-ын Зүүнбаян, Т замын төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа уг тоног төхөөрөмжийг ашиглаж байсан, гэвч дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахал гарч, улс орон хилээ хааж, бүх нийтийн бэлэн байдалд шилжин, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үйл ажиллагаа доголдож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа болно.
4.О ХХК нь А ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрийн тооцоо нийлэхэд А ХХК 46.404.000 төгрөг төлөх өртэй гарсныг хоёр тал харилцан зөвшөөрч, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байх ба талууд энэ талаар маргаагүй, хариуцагч А ХХК түрээсийн үлдэгдэл төлбөр 46.404.000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласныг тус тус үндэслэн А ХХК-иас 46.404.000 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
5.Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4.6-д ...Захиалагч тал төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээгээр гүйцэтгэгч талд алданги төлнө... гэж зааснаар нэхэмжлэгч О ХХК үндсэн төлбөр 46.404.000 төгрөгийн 50 хувь болох 23.202.000 төгрөгийг алдангид нэхэмжилжээ.
6.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д ...Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... гэж заасан ба шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахал, түүний улмаас хуулийн этгээдийн үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзэж алдангийн хэмжээг 65 хувиар багасган тооцож, /23.202.000х65%=15.081.300 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
7.Иймд хариуцагч А ХХК-иас механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 46.404.000 төгрөг, алданги 15.081.300 төгрөг, нийт 61.485.300 /жаран нэгэн сая дөрвөн зуун наян таван мянга, гурван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.120.700 /найман сая нэг зуун хорин мянга, долоон зуун/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 61.485.300 /жаран нэгэн сая дөрвөн зуун наян таван мянга, гурван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.120.700 /найман сая нэг зуун хорин мянга, долоон зуун/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 505.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 465.376 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН