| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/03246/И |
| Дугаар | 102/ШШ2021/03467 |
| Огноо | 2021-12-16 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2021/03467
2021 оны 12 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2021/03467 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 43 тоотод оршин суух, , Б овогт Х-ын Э-ийн гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51 тоотод оршин суух, У овогт Ж-ийн Т-т холбогдох газар ашиглах эрхийн өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Л.Ч-тай 2012 онд танилцаж хамтран амьдарсан. Бидний дундаас хүү Ч.Ч нь Архангай аймгийн Тариат суманд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Нөхөр Л.Ч нь 2020 оны 1 дүгээр сарын 31 өдөр өвчний улмаас нас барсан. Түүнийг нас барах үед нөхөр маань Улсын тусгай хамтгаалалттай нутаг Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам 434 мк.в талбай бүхий эко аялал жуулчлал бүхий газар ашиглах эрхтэй байсан. Миний бие хүү Ч-ийн өмнөөс 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр өв хүлээн авах хүсэлт гаргасан боловч хадам ээж болох Ж.Т нотариат дээр ирээгүй. Ингээд хүү Ч.Ч-т өвлөх эрхийн гэрчилгээ авах боломжгүй болсон. Иймд хүү Ч.Ч-ийг Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам 434 мк.в талбай бүхий эко аялал жуулчлал бүхий газрын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Л.Ч нь 2003 онд эхнэр н.Э-тай танилцаж гэр бүл болж охин Ч.Ц төрсөн. Нас барах хүртлээ өөрийн ээж, охин Ц нартай хамт амьдарсан. Харин Х.Э-тэй 2012 онд танилцан 2013 онд хүү Ч.Ч төрсөн. Х.Э нь охин Ч.Ц-тэй таагүй харилцаатай байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Ж.Т, хүү А нарын тайлбараар нотлогддог. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан, өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат байгаа газар мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл талийгаачийг нас барах хүртэл түүнтэй хамт 2020 оны 01-р сарын 31-ний өдөр хүртэл нэхэмжлэгч нь хамт амьдраагүй. Хэрэв хамтран амьдарч байсан бол түүний хүү Ч.Ч өв хүлээн авах бүрэн боломжтой байсан. 2015 оноос хойш хамтран амьдраагүй байж талийгаачийг нас барсны дараа өв хүлээн авах талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ашиг сонирхлыг зөрчилтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Э нь хүү Ч.Ч-ийг төлөөлж Ж.Т-т холбогдох Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам 434 мк.в талбай бүхий эко аялал жуулчлалын зориулалттай газрын өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Э нь талийгаач Л.Ч-тай 2013 оноос 2017 оны 12 дугаар сар хүртэл хамтран амьдарсан, тэдний дундаас 2013 оны 10-р сарын 24-ний өдөр хүү Ч-ын Ч төрсөн, Л.Ч нь 2020 оны 01-р сарын 31-ний нас барсан нь тус шүүхийн 2020 оны 08-р сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/02345 дугаар шийдвэр, Л-ийн Чу-ын нас барсны бүртгэлийн 23555 дугаар гэрчилгээ, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон /хх 36, 50/ байна.
Талийгаач нь Ч Ц, Ч-ын Ч зэрэг хүүхэдтэй /хх 5, 51/, энэ талаар талууд маргаагүй, Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн хүүхэд, түүний эх Ж.Т хууль ёсны өвлөгч байна.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 35 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох ба Л.Чулуунбат нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 434 м.кв бичил эко аялал жуулчлалын зориулалтай газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй байжээ.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх ба Ж.Т-т 2021 оны 5-р сарын 19-ний өдрийн 0016 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 434 м.кв бичил эко аялал жуулчлалын зориулалтай газрын ашиглах эрхийг /хх 33/ өвлүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь гагцхүү насанд хүрээгүй буюу 2013 онд төрсөн хүү Ч.Ч-ийг дээрх газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасантай нийцээгүй, өвлөгдөх эрхэд хамаарахгүй гэж дүгнэлээ.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 8-р сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор Х.Э нь хадам ээж, 2 хүүгийн хамт 51 тоот хаягт бүртгэлтэй, байнга оршин суудаг талаарх тодорхойлолт нь /хх 4/, 2021 оны 11-р сарын 09-ний өдрийн тодорхойлолтоос зөрүүтэй, өөрөө нэхэмжлэлд дурьдсан Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 43 тоотод оршин суудаг байна.
Хариуцагч нотлох баримтаар гаргасан Ж.А, Ч.Ц нарын тайлбар нь /хх 45-47/ өвлөх эрхийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 515-р зүйлийн 515.1, 520-р зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч-ын Ч-ийг Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам 434 м.кв талбай бүхий эко аялал жуулчлалын зориулалттай газрын өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн хууль ёсны төлөөлөгч Х.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА