| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0106/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/113 |
| Огноо | 2024-09-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/113
2024 оны 09 сарын 03 өдөр Дугаар 2024/ШЦТ/113 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************************ тоотод оршин суудаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хариуцах чадвартай, ******* овгийн *******ын *******/рд:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ *******-ний Мандал сумын Баянхангай чиглэл рүү татагдсан 100х2 хосын кабель шугмыг Төмөр замын эмнэлгийн ард байрлах баганаас 1 багана хоорон дахь 50 метр кабелийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 450000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах
талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би мэдүүлэг өгөхгүй. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг бүгд үнэн, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хүрэлцоож мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 70367025 дугаартай хэрэглэгчийн шугам гэмтэлтэй байна гэх мэдээлэл цахилгаан холбооны сүлжээнд ирсний дагуу 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Төмөр замын эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун хойд талаар Баянхангай руу чиглэл рүү татагдсан 100х2 хосын кабель шугамыг хөрөөдөж таслаад аваад явчихсан байсан. Би очиж үзээд хөрөөдөж тасалсан байхаар нь цахилгаан холбооны сүлжээ рүү дуудлага мэдээлэл өгч цагдаад мэдэгдсэн. ...би 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ярих үед л очиж шалгасан түүнээс өмнө огт очоогүй. Би гэмтэл гарсан тохиолдолд очиж шалгадаг. ...тухайн кабелийн утас 50 метр алдагдсан байсан. 1 метр кабелийн үнийг би сайн мэдэхгүй байна. 10000-20000 төгрөг орчим байдаг байх. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Би хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Замын хойно 96 айлын ойролцоо Дунд-Өлөнт рүү гэр рүүгээ алхаад явж байтал газар булагдсан кабелийн тал нь ил гарчихсан байхаар нь би түүнийг хөрөөдөж аваад гэртээ очиж шатааж зэс утсыг гаргаж аваад зарж тамхи хоолны мөнгө гаргах санаа бодолтой авч явсан юм. ...би урт кабель авч явсан. Хэдэн метр кабель гэдгийг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 37 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ийн 4 дүгээр хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5-6дугаар хуудас/
Эд зүйл/эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №01/460 дугаартай үнэлгээний тайлан/хх-ийн 27 дугаар хуудас/
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 39 дүгэр хуудас/
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 47 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцэүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн хохирогчид шүүгдэгч *******гаас хохирол 450000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг. Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ *******-ний Мандал сумын Баянхангай чиглэл рүү татагдсан 100х2 хосын кабель шугмыг Төмөр замын эмнэлгийн ард байрлах баганаас 1 багана хоорон дахь 50 метр кабелийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 450000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хүрэлцоожийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5-6 дугаар хуудас/, Хөрөнгө-эстимейт ХХК-ний үнэлгээний тайлан/хх-ийн 27 дугаар хуудас/,шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 37 дугаар хуудас/,шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлсөн тухай тодорхойлолт зэрэг үйл баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор худалдан авах, хийж гүйцэтгэх боломжгүй аливаа үйлдлийг гүйцэтгэх, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч *******гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Цахилгаан холбоо сүлжээ ТӨХК-ний эд хөрөнгөд учирсан 450000 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, эд хөрөнгөд учруулсан 450000 төгрөгийн бодит хохирлыг шүүгдэгч ******* нөхөн төлсөн байна.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэргийг нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзэж улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 метр кабель зэс утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох нь зүйлгүй болохыг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******г 01 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдврийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид 450000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 метр урттай зэс кабель утсыг хохирогч Цахилгаан холбооны сүлжээ ТӨХК-д буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ