| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0209/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/229 |
| Огноо | 2024-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
-улсын яллагчаар Б.Лувсанцэрэн,
-хохирогч Ш.Э,
-шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Сд холбогдох эрүүгийн 2434000000182 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот, Багахангай дүүрэгт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Улаанбаатар Төмөр замын Мааньт өртөөнд тооцооны оператор ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, Э.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2024 оны 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Бидний нутаг баян” гэх самбарын ар талд иргэн Ш.Этай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.С нь: “Би тухайн өдөр Ш.Эыг цохисон нь үнэн. Гэхдээ зүгээр байхад нь ямар ч шалтгаангүйгээр цохиогүй. Удаа дараагийн 4, 5 жилийн гэр бүлийн гадуурх харьцаанаас болж ийм байдал үүссэн. Удаа дараа өөрт нь хэлж анхааруулсан. Энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрөөд дахин ийм байдал гаргахгүй гэж амласан. Гэтэл тухайн үед хөдөө хээр тийм байдалтай хоёулаа машиндаа байсан” гэв.
Хохирогч Ш.Э нь: “Э.Сгийн нөхөртэй нь гэр бүлийн харилцаатай байсан нь үнэн. Гэхдээ 4-5 жилийн өмнө гэр бүлийн гадуур харилцаатай байж байгаад больсон. Тухайн өдөр харьцахгүй байж байгаад өглөө 08 цаг өнгөрч байхад над руу залгаад, бид 2 таараад ганц, хоёр пиво уугаад юм ярьж байхад шууд үгийн зөрүүгүй үснээс чирэхэд нүд харанхуйлаад явсан. Ажлын том гутлаараа өшиглөсөн. Тухайн үед цагдаа дээр очоод угаасаа миний буруу учраас болъё гэж хэлсэн боловч үл тоож, хүн гэмтээсэн гэсэн байр сууринаас хараагүй. Би энэ хүний оронд өөрийгөө тавихад надад бас хэцүү байна. Гэхдээ би бие сэтгэлээрээ маш их хохирсон. Сэтгэл санааны хохиролд орсон. Ажил дээр олон хоног очоогүй. Учир нь нүдний хавдар нь буугаагүй. Нүдний ухархай цөмөрсөн гээд имплант суулгуулах хагалгаанд орох эмчийн заалт бичиж өгсөн. Имплант суулгахгүй бол нүд цаашаагаа яваандаа цөмөрч орно гэж эмч хэлсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч С Э.С нь 2024 оны 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Бидний нутаг баян” гэх самбарын ар талд иргэн Ш.Этай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Ш.Эын “...Би Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 1 дүгээр 5-43 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө манай найз Доржпүрэв залгаад намайг гэрээсээ гараад ир хэдэн лааз пиво ууяа гэж дуудхаар нь би гарч очоод бид хоёр Багахангай дүүргээс гараад Баян сумын тэнд байдаг Бидний нутаг Баян гэх самбарын ар талд машинтайгаа зогсож байгаад 2 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй шар айраг уугаад байж байтал Доржпүрэвийн эхнэр Сувдаа ирээд юугаа хийж сууж байгаа юм бэ гэж хэлээд үгийн зөрүүгүй миний үснээс чирж машинаас буулгаад нүүр хэсэгрүү хөлөөрөө 3 удаа өшиглөөд дээрээс дэвсээд байсан тэгтэл Доржпүрэв эхнэр Сувдааг аваад холдуулаад Сувдаад хандаж ямар ч зүйл болоогүй байхад яагаад ингээд хүн зодоод байгаа юм бэ, уурлаж байгаа уураа надад гарга би буруутай наа хүнийг чинь би өглөө залгаж дуудсан юм гэтэл Сувдаа чи яасан их нэгнийгээ өмөөрдөг юм бэ гээд Доржоогийн нүүрлүү нэг удаа цохиод эргэж ирээд миний дээрээс хэд хэдэн удаа хүчтэй дэвссэн тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,
-Шүүгдэгч Э.Сгийн гэрчээр өгсөн “...Би Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 4-p байрны 49 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө манай нөхөр н.Доржпүрэв ажилруу явлаа гээд гэрээс гарсан гарахдаа миний машины түлхүүр болон ажлын түлхүүрийг аваад гарсан байсан би өдөр 13 цагаас ажилтай байсан тул нөхөр н.Доржпүрэвээс түлхүүр авах гээд хэд хэд залгатал утсаа авахгүй байсан тэгэхээр нь найз н.Пагамдуламын машиныг гуйгаад 2 дугаар хороонд 2 хүүхдээ хүргэж өгөөд явж байтал замдаа танил ах, найз 2-тойгоо таарсан тэр хоёроос ер нь нөхрөө хаана яваа чигийг сонсоод Баян сум руу ажилдаа явахдаа нөхрийнхөө машиныг хараад явж байтал Бидний нутаг Баян гэх самбарын ойролцоо цагаан машин зогсож байгааг харсан. Ойртоод очиход манай нөхрийн машин мөн байсан дотор нь хүн байгаа шинжгүй байхаар нь машины хажууд очоод зогстол дотор нь 2 хүн хэвтэж байгаад босоод ирсэн. Тэгээд хартал Ш.Э гэх хүн манай нөхөр н.Доржпүрэвтэй цуг байхаар нь би өмнө нь уулзаж байсныг нь мэддэг учраас нөхөр н.Доржпүрэвийг үснээс нь татаж машинаас буулгаад дараа нь Ш.Эыг үснээс нь татаж буулгаад газар унагаж байгаад нүүрлүү нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж байгаад яваад өгсөн....” гэх мэдүүлэг / хх-ийн 9 тал/,
-Гэрч Б.Дийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өглөө 08 цагт гэрээсээ гараад дэлгүүр орж 2 том 2 литрийн Сэрүүн нэртэй пиво, 0,75 литрийн соёрхол нэртэй архи аваад өдөр 12 цагийн үед Баян сумын Бидний нутаг Баян гэх самбарын ойролцоо Ш.Эын хамт очиж өөрийн “77-42 УБЧ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор авсан 2 пиво, 1 шил архыг хувааж уусан. Тэгээд байж байтал эхнэр болох Э.С 15 цагийн үед машинтай ирээд машинд сууж байсан Ш.Эыг татаж буулгаад цохиод байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл бас миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд удалгүй Э.С яваад өгсөн. Тэгэхээр нь би дүү болох н.Сэр-Оджавыг машин бариад явчих гээд дуудтал 16 цагийн үед ирээд Ш.Этай маргалдаж байгаад н.Сэр-Оджав буцаад яваад өгсөн. Тэгээд байж байтал Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтсээс 1 цагдаа ирээд дуудлага өгсөн байна гээд Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост руу Ш.Э бид хоёрыг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
-Гэрч Б.Б “...Би ажлын эгч Э.Стай ажил руугаа явж байтал Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Бидний нутаг Баян гэх самбарын хажуу талд цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Бид 2 яваад очтол машиныхаа суудлыг буулгаад 2 хүн хэвтэж байсан. Нэг нь Э.С эгчийн нөхөр, нөгөөх нь танихгүй эгч байсан. Гэтэл Э.С эгч тэр эгчийг машинаас нь үстэж буулгаад нуруу хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн би айгаад машиныхааа хаалгыг түгжээд машиндаа сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №251 дугаартай “...Ш.Эын биед зүүн ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн цус хуралт, нурууны зөөлөн эдийн цус хуралт, баруун ташаан зөөлөн эдийн цус хуралт, зүүн өгзөгний зөөлөн эдийн цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинжээч эмч үзлэг хийх тухайн цаг хугацаанаас өмнө 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,
-Сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 24 тал/,
-Шүүгдэгч Э.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Э.С нь 2024 оны 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Бидний нутаг баян” гэх самбарын ар талд иргэн Ш.Этай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Прокуророос шүүгдэгч Э.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Э.Сгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Э.С нь хохирогч Ш.Эыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Э.С нь хохирогч Ш.Эыг зодож, цохисны улмаас “зүүн ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн цус хуралт, нурууны зөөлөн эдийн цус хуралт, баруун ташаан зөөлөн эдийн цус хуралт, зүүн өгзөгний зөөлөн эдийн цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Э.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Э.С нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч Э.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн нь: “Шүүгдэгч Э.Сг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Шүүгдэгч Э.С баримтаар нэхэмжилсэн 402.000 төгрөгийн хохирол болон сэтгэцэд учирсан 3.300.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна” ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь: “Э.Сгийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй хохирол болон хор уршиг арилгах завсарлага аваад 3.300.000 төгрөг төлсөн. Мөн эрүүл мэндэд учирсан 402.000 төгрөгийн хохирол төлсөн. Улсын яллагчийн зүгээс хохирол төлсөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзээд 550 нэгжээр торгох ялын санал гаргасан өмгөөлөгчийн зүгээс энэ саналыг дэмжиж оролцож байна. Торгуулийн ял дээр маргах зүйл алга байна. Эрүүгийн хуулийн 6.7 зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн хувийн байдал, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Э.С болон хохирогч нөхцөл байдлын талаар мэдүүлсэн. Э.Сгийн хувьд 5 сартай жирэмсэн, 2 бага насны хүүхэдтэй, гэр бүлийн байдал тогтворгүй байгаа тул цаашид төрийн байгууллагад ажиллах сонирхолтой байгаа. Тийм учраас ялаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус гаргасан байна.
Шүүгдэгч Э.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Э.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүх шүүгдэгч Э.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Сд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал /5 сартай жирэмсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Сгийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ш.Эын биед “зүүн ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн цус хуралт, нурууны зөөлөн эдийн цус хуралт, баруун ташаан зөөлөн эдийн цус хуралт, зүүн өгзөгний зөөлөн эдийн цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирчээ.
Хохирогч Ш.Э нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд сэтгэцэд учирсан хохирол болон эрүүл мэндэд учирсан хохиролд 402.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч Э.С нь эрүүл мэндэд учирсан хохиролын 402.000 төгрөгийг төлсөн.
Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хөнгөн гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоосныг шүүгдэгч Э.С нь хүлээн зөвшөөрсөн байна.
Тус аргачлалын “хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Э нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан хохиролыг гаргуулах хүсэлт гаргасан.
Шүүх гэмт хэрэг гарах болсон сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч Э.Сгийн хувийн байдал, хохирогч Ш.Эын сэтгэцэд учирсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгч Э.Сгаас гаргуулж шийдвэрлэсэнг шүүгдэгч Э.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Э.С нь 3.300.000 төгрөгийн хохирол барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Э.Сгаас гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч Ш.Э нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,
Эрүүгийн 2434000000099 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Э.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА